Д.Арвин: Хэнтийд хийх ажил дуусаагүй байгаа

2013-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХТУЯА

УИХ-ын гишүүн Д.Арвинтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Хэнтий аймгаас гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хэнтий аймгийн 90 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Ойдоо очно биз дээ?

-Хэнтий аймаг миний аавын өвөг дээдсийн нутаг. Үнэхээр Хэнтий аймгийн иргэд намайг гурван удаа төрд төлөөлөх түшээгээрээ сонгож байсан. Энэ удаад би өөрийн төрж өссөн нутаг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон. Тийм хэдий ч миний ажил амьдрал өдий зэрэгтэй, олон түмнийхээ итгэлийг дааж, авч чадаж байгаа минь Хэнтий нутгийн буян заяа гэж боддог. Ирэх долоо хоногт Хэнтий явж, нутгийнхантайгаа баярлана. Наадмын соёолон насны морины уралдаан үзнэ.

-Нутгийн ойдоо ямар бэлэгтэй очих гэж байна. Өмнө нь төрийн түшээгийн хувьд нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг байсан. Энэ удаад хувийнхаа бэлгийг авч очих байх?

-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл гурван ч удаа уулзаж, ойн бэлтгэл ажлын тухай ярьсан. Тэр болгонд нь очиж уулзлаа. Миний хувьд баяр наадмын үеэр болох хүүхдийн барилдааны түрүү бөхийн бай шагналыг даахаар болсон. Мотоцикл өгнө. Мөн дөрөвдүгээр сургуульд таван морин хуур бэлэглэнэ. Наадмын үйл ажиллагаанд зориулж  амласан мөнгөө хандивласан. Сэтгэл зүрх минь хэзээд нутагтайгаа холбоотой байдаг. Хэдийгээр би Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн биш гэлээ ч нутгийнхан маань надад итгэж ханддаг. Тэр хүмүүст би өөрийн чадах хэмжээгээр тусалдаг. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой ажлыг нь бүтээж өгөхийг хичээдэг.

-Та Хэнтий рүү ер нь хэр явж байна. Тойрогтоо ажиллаад завдахгүй байна уу?

-Нутаг руугаа байнга явдаг. Тэр дундаа Дондогдулам хатны нутаг Баян-Адрага суманд жилдээ хоёроос гурван удаа заавал очно. Сарын өмнө очоод “Монгол хатдын өргөө”-нийхөө орчин тойрныг цэвэрлээд, багахан хэмжээний засвар хийх шаардлагатай байгаа хөрөнгийг нь шийдэж өгчихөөд ирсэн. Тэндээсээ Дадал сум руу явсан. Дадалд хээрийн түймэртэй тулгарсан. Манай ажлын багийнхан түймэр унтраах ажилд оролцсон. Бид машинтайгаа түймрийн гал дундуур орсон. Хээрийн түймэр ямар аюултайг биеэрээ мэдэрлээ. Би жил бүр Өндөрхаан уулаа тахидаг. Тахилгаа хийчихээд ирсэн. Хэнтий аймагт миний хийх ажил дуусаагүй байгаа.

-Саяхан чуулганы хуралдаан дээр та Монголын сүүлчийн Богд хааны түүхийг зөвөөр сэргээх ёстой гэж хэлж байсан?

-Өнгөрсөн XX зуун  монголчуудын дахин сэрсэн зуун байсан гэж би хувьдаа боддог. Олон зуун жил Манжийн дарлалд байсан Монголын ард түмний үндэсний ухамсрыг сэргээх хувьсгал хийж Монгол орноо чөлөөлөхийн төлөө зүтгэсэн хүн бол Богд хаан VIIl Жавзандамба хутагт яахын аргагүй мөн. Монгол төрийн хамгийн сүүлчийн шашин төрийг хослон баригч хааны оюун ухааны хүчээр XX зууны эхнээс үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж улмаар 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол улсын тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан байдаг. Энэ хувьсгал 1921 оны Ардын хувьсгалын угтал суурь болсон. Ардын хувьсгалын ялалтад асар их үүрэг гүйцэтгэсэн энэ хүний түүхэн үүргийг бид үгүйсгэж болохгүй. Бид Их Монгол Улс, Монголын тулгар төр үүссэн, Ардын хувьсгал ялсны ойн тухай ярьж байгаа бол Богд хаант төрийн байгуулсан гавьяаг бас ярих ёстой. Нэгэн цаг үед түүхийг гуйвуулж, буруугаар ойлгуулж байсныг одоо бид засах үүрэгтэй. Богд хааны тухай зохиол, кинонд маш эвгүй байдлаар олонтаа дүрсэлсэн. Богд манж хүн. Гэхдээ бага наснаасаа эхлэн Монгол ёс заншилд суралцаж, Монголын төлөө цохилох зүрхтэй болж хүмүүжсэн, монголын төлөө зүтгэж амьдарсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэр Монгол Улсын төрийн тэргүүн, одоогийнхоор Ерөнхийлөгч байсан. Монгол бүсгүйг, тэр дундаа хүрээнээс бус Эзэн Богд Чингис хааны төрсөн нутаг Сэцэн Хан аймаг Хан Хэнтий уулын нутгаас хоёр хатнаа сонгосон. Их хаадын өлгий нутгаас хатан залж, Чингис хааны үр угсааг өндөрт өргөх давхар санаа байсан байж болно.

-Эрдэмтэд, түүхчид энэ тухай ямар дүгнэлт хийсэн байдаг бэ?

-Манай түүхчид энэ тухай олон судалгаа хийсэн. О.Батсайхан, З.Лонжид, Ж.Урангоо нарын эрдэмтэд энэ хүний бүтээсэн гавьяа, түүхэн үүргийг үнэн зөвөөр гаргаж ирсэнд баярлууштай. Орчин цагийн түүхч, эрдэмтэд Богд хааны тухай судалгааг хийж, түүхийг нь тодорхой болгоод байхад төр, засаг энэ тухай дуугарахыг хүсэхгүй байгаад харамсдаг. Би гурван жилийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй энэ тухай цаг гаруй ярилцсан ч үр дүнд хүрээгүй. Ардын хувьсгалын ялалтыг Богд хаанаас салангид ойлгож болохгүй. Өнөөдрийг хүртэл Богд хаан Д.Сүхбаатарыг хорлосон мэт худал түүх зохиосноо залруулахгүй байна. Гэтэл үнэндээ Богд хаан үсэг өрөгчийг олж харж, хувьсгалд татан оруулж бойжуулсан. Энэ хоёр хүн их дотно харилцаатай байсан гэдгийг түүхчид нотолдог. Тэдний хамтдаа авахуулсан зураг АНУ-д байдаг гэсэн. Ер нь Ардын хувьсгал гэхээр ганцхан хүний тухай яриад байж болохгүй. Өнгөрсөн нийгэмд алдаа, оноо их бий. Миний бодлоор түүхэн хөгжлийн үе шат бүрт нэг хүнийг хэт дөвийлгөсөн байдаг. Энэ хувьсгалд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сэтгэлтэй хүн бүрийн хичээл зүтгэл орсон. Тэр дундаа тухайн үеийн ноёд түшмэдийн үүрэг оролцоо асар их. Бүх хаад, ноёд, түшмэдүүд Богд хааныхаа удирдлага дор энэ хувьсгалыг хийсэн.

-Та энэ хүний түүхийг тодорхой харуулах ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бэ?

-Би ганцаараа бол юу ч