Л.Эрдэнэчимэг:Архи худалдаалах цэгийг цөөрүүлэхээр хуульд заасан

2013-08-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилсан Архины тухай хуулийг баталснаар нийгэм дэх архидалт арилна гэж үзэж байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачлан батлуулсан Тамхины тухай хуульд иргэд ам сайтай байгаа. Өдгөө та бүхэн Архины тухай хуулийг батлуулахаар лобби хийж байгаа сураг байна?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архигүй Монгол” хөтөлбөр санаачилж гурван жилийн хугацаанд олон ажил хийсэн. Түүгээр барахгүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт өгсөн байгаа.

Тэгвэл эмэгтэй гишүүд энэ хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаа хууль тогтоогчид юм. УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс өргөн бариад батлуулж чадсан хууль бол Тамхины хяналтын тухай хууль. Хуулиа баталсаны дараа иргэд сонгогчидтой уулзаж байхад иргэд бидэнд дараагийн даалгавраа өгч байсан. Энэ нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг батлах ёстой гэж. Өөрөөр хэлбэл, “Та бүхний санаачилсан Тамхины тухай хууль аятайхан хууль боллоо. Одоо архины хяналтын тухай хуулийг яаралтай гаргаач” гэж олон хүн хэлсэн. Магадгүй энэ нь парламентад олон эмэгтэй гишүүнтэй болсны хувьд нийгэмд бугшсан асуудлуудаас салгахад  биднийг тусална гэсэн найдлага байх. Ер нь архидалт  Монголын нийгэмд хэнд илүү хүнд тусч байна вэ гэхээр гэртээ байгаа эмэгтэйчүүд, эхнэрүүд, ахмадууд, аав ээж нар юм. Тэгээд ч бидний тулж ажилладаг, туслахыг хүсдэг бүлэг нь хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд байдаг учраас анхаарал тавихгүй байхын аргагүй.  Тиймээс ч Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өргөн барьсан тус хуульд хамтарч ажиллаж байна. Намрын чуулганаар энэ хуулийг хэлэлцүүлж батлуулчих санаатай байгаа. Архидан согтуурахтай тэмцэх хууль болон Архины хяналтын тухай хуульд болгоомжтой хандах шаардлагатай. Яагаад гэвэл урд нь энэ хуулиуд Монголд төдийгүй  олон улсад ч  гарч байсан. Энэ бүх тохиолдолд хуурай хууль болж гарсан гашуун сургамж олон орнуудад байгаа учраас бид алдаа, дутагдлыг давтаж болохгүй.

-Архидалтыг багасгахын тулд согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хорих юм уу. Эсвэл хязгаарлалт оруулах уу?

-Энэ удаагийн хууль архийг хорьсон хууль биш. Тодорхой зохицуулалт хийж, тодорхой асуудлуудад хязгаарлалт хийж байгаа. Юуны өмнө хуулийнхаа талаар ард түмэнд ухуулан таниулъя гэж бодож байна. Ялангуяа, борлуултын цэгүүдэд хуулийн тухай мэдлэг олгож дасгахыг хичээнэ. Өнөөдөр архидалт өндөр байгаагийн том  шалтгаан нь архи худалдаалах цэг дэндүү олон байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, 320 хүн тутамд архи зардаг дэлгүүртэй байна шүү дээ. Ийм  байгаа учраас хэн хүнгүй гэрээсээ гүйж гараад архи худалдаж авч байна. Орон зайн хувьд дэндүү ойрхон байна гэсэн үг. Тэгвэл энэ хуулиар орон зайг нь холдуулна.  Үүний тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран, зөвлөмжийг нь баримтална. Зөвлөмжид нэгдүгээрт, архины хүртээмж нь хүндрэлтэй байх ёстой гэж үздэг юм байна. Ингэхдээ иргэн А  дэлгүүрээс архи шууд худалдан авдаг биш тодорхой хол зам туулдаг байх ёстой. Энэ ч үүднээс 300 хүн тутам байгаа архины цэгийг 5000 хүн тутамд хүргэх зорилготой. Сумын тухайд 3000 хүн тутамд байж таарах байх. Мэдээж сум, дүүргээр нь ялгана гэсэн үг. Сум нь нэг архины цэгтэй байх уу эсвэл хоёр байх уу гэдгийг  ард иргэд нь мэднэ. Дүүргийн тухайд хүн амынх нь тоонд тохируулан архи зарах нэг дэлгүүр байна гэж хуульчилна.  Энэ зарчим олон оронд хэрэгжиж байгаа. Австралид явж байхад  архийг зөвхөн тусгай дэлгүүрт зардаг юм билээ.  Супермаркет болоод хүнсний дэлгүүрт хэзээ ч архи зардаггүй. Энэ нь хүнсний дэлгүүрт эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулж ордогтой холбоотой. Хүүхдийн нүдэнд архи тусах ёсгүй гэж тэд үздэг. Үүнийгээ ч хуульдаа заачихсан юм билээ. Харин манайд бол эсрэгээрээ. Архи хамгийн өнгөлөг, нүд тусахаар гоё шошготой бүтээгдэхүүн нь байдаг. Хамгийн сайн өрөлттэй бүтээгдэхүүн нь бас л архи байдаг. Энэ утгаараа хүүхдүүд дэлгүүрт ороод чихэр харахаас өмнө архийг харж таарч байгаа юм. “Өө, энэ ямар гоё ундаа вэ. Би үүнийг ууж үзэх юмсан. Манай аав ч гэсэн энэ ундааг уудаг” гэсэн сэдэл төрөөд байдаг учраас хүүхдийн нүдэнд архийг харуулж болохгүй гэсэн олон улсын хэмжээний журмыг баримтлах хэрэгтэй юм.

-Тэгвэл согтууруулах ундааг зарах зөвшөөрлийг хэн олгох юм бэ?

-Одоо бараг хардалтууд эхэлж байх шиг байна. Юу гэхээр мөнгө төгрөг, лоббитой хүн архины дэлгүүр байгуулах юм байна гэж. Бидний хувьд энэ эрхийг  нь орон нутгийнх нь засаг, захиргаанд өгье гэж байгаа. Тэгэхдээ ард иргэдийн оролцоотойгоор архи зарах зөвшөөрлийг олгодог болно.  Өөрөөр хэлбэл, ард иргэд хаана архины дэлгүүрээ байршуулах вэ гэдгээ өөрсдөө мэдэх учиртай. Энгийн эзэгтэйн хувиар хэлэхэд би  гэрийнхээ хажууд архины дэлгүүр байгуулахыг хүсэхгүй. Яагаад гэвэл дэлгүүр тойрсон архичид цуглана. Үүнтэй адилхан иргэд сум, баг, хорооныхоо удирдлагад архины дэлгүүр байрлуулах газрын талаар саналаа өгөх ёстой. Олонхийн саналыг үндэслэн архи худалдах байршлыг тогтооно гэсэн үг.

-Архи борлуулах зөвшөөрөл авахын тулд танил талаа зусардаж, авлига өгдөг гэдэг шүү дээ. Тэгвэл хууль батлагдсанаар цөөхөн дэлгүүр архи зарах эрхтэй болох юм бол бусдыг авлигадах нь бүр ихсэх юм биш үү?

-Архины үйлдвэрлэл, бөөний худалдааны хувьд хориг бараг тавигдахгүй. Энэ хуулиас хэн хохирох вэ гэхээр жижиглэнгийн дэлгүүрүүд. Найман нэрийн дэлгүүртэй иргэд хохирно гэсэн үг. Олон дэлгүүрийн эрх ашиг хөндөгдөж таарах байх. Бид хуулийнхаа өмнө хэлэлцүүлэг явуулна. Найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүстэй уулзаж, саналыг нь сонсоно. Тэд хохирно гээд суулгүй хохирохоос өмнөх арга хэмжээг бид давхар авч явна. Юу гэхээр хүмүүст зөв  мессеж тараана. Тухайлбал, “Архидалт гэдэг бол Монголд олон хүний эрүүл мэнд, өрх гэрийн эдийн засгийн асуудал боллоо. Монголын хөгжил дэвшлийн тушаа учраас архи, тамхи гэдэг хорыг ашиглан ашиг олдог бизнесээсээ татгалзаач” гэж. Нэгэнт хуулиараа ингэж заах  учраас архи зарж ашиг олдогоо больж өөр бараа борлуулах тухай байнга хөндөн тавьж байна. Нөгөө талаас бизнесийн байгууллагыг өөр бараа зарж ашиг олох боломжийг олгохын тулд хуульдаа зургаан сарын хугацаа өгнө. Тамхины хууль гэхэд л  өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдаад гуравдугаар сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хугацаанд сурталчилгаа маш их хийсэн. “Удахгүй Тамхины хууль хэрэгжинэ. Дэлгүүрт тамхи зарахгүй” гэсэн мессэж тараахад хүмүүс бэлдээд эхэлчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, архи зардаг дэлгүүрийн эзэд зургаан сарын дараагаас архи зарж болохгүй юм байна гэдгийг ойлгосон байна билээ. Үүнтэй адилхан ойлгуулах мессэж тараана.

-Согтууруулах ундааг ангилж зарна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Архийг дотор нь 38-аас дээш хатуулагтай буюу цагаан архи болон 38-аас доош хатуулагтай шар айраг, улаан дарс гэж ангилна. Хууль батлагдсан эхний нэг жилдээ тусгай дэлгүүрээр зөвхөн өндөр хатуулагтай архи зарна. Хүнсний дэлгүүрүүдэд бол шар айраг, улаан дарсаа зарна. Энэ нь бизнесийн байгууллагад учрах гэнэтийн эрсдэл нь бага болж таарч байгаа юм. Харин нэг жилийн дараагаас согтууруулах төрлийн бүх ундааг зөвхөн тусгай дэлгүүрт зардаг болно. Энэ хугацаанд хүмүүсийн ухамсарыг өөрчилж чадах байх. Мэдээж багагүй эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй.

-Хууль тогтоогчдын дунд архины үйлдвэрийн эзэд байгаа учраас дуртайяа батлахгүй байх. Эмэгтэй түшээдэд хуулийг дэмжихээ болиоч гэсэн хандалт ирж байна уу?

-Тамхины тухай хуульд маш их лобби ирж байлаа. Тэглээ гээд автаагүй. Архины тухай хуулийн лоббид бол бүр ч автахгүй гэж бодож байна.

-Та бүхэн Архины тухай хуулийг боловсруулж байгаа юм бол яагаад нэг мөсөн архины үйлдвэрийг цөөлье гэж хүчтэй дуугарч болохгүй байгаа юм. Манай улсад нэг хүнд ногдох архи спиртийн хувь өндөр гардаг шүү дээ?

-Үйлдвэрийн хувьд тодорхой заалт орохгүй. Зөвхөн худалдан авалтыг багасгах нь энэ хуулийн зорилго. Нийлүүлэлт багасаад ирэхээр архи зарах нь багасч таарна. Хуулийг дагаад рекламдаж  сурталчилах нь ч  гэсэн давхар хаагдана. Ер нь ажиглаж байхад лоббигоор батлагдсан нэг хууль байна. Энэ бол Зар сурталчилгааны тухай хууль. Орой 22 цагаас хойш шар айраг сурталчилж болно гэсэн хачирхалтай заалт оруулчихсан. Энэ нь лоббигоор батлагдсан хууль гэсэн үг шүү дээ. Тэгвэл Архины тухай хуульд зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг гээд бүх асуудлыг хааж өгнө. Хэн нэгэн хүний  “Энэ маш  маш гоё архи, шар айраг гэсэн сурталчилгаа телевизээр гарахгүй болохоор бусдын  уух сэтгэлгээ ч буурна гэж найдаж байна. Хоёрдугаарт, архи уухын тулд амьдралаа төлөвлөх хэрэгтэй болно. Яагаад гэвэл архины дэлгүүр өглөөний 10.00 цагаас ажиллаад орой 20.00 цаг гэхэд хаасан байна. Шөнийн цэнгээний газар болоод рестораны хувьд хязгаар заахгүй.

-Архины үнэ өртөгт өөрчлөлт орох уу. Худалдаалах лангууг нь цөөлөхөөр зарах зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь архины үнийг нэмж таарах байх?

-Тэр бол зах зээлийн шугамаар хянагдаад явах асуудал юм. Миний түрүүн хэлсэн  хязгаарлалт нь хүн амд архи уух сэдлийг багасгадаг гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ялангуяа, өсвөр насны архидалт огцом буурсан туршлага юм. Австрали улсад 18-аас доош насны иргэнд архины төрлийн бүтээгдэхүүн зарсан бол 180 мянган долларын торгуультай байдаг. Таван ам.долларын архи зарах гэж байгаад ийм их хэмжээний өрөнд оръё гэж хэн ч бодохгүй. Үүнтэй адил торгуулийн маш том систем оруулж өгнө. Ер нь архи худалдаж авч байгаа хүн бүрийн иргэний үнэмлэхийг шалгана. Харваас насанд хүрсэн байсан ч хамаагүй. Архи авсан хүн бүрийн бичиг баримтыг шалгана. Өнөөдөр 16 настай хүү 20 настай залуугаас ялгагдахгүй байгаа учраас энэ эрсдлээс хамгаалахын тулд бичиг баримт шалгаж таарах юм. Жишээлбэл, намайг АНУ-д очоод ресторанд хоол идээд нэг шил шар айраг ууя гэхээр заавал бичиг баримт асуудаг. Намайг 40 нас хүрсэн эмэгтэй гэдгийг мэдсэн ч асууна. Тэр систем манай улсад нэвтрэх ёстой.

-Хууль хэзээ батлагдах боломжтой вэ?

-Хуулийг өргөн барьснаас хойш нэлээдгүй хурал, хэлэлцүүлэг явагдаж таарна. Биднээс шалтгаалахгүй асуудал олон байна. Байнгын хорооны хэлэлцүүлэг бүрт хуулийн заалтыг өөрчлөх гэж оролддог. Нэлээд тийм дайнтай хууль болно гэж харж байна.

-Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувиар асуухад та бүхэн гэр цэцэрлэг байгуулах тухай хууль санаачилсан. Гэвч нийт түшээдийн дэмжлэг аваагүй. Харин өнөөдөр цэцэрлэг хүрэлцээгүй гэдэг нь батлагдаж эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхийн төлөө бужигнаж байна?

-Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдэд эцэг, эхчүүд бужигнадаг нь бичигдээгүй хууль. Саяхан би хүүхдүүдээ бүртгүүлэхээр гадаа хонож байгаа эцэг эхчүүдтэй уулзлаа. Ер нь эрэгтэй гишүүдийн хувьд цэцэрлэгийн асуудалд анхаарал хандуулдаггүй.  Яагаад гэвэл тэд хүүхдээ цэцэрлэгт нь зөөдөггүй. Өөрсдөд нь тийм асуудал байдаггүй учраас анхаарлынх нь гадна яваад байгаа юм. Нэг айлын амьдрал хүүхдээ цэцэрлэгт өгсөн, өгөөгүйгээс болж асар их ялгаа гарч байна. Цэцэрлэгт өгөөгүй бол хэнд харуулах вэ. хадам ээждээ өгөх үү, өөрийнхөө ээжийг гуйх уу. Эсвэл төлбөртэй цэцэрлэгт өгөх үү гээд түмэн асуудал гарна. Тийм учраас цэцэрлэгийн асуудлыг босгож тавихаас аргагүй. Гэхдээ шинэ цэцэрлэг бариад Засгийн газар асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл шинэ цэцэрлэг барих хөрөнгө нь 1.5 их наяд төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Тэр нь зөвхөн барилгын мөнгө. Багшийн цалин, бусад урсгал зардал ердөө багтаагүй. Эмэгтэй гишүүдийн хувьд бусад орнуудад байгаа хүүхэд харах үйлчилгээгээр шийдье гэж хүүхэд харах тухай хууль санаачилсан юм. Энэ хуулийг түшээд эргэж харах ёстой.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 32 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин