
Д.БОЛОРМАА
МАН-ын Хүний нөөцийн албаны дарга Г.Энхтүвшинтэй ярилцлаа. Тэрээр Германд стратеги судлаач, ОХУ-д инженерээр суралцаж Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, дүүргийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газар хүртэл дэвшин ажилласан нэгэн юм байна.
-Монголын эдийн засгийн байдал хүндэрлээ гэж эдийн засагч, судлаачид мэдэгдэж байна. Таныг эдийн засгийн чиглэлээр гадаадын хэд хэдэн оронд мэргэшсэн гэж сонссон. Монголын эдийн засагт ямар дүгнэлт өгч байна?
-Монголын эдийн засаг угаасаа эмзэг. Улс орны эдийн засаг юунаас хамааралтай байдаг гэхээр эдийн засгийнх нь өнгө юм. Өнгө гэж эдийн засгаа бүрдүүлэх давуу талууд юм. Манай эдийн засаг бол маш цөөхөн өнгөтэй. Цөөхөн өнгөтэй, эмзэг эдийн засаг бол хэзээ ч эвгүйтэхэд бэлэн байдаг. Өнөөдөр эдийн засаг нурлаа, хүндрэрлээ гэж байгаа нь эцсийн дүндээ та бидний хийсэн бүтээл. Бид ардчилал, шинэчлэл гэж яриад 20 жил болж. Тэгвэл одоо энэ хугацаанд юу хийв, юуг ярьж өнгөрүүлэв гэдгээ эргэж харах ёстой. Нэг хэсэг эдийн засгаа “Алт” хөтөлбөрөөр босгоно гэж үзсэн ч тэр нь амжилттай болоогүй. Зөвхөн байгалиа сүйтгээд дууссан.
Дараа нь “Байдал хүндэрлээ. Хандивлагч нараас мөнгө авч өндийгөөд юм хийе” гээд хэсэг хугацаанд гуйлга гуйсан шүү дээ. Манайх саяхныг хүртэл донор орнуудаас гараагүй л байлаа. Дараа нь ямар үйлдвэр хөгжүүлэх үү гэж байнга ярьсан. Ярьсан атлаа улс төрийн намууд, судлаачид, эрдэмтэн мэргэд нь ийм боломж байна гэж гаргаж ирж чадаагүй. Өнөөдөр уул уурхай бол эдийн засгийг хөгжүүлэгч гэж ярьсаар байгаад аж үйлдвэр болоод хөдөө аж ахуйгаа мартчихсан. Монгол орон 2.9 сая хүн ам, 50 сая малтай. 50 сая малаас гардаг бүтээгдэхүүнийг дэлхийн стандарт бүхий боловсруулах үйлдвэр байгуулж түүнийгээ гадагшаа гаргах ёстой. Ингэвэл эдийн засгийн нэг тод өнгө гараад ирнэ. Дээрээс нь манай эдийн засгийн нэг хүндрэл нь хоёрхон хөрштэй холбоотой. Энэ хоёр хөрш нь агуу том зах зээлтэй, маш том геополитиктой. Тэглээ гээд гарц алга гээд суух биш эдийн засгаа яаж олон өнгөтэй болгох, олон өнгө дотроо нэг өнгөө яаж тодруулах уу гэдгээ бодох ёстой юм. Гэхдээ эдийн засаг удахгүй сайжирна гэдэгт итгэлтэй байна.
-Бондын мөнгийг зөв зүйлдээ зарцуулж чадаж байна уу?
-Хэрэв ингээд буруу бодлого явуулаад суувал 1990-2000 оны үе шиг төсвөө бүрдүүлж чаддаггүй орон болох аюул ойрхон байна. Тэгээд арга буюу гадаадын орноос төсөв мөнгө гуйж таарна. Яагаад ингэж хэлэв гэхээр 1.5 сая бондынхоо хөрөнгийг ашиг багатай зүйлд зарцуулж байна. Уг нь бонд гээчийг анх гарч байхад нь эдийн засагчийн хувьд саналаа хэлж байсан. Эргэж найдвартай төлөгдөх зүйл рүүгээ хөрөнгө оруулаарай гэж. Саяхан болсон хөрөнгө оруулагчийн чуулганд оролцсон Японы эрдэмтэдтэй хувийн шугамаар уулзаж ярилцлаа. Тэд “Та нар бондныхоо мөнгийг яагаад зам руу хийгээд байгаа юм. Зам чинь ашигаа өгөх болоогүй. Магадгүй хурдны зам болгож төлбөртэй болгосон ч гэсэн хэдэн зуун жилийн дараа ашигаа өгнө. Одоо АНУ-д 200 жилийн өмнө байгуулсан хурдны зам ашигаа өгч чадаагүй байна. Ийм байтал яагаад ийм удаан төлөгддөг зүйл рүү хамаг хөрөнгөө оруулаад байгаа юм” гэж байна лээ. Тэр хүмүүс намайг МАН-ын хүн гэж биш зөвхөн Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэгж хэлсэн байх аа.
