Н.Удвал: МАХН эмэгтэйчүүдэд ээлтэй нам гэдгийг харуулснаараа бахархаж байгаа

2013-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагын ажитнуудын өдөр тохиолоо. Нөгөөтэйгүүр шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан жилийн ой болчихож байгаа юм байна. Энэ хугацаанд танай салбарынхан юу амжуулав?

-Зөвхөн энэ өдөр яриад өнгөрөх бус бид  бүтэн сарыг тэр чигт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлын сар болгох шийдвэр гаргасан. Нэг сарын турш энэ талд  шат шатны байгууллагын саналыг  хүлээн авч, улмаар эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн асуудлаар үндэсний чуулган хийхээр төлөвлөж байна.

Үндэсний чуулганы үеэр энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргаж  төр, засагт уламжлан дараа жилийн улсын төсөвт тусгах бодолтой ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  салбарын  тэмдэглэлт өдрөө  нэлээд ажил хэрэгч байдалтай, өмнөх жилүүдээс арай өөр төвшинд тэмдэглэж байгаа гэж  болно. Иймд энэ бүхнээс цөөнгүй  бүтээлч, шинэлэг санал санаачилга гарна гэж хүлээж байна даа.

-Салбарын шинэчлэл ямар шатандаа явна вэ?

-Би одоогоос  жилийн өмнө наймдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн сайдаар сонгогдож байлаа. Хамгийн гол нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах  нь  манай эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн цөм нь байна  гэдэг асуудлыг анх  гаргаж тавьж байсан. Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн 375 тоот тушаалаа салбарын сайдын хувьд гаргаж байлаа. Эрүүл мэндийн салбарт эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх эмнэлгийн ажилчдын мэргэжлийн алдааны талаарх  гомдлыг судлах, тийм алдааг бууруулах, бүртгэх зэрэг асуудлаар нэлээд том бодлогын хэмжээний баримт бичиг гаргасан. Баримт бичиг гаргаснаас хойш  нэлээд ахицтай  хэрэгжиж байгаа. Гэвч   харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд  тодорхой шалтгааны улмаас саарсан, зогссон, хугацаа алдсан ажлууд бас бий. Харин өнгөрсөн сараас   яамныхаа  ажлыг сайжруулах талд багагүй  ажил хийлээ.  Хууль эрх зүйн зөвлөгөө авсаны дагуу  бүх албан бичиг баримтыг  зөв бүрдүүлэхэд анхаарлаа. Мөн  алдаа мадагтай зүйлүүдийг ч  засаж залруулсан. Ингэснээр түр зогсоод байсан ажлууд голдрилдоо орсон. Ирэх сарыг бид оюутны эрүүл мэндийн сар болгож зохион байгуулна.  Аравдугаар сарыг ахмадын эрүүл мэндийн сар болгож, арваннэгдүгээр сарыг эрүүл мэндийн суурь шинэчлэлийн бодлого гарсаны нэг жилийн ой тохиож буй учраас эхний эхлэлийн тайлангаа бичиж,  хэлэлцүүлэх  сар болгож байгаа. Оны эцэс арван хоёрдугаар сард  бүх байгууллага, салбар бүрийн ажлаа дүгнэдэг. Бид ч дүнгээ гаргаж,  байгуулагуудад  ямар ажлууд эхэлж,  үр дүн нь хэрхэн гарч байгааг дүгнэнэ.

-Бодлогын чиглэлд  ямар өөрчлөлт хийж байна?

-Бидэнд бодлогын нэг алдаа байгаа нь бодлогоо гаргачихаад хэрэгжүүлэгч нартаа  хүргэдэгггүй, сургалт явуулдаггүй учраас яаман дээр 40 хэдэн сургагч багш бэлдэж 8-9 дүгээр сард эрүүл мэндийн бүх байгууллага, салбарт шинэчлэлийн  бодлого хэрэгжүүлэхэд баримжаалсан сургалтуудыг явуулах гэж байна. Эрүүл мэндийн салбарынхан, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэгчид маань ойлголттой болж байж  амжилттай үр дүн үзүүлэхээс  биш  зөвхөн яаман дотор яриад, түүнийг боловсруулсан хүмүүс л мэдэхээс бусад нь ойлголтгүй хоцорно. Ийм  байдлаар амжилт олохгүй. Тиймээс хэрэгжүүлэх шатанд ихээхэн анхаарал хандуулж, эрчимтэй ажиллаж  байна.

-Энэ долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, гүйцэтгэх захирлын хамт манай улсад  айлчилна.  Сүүлийн бараг хорин жилд ДЭМБ ын удирдлага Монголд морилж ирээгүй. Та Женевт айлчлахдаа ДЭМБ-ын удирдлагатай уулзсан нь айлчлан ирэхэд нь нөлөөлсөн  гэж ойлгодог. Айлчлалын үр дүн, ач холбогдлыг нь юу гэж дүгнэж байгаа вэ?

-Монголын эрүүл мэндийн   салбарын хувьд нэлээд томоохон түүхэн үйл явдал тохиох гэж  байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал болон гүйцэтгэх захирал  Эрүүл мэндийн сайдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийх юм. ДЭМБ-ын ерөнхий захирал сүүлийн 20 жилд манай улсад  айлчилж байгаагүй. Энэ жил ирж буй нь  манай эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал болж  байна гэж бид үзэж байгаа. 

-Айчлалын үеэр  танай салбарт ямар ажлууд зохион байгуулах вэ?

-ДЭМБ-ын ерөнхий захирал манай улсад айлчилж ирээд Ерөнхийлөгчид   бараалхаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” санаачилгын хүрээнд тамхины эсрэг конвенцтой адил Архины эсрэг  хорт зуршилтай тэмцэх конвенц гаргах асуудлаар уулзаж ярилцана. Мөн  Тайланд, Ази Номхон далайн консерватур буюу  олон улсын судалгааны байгууллагаас гаргасан судалгааны   илтгэлийн нээлт болно. Нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эрүүл чийрэг монгол хүн”  хөтөлбөр   хэрэгжүүлэхэд төр, засгаас ямар дэмжлэг туслалцаа үзүүлж буй талаар илтгэл тавина.  Түүний дараа ДЭМБ-ын ерөнхий захирал УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүдтэй уулзаж, эх нялхсын эрүүл мэндийн асуудлаар дугуй ширээний ярилцлага хийнэ. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг  түншүүдтэйгээ уулзаж, эрүүл мэндийн асуудлыг ямар төвшинд хэрхэн шийдэх талаар ярилцана. Тиймээс энэ долоо хоног манай салбарын хувьд түүхэн ач холбогдолтой долоо хоног байх болно.

-Салбарын сайдын хувьд та ямар асуудлуудыг ДЭМБ-ын анхааралд хүргэхийг зорьж, бэлдэж байна?

-ДЭМБ-аас  1978 онд гаргасан  Дэлхийн эрүүл мэндийн шинэчлэлийн Алма-Атийн тунхаглал гэж бий. Түүнд эрүүл мэндийн хамгийн анхан шатны тусламжийг гаргаж ирсэн урьдчилсан сэргийлэх тарилга, гэр бүл төлөвлөлт, хоол тэжээлийн асуудал, дархлаажуулалтын хөтөлбөр, аюулгүй ундны усны байдал, дархмал буюу нутагшмал өвчин зэрэг найман элементийг анх удаа дэлхий нийтэд бодлого болгож гаргасан. Дэлхийн  бүх гишүүн орон түүнийг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд, багачуудын өвчлөлийг бууруулах, эх нялхсын эндэгдлийг бууруулж, хүн амын эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой. Ялангуяа халдварт өвчин, халдварт бус өвчнийг бууруулахад ийм бодлого гарч байсан. Түүнээс хойш 30 гаруй жил болоход түүнийгөө улам хөгжүүлж хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд  ДЭМБ-аас  шинэ бодлого гаргасан.  Энэ нь эрүүл мэндийн төвшинд бүх нийтийг хамруулах  зорилготой юм. Шинэ бодлогоо өнгөрсөн  нэгдүгээр сард болсон Женевийн уулзалтаар нэлээд сайн ярьсан. Тавдугаар сард мөн энэ тухай ярилцсан. Аливаа орон нэг иргэндээ 40-60 ам.доллар зарцуулж  анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж чадах юм бол өвчлөл багасна, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх  хүний тоо  ч буурна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал мөн буурна. Хүн амынх нь эрүүл мэнд сайжирч дундаж наслалт нь уртасна.

-Тэгвэл манай улсад ямар байдаг юм бол?

-Манайд бол анхан шатны тусламж үйлчилгээг сум, өрхийн эмнэлгүүд хүргэдэг. Одоогоор 20 орчим мянган  төгрөгийг нэг хүнд зарцуулж байна. Энэ зардлыг 40-60 ам.долларт хүргэх талаар ДЭМБ-ын ерөнхий захирал,  Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай  уулзахдаа ярина гэж бодож байна.Мөн  Их хурлын эмэгтэй гишүүдтэй уулзахдаа ярих байх. Нөгөөтэйгүүр, манайд анхан шатны тусламж хүргэхэд бусад орныг бодвол дэд бүтэц сайтай, эмнэлгийн нөөцийн хувьд ч сайнд нь ордог. Ялангуяа бүс нутагтаа нэлээд сайндаа ордог, Европын стандартыг мөрддөг зэрэг үзүүлэлтээр.  Гэхдээ цаашид сайжруулах зүйлүүд  бий. Хүний нөөц, тэр дотроо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын асуудлаар ДЭМБ-ын ерөнхий захирлыг анхаарал хандуулж өгөөч гэсэн хүсэлт тавина гэж бодож байгаа. Бүх шатны удирдах ажилтныг бэлдэхэд ДЭМБ-аас туслалцаа үзүүлээч гэсэн асуудлаар би өмнө нь Женевийн уулзалтаар очихдоо хэлж байсан юм. Одоо ч тэр асуудлаа давтан тавина гэсэн бодолтой байгаа.

-Одоо асуултаа жаахан өөрчилж, сүүлийн үед нийгмийн төдийгүй, төр засгийн анхаарлыг татаж, олон хүний санааг зовоож буй  Монгол Улсын гуравдахь  Ерөнхийлөгч  Н.Энхбаярын  эрүүл мэндийн байдал   суллагдсанаасаа хойш ямар байгааг сонирхмоор байна. Та тэр талаар сайн мэдэж байгаа байх?

-Н.Энхбаяр дарга чөлөөлөгдөж гарсан. Энэ бол бидний хувьд ч, МАХН-ын гишүүд дэмжигчдийн хувьд  ч, өөрийнх нь хувьд ч нэг нааштай алхам гэж үзэж хүлээж авч байгаа. Энэ шийдвэр гарснаар Н.Энхбаяр даргын эрүүл, амьд явах эрх нь хангагдлаа гэж үзэж байна. Тиймээс нэн даруй гадаад руу явж эмчлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Суллагдсанаас нь хойш  уулзаж  чадаагүй л  байна. Шинэ орчинд дасахад  төвөгтэй, дээр нь бие нь сайнгүй тамирдуу ядруу байгаа учраас ачаалал өгөхгүй байх нь зүйтэй гэж бид үзсэн. Одоо гадаад руу явах бэлтгэлээ хангаж, дасах процессоо давах гээд байж байгаа гэсэн ойлголттой байна. Нэгэнт суллагдсан  учраас  аль ч улс оронд очиж эмчлүүлэх бололцоотой. Бид мөн зарим эмнэлгийн харьцуулсан судалгааг авч хаашаа явсан нь дээр вэ гээд тодорхой хэмжээнд  мэдээлэл цуглуулж байна. Удахгүй явж эмчлүүлэх байх. Эмчилгээний дараа түүнээс хэд дахин илүү зүйл бол асаргаа, сувилгаа байдаг. Хамгийн наад зах нь ой модны  ойр хүчилтөрөгчтэй газар сүү цагаан идээн дээр гарах, сэтгэл санаа тайван байх гээд ямар ч эм антибиотокоос илүү  нөлөө үзүүлдэг хүчин  зүйлүүд бий. Тиймээс тэр талдаа  анхаарч эмчилгээ сувилгаагаа бодох хэрэгтэй. Түүний дараачаас л улс төрийн ажилдаа орох болов уу гэсэн хүлээлт байна.

-Нэгэн цахим хуудаст  “МАХН-ын гишүүд, дэмжигчид доголон нулимстай инээв” гээд биччихсэн байна лээ. Мөн танай намын  гишүүд өршөөж уучлах бус цагаатгах ёстой байсан гэж байр сууриа илэрхийлээд  байгаа. Та юу гэж үзэж байна?

-Н.Энхбаяр даргыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих үүрээр баривчилсан. Яаж баривчилсныг Монголын ард түмэн мэднэ. МАН-ыг засгийн эрх барьж байх үед Монголд анх  шинэ үеийн  улс төрийн хэлмэгдүүлт  болж, ямар нэгэн гэрч, хохирогчгүй хэргээр ял шийтгэсэн. Үүнийг  телевизээр нээлттэй үзүүлсэн шүүх хурлын явцаас олон хүн олж мэдсэн. Өнөөдөр хэлмэгдсэн үү, цагаатгах уу гэж ярихад цаг хугацаа шаардлагатай, тэгээд ч эрүүл мэнд нь ихээхэн дор орсон учраас  ямар ч гэсэн чөлөөлөгдөж гарсныг нь  нэг нааштай алхам гэж хүлээж авч байгаа. Цаашид цагаатгуулахын төлөө явна. Цагаатгах байх гэж ч бодож байна.

-Ингэхэд түүний өвчлөлийн шалтгаан хүн эсээ хайрлаж, хамгаалах ёстой  гэдэг үүднээс эсийн тухай багагүй ойлголтыг нийгэмд өгөх шиг надад санагдсан. Гадаадын нэгэн эрдэмтний энгийн ойлголтоор бол явган цэргийн анги, усан цэргийн анги, мэдээлэл дамжууладг холбооны анги, өвчнийг илрүүлдэг тагнуулч эсүүд байдаг гэсэн сонирхолтой судалгааг уншсан  юм байна.  Тэр нь алдагдаад эхэлбэл  хүн, амьтан ялгаагүй амь насаа алдахад хүрэх нь ээ ?

-Эсийн тухай энгийн хүмүүст тайлбарлахад хэцүү л дээ. Бид эс ширхэг бүр гэж ярьдаг шүү дээ. Ямар нэгэн зүйл жижиг эс, ширхэгүүдээс бүрддэг. Булчингийн эд, мэдрэлийн эд байлаа гэхэд тэр нь эсээс бүрдэж байдаг. Хуурай өлсгөлөнгийн тухай бид сайн мэдэх биш, туршлага ч багатай. Тэгвэл ихээхэн урхагтай  тэмцлийн хэлбэр  байдаг юм байна. Хуурай өлсөхөд хүн хоолоо идэж дуусаад дотоод эсээрээ хооллож, тэр нь задарч барагдсанаар амьд байх боломжгүйд хүрдэг. Хуурай өлссөн хүн тэсдэггүй. Энэ бол улс төрийн хамгийн хүнд тэмцэл. Ийм аймшигтай тэмцлийн хэлбэрийг Н.Энхбаяр дарга өөрөө сонгосон. Түүний уршгаар  эрүүл мэндийн маш том хохирол амслаа. Өөрөөр хэлбэл давхар хохирол амссан маш харамсалтай үйл явдал боллоо. Эмч хүний хувьд би бүх хохирлоос хамгийн гол нь хүний эрүүл мэнд, амь нас гэж боддог учраас энэ үйл явдлын турш хамгийн гол нь эрүүл, амьд мэнд, эрсдэлгүй байгаасай гэж бодож байсан. Эсийн алдагдал олон шалтгаантай, зөвхөн хуурай өлсгөлөнгөөс үүдээд ямар ч процесс явж байгааг таашгүй. Эсийн задрал, түүний ферментүүдийг судалж шинжилдэг лаборатори манайд байдаггүй. Өлсгөлөн зогсч жил  тойрон болоход  зогсохгүй даамжирч буйгаас үзэхэд бас өөр хүчин зүйлүүд  байх шиг байна. Тиймээс нарийвчилсан шинжилгээнүүд хийлгэж, оношоо тодруулж, жинтэй эмчилгээ хийлгэх нь  амин чухал хэрэгцээ юм.  Иймд хурдан шинжлүүлж, оношлуулж эмчилгээ хийлгэж түргэн тэнхрээсэй гэж залбирч сууна шүү дээ.

-Ингэхэд та Ерөнхий­лөгчийн сонгуулиас хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй санагдана. Бараг би анхлан авч байна уу даа. Ямар сэтгэгдэлтэй үлдсэн тухай асууж болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгууль миний хувьд маш том сорилт байсан. МАХН-ын хувьд ч адилхан гэж би бодож байна. МАХН улс төрийн гурав дахь хүчин гэдгээ энэ сонгуулиар харуулж чадсан. Хэрэв намын дарга маань шоронд ороогүй байсан бол нэр дэвших байсан. Дэвшсэн бол ялах байсан.  Хэдийгээр  намын дарга  шоронд байгаа ч  даргагүй гээд энэ том улс төрийн сонгуульд оролцохгүй байх нь хариуцлагагүй явдал юм. Тиймээс  сонгуульд оролцсон. Хэрэв бид  сайтар бэлдэж эрх баригчид шиг биш юм гэхэд тэдний  сонгуульд зарцуулсан мөнгөний ядаж дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний төсөв зардалтай байсан бол ялалт ойрхон байсныг  нэр дэвшигчийн  хувьд би мэдэрсэн.

-Таныг Монголын эмэгтэйчүүдийн   рейтинг ямар төвшинд хүрснийг тод томруун харуулж өгсөн гэж хойд, урд хөрш маань төдийгүй гадаад ертөнцөд   үнэлсэн байна лээ?

-Би очсон газар бүртээ МАХН-ынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээсэн.  Энэ нам эмэгтэйчүүдэд ээлтэй, ардчилалтай нам гэдгийг түүхэнд  анх удаа харуулж чадсанаараа  ихээхэн  бахархаж байгаа. Нөгөө талаас би эмэгтэйчүүд, эхчүүдийг төлөөлж нэр дэвшиж буйн хувьд тэднийхээ нэр төрийг өндөрт өргөх үүрэг хариуцлагыг үүрч зүтгэсэн. Эмэгтэй хүн ийм шүү, ингээд хэрэггүй байдаг юм гэсэн нэр хоч дуулахгүй, харин ч эмэгтэй хүн ямар хүчтэй, ямар шударга, энэрэнгүй бөгөөд гэгээлэг байдаг юм бэ гэдгийг харуулах ёстойг би нэр дэвшихдээ бүрэн  ойлгосон. Тиймээс энэ бүхний төлөө сурталчилгаагаа зориулж, чиглүүлж байсан.

-Улс төрийн намууд сонгууль өнгөрөөд хурлаа хийж, алдаа оноогоо дүгнэж байгаа. МАХН ойрын үед хуралдах уу?

-Намын даргынхаа эзгүйд нам зохих төвшинд ажилласан боловч нэлээд задгай байлаа. Дарга маань суллагдаад  гараад ирсэн учраас  биеийг нь тэнхэрсний дараа их хурлаа зарлаж хуралдуулаад ажил нь ч эрчимжээд, нийгэмд эзэлж буй байр сууриа бэхжүүлэхийн төлөө ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байгаа, гишүүд, дэмжигчдийн зүгээс.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 23 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 14 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 27 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 32 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 37 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин