
Ч.ОЛДОХ
БОНХЯ болон Байгаль хамгаалах сангаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон даяар хэлэлцүүлж эхлээд байна. Намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж буй энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэгт тусгай хамгаалалттай газар нутаг бүхий аймаг, сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид өргөнөөр оролцов.
Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын болон Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Завхан аймгийн Тарвагатайн нуруу, Булган аймгийн Зэд, Хантайн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаад, тэдгээрийн байгаль хамгаалагчид, сумдын удирдлага, иргэд хамрагдсан юм. Энэ талаар Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Даваабаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар өнгөрсөн онд хуваагдаж, шинээр тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байгуулагдаад байгаа. Ингэснээр та бүхний ачаалал хэр буурч байгаа вэ?
-Өмнө бид гурван сая га талбайг хамарсан улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцан ажилладаг байсан. Жилийн өмнө Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг шинээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар бид нэг сая 400 мянга орчим га газрыг хамгаалж байна. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа 1986 онд байгуулагдсан. Өмнө нь нуур судлалын станц гэж байсан л даа. Орчин үеийн хамгаалалтын захиргааны хэлбэрт 1986 онд шилжсэнээр 27 дахь жилдээ ажиллаж байна. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын харьяанд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, Даян дээрхийн байгалийн дурсгалт газар хамрагддаг. Бидний хамгаалах хамгийн үнэт зүйл бол Хөвсгөл нуур. Хөвсгөл нуураа нутгийн ард түмэн Далай ээж гэж хүндэлдэг. Тэгж хүндлэн дээдлэхээс ч аргагүй. Хөвсгөл далай дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг, Монголын гадаргуугийн цэвэр усны 69.8 хувийг дангаараа агуулдаг стратегийн чухал ач холбогдолтой газар. Үүнийг хариуцан хамгаалж байгаа манай хамгаалалтын захиргаанд 24 байгаль хамгаалагч, бусад ажилчид нийлээд нийт 32 хүн ажиллаж байна даа.
-24 хүн нэг сая 400 мянган га газар нутгийг хамгаалахад хүч хүрэлцэж байна уу?
-Засгийн газраас тогтоож өгснөөр ойт хээрийн бүс, өндөр уулын бүсэд нэг байгаль хамгаалагч 100-120 мянган га талбайг хариуцан хамгаалах ёстой. Нэг байгаль хамгаалагчийн нормыг 20-30 га болгож өгөхгүй бол үнэхээр хүнд. Сүүлийн үед хүмүүсийн унадаг машин нь хурдан жийп боллоо. Бартаа туулдаг мотоцикль ч юм уу усанд хурдтай явдаг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай завь хэрэглэж байна. Тэр битгий хэл нисдэг тэрэг, агаарт хөөргөдөг бөмбөлөг зэргийг ч ашиглах болсон байна. Ийм нөхцөлд хамгаалалт явуулахад маш хүндрэлтэй. Байгаль хамгаалагчид сайндаа мотоцикльтой. Яахав морины норм байгаа. Морь бол уул бартаандаа сайн явна уу гэхээс түргэн яваад очих газар бол хэцүү. Ингээд бодохоор байгаль хамгаалагчид тоног төхөөрөмжийн хувьд ч, хамгаалах талбайн хэмжээ, ажиллах орчин, нөхцөлийн хувьд ч хүндрэлтэй. Зүйрлэх хэлэх юм бол морьтой байгаль хамгаалагч нисдэг тэрэгтэй хөөцөлдөж байна шүү дээ.
-Хөвсгөл нуурын эрэг орчмоор жуулчны баазууд олноор байгуулагдсан. Цаашид жуулчны баазууд олширвол тусгай хамгаалалттай газар нутагт хүндрэл үүсэх байх даа?
-Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс нутагт аялал жуулчлалын баазууд үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байдаг. БОНХЯ-наас 57 жуулчны баазад зөвшөөрөл олгосон. Үүний 31-32 нь л байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, бусад нь алдаг оног гэдэг ч юм уу, шинээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд байгаа. Сүүлийн гурван жил Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгогдоогүй байгаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хөвсгөл аймагт боллоо. Энэ хуулийн төслийн үзэл баримтлалд нэлээд шинэлэг, зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Хөвсгөлчүүдийн санаа бодол хуулийн төсөлд хэр тусав?
-Энэ хуулийг шинэчлэн найруулж байгаа нь зөв зүйтэй, цаг үеэ олсон асуудал. Байгаль орчны багц хууль 2012 онд бүгд шинэчлэгдсэн. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Орчны бүсийн тухай хоёр хууль үлдсэн байгаа. Энэ хоёр хуулиа нэгтгээд нэлээд чамбай хууль гаргаж авах нь зайлшгүй чухал байгаа юм. Хуулийн төсөлд тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ард иргэдийн амьдрал ахуйг хэрхэн сайжруулах вэ, байгаль руу шууд халдах хандлагыг яаж багасгах вэ гэдэг тал дээр нэлээд заалт орж байгаа.
-Тусгай хамгаалалттай газар нутгаас түлшний болон ахуйн бусад хэрэгцээний зориулалтаар мод бэлтгэх хуулиар хориотой. Гэтэл нутгийн иргэд энэ хэрэгцээгээ хязгаарлуулснаар хохирч байгаа тухай гомдол байнга гардаг юм билээ. Хөвсгөлийн хөвчид ч гэсэн ийм асуудал гардаг биз?
-Ер нь бидний одоо мөрдөж байгаа хууль тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа ард иргэдийн хувьд хатуу чанга болсон. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгад дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд мал бэлчээрлүүлж болно гэх мэт заалтууд орж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах талаар хатуу дэглэмтэй байсан бол шинэ хуулийн төсөлд малчид өвөлжөө, хаваржаа, хадлангийн зориулалтаар газар ашиглаж болно гэсэн зохицуулалт тусгахаар болсон. Хөвсгөл далай Монгол орны гадаргуугийн усны 69.8 хувийг агуулдаг бол Хөвсгөл аймагт манай улсын ойн нөөцийн 40 гаруй хувь байдаг. Үүний 70-80 хувь нь Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт байдаг. Гэтэл Хөвсгөл нуурын эргэн тойрны ойн 80 гаруй хувь нь хөгшин ой. Ийм ойд цэвэрлэгээ хийж байх нь маш чухал. Ойн тухай хуульд сая өөрчлөлт оруулахдаа заавал мэргэжлийн байгууллага ойн цэвэрлэгээг хийнэ гээд иргэддээ чагт тавьчихаж байгаа юм. Хөдөө бол дан ганц мэргэжлийн байгууллага ойн цэвэрлэгээг хийнэ гэдэг үнэхээр хүнд л дээ. Тиймээс бүлэг, нөхөрлөл, иргэдийн оролцоо талд уян хатан заалт оруулж байгаа. Өмнө нь зөвхөн хязгаарлалтын бүсэд ойн цэвэрлэгээ явуулдаг байсан бол шинэ хуулийн төсөлд энэ нь арай өөрчлөгдөх магадлалтай байгаа.
-Малчдын хувьд тусгай хамгаалалттай газар нутагт амьдрах, өвөлжөө, хаваржаагаа барих, малаа бэлчээрлүүлэхээс эхлээд л хуулийн хориг, хязгаарлалтуудтай тулгарч эхэлдэг талаар хэлэлцүүлгийн үеэр ярьж байна лээ. Уламжлалт мал аж ахуйгаа тусгай хамгаалалттай газар нутагт хэрхэн хадгалж үлдээх вэ?
-Нутгийн малчдыг байтугай сумын төвийг бүхэлд нь тусгай хамгаалалтад авсан байсан. 2010 онд УИХ-ын 18 дугаар тогтоолоор Ханх, Хатгал сумдын төвийн эдэлбэр нутгийг тусгай хамгаалалтаас чөлөөлсөн. Малчдын өвөлжөө, хаваржааг тусгай хамгаалалтад авснаар тэдэнд асар олон бэрхшээл тулгарч байгаа. Уламжлалт мал аж ахуй гэдэг өвөрмөц. Тэгэхээр гол нь тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийнхээ асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт анхаарч, хүндрэл бэрхшээлгүй байх талаар заалт оруулж байгаа. Өмнөх хуульд хатуу чанга заалтууд байснаас болоод тусгай хамгаалалттай газар нутгий хамгаалалтын захиргаа болон иргэд хооронд үл ойлголцох байдал зарим үед бий болдог байсан. Хуулийн шинэчилсэн найруулгад энэ байдлыг аль болох өөрчлөх зорилгоор сумын төр захиргааны байгууллагын эрхийг нэмэгдүүлж өгч байгаа.