Ш.Батхүү: “Монгол газар”-тай хийсэн наймаа миний хамгийн том алдаа байлаа

2013-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

-“Хадгаламж” бол гурван жилийн дотор 500-600 сая ам.долларын үнэтэй болох банк-

М.ГАН

Иргэн Ш.Батхүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Хадгаламж” банкаа төрд тушааж, “Жаст” группээ ч өрөндөө өгч, зарим охин компаниа татан буулгаж уржигдраас жирийн иргэн болж толгойгоо амрааж буй тухайгаа хэллээ. Сэтгүүлчдийн асуултад Ш.Батхүү дэлгэрэнгүй хариулт өгснийг тоймлов.

-Яагаад “Хадгаламж”-ийг төрд өгөв. Тус банкийг  анх авахад ямар байсан, одоо ямар байдалтай болсон талаар мэдээлэл өгнө үү?

-Би гурван зүйлийг онцолмоор байна. “Хадгаламж” банк бол хамгийн сүүлд хувьчлагдсан төрийн банк. Байдал хүндэрсэн шалтгаан нь тус банкинд ажиллаж байсан хүмүүс банкнаасаа 14 тэрбум гаруй төгрөг хулгайлсан хэрэг гарсан. Үүнээс болоод хувьчлал, маргаан дэгдсэн, үйл ажиллагаа нь доголдож хоёр жил болсон. 2008 оны сүүлчээр “Хадгаламж” банкийг аваачээ гэсэн санал манайд ирсэн. Тухайн үед 80 тэрбум төгрөгийн активтэй байсан. Бид 2009 оны гуравдугаар сарын 31-нд энэ банкийг авсан. Дөрөвдүгээр сард Монголбанкнаас шалгалт орсон. Тус банк өөрийн хөрөнгөгүй, 200 гаруй ажилчинтай, 40 гаруй салбартай байсан. Бид энэ банкийг аваад 200 тэрбумын активтэй, 33  тэрбум төгрөгийг манай компани дүрмийн санд нь хийсэн. Дараа нь 2010 онд бид “Монгол шуудан” банкийг авсан. Тухайн үед доголдолд орсон байсан. “Хадгаламж” банкинд 170 тэрбум төгрөгийн актив ирсэн. 90 тэрбум нь чанаргүй буюу найдваргүй байсан. “Хадгаламж” , “Монгол шуудан” банкийг нэгтгээд 360 тэрбум төгрөгийн активтэй болсон боловч 170 тэрбум нь найдваргүй актив байсан. Үүнээс болж “Хадгаламж” банкны ажил доголдож эхэлсэн. Тухайн үед энэ хоёр банкийг манай компани авч дүрмийн санг нь нэмж яваагүй бол 300 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө эрсдэлд орж улсын нуруун дээр ирэх байсан. Үүнийг “Жаст” групп үүрч, улсаас нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй гэдгийг онцолж хэлье. “Монгол шуудан” банк өөрийн гэсэн ямар ч хөрөнгөгүй байсан. Тиймээс нэмж 27 тэрбумын хөрөнгө оруулалт хийж дүрмийн санг 60 тэрбум болгосон. Хоёр банк ямар байдалтай байсан түүх энэ. 170 тэрбумын алдагдал үүрч, маш их чанаргүй активтэй байсан болохоор байнга алдагдалтай явж ирсэн. Хоёр банкийг нэгтгэж эрүүлжүүлэх ажлыг “Хадгаламж” банк хийж ирсэн. Түүнээс биш “Жаст” групп өөрсдөө зээл аваад дампууруулсан юм биш.

-Яагаад Монголбанк ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Асуудал анхнаасаа нээлттэй, ойлгомжтой байсан. Улсын нуруун дээр ачаа үүрүүлэхгүй, энэ банкийг эрүүлжүүлэх арга хэмжээ авсан. Анх “Хадгаламж” банкийг авснаас хойш актив нь  өнөөдөр 12 дахин өссөн. Өөрийн хөрөнгөө байнга нэмэх шаардлагатай учир ашиггүй ажилласан. Бизнес эрхэлж байгаа эзний хувьд дүрмийн санг нь нэмж, маш их эрсдэл үүрч хөрөнгө оруулж байсан. “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгаа нь дампуурал биш. Ер нь төлбөр хийж чадахгүй болохоороо дампуурдаг. Энэ бол биш. “Хадгаламж “банк Төрийн банкинд 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлсэн. Тиймээс харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хувьд ямар ч аюулгүй. Бүх төлбөрөө хийх бүрэн боломжтой байсан. Банк өргөжөөд ирэхээр дахиж хөрөнгө нэмэх шаардлага гарсан. Манай зүгээс дахиж хөрөнгө хийх боломжгүй болсон. Гадны хөрөнгө оруулагч хүлээж аваагүй. Тийм болохоор Монголбанктай ярилцаад харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг найдвартай байлгах үүднээс Төрийн банкинд нэгтгэх санал надад тавьсан. Би хүндэтгэлтэй хүлээн авсан. Энэ бол албадлагын арга хэмжээ. Монголбанк авдаг л хуулийн дагуух арга хэмжээ. Түүнээс биш байгууллагуудын төлбөрийг хийж чадахаа больсон учраас дампуурсан, татан буугдсан юм биш. Би банкнаасаа 160 тэрбум төгрөг авчихаад дампууруулсан юм биш. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл.

Харин Засгийн газрын махны, шатахууны хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Зээлийн төлөх хугацаа болоогүй. Найдваргүй юм биш. “Хадгаламж” банк Монголын хамгийн шилдэг менежменттэй, 3300 ажилчинтай, бүгд онлайнаар холбогдсон, төлбөрийн бүрэн чадвартай банкийг Төрийн банкинд нэгтгэсэн шүү. Төрийн банкнаас 3-4 дахин том банк. 600 тэрбумын эрүүл зээл очиж байгаа. Ийм болтол нь чөмгөө дундартал ажилласан манай банкны хамт олон, удирдлагын багт талархлаа илрэхийлье. Үүнийг хүлээн авсан Төрийн банк улам сайн хөгжүүлээсэй гэж хүсч байна.

-Танай “Жаст” групп болон охин компаниудын санхүүгийн байдал ямар байгаа вэ?

-Өчигдрөөс /уржигдраас/ эхлээд би жирийн иргэн боллоо. Банкаа Төрийн банкинд тушаачихлаа. “Жаст ойл” компаниа “Магнай трейд” компанид банкны зээл төлүүлэх нөхцөлөөр өгчихлөө. “Жаст агро” компаниа татан буулгаад 11 үйлдвэрийг нь “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулах үүрэгтэйгээр өгчихлөө. “Олон овоот”-ыг хамтрагч байсан Г.Алтан захиралд өгсөн. 1991 оноос хойш би бизнес эрхэлсэн. Өдөрт 11-14 цаг ажилладаг байлаа. Өнөөдрөөс ачаалал багассаныг мэдэрлээ.

-“Стандарт” банкнаас авсан зээл, “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулсан баталгаа ямар учиртай юм бэ?

-Манай компани “Стандарт” банкнаас зээл авахдаа эхэн үедээ “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Авсан зээлээ төлчихсөн, ямар ч асуудал байхгүй, “Эрдэнэт” хохироогүй.

-Баталгаа гаргуулахдаа хуурамч гарын үсэг цуглуулсан гэсэн үнэн үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн баталгаатай зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлөөд барагдуулчихсан.

-Хэдэн төгрөгийн зээл авсан бэ?

-Эхлээд 20 сая ам.долларын зээл авсан. Үүнд баталгаа гаргуулсан. “Эрдэнэт” үйлдвэртэй олон жил хамтарч ажилласан. Шатахуун нийлүүлэхээс эхлээд тэнд олон үйлчилгээ үзүүлдэг. Манай хоёр 1997 оноос хойш хамтарч ажилласан. Бие биеэ сайн мэддэг учраас баталгаа гаргаж өгсөн.

-Баталгаа гаргахад хэн хэн оролцсон бэ. Д.Сугар оролцсон уу?

-“Эрдэнэт” үйлдвэр оролцсон. 2008 онд болсон үйл явдал. Д.Сугар дарга цохолт хийж өгсөн, “Эрдэнэт”-ийн Оросын талын тэр үеийн дарга нар байсан.

-Сүүлд нь баталгаа гаргаж өгөөгүй юм уу?

-Бидэнд буруу байсан нь үнэн. Өмнө нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй. “Хадгаламж” банк унах гээд байсан болохоор дүрмийн санг нь нэмсэн. Хоёрдугаарт “Олон Овоот” гэж АМГ-аас өгсөн А лиценз. 13.5 тоннын алтны нөөцтэй гэж өгсөн байсан.  Ц.Мянганбаяр захиралтай наймаа хийж авсан. Ингээд цаашид маш том асуудлууд гарах байх гэж бодож байна. “Олон Овоот”-ын асуудал хууль хяналтын байгууллагад очих байх.

-Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас үлдсэн зээлээ яаж төлөх гэж байгаа юм бэ?

-Төр хохирчихлоо гээд олон мэдээлэл байна. Үнэндээ үлдсэн зээл яг над дээр байгаа. Хавар хөрөнгө оруулагч орж ирэхэд манай банкны зах зээлийн үнэлгээ 200 сая ам.доллар байсан. Гурван жилийн дотор 500-600 сая ам.долларын үнэтэй болох банк. Ямар ч эргэлзээгүй зах зээлийн үнэлгээ энэ. Одоо “Стандарт” банкны 120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Амьд хүнд арга нь олдох байлгүй дээ.

-Төрөөс шахалт дарамт ирсэн үү. Та МАН-ын гишүүн биз дээ?

-Би хэзээ ч аль ч намд байгаагүй. Бизнесмен хүн улс төрөөс хол байх ёстой. Төрөөс ямар ч дарамт ирээгүй.

-“Хадгаламж” банкны оронд төр танд юу өгсөн бэ?

-Төр хамгийн муу байдлаас хамгаалж өгсөн. Аюулаас аварсан.

-Яагаад муу активтэй хоёр банкийг худалдаж авсан юм бэ?

-Банкны бизнесийг  нэлээд сонирхсон учраас авсан. Гэвч “Хадгаламж”-ийг ч, “Монгол шуудан” банкийг авсны дараа ч тийм хүнд байна гэж бодоогүй.

-Харамсч байна уу?

-Үнэхээр харамсалтай. Гэвч 900 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах хэрэгтэй байсан. Ингээд Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзаад албадлагын арга хэмжээ авсан. Өөр хөрөнгө оруулагч байж болох байсан. Гэхдээ банкны хуулийн дагуу ингэхээс өөр арга байгаагүй.

-Ерөнхий сайд асан С.Баяртай ямар холбоотой вэ.Тэр таны бизнесийг дэмждэг байсан уу?

-Манай байрны ах. Бид 40 мянгатад амьдардаг байсан. Намайг бизнес хийхэд чиглүүлж, дэмжиж байсан хүн бол С.Төмөр-Очир дарга. Тэрээр С.Баярыг Орост Элчин сайд байхад нь намайг танилцуулсан. Тэгэхэд би хойшоо мах гаргадаг, шатахуун авдаг байсан.

-Танай банк “Голдмэн сагс”-тай ямар харилцаатай байсан бэ?

-Тэр бол “Зоос” банкийг дампуурахад голлох үүрэг гүйцэтгэсэн. “Анод”-ыг дампуурахад тодорхой хэмжээний үүрэгтэй байсан. Намайг “Олон Овоот” руу оруулсан гол шалтгаан бол “Монгол газар” компани. Тус компани өрөө төлдөггүй. Тэгээд би очоод “Олон Овоот”-ын лицензийг авсан. Ямар ч барьцаа хөрөнгөгүй зүйл. Хэд хэдэн банкинд лицензийг барьцаалж зээл авсан байсан.

-Ц.Мянганбаяртай хийсэн наймаа ийм байдалд хүргэсэн гэж ойлгож болох уу?

-Миний хийсэн хамгийн том алдаа бол “Монгол газар” компанитай хийсэн наймаа.

-Энэ бүхний эцэст ганцхан та хариуцлага хүлээх юм уу. Хуваалцах хүн байна уу?

-Алдаа гаргасан хүн түүнийгээ үүрэх л ёстой. Одоо “Стандарт” банкныхан ирж байгаа. Тэд Монголбанкныхантай уулзаж байгаа гэсэн. Би бас уулзана, ярилцана. Учир нь олдох байх.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэл үү?

-Үгүй. Харин ямар ч байсан гадаадад гарахыг хориглосон байна лээ.

-Иргэд “Хадгаламж”-аас мөнгөө татаж эхэлсэн гэсэн. Хэдэн төгрөг татав?

-Сая Монголбанкнаас асуусан. Хэвийн байна гэсэн. Санаа зоволтгүй байж болно.

-Таны хамаг бизнес үгүй боллоо. Цаашид юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Өглөө 9.00 цагт боссон. Бие амарчихаж.  Өмнө нь өдөр бүр олон цаг ажилладаг байлаа. Одоо нэг хэсэгтээ амарна. Тэгээд зээлээ төлнө дөө. Надад хүний нэг ч төгрөг хэрэггүй, буцаагаад өгчихнө. Ер нь банк эзэмшиж байгаа хүн бизнес эрхлэх зохимжгүй юм байна шүү. Бизнес их эрсдэлтэй.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 46 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 37 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 50 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

11 цаг 0 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин