Р.Баянмөнх: Хүний амь аврах мөч хамгийн сайхан

2013-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХУЛАН

Бид Хөвсгөл нуурын хөвөөнд ярилцаж сууна. Баасан гаригийн энэ удаагийн зочны маань ажил, амьдрал энэ л нуураас алхам ч холдолгүй өрнөж ирсэн гэж хэлж болох юм. Бүр 19 настайгаасаа эхлээд 16 жилийн турш усчин аврагч, гал сөнөөгч хийж байгаа Р.Баянмөнхтэй Хөвсгөл аймагт болсон хүүхдийн эко аяллын үеэр ажиллаж байхад нь уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэе. Тэрээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэст ажилладаг, ахлах ахлагч цолтой.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Энэ албанд 16 жил зүтгэхдээ хэчнээн удаагийн аврах ажиллагаанд оролцож байв?

-Би анх 1997 онд Иргэний хамгаалалтын ерөнхий газар гэж байхад ажилд орж БХИС-ийн ахлагчийн коллежийг шүхэрчин аврагч, усчин аврагч мэргэжлээр давхар төгссөн.

Ингээд төрсөн нутаг Хөвсгөлдөө ирж ажилласан. Түүнээс хойш 16 жил болж байна. Энэ хугацаанд шүхрийн буултыг 150 удаа хийсэн. Шүхрийн спортын нэгдүгээр зэрэгтэй. Манай хамт олон өнгөрсөн 16 жилийн хугацаанд өвлийн нөхцөлд усны аврах ажиллагаа хийж, мөсөнд цөмөрсөн есөн машин, хоёр мотоцикл, 160 гаруй хүний цогцсыг өвөл, зуны нөхцөлд уснаас гарган авч хуулийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Бас 70 гаруй хүний алтан амийг аварчээ. Бид аврах ажиллагаанд бүлгийн дарга, дөрвөн усчин, жолооч, холбоочин гээд найман хүний бүрэлдэхүүнтэй явдаг юм. Олон сайхан багшийнхаа зааж зөвлөснөөр олон хүний эрдэнэт амь нас, олон мянган га талбай ой мод, эд хөрөнгийг авран хамгаалах буянтай ажил хийж байгаагаараа бахархдаг.

-Энэ хэцүү албанд шууд өөрийн сонголтоор усчин аврагч эсвэл гал сөнөөгч болъё гээд зориглоод орох хүн цөөхөн байх. Яагаад аврагч болсон юм бэ?

- Аав, ээж хоёр маань Дэлгэр мөрөнгийн хөвөөнд нутагладаг. Намайг наймдугаар ангид байхад, Аврах салбар гэж байсан юм. Тэр үед олон сайхан ах нар Дэлгэр мөрөний усанд осолдож эндсэн хүн хайж, зун болгон үерийн дараа эрэл хийдэг байлаа. Тэд голоор хүн хайж явж байгаад манайхаар ирнэ. Сүүлдээ би тэдэнтэй хамт эрэл хийж, уснаас хүн гаргахад нь тусалдаг болсон.

Аавын гэрийн ойролцоохон далайн 2-3 том хаялга байдаг юм. Их үерийн дараа тэнд усанд осолдсон хүмүүсийн шарилыг гаргаад хаячихдаг байсан. Ийм үед бид Мөрөн хот руу 40 км газрыг 24 цагийн турш явж хэл дуулгадаг байв.

Аравдугаар ангиа төгсөөд хоёр жил аав, ээж хоёртоо тусаллаа. Ингэхдээ орон тооны бус аврагч маягийн хүн болчихсон байсан. Тэр үед надад юм зааж өгсөн аврагч ах нар усчин аврагчаас гадна шүхэрчид байсан юм. Тэднийг хараад бахархах сэтгэл төрнө. Гэтэл тэд надад, “Чи шүхэрчин аврагч болмоор байгаа юм бол БХИС-д конкурс өг” гэж зөвлөлөө. Конкурс өгтөл тэнцчихсэн. Гэтэл намайг танкийн курст оруулчихдаг юм байна. Шүхэрчин аврагчийн ганцхан хуваарь байсан нь надад хүртсэнгүй. Ямар ч байсан очъё, болох байлгүй гээд явлаа. Тухайн үеийнхээ захирал, дарга нараас гуйсаар байгаад ангиа солиулж, шүхрийн ангид орж байсан. ОБЕГ-ын дэд дарга асан Д.Намсрай бидний багш. Ер нь их мундаг хүмүүсээр хичээл заалгасан. Ингээд 1998 онд шүхрийн ангийг 16-уулаа төгссөн дөө. Төгсөж ирээд Хөвсгөл аймагт хуваарилагдаж очиход намайг гардаж авсан багш /тухайн үед халамжлан хүмүүжүүлэгч гэж нэрлэдэг байсан юм/, шүхрийн спортын дэд мастер М.Далайцэрэн маань надад бас их зүйл зааж сургасан.

-Хөвсгөл аймаг онцгойгийнхны хувьд онцгой бүс. Ус, ойн аль алинд нь асуудал, бэрхшээл гардаг. Жинхэнэ ур чадвар, эр зоригийг шаардсан бүс нутаг гэж хэлж болох байх?

-Тийм шүү. Хамгийн олон хүн амтай, хамгийн их ой мод, устай аймаг. Дээрээс нь тарваган тахал, малын гоц халдварт өвчин их гардаг. Гамшиг их тохиолддог газар.

-Онцгойгийн аврагчдыг тэсвэр, хатуужлын жишээ болсон хүмүүс гэж ойлгодог. Уснаас хүн аврах үед, ой хээрийн түймрийг унтраах үед чухам ямар зам, хүндрэл бэрхшээлийг давдаг юм бол?

-Бид цаг ямагт аврах үйл ажиллагаанд бэлэн байдаг. Аав, ээжийгээ өнөөдөр эсвэл маргааш эмнэлэгт үзүүлнэ, хот руу авч явна гэсэн төлөвлөгөө маань үргэлж эвдэгдэж байдаг. Гэнэт дуудлага ирээд л явчихна. Өнгөрсөн жил гэхэд л бид Цагаан-Үүр сум руу гуравдугаар сарын 20 гэж гараад зургадугаар сар гаргаж орж ирж байсан. 2002 онд анхныхаа хүүхдийг төрөх гэж байхад нийслэлд шүхрийн буултын дадлага хийхээр гэрээсээ наймдугаар сарын 10-нд гарсан юм. Долоон аймгийн 180 гаруй шүхэрчин ирснийг бүгдийг нь баруун аймаг руу дайчлан Завхан, Хөвсгөлийн Жаргалант сумын их түймэрт ажиллуулсан юм. Тэнд ажиллаж байгаад аравдугаар сард иртэл эхнэр төрчихсөн байсан. Тэр үед гар утас одоогийнх шиг элбэг байгаагүй. Сумын төв рүү орж байж л утсаар ярих боломжтой. Тиймэрхүү тохиолдол зөндөө гарна.

Түймэр унтраахаар явж байгаа нэг хүн10-аад кг хүнс, дээрээс нь солих, гутал, хувцас, аяны хөнжил гээд нийтдээ 30-40 кг жинтэй ачаа үүрч явдаг. Түүнийгээ үүрээд зөвхөн нэг талдаа 70 гаруй км алхах тохиолдол ч гарна. Машин явах боломжгүй тайгад ийм замыг хальт хооллоод, бантан “шаагиулаад” л хурдхан шиг туулахаа бодно. Гол нь түймэр газар авчих гээд байдаг юм. Нэг секунд ч бидэнд үнэтэй.

    Одоо сансрын зургаар түймрийн байршлыг тодорхойлдог болчихсон болохоор Ерөнхий газраас мэдээлэл өгдөг болсон. Тэндээс ерөнхий удирдлагаар хангадаг юм. Бид ч аяны хөнжлөө нэг газар бөөгнүүлж тавиад л түймэртэйгээ шөнөжин, өдөржин ноцолдоно.  24 цаг нойр, хоолгүй ажиллана. Түймрээ хальт дарж авах үед, эсвэл орон нутгаас ээлжийн хүмүүс ирсэн үед л хоолонд орох боломж гардаг юм.

-Түймрийг цурманд оруулах гэж юуг нэрлэдэг юм бэ?

- Газрыг 40-50 см-ийн өргөнтэй, 25 см-ийн гүнтэй ухчихдаг. Гал модны үндэс дагаж энд тэндээс гарч ирдэг учраас тэр болгоныг тайрч хөрөөдөж, ухна. Ингээд усаар түймрийн захыг дарж аваад галыг дотогшлуулж хумьдаг. Үндсэндээ гадагшаа шаталтгүй болгохыг л хэлж байгаа юм. Цурманд нэгэнт оруулаад авчихсан тохиолдолд нийтийн хүчээр дотор талынх нь галыг унтраадаг. Жишээлбэл, түймэр ихтэй жил бид нэг түймрийг цурманд оруулаад орон нутгийнх нь ард иргэдэд хүлээлгэж өгдөг. Тэртэй тэргүй малынхаа ашиг шимийг тэндээс хүртэж байгаа болохоор зарим нь их ухамсартай, сайн ажилладаг. 1997-2000 онд хэцүү байлаа шүү дээ. Зарим нь түймэр гарахаар нутгаа хаяад алга болно. Ажилд дайчлагдахгүй гэж тэр. Яагаад гэхээр орон нутгийн ард иргэдэд томилолт энэ тэр байхгүй, хоол ундаар нь л хангадаг болохоор тэгдэг шиг байгаа юм. Хөдөөгийн зарим айл түймэрт авч явах хүнс байтугай гэртээ ч хоолгүй байгаа юм чинь. Дээр өгүүлсэн, 2002 оны түймрээр бидний машиныг хараад авдар дотроо орж нуугдаад баригдсан хүн ч бий. Гэвч тийм үед орон нутгаа хамгаалах гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг юм.

Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуульд, 16-60 хүртэлх насны эрчүүд, 16-55 нас хүртэлх эмэгтэйчүүдийг онцгой нөхцөл тохиолдоход мэргэжлийн ангийн зүгээс дайчлах шаардлагатай гэсэн заалт бий. Сүүлийн үед манай улсын эдийн засгийн байдал харьцангуй дээшлээд хоол хүнс, хувцас, бензин тосны хангалт сайжирч байна. Ард иргэд маань хоол хүнстэй болохоор гайгүй болчихсон.

-Мэргэжил болгонд таашаал өгдөг нэг зүйл бий. Харин та яг ямар мөчид аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Усанд осолдох гэж байсан хүмүүсийг аврахад, эсвэл гал түймрийг унтраачихаад. Эсвэл шүхрээр онгоцноос бууж байгаа үедээ би ертөнцөөс тасарчихдаг. Их сайхан. Тэнгэрт онгоцны чимээ тачигнаад, координат цэгээ тогтоож буух дохио аваад л онгоцноос гарах тэр мөч их сайхан. Эхний гурван буултад их айж байлаа. Сүүлдээ сураад ирэхээр ойр орчныхоо газар устай, агаартай танилцаад, эргэн тойрноо мэдрээд эхэлдэг. Урьд нь шүхрээр ой хээрийн түймэр дээр шууд буулгачихдаг байсан.

-Одоо больчихсон юм уу?

-Онгоцны үнэ өндөр болчихоод шүхрээр буухаа больсон.

-Онцгой тохиолдолд шүхрээр буух байлгүй дээ?

-Шүхэрчид маань ингээд дуусч байна шүү дээ. Манай аймагт сүүлчийн шүхэрчин нь би гэхэд бараг болно. Нийтдээ 20, 30-аадхан тооны шүхэрчин байна. Ингээд бид шүхрээр буух боломжгүй болчихсон.

-Хамгийн сүүлд хэзээ шүхрээр буусан бэ?

-Өнгөрсөн жил харин их азтай, шүхрээр буучихсан шүү. Манай энд Франц, Орос, Хятад, Монгол дөрвөн улсын шүхэрчин нэгдсэн олон улсын хамтарсан хээрийн сургуулилт болсон юм. Түүнд нийслэлийн аврах тусгай ангиас арван шүхэрчин ирсэн. Манай аймагт спортын мастер Ж.Болдбаатар гэж хүн бий. Тэтгэвэртээ гарчихсан байж байгаад зодог тайлах буултаа тэр үед хийсэн. Бид 12-уулаа улсынхаа нэрийг гаргаж гурван удаа буусан. Би урьд нь 147 дээр зогсчихсон байсан юм. өнгөрсөн жил гурав буугаад 150 болсон доо.

-Хүний амь аварчихаад дараа нь ар гэрийнхнээс нь, эсвэл аварсан хүнээсээ “Баярлалаа” гэдэг үгийг сонсох ч бас сайхан байдаг байх?

-Гурван жилийн өмнө бид гурван настай хүүхдийг аварч байсан юм. Манай хэлтэстэй ойрхон, 500-гаад метрийн зайд Дэлгэрмөрөн голд дүү нь урсчихлаа гээд хоёр эгч нь утсаар хэлсэн юм. Бид 2-3 минутын дотор давхиж очсон байх. Хар хурдаараа давхиж очоод, бүгд хувцсаа тайлаад үсэрч орсон. Нэг метр гарантай газраас жижигхэн харгиа руу орох гэж байхад нь амжиж барьж авлаа. Гаргаж ирээд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч хүү ухаан орохгүй байсан. Ээж, аав нь энэ талаар дуулаагүй, хэл дуулгах гээд хүн явуулчихсан, эмнэлэгт хүлээгээд байж байтал нөгөө хүү гэнэт час хийтэл уйлдаг байгаа. Тэгэхэд бараг л хүүхэд маань төрчихөж байгаа юм шиг санагдаад уйлчихсан.

-Энэ чигээрээ өнгөрчихвөл яана гэж бодож байсан юм уу?

-Харж байгаад алдчих хэцүү шүү дээ. Харж байгаад алдаж байсан харамсалтай тохиолдлууд бий. Авраад  эмнэлэгт хүлээлгээд өгчихсөн байхад шөнө нь өнгөрчихлөө гэж сонсох хэцүү. Анхны тусламж авч, эмнэлэгт ухаантай ирсэн ч гэсэн ус их залгиснаасаа болоод эмчилгээ авахгүй нас барчихаар хэцүү байдаг юм.

Тэгээд тэр хүүхдийг 2-3 цагийн дараа нэлээн гайгүй болчихсон байхад нь ороод хонгон дээр нь зөөлхөн алгадчихсан. Эгдүү хүрээд байсан юм. Тэгсэн аав, ээж нь ч хүрч ирсэн. “Баярлалаа” гээд хүүгээ тэвэрч ээж нь уйлаад.  Уснаас хүн аврахад ер нь хэцүү. Хажууд нь байж байдаггүй, дуудлагаар очдог болохоор. Тэр хооронд хүн тэсдэггүй. Ус уушигных нь ховдол руу орчихвол тэгээд л нэмэргүй болчихдог. 

Бидний машин техник хэчнээн бэлэн байлаа ч гэсэн гартлаа тодорхой хэмжээний хугацаа зарцуулна. Тэрийг ойлгохгүй бухимдах хүмүүс байна. Обьектын түймэр байна. 40 секундын дотор байгууллагаас гарч байгаа юм. Хувцсаа өмсөхөөс эхлээд бүх зүйл нормативтай. Машиныг төдөн секундэд гараажаас гаргана, замыг тийм хугацаанд туулна гээд. Мэдээж, хүнд эд хөрөнгө нь нүдэн дээр нь шатах, эсвэл хайртай хүн нь нүдэн дээр нь үгүй болж байхыг харахад цаг хугацаа маш удсан юм шиг санагдана. Гал түймэр дээр очиход яасан уддаг юм гээд чулуугаар шидүүлэх тохиолдол ч гарна. Тэгээд сүүлд нь, унтраачихсаны дараа “Бухимдаад тэгчихлээ, уучлаарай” гэдэг юм. Бид чинь баяр баясгалантай юман дээр очих нь ховор шүү дээ. Дандаа л уйтгар гуниг, уй гашуу, уйлаан майлаантай хүмүүс дээр очдог. Бараг л бид шатаачихсан, ус руу түлхчихсэн юм шиг уурлана. Хүний амь аварчих юм сан, эд хөрөнгийг нь аваад үлдчих юм сан гэж бодогдоно уу л гэхээс тэрийг нь тоодоггүй.

-Хүнд нөхцөлд ажилладаг гэдэг утгаараа эрт тэтгэвэрт гардаг гэж сонссон юм байна?

-25 жил ажиллаад тэтгэвэрт гардаг. 2004 оноос хойш онцгой байдлын албаны хүнд нөхцлийг харгалзаж жилд гурван сар ажилласан жилээр нэмэгдэл тооцдог болсон.  Тэгэхээр шинээр орж байгаа хүүхдүүд маань 20 жил ажиллана. Бид түймэр унтраахад хэрэглэдэг усны том хуванцар саванд голын хүйтэн уснаас хийж үүрч явсаар нуруу, бөөр муутай болчихдог. 40 нас гараад ирэхээрээ удаан жагсч, зогсоход нуруу чилдэг болчихдог юм байна. Ингээд бодохоор цэргийн шинжлэх ухааныхаа хүрээнд л хүмүүсийн насыг нь тодорхойлж  тэтгэвэрт гаргаж байгаа байх.

-Ус руу өвөл нүцгэн ордог юм уу?

-Намайг анх төгсч ирсний дараахан тийм байсан. Одоо сайхан болсон. Гадаад дотоодын сайхан сургуулиудад аврагч нар аваачиж бэлтгэж байна. Дээрээс нь нэг цаг 30 минутад усан доор ажиллах хэмжээний хүчилтөрөгчийн баллонтой болсон. Тусгай усны хувцас дээр баллон зүүгээд орчихно, норохгүй.

-Хөвсгөл далайн усанд 20 метрээс гүнд шумбаж болохгүй гэж ярьдаг юм билээ?

-Гүн рүүгээ 20 метрээс доош орохоор даралтад орчихож байгаа юм. Литр усыг хүний хөл дээр тавих, 20 литр ус тавих хоёр ялгаатай шүү дээ. Түүнтэй адилхан, гүн рүү орохоор энэ их ус чинь дээрээс дарж байна гэсэн үг. Бид багаж техникгүй, залуу насны аагаар орж байхдаа хэнгэргээ цоолчихсон. Тэгэхээр одооны сургалт хийж байгаа багш нар хэлэхдээ 18-20-иос доош гүн рүү орж болохгүй гэсэн зааварчилгаа өгдөг. Яагаад гэхээр даралт тэнцдэггүй юм.

Өнгөрсөн жил манай шумбагчид 45 метрийн гүнд орсон. Техник, тоног төхөөрөмж ч сайжирч. Залуусыг эхнээс нь зөв сургалтаар явуулаад ирэхээр эрүүл мэндэд нь ч муугаар нөлөөлөхгүй байна.

-“Ер нь больё” гээд ажлаасаа шантрах үе байсан уу?

-Нялх хүүхэдтэй, хүүхэд өвдчихсөн байхад дуудлага гараад олон хоногоор явчихаар ар гэр рүүгээ “Одоо яаж байгаа бол” гээд санаа зовно. Тийм стресстэй байх үед гамшиг дээр очиход хүн өөдөөс янз бүрийн үг хэлэхэд заримдаа бухимдах, ингэж явах албатай ч биш гэж бодох үе гарна.

Одоо  тэгээд сурчихаж дээ. Хүүхдүүд ч том болчихсон. Бид ажлаа сайн хийх үгүй нь бас ар гэртэй холбоотой. Ар гэрт найдвартай байхад бид сэтгэл амар явдаг. Тэр хэмжээгээр амжилт гаргадаг. Ар гэртээ, эхнэр хүүхэд, аав, ээждээ баярлаж явдаг.

Бас манай хэлтэст нийтдээ 90-ээд хүн ажилладаг. Тэдэндээ бүгдэд нь баярлаж явдаг. Яагаад гэхээр ганцхан  хүний ур чадвар, мэдлэг боловсролоор гамшиг ослоос хүн амьтан аварна, байгаль орчноо хамгаална гэсэн ойлголт байхгүй л дээ.

-Ямар гавьяа шагнал авч байв?

-Онцгой байдлын албаны 10 жил болоод хүрэл, 15 жил болоод мөнгө авдаг. Тэр медалиа авсан. Залуучуудын холбооны тэргүүний залуу медальтай. Байгууллагынхаа гурван удаагийн аварга болсон. Хуучин Иргэний хамгаалалт гэж байхад хоёр удаа хөдөлмөрийн аварга, нэг удаа ажил мэргэжлийн аварга болж байсан. 2008 онд онцгой байдлын хэлтэс болсны дараа Тэргүүний аврагч гал сөнөөгч болсон.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 39 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 30 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 49 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 53 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин