Д.Сүхжаргалмаа: Түүхийг үгүйсгэх нь аюултай

2013-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор их жанжин Д.Сүхбаатарын гурав дахь үеийн гуч  охин Д.Сүхжаргалмааг урилаа.

-Тантай уулзахаар зорьсон шалтгааныг  гадарлаж байгаа болов уу. Их жанжин Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь олон нийтийн дунд багагүй маргаан, мэтгэлцээнийг өрнүүллээ. Энэ талаар та ямар бодолтой сууна?

-Хэдийгээр дэг жур­маа зөрчсөн гэх су­раг байгаа ч гэсэн Нийс­лэлийн иргэдийн тэргүү­лэгчид  хуралдаад  гаргасан шийдвэр учир түүнийг нь  албан ёсных гэж нэрлэх үү дээ. Гэхдээ  засаг, төрийн өндөр хэмжээнд, хууль тогтоох дээд байгууллага АИХ-аас гаргасан шийдвэрийг орон нутгийн засаг захиргаа давсан шийдвэр гаргадаггүй гэсэн хууль бий. Үүний өмнө ч гэсэн хөшөөний талаар багагүй яриа өрнөсөн шүү дээ.

Тэр үед хэвлэл, мэдээллийнхэн миний бодлыг асуудаг байсан. Би тэдэнд юу гэж хэлдэг байсан бэ гэвэл, энэ  зөвхөн ганц хүнтэй холбоотой асуудал биш. Энэ бол бүхэл бүтэн  Монгол Улсын түүх. Монгол Улс түүхэндээ тусгаар тогтнолоо олж, бүрэн эрхт тусгаар тогтносон улсыг байгуулах  том асуудал юм. Түүнтэй холбоотой манай улсын түүхийн амин чухал хэсэгтэй холбоотой юм. Тэгэхээр  хэдийгээр нэг хувь хүнийг онцгойлж, түүний нэрээр төв талбайг нэрлэж, хөшөөг нь босгосон ч гэсэн энэ бол дор хаяж гурван үеийн монголчуудын амь нас, ажил амьдрал, зовлон жаргал, хүсэл мөрөөдлийг улам мандуулсан түүхэн дурсгалууд шүү дээ.

-Үүнийг өөрчилнө гэдэг тэр хүмүүсийг  үгүйсгэж буй хэрэг гэж та үзэж байна уу?

-Монголын түүхэнд олон сайхан хүмүүс тэмдэглэгдэн үлдсэн. Р.Чойном байна. Тэр хүн ямар замыг туулсан билээ. Соёл урлагийн зүтгэлтнүүд байна. Б.Явуухулан, Ц.Гайтав нар, Ц.Дамдинсүрэн  тэргүүтэй эрдэмтэн багш,  хөдөлмөр бүтээлийн  талбараас товойн тодорсон барилгачин, малчин, саальчин, аж үйлдвэрийн гавьяатууд, алдартнууд    гээд олон  баатар  бий. Тэгвэл болж буй үйл явдал өөрөө  тэр хүмүүсийн  бүхий л туулсан зам, бүтээсэн үйлс,  гавьяа зүтгэлийг   юу ч биш гэж байгаа хэрэг юм. Улс орон маань хөгжиж байна, одоогийн залуус олон хэлээр шулганаад гүйж байгаа нь хоосон газар бий болоогүй. Энэ чинь миний түрүүнд хэлсэн гурав, дөрвөн үеийн монголчуудын нөр их зүтгэлийн ачаар бий болсон суурь. Энэ суурин дээр нөгөө ардчиллаа хийж, зах зээлийг мандуулаад явж байна шүү дээ. Тэгэхээр аливаа ард түмэн бол өөрийнхөө түүхийг яагаад ч үгүйсгэж болохгүй. Түүхэнд сайн ч юм болдог, муу ч зүйл болдог. Түүгээрээ үйл явдал өрнөөд өнгөрдөг. Үр дүнд нь бид урагшаа явж л байдаг. Үндэсний бахархалтай хүмүүс  нэн тэргүүнд төр улсаа бодож, улс үндэстнээ гэсэн сэтгэлээр түүхээ хадгалж үлддэг. Төр улс гэдэг бол хоёр л зүйл юм шүү дээ. Нэг нь төр нөгөө нь  хууль байдаг. Хуулиа хэрэгжүүлэхгүй бол төр улс байхгүй. Түүхээ үгүйсгэвэл цаг үеийн нугачаагаар савлаж эхэлдэг. Төв талбай анх бий болохдоо жанжны нэрийн дор тэр үеийн монголчуудад зориулсан дурсгал бий болсон. Тиймээс түүгээрээ л үлдэх ёстой.

-Төрөөс түүх дурсгалдаа хэрхэн  хандах ёстой гэж та үзэж байна?

-Түүхэн мэдрэмж  гэдэг зүйл манай засаг төр, монголчуудад сул байдаг юм уу гэж сүүлийн үед би  гайхдаг боллоо. 1998-2000 онд би НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт ажиллаж байсан юм. Тэр үед манай дарга Барон гаралтай франц хүн байсан юм. Барон гаралтай хүн социализм, коммунизмыг нэг их сайшаахгүй шүү дээ. Гэхдээ тэр хүн  тухайн үед надад хэлдэг байлаа, “Жаамаа минь би Буянт-Ухаа руу явах болгондоо нэг зургийг харах дуртай” гэж. Тэр байшингийн бөөрөн дээр Ардын зураач Амгалан гуайн зурсан “Өглөө” гэдэг зураг байдаг байсан юм. Нэг их том хар дэвсгэр дээр цагаанаар ээж рүүгээ хоёр гараа өргөөд сарвайгаад гүйж яваа бяцхан жаал, ээж нь хувин барьчихсан өөдөөс нь ирж байгаа. “Тэр зургийг будгаар дарчихсан байх вий гэж айдаг. Явах болгондоо байгааг нь хараад баярладаг. Энэ чинь танай түүх шүү. Тэр зураг ямагт тэнд байх ёстой”  гэж ярьж байсан.  Бас нэг зургийг  онцолж хэлж байсан юм.

-Тэр нь юу билээ?

-Капитализм дээгүүр морьтойгоо үсрээд гарч байгаа морьтон БНМАУ-ын далбааг мандуулаад давхиж явааг дүрсэлсэн зураг. Төв номын сангийн бөөрөн дээр байдаг байсан юм. Түүнийг “Маш хүчтэй зураг, энэ зургаа яг байгаагаар нь хадгалах ёстой. Энэ бол танай бүх түүхийг илэрхийлсэн. Монголын ард түмэн юу үзэж туулсан, ямар замаар явсан, тэр нь зөвдсөн үү, буруудсан уу, зассан уу, үгүй юу, тэр үед урлаг ямар байв, ямар хүчтэй үзэл санааг илэрхийлж чадаж байсан гээд маш олон юмыг хэлнэ. Монголчууд та нар энэ зургаа устгаж үгүй хийж ер болохгүй” гэж  харийн хүн, франц хүн, Барон гаралтай сурвалжит хүн хэлж байхад манайхан түүнийг дараад л хаясан шүү дээ. Одоо байхгүй. Ийм ахархан бодол, ийм санаа сэтгэлийг бид маш хурдан засч авахгүй бол болохгүй. Энэ талаар гайхамшигтай  уламжлалтай хоёр хөршөөсөө бид  ихээхэн хоцорсон, маш сул харагддаг.

-Тухайлбал?

-Таван  мянган жилийн бичмэл түүхтэй улс орон хүн төрөлхтөний түүхэнд хуруу дарам цөөхөн. Түүний нэг нь манай урд хөрш. Тэд түүхээ яаж хамгаалдаг вэ, Мао Цедунь гэдэг удирдагч Хятадын түүхэнд байсан. Сайхан ч юм хийсэн, муухай зүйл ч бас байсан. Өнөөдөр хөргийг нь авч хаяагүй л байна. Яагаад гэвэл, хувь хүний хөрөгтөө гол биш юм, Тянь Амины талбай дээр байгаа тэр хөргийг авч хаяя гэвэл аваад л хаяна. Зураач мундсан биш өөр нэгэн гараад л ирнэ, дээрээс нь дарга нь  өчнөөн олон солигдож  байхад зураад тавьчихвал зураад л тавьчихна. Гэтэл тэгэхгүй байгаа биз дээ. Учир нь төр улс, төр улсынх нь түүх тэдэнд хамгийн чухал бөгөөд нандин байгаа юм. Тиймээс бид хөршүүдээсээ суралцах хэрэгтэй.

-Жанжнаар нэрлэсэн түүхэн дурсгалт газруудыг өөрчлөх, хөшөөг нь авч хаяна гэвэл улс орны тусгаар тогтнол гэдэг ойлголтыг бас үгүйсгэж байгаа хэрэг гэж та шуудхан хэлж байна уу?

-Аливаа төрд албан ёсны төрийн үзэл суртал гэж байдаг. Суртал нэвтрүүлэг ч гэж бий. тэр нь тухайн засаг, төр ямар зарчим баримталдаг, ямар бодлого явуулдаг вэ, түүнийг илэрхийлж байдаг. Тэгэхээр монгол баатруудаас зөвхөн Чингис хааныг  өргөмжилнө, өөр нэг ч баатрыг өргөмжлөхгүй гэсэн бодлого ч явагдаж л байсан. Түүний хүрээнд нэн ялангуяа Сүх жанжинг бас онцгойлсон байдаг. Дундад улсыг бутаргаж, тусгаар тогтнолын төлөө явсан урвагч гэж нэрлэж байсан түүх бий. Тэр суртал нэвтрүүлгийн хүрээнд амархан багтчихдаг үйлдэл хийх  бид хэн юм бэ, монголчууд. Яагаад гэвэл тусгаар тогтнолын үйл хэрэг  1911 оноос эхэлсэн ч бүтэлгүй 1911-1912 онд Автономит улс болсон. Харин   1921-1922-1923-1924 онд манай улс тусгаар тогтнолоо олж авсан шүү дээ. Тэр хувьсгалын үр дүнд  монголчууд бүрэн эрхтэй гэдгийг бодитой болгож чадсан. Тэр түүхтэй шууд холбоотой хүнийг үгүйсгэнэ гэдэг маш аюултай арга хэмжээ гэж би бодож байна.

-Танд өндөр өвөөгийнхөө үйл хэргийн талаар судалж мэдсэн зүйлүүд олон байх. Ингэхэд түүний  мөрөөдөл нь  юу байсан юм бол? 

-1923 онд Сүх жанжин нас барсан, 1924 онд Шинэ үндсэн хуулийг баталсан  хувьсгалт нам бий болсон. Сүх жанжин Ардын намын хүн шүү дээ. Гэхдээ Ардын намын таван сайд тухайн үедээ коммунизм, социализм гэж ярьж  байгаагүй хүмүүс. Засгийн газраас гаргасан тогтоол, тунхаглалыг олж үзэх юм бол тэд  Богд хаанаа эрдэнийн ширээнд нь хэвээр залан өргөмжилж ардын эрхийг тогтооно гэж явсан байдаг. Тэр таван хүний толгойд юу багтаж байсан бэ гэвэл, бид  Англи, Швейцарь, Япон шиг хаант засагаа хадгалаад дэргэд нь парламентат засгийг бий болгосон ийм улс болчихсон байх ёстой байсан шиг байгаа юм, тэдний мөрөөдлөөр. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдалд нийцээгүй. Хүчтэй нөллөөлөөр тэр хэдийг үгүй хийсэн байдаг. Бодоог 1922 онд буудсан, Пунцагдорж гэж дотоод яамны сайдыг мөн 1922 онд цаазаар авсан. 1923 онд жанжин 30-хан насандаа учир битүүлгээр байхгүй болсон. Түүний дараа  Богд гэгээн байхгүй болсон. 1924 онд Хувьсгалт нам хуралдаж  байхад Солийн Данзанг дуудаж гаргаад хороосон. Ийм таван сайд байсан. Дэд сайдын нэг нь Хичээнгүй сайд Цэрэндорж  байсан юм. Тэдний бичиж гаргасан Үндсэн хуулийн төсөл нь Швецарь улсын үндсэн хуулийг нэлээд дууриасан. Түүнийг нь орвонгоор нь өөрчилсөн. Ингээд 1924 онд шинэ үе эхэлсэн. Гэхдээ тэдний үйл хэрэг  эхлэхэд мөн л тусгаар тогтносон бүрэн эрхт БНМАУ-ын түүх эхэлсэн. Энэ түүхээ анхны таван сайдтай холбодог. Хувьсгалт намыг янз бүрээр хэлж, бичдэг. Гэхдээ өнөөдрийн өндөрлөгөөс аваад үзэхэд хүний хөгжлийн хүрээнд олсон эрүүл мэнд, боловсрол, манай улс хэрхэн аж үйлдвэржсэн энэ бүхнийг үгүйсгэдэг юм дэлхийн  хаана ч байдаггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Өрнөдийнхөн манайд ирэхдээ Африкийн нэг орон гэсэн бодол төсөөлөлтэй ирдэг. Ирээд яасан сайхан юм бэ, социализм, коммунизмын дор эд чинь их зүйлд хүрчээ  гэдэг. Тэгэхээр манайхан биднийг магтаж байна гээд гайхаад байдаг. Гэтэл тэд чинь маш доогуур хүлээлттэй ирдэг байхгүй юу. Тэгэхээр бид түүхээ үгүйсгэж болохгүй. Энэ түүх хэнтэй холбоотой байна, Тэр хүмүүсийг ч үгүйсгэж болохгүй.

-Хэнтий аймаг Чингис хаан хот болно. Харин Сүхбаатар аймгийн тухайд Хэнтий, Дорнодоос хэд хэдэн сум тасалж  авч сүүлд байгуулсан, тэгээд  жанжны нэрээр нэрлэчихсэн гэж ярьж, бичиж байна. Тэгэхээр  Сүхбаатар аймгийн Сүх­баатар сум  жанжны төр­сөн газар биш  гэсэн үг үү?

-Түүнийг түүхчид авч үзэг л дээ. Тэд юу гэх нь вэ. Баабар гэдэг хүнийг би хүндэлдэг, манай сайн нийтлэлч. Үе үе хурц оновчтой юм бичдэг. Гэхдээ Баабар, Цэнддоо хоёр мэргэжлийн түүх судлалын хүмүүс биш. Тэд түүх тайлбарлагчид  гэж ойлгогдож байна. Янз бүрээр тайлбарлах гэж оролдож  байна. Гоймон баатар гэдэг нэрийг Гамин баатар ч гэж нэрлэж байх шиг. Гэтэл Дундад улсын албан ёсны үзэл нь Сүхбаатар бол Дундад улсыг бутаргасан хүний нэг, урвагч гэж хүлээн зөвшөөрсөн байхад тэр хүнийг энд монгол хүн нь  Гамин баатар гэж  хэлж байх нь хэр авцалдаатай байдгийг би ойлгохгүй байгаа. Тэгэхээр энд хувьсгалын тухай ярих хэрэгтэй болж байгаа юм. Олон улсад, гүн ухаанд  хувьсгал гэдгийг нийгмийн эмгэнэл гэж үздэг. Нийгэм жам ёсоороо урагшилж нэг үе нь тодорхой төвшинд аваачсан бол дараагийнх нь түүнийг илүү дээш аваад явдаг, ингэж хөгжих ёстой. Харин хувьсгал бий болохоороо юмыг нураадаг, нэг зүйлийг бүтээмээр, өөрчилмөөр санагддаг. Гэтэл хувьсгал хийж чадсанаараа өөрчилж, бүтээж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь ерөөсөө асуудалтай байдаг, баталгаа ч байдаггүй. Тэгээд гол төлөв тэд нь нураах тал руугаа ордог. Тэгвэл өнөөгийн байдалд бид бүтээсэн юм маш бага байна.

-Их бүтээн байгуулалт хийж байна  гээд олон жилийг үдсэн. Одоо ч гэсэн  хийж  байгаа л гээд байна   шүү дээ?

-Үүнийг чинь тодорхой зүйлээр дүгнэдэг юм шүү дээ. Хүн амын амьжиргааг авч үзэхэд манай хүн амын 40 гаруй хувь нь ядуу зүдүү байна. Тэгш бус байдал гаарсан. Жил болгон хүний хөгжлийн индексийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс тодорхойлдог. Түүнийг бүх Засгийн газар хү­лээн зөвшөөрдөг. Скан­динавын орнууд тэр үзүүлэлтээр өөрсдийн хөгжлөө дүгнэдэг. Тэр үзүүлэлтээр манайх 0.63 хувьтай гардаг. Гэхдээ бодит индексийг гаргахын тулд түүнийг тэгш бус байдлын индекстэй заавал харьцуулдаг. Ингэхэд манай үзүүлэлт 10 хувиар буурдаг. Тэгээд бид чүүтай чаатай л  дундаж үзүүлэлтэд тогтож үлддэг. Манайд тэгш бус байдал газар авч гаарсан. Энэ талаар Дани, Швецарийн хүн амын хөгжлийн судлаачдын гаргасан илтгэл ч бий. Ардчилсан засагтай болж, ардчилал, зах зээлд шилжсэн арван жил Монгол Улс аж үйлдвэржсэн байдлаа алдаж байна, ард түмэн нь аж үйлдвэрийн мэдлэг, гарын дүйгээ алдсан байна. Түүнийг олох хэцүү, алдах  амархан. Одоо бол манайх тийм л явж байгаа. Аж үйлдвэрүүдээс өнөөдөр  ноолуураас өөр юм үлдсэн юм уу. Арьс шир, шевроны үйлдвэр  бараг тэр чигээрээ байхгүй болсон. Барилгын материалын үйлдвэрүүд, нэхмэлийн үйлдвэрүүд байсан бол өнөөдөр огт өөр өндөрлөгт хүрчихсэн байх байлаа. Монгол хүн хөдөлмөрийн зах зээлд гологдох хэмжээнд очсон. Үүнийг хүн болгон дуу нэгтэй хэлж байгаа. Энэ хэнд ашигтай гэж.  Ганц хоёр зам засч,  байшингийн цоорхой дээвэрт шавар нааж  аж ахуйн ажил хийчихээд ардчилал мандаж байна гээд байх юм. Энэ талд засаг төр маань ардчилал засаглал, аж ахуй хөгжил хоёроо ерөнхийд нь салгаж ялгаж ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр засаг, төр барьж буй хүмүүс сөрөг хүчин байхаа больсон, төрийн эрх мэдлийг гартаа авсан. Төрийн түшээд шиг бодож сэтгэж аливааг дүгнэж цэгнэж, тэгээд шийдвэрээ гаргаж  эцэст нь ажлаа хийх хэрэгтэй  байна. сөрөг хүчин байхаа больсон гэдгээ сайн ухаарч чадахгүй, хэлж ярьж байгааг нь харахад нэг юм хэлчихээд дараа нь аль нэг улс орны Элчин сайдын яаман дээр очиж уучлал гуйгаад л, ингээд байж боломгүй санагдах юм.

-Одоо асуултаа жаахан өөрчилье. Таныг жанжны эхнэр өсгөсөн гэдэг. Тухайн үед та хүүхэд байсан байх, гэхдээ тэр хүний тухай  хэр олон зүйлийг санадаг вэ?

- Намайг  есөн нас хүртэл жанжны эхнэр, миний эмээ өсгөж хүмүүжүүлсэн. Намайг төрөхөд л ээж, ааваас бараг булаагаад авчихсан  юм билээ. Би эмээгээсээ салдаггүй хүүхэд байсан.

Жаахан байсан болохоор нэг их зүйл санаанд үлдээгүй. Жижиг, сажиг зүйлийг  санахаараа ээжээс асууж тодруулдаг байсан. Надаас өндөр хүн байсан шиг байгаа юм. Ганцхан палааж үлдсэнийг нь углаад үзэхэд нэлээн том байсан. Нуруулаг өндөр хүн байжээ гэж боддог. Тэгэхээр жанжин өөрөө мөн тийм л биерхүү том хүн байсан нь мэдэгдэж байгаа юм. Ээжийн хэлдгээр бол жигтэйхэн ёсорхуу хүмүүс байсан гэдэг. Хүмүүсийг нэрлэж, хандаж байгаа энэ тэр нь дээр үеийн ёс уламжлалаар, тухайн үеийнхээр бол хүнийг шууд нэрээр нь дууддаггүй байж л дээ. Жанжин өөрөө бэйс хүн шүү дээ, Богд хаанаас цол шагнагдсан. Тэгэхээр  энд нэг зүйлийг хэлэхэд, Монголын шашин, төрийн тэргүүн Богд хаанаас бэйсээр өргөмжилсөн хүнийг өнөөгийн монголчууд үгүйсгэх бас юун. Үүнд би их гайхаж байгаа. 1920-1921 оны  дайн тулаанаар юу олсноо Богд гэгээндээ л өргөдөг байсан юм би­лээ.  Тэгэхээр тэр хүн түүхэн уламжлалаа хэвээр хадгалж үлдэнэ гэсэн бодолтой, 30 настай залуу байсан байж таарч байгаа юм.

-Шагналын цолыг өвлүүлдэггүй байжээ?

-Угаасаа ийм ёстой байсан юм билээ. Дэлхий даяар тийм уламжлалтай. Гэхдээ жанжныг нас барахад Богд гэгээн зарлиг гаргасан  тухай ээж маань ярьдаг. Тэр зарлигт ганц хүү Галсанд нь бэйс цолыг өвлүүлнэ гэсэн байдаг. Гэхдээ тухайн үед ажилчин анги, коммунизм, социализмын үе болсон учраас тэр зарлигийг юу гэж хэрэг болгох вэ. Түүх, архив ухаад үзвэл энэ талаар тэмдэглэсэн зүйлүүд байгаа байх. Гэхдээ коминтерн гэж айхтар байгууллага манайд их нөлөөтэй, Элбэгдорж Ренчино гэж  хүн байсныг монголчууд зах зухаас нь мэднэ шүү дээ. Тэр үеийн бичиг баримтууд утсан ч байж мэднэ. Тухайн үеийн суртал нэвтрүүлгээр жанжныг Богд гэгээн цааш нь харуулсан гэсэн ухуулга явуулсан, кино хүртэл хийсэн байдаг шүү дээ. Түүх өөрөө  их сонин юм даа.

-Жанжны байгуулсан гавьяа танай гэр бүлийн, та бүхний бахархал гэдэг   нь ойлгомжтой.  Тэгэхээр та  бүр жаахнаасаа тэр бахархлаар хүмүүжсэн байх?

-Тэр мэдээж,  манай ээж, аав таван хүүхэд төрүүлж өсгөсөн. Сүхжаргалмаа, Сүхгэрэл гээд бүгдэд нь өндөр өвөөгийн алдрыг тусгасан  нэр өгсөн. Ер нь бол Монголын ард түмэн бахархах ёстой. Түүхээрээ бахархах ёстой. Манай ард түмэн сайхан ард түмэн шүү дээ.  2006 онд хүний Q- буюу  сэтгэх чадварын итгэлцүүрийг тогтоосон сонин номыг Английн нийгэм судлаач нар гаргасан. Түүнд 133 орныг хамруулсан байдаг. Тэр итгэлцүүрийг 90-100 оноогоор тасалж, ийм байвал хэвийн гэж үздэг. Тэгвэл  бид 100-гаас дээгүүр  5-6-хан орны тоонд  багтсан. Мон­голын ард түмэн тийм гайхамшигтай. Тэр ард түмний нэг хүү нь жанжин байсан. Тэгээд түүний нэрээр улс орноо хөгжүүлэх мөрөөдлөө төсөөлсөн, дүрсэлсэн тэр үе үеийн монголчууд сайхан хүмүүс. Тэдний ажлыг, тэдний амьдралыг, хийсэн бүтээснийг, тэдний үзсэн зовлонг, тэдний мэдэрч амьдарсан жаргалыг үгүйс­гэж болохгүй. Тухайлбал, Э.Бат-Үүл баатар аавынхаа хийж, бүтээсэн алдар гавьяаг юу ч биш, хоосон зүйл, Монголын түүхэнд тийм хүн ч байгаагүй  гээд  ажил үйлс бүх юмтай нь хамт  үгүйсгээд хаячихаж байгаатай л  адил үйл явдал өрнөөд байна шүү дээ.  Үндэсний бахархал байх хэрэгтэй. Чингис хааныхаа нэрийг аль нэгэн зүйлд өгч болно. Өгөх ч ёстой. Гэхдээ шинэ томхон  бүтээн байгуулалт хийгээд  түүнийгээ нэрлэж болно шүү дээ. Одоо бол баахан юманд нэрийг нь өгчихсөн байгаа. Заримыг нь хараад ичмээр болдог. Миний хамгийн их ичдэг зүйл онгоцны буудал. Би аймаг, сумаа доош нь хиймээргүй байна, гэхдээ нэг аймаг, сумын хэмжээний зүйлд их хааныхаа алдрыгөгчихсөн. Ийм авцалдаагүй, утгагүй явдал, ийм байдлыг их бодох хэрэгтэй байна. Манайхан сайн дурын уран сайханч дайны юмыг   их хааны нэр өгч том цоллож өргөмжлөөд байх юм. Тэгж жижигрүүлж хэрэггүй баймаар.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

6 цаг 36 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

7 цаг 27 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

8 цаг 39 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

8 цаг 45 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

8 цаг 50 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

15 цаг 37 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

15 цаг 37 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин