
Л.ЭНХТУЯА
МАН-ын Бага хурлын гишүүн Р.Содхүүтэй ярилцлаа.
-Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдалд та ямар байр сууринаас хандаж байгаа бэ?
-Улс төрийн байдал гэхээс илүүтэй өнөөдрийн төр, засгийн бодлого нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаад ихээхэн анхаарал хандуулах ёстой болчихоод байна. Саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төрийн бүх эрх мэдэл нэг намд төвлөрлөө. Үүнд сайн тал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ саар талыг нь бид илүү анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл манай нам, ард иргэд хамтдаа энэ асуудалд анхаарал тавьж, хяналтаа сайжруулах цаг болсон.
Төрийн эрхэнд дангаараа гарсан нам нэг алдаа гаргадаг нь өөрийн намын улс төрийн үзэл бодлыг тулгадаг. Энэ нь нэг ёсондоо үзэл бодлын хүчирхийлэл юм. Өнөөгийн эрх баригчдад энэ тал цухалзаж байгаа нь харагдаад байна. Хуульд хааш, яаш хандаж, үл хүндэтгэх болжээ. Дур зоргоороо аашилж, дарангуйлах үзэгдэл газар авсан. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд л Монгол Улсын шинэ зуун, шинэ хөгжилд, тусгаар тогтносон улс болоход өөрийн үүргээ гүйцэтгэсэн жанжин Д.Сүхбаатарын түүхийг үгүйсгэж, түүнийг алдаршуулсан талбайн нэрийг хотын удирдлагуудын төвшинд өөрчлөх шийдвэр гаргалаа. Нэг талаас хотын хэмжээнд хийж байгаа ажил мэт харагдаж байгаа ч цаад талдаа төр барьж байгаа намынхны дур зоргоороо авирлаж байгаагийн илэрхийлэл, хэлбэр юм. Ард түмнээсээ асуухгүй хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэр бүхэн дарангуйлал болно. Монголчууд дарангуйллын сүүдэрт дайрагдаж, зовлон зүдгүүрийг нь бишгүй амссан. Хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх үзэл гээд олон гашуун сургамж бий. Энэ бүхнийг 20 гаруй жилийн өмнө ярьж, тэмцэж байсан залуус эргээд энэ байдлыг давтах вий гэсэн болгоомжлол төрж байна.
-Та эрх баригчдын үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн дүн тавих гээд байна уу?
-Сайхан ярьж чадаж байна. Яг үнэндээ хийж бүтээж байгаа зүйл харагдахгүй байна. Улс орны амьдрал ямар байгааг ард түмний амьдралаар дүгнэдэг. Түүнээс хэд нь баян хэр их хөрөнгөтэй гэдгээр үнэлдэггүй. Гэтэл өнөөдөр баян хоосны ялгаа асар хүчтэй гарч ирж байгааг хэн хүнгүй харж байгаа. Нэг талх худалдаж авч чадахгүй, таллаж авч байгааг юу гэж үзэх вэ. Хавартаа өсөөд, наадмын дараа буудаг махны үнэ өнөөдөр ер доошилсонгүй. Санхүүгийн хямралт байдал дахин нүүрлэх бололтой. Энэ байдал хамгийн түрүүнд ядуучуудад харвасан сум шиг очно. Ард түмний сэтгэл санаа гундуу, бухимдуу байна. Маргаашдаа, хийж байгаа ажлынхаа үр дүнд итгэх, шинээр ажил эхлүүлэх ямар ч итгэл үнэмшилгүй болжээ. Гадаад валютын ханш өдөр бүр өссөөр байна. Үүнийг дагаад манай улсын мөнгөн тэмдэгт үнэгүйдсээр байна. Эзэн хааныхаа нэрийг худалдаж байж цуглуулсан Чингис бондны мөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтуудыг хийгээгүй байсаар л байна.
-Танай нам хүчтэй эрх баригчид байж сурсан. Харамсалтай нь сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж чадахгүй, сурахгүй байгаа юм биш үү. Иймээс таны яриад байгаа дарангуйлал, давралт хүчээ авч байгаа гэвэл та санал нийлэх үү?
-Ийм нэг үзэгдэл ганц манай намд бус дэлхийн улс орнуудын олон жил эрх барьсан намуудад ажиглагддаг. Олон жил төрийн эрх барьж байсан нам ялагдал хүлээгээд ирэхээрээ сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандах, шүүмжлэлтэй, эсэргүүцэл, тэмцэл өрнүүлж чаддаггүй юм байна. Англи, Япон зэрэг орнуудын жишээг харж болно. Тиймээс манай нам яаралтай ард түмэнтэйгээ нийлж, эрх баригчдад дуу хоолойгоо хүргэж, ажил, шийдвэрт нь хяналт тавих арга барилаа олмоор байгаа юм. Иймээс манай Бага хурал асуудалд намын үйл ажиллагааг уян хатан, эрч хүчтэй болгох талд анхаарал тавих хэрэгтэй. МАН бол ууган улс төрийн хүчин. Энэ намд болж байгаа үйл явдал бүхэн Монголын ард түмний амьдралтай салшгүй холбоотой. Монголын ард түмэн хамгийн хэцүү үедээ хамгийн хүнд ачааг МАН-д үүрүүлдэг. Сайн муу хэлүүлж, олон ч жил үүрлээ.
-Бага хурлаар ажлын арга барилаа өөрчлөх тухай яриад өнгөрөхгүй байлгүй дээ?
-Намын удирдах зөвлөл Бага хурлыг хуралдуулах товыг зарласан. Энэ хурлаар намын их хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр гаргана. Зохион байгуулах ажлын хэсэг байгуулах нь ойлгомжтой. Шат шатны шийдвэр гаргах түвшний хурлаар намын дарга, удирдах зөвлөл, аппаратын тухай ярих ганц асуудал биш. Намын бүх шатанд, ард түмэнтэйгээ нийлж, ярилцаж, хэлэлцэж байж шийдвэр гаргах, өөрчлөлт хийх тухай юм шүү.
-Шинэчлэл ярьж байгаа залуусын хувьд удирдлагуудыг огцруулах тухайд илүү анхаарал хандуулж байгаа гэж ойлгож байна?
-Шинэчлэл гэдэг их том асуудал юм. Ярьж байгаа хүмүүс нь тэр хэр хэмжээнд нь асуудлаа ойлгож, харж байгаа байх гэж найдаж байна. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргаашийн тухай сэтгэж байгаа хүмүүсийн тухайд амьдрал мэдэхгүй байгаагийн илрэл гэж дүгнэмээр байна. Харин засч, сайжруулах, шинэ боломж, гарц, арга барил ярих гэж байгаа бол өөр хэрэг. Өөрчлөн зохион байгуулалт, бүтцийн шинэчлэл гэвэл илүү үнэнд ойртох болов уу. Удирдлагууд огцор гээд байгаа юм. Гэтэл манай намын удирдах дээд байгууллага нь намын Их хурал. Тэр төвшинд асуудлаа ярих ёстой болохоос Бага хурал дээр огцрох тухай ярих нь хэр зохимжтой юм бэ.
-Шинэчлэл ярьж байгаа залуусын цаана олон эзэн байгаа гэх юм?
-Ер нь шинэчлэл яриад байгаа залуусын наана ч, цаана ч хүмүүс байдаг нь нуух зүйл биш. Намын хурал дээрээ энэ хүмүүс бүгд ил гарах ёстой. Манай намд нэг ийм асуудал байна. Нэг учир мэдэхгүй хүмүүс асуудал яриад эхэлдэг. Гэтэл цаана нь хатгаж суугаа хүмүүс, хамгийн холын үзүүрт нь намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болох хүсэлтэй нэг нөхөр сууж байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Миний хэлэх дуртай нэг үг бий. Хийж чадах ажлыг бол гуйж байгаад ав. Хийж чадахгүй ажил, албан тушаалаас үнэнээ хэлээд татгалзах зоригтой бай гэдэг.
-Та огцрох ёсгүй гэх гээд байна уу?
Би намын дарга, удирдах зөвлөлийг өмөөрөөд байгаа юм биш. Тэд сайн гэж магтаад байгаа ч юм биш. Хамгийн гол нь намын аливаа шийдвэр үйл ажиллагаа дүрмийнхээ хүрээнд явах ёстой гэдгийг хэлэх гээд байна. Би ганцхан зүйлийг энд тодруулж хэлмээр байна. 2012 оны сонгуулийн дараа намын Их хурлыг хийх байсан. Тэнд 2016 он хүртэл ажиллах улс төрийн хүчнийхээ байр суурийг тодорхой болгох байсан. Өнөөдөр Ө.Энхтүвшинд хариуцлага тооцох тухай ярих гэхээр түүний удирдаж байгаа Бага хурал, Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга нь хуучин Их хурлаас байгуулсан, С.Баяр, С.Батболд, У.Хүрэлсүх нарын үзэл санаагаар ажиллаж байсан, бодлогын хүмүүс байгаа. Ийм байхад яаж тэр хүн өөрийнхөөрөө асуудлыг шийдэж, удирдах юм бэ
-Танай намын их хурал намын даргыг солих эрх мэдэлтэй. Гэтэл намын Бага хурал дээр л энэ асуудлыг зохицуулчихдаг болсон шүү дээ?
-Яг үнэндээ ийм л болчихоод байна. Манай намын өнөөдрийн гол гажуудал бол намын дүрмэндээ захирагдахгүй байгаа явдал.
-Танай намд намын дүрэм зөрчих битгий хэл Монгол Улсын хуулийг засчихдаг хүн байдаг. Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлж чадах болов уу?
-Би тэр тухай юу хэлэх вэ. МАН, МАХН бол зүүний үзэл баримтлалтай, яахын аргагүй ах дүү нам юм. Энэ хоёр намын өөр нэг адил төстэй зүйл бол намын гишүүдийн дүрмэндээ захирагдах, дагаж биелүүлэх талд бусад намуудаа дагуулахгүй байх шүү.
-Ямар нэгэн шалтаг, шалтгаан гарахаар л огцор гээд байхаар намын хатуу гишүүнчлэл хэрэггүй юм биш үү гэж харах хүмүүс байх шиг?
-Намчирхах асуудлыг хэм хэмжээнд нь тогтоон бариад явсан бол өнөөдөр ийм асуудал ярихгүй байсан. Яг үнэндээ улс төрийн намуудын толгойд сууж байгаа цөөн хэдэн капитлистуудын хоорондын өрсөлдөөнөөс болж байгаагаас намаас болж ард түмэн хагарч байгаа асуудал байхгүй.
-Танай нам баячуудын нам уу?
-Манай намд тийм олон баян байхгүй дээ. Хэтэрхий олон баячуудын нам байна. Тэр намын үйлдлийг бид л хараад эхэллээ. Тун удахгүй үнэгүй жүжиг шиг элдэв үзүүлбэрүүд олон гарах бололтой.
-Та дараагийн намын даргыг хэн гэж таамаглаж байна?
-Манай намд улс төр, төрийн ажилд мэргэшсэн, олонтой харилцаж сурсан, амьдралын сайн мууг мэдэх дунд эргэм насны ачаа даах боловсон хүчин хангалттай бий. Намтайгаа хувь тавилан, зовлон жаргалаа холбосон ийм хүн намын дарга болох ёстой гэсэн бодолтой байдаг.