-Зам нь ашигаа хожим өгөх ч гэсэн хийх ёстой ажлын нэг шүү дээ?
-Хийх ажил мөн үү гэвэл мөн. Харин энэ хийх ажлаа өөр эх үүсвэрээр бүтээх боломж байсан. Манай улс гадаадын орнуудаас зээлжих боломж байгаа учраас бага хүүтэй мөнгө зээлээд замаа тавьж болно шүү дээ. Хөнгөлттэй зээл бол хугацааг нь сунгаж болдог, хүүг нь дахин ярьж болдог зүйл. Гэсэн ч тийм боломжийг нь ашиглаж чадаагүй. Харин бонд бол өөр. Таван жилийн дараа төлөх шаардлага гарна. Бондны мөнгө бол үл маргах зарчимтай.
-Тэгвэл таван жилийн дараа эдийн засгийн байдал үүнээс ч илүү хүндэрнэ гэж үү?
-Буруу бодлого явуулбал хэцүү. Өнгөө тод гаргаж чадахгүй бол хэцүү гэсэн үг. Хэрэв Монгол уул уурхайдаа түшиглэж хөгжинө гэж байгаа юм бол уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгох ёстой. Зэс олборлож байгаа юм бол цэвэр зэс гарга. Цэвэр зэс дотроо тууз гаргах биш цахилгааныхаа утсыг гаргая. Өнөөдөр 100 мянган айлын орон сууц гэж ярьж байна. Тэгвэл тэр олон айлд хэрэглэх гэрлийн утсыг бид өөрсдөө үйлдвэрлэх ёстой. Ингэснээр эдийн засгийн бас нэг тод өнгө гарна. Дээрээс нь бусад эх үүсвэрээ ашиглая. 50 сая малтай байж хуурай сүү импортлоод сууж байгаадаа ичих ёстой байхгүй юу. Энэ үг эрх баригч, эдийн засагч, багш, мэргэд, малчин гээд бүх хүнд хамаатай. Иргэн бүр толгойгоо ажиллуулж байж эдийн засгийн өнгөө тодруулах ёстой юм. Иргэн та яаж оролцох вэ гэхээр хуурай сүү авдагаа больчих хэрэгтэй. Тэгвэл Монголоос гарч байгаа сүүгээ цэвэршүүлээд хуурай сүү болгох үйлдвэрлэлийг мөнгөтэй компаниуд нь хийж таарна Ингэж харвал ирээдүй байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг эрх баригч нам хуулийн орчин муу байгаатай холбож тайлбарлаж байна. Таны бодлоор ямар шалтгаан байв?
-Би энэ асуудалд эсрэг бодолтой явдаг. Юу гэхээр бид монголчууд өөрсдөө хөрөнгө оруулагч болох ёстой. Хөрөнгө оруулагчийг бидэнд мөнгө өгсөнгүй дээ гэж гоншигноод байх хэрэггүй. Судлаачид нь “Гадны мөнгө байхгүй болчихлоо. Эдийн засаг сүйрлээ” гээд сонин, сонин зүйл яриад сууж байгаад нь гайхаж байна. Бид гадаадын хөрөнгө харж суух биш өөрсдөө дотооддоо хөрөнгө босгох ёстой байхгүй юу. Дотооддоо хөрөнгө босгох олон арга байна. Хэрэв хөрөнгө оруулагч нар байхгүй боллоо. Ингээд Монголын эдийн засаг сүйрлээ гээд суугаад байх юм бол мөнхийн ийм л байна. Яах вэ, эдийн засаг бүрэн гүйцэт тогтворжуулахын тулд богино хугацааны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ хожим гадаадын орнуудыг хараад суух биш өөрсдөө үйлдвэрлэх нь зөв. Монголчууд үйлдвэр байгуулъя гэвэл дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи оруулж ирэх ёстой. Тэгвэл Монголын эдийн засаг урт насална. Түүнээс биш нэг үйлдвэр байгуулъя гэж хэлээд гадааддаа 10 жилийн өмнө хаягдсан технологийг будаж авчрах юм биш. Энэ нь үйлдвэр байгуулж байгаа юм биш. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл багатай, ажиллах хүн нь цөөн томоохон технологийг оруулж ирэх юм бол цөөхөн хүн амтай, түүхий эдийн үүсвэр сайтай улс амархан хөгжиж чадна. ОХУ-ын стэгүүлд “Монгол удахгүй Ази тивийн цээжин дэх Катар болох нь” гэж бичсэн байх жишээтэй. Ямар сигнал өгөөд байна гэхээр “Та нар ухаанаа ажиллуулахгүй яваад байвал сүйрнэ шүү” гэдгийг жишээлж хэлж байгаа хэрэг. Гэтэл бид социалист нийгмийн үед байгуулсан “Эрдэнэт” шиг нэг ч үйлдвэр байгуулж чадаагүй л байна. Энэ бол төрийн бодлого болоод хүн бүр оюун санаагаа уралдуулахгүйгээр бэлэнчлэх сэтгэлгээтэй байгаатай холбоотой.
-Та үйлдвэрлэгч орон болох тухай ярьж байна. Хуучин бол бид өөрсдөө шаазангаа үйлдвэрлэдэг улс байлаа. Одоо бол БНХАУ-аас шаазан эдлэлээ авч байна. Ер нь үйлдвэрлэлийг яаж сэргээх вэ. Жижиг дунд үйлдвэрлэл нь хэрэгтэй юу эсвэл “Эрдэнэт”-ийн дайны ганц, хоёрхон том үйлдвэр хэрэгтэй байна уу?
-Бид үйлдвэрлэгч болно гээд бүх зүйлээ бүтээ гэж хэлээгүй. Зөвхөн бүтээдэг ард түмэн байх ёстой. Юм бүтээж байна гээд “apple”-ийг Монголд хуулбарлаж үйлдвэрлэнэ гэсэн үг бас биш. Брэндийг дурайлгаж хийгээд амжилт олно гэж байхгүй. Тэгээд ч тэр технологи нь байхгүй. Харин үйлдвэрлэгч орон болоход ямар нөөц байна, ямар түүхий эд байна гэдгээ бодох ёстой. Өөрөөр хэлбэл, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн стандартад хүргэх үйлдвэрлэлийг байгуулах юм. Жишээлбэл, Итали технологийг оруулж ирээд малын арьс ширээр уудлын бүрээс хийж болно. Уян савхийг үйлдвэрлэвэл авах зах зээл эргэн тойронд байна. ОХУ лав авна. Иймэрхүү өөрсдийн нөөц бололцоогоо харж үйлдвэрлэгч болох ёстой. Өнөөдөр ардчилалд шилжсэн улсын хувьд Засгийн газар нь юм болгон руу орж хошуу дүрж таарамгүй байгаа юм. Зөвхөн бодлогоо гаргаж өгөх нь чухал. Эцсийн бүтээгдэхүүн боловсруулах юм бол татвараас чөлөөлөгдөнө гэдэг ч юм уу төрийн бодлогоо гаргана.
-Үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүй байгаа. Үүнийг яаж сэргээх вэ?
-Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэлийн хийх ёстой ажил. Үндсэн хэрэглээний бараа суманд ч хэрэгтэй. Сумын ард иргэд өнөөдөр өдөр бүр шинэ өндөг идэж чадахгүй байна. Яагаад тэнд тахианы жижигхэн аж үйлдвэр байгуулахгүй байгаа юм. Яагаад тэд “Гахайны утсан мах сайхан юм гэнэ лээ” гээд хот руу явсан нэгэндээ захих ёстой гэж. Тэгвэл сумандаа гахай үйлдвэрлэж болдоггүй юм бэ. Бид идэж уухаас илүү өөрсдөө даавуу даалимбаа хүртэл хийж чадахгүй байна. Дэлхийн зах зээлд хамгийн хямд хөвөнг импортоор аваад боловсруулж даавуун бүтээгдэхүүн хийх боломж ч бий. Үүнээс гадна манайд шаазанг дээд зэргээр үйлдвэрлэдэг шаврын орд байна. Ганцхан технологи нь алга. Хуучин шилээ үйлдвэрлэдэг байлаа. Одоо бол цонхныхоо шилийг 100 хувь хятадаас авч байна. Тэгэхэд бид нарт шилэнд хамгийн сайн таардаг элсний орд нь ч байна. Бизнесмэнүүд толгойгоо ажиллуулах ёстой.
-Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс ямар дүнөгч байна вэ?
-Иргэн хүний хувьд хүлээцтэй хандаж байна. Хамгийн анх шинэчлэл гэж гарч ирсэн Засгийн газар. Ер нь манай улс шинэчлэл гэдгийг яриад залхсан орон. 20 жил ярилаа. Яагаад шинэчлэгдээд дуусдаггүй юм бэ, яасан ч дуусдаггүй шинэчлэл юм.Т тэгэхээр энэ Засгийн газрын шинэчлэл гэсэн уриаг нь харахаас илүү нийгмийг харах хэрэгтэй. Мэдээж нэг жилийн дотор бүх асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар маш буруу бодлого явуулж байна. Юу гэхээр урьдны Засгийн газар цалин, тэтгэвэрийг байнга нэмдэг байсан. Өнгөрсөн Засгийн газрын үед тэтгэврийн хэмжээ 2.4, цалинг 2.5 дахин нэмсэн. Хэрэв цалин, тэтгэвэр ингэж нэмэгдээгүй байсан бол эдийн засаг хүндэрсэн энэ үед ёстой нөгөө сонин болох байсан биз. Аз болж суурийг нь сайн бэлдээд өгсөн байж. Эцэст нь гэж хэлэхэд өнөөгийн Засгийн газар хэт улстөржсөн. Эдийн засгаа харахаас илүү улс төрийг харч байна. Тэдний хийсэн зүйлээс сайн гэж хэлэх нэг ч зүйл алга. Яах вэ, хүмүүсийн сэтгэл санаад хүрч байгаа зүйл бол байгаа байх. Жишээлбэл, уулзварыг засах зэрэг өнгөн тал байна.
-Нийслэлийг аймгуудтай холбож байгаа засмал зам том бүтээн байгуулалт биш гэж үү?
-Үүнийг Н.Алтанхуяг гаргаад ирсэн юм биш. Энэ бол мянганы замын үргэлжлэл. Ер нь 2001-2004 онд Монгол Улсын хувь заяаг бүрэн эргүүлэх хэмжээний хоёр шийдэл байсан. Нэгдүгээрт, газар өмчлүүлэх тухай хууль. Хүн бүрийг газартай болгох энэ шийдвэр түүхэн үйл явдал байсан. Үүнийг гадаад, дотоодын олон хүн сайшааж байсныг хэлэх хэрэгтэй. Нэрт нийтлэлч Баабар хүртэл “Н.Энхбаярт баяр хүргэе” гэж бичиж байлаа. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүндээ биш Монгол Улс түүхэндээ хийсэн том шийдэл байлаа. Хоёрдугаарт, мянганы зам юм. Үүний үргэлжлэл нь өнөөдөр тавигдаж буй зам юм.
-МАН-ыхан өөрсдөө намаа шинэчлэх тухай ярьж байгаа. Шинэчлэлийн хамгийн анхны алхам нь юу юм бэ. Даргаа солих уу?
-Нийгмээ шинэчилнэ гэж 20 жил ярилаа. МАХН нэртэй байх үеэс л эхлэн шинэчлэл ярьж байсан. Би үүнийг мунадаг үйл ажиллагаа гэж хэлэхгүй. Шинэчилнэ гэдэг бол энэ дэлхий дээр байхгүй цоо шинэ зүйлийг авчирч тавьж байгаа юм биш. Алдсан алдаагаа олж харах, алдаагаа засах, буруу юм хийсэн бол буруугаа хүлээн зөвшөөрөх, уучлалт гуйх юм. Шинэчлэлтэй холбоотой асуудалд ярих зүйл олон бий.
-Шинэчлэлийн хажуугаар танай намынхан өөрсдөө нэгнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр гүтгэж байна. Намаа хэцүү үед нь байгаагүй нөхөд гэнэтхэн шинэчлэл ярих болж. МАН дотроо бужигнаж байгаа мэт харагдаж байна?
-Үүнд ойлголтын зөрүү байгаа юм. Намыг зарим хүн бизнесээ хамгаалуулдаг орчин, дарга болгодог дамжлага гэж харж байна. Намаар дамжаад сайд болдог юм байна. Намаар дамжаад УИХ-ын гишүүн болдог юм байна гэж ойлгоод байгаа юм. Зарим нь түрүүлээд байр суурь эзэлсэн нэгнээ албан тушаал горилогч гэж хэлэх ч энүүхэнд байдаг үзэгдэл. Эцсийн дүндээ нам бол албан тушаалд хүргэх гишгүүр болоод ямар нэгэн дамжлаг биш юм шүү. Зөвхөн намыг дамжлаг гэж харах биш өөрөө ажил мэргэжилдээ манлайлагч, нийгэмд манлайлах чадвартай байх нь чухал юм.
-Дамжлага болгон харсан хүн танай намд байна уу?
-Үгүйсгэх юм байхгүй. Байгаа, байгаа. Гэхдээ ганцхан манайд байгаа юм биш. Бусад намд ч байна. Цаашдаа аль нэг нам гэлтгүй бүгдээрэээ намын гишүүн хүн ямар үүрэгтэйг оюун санаанд суулгаж өгөх ёстой юм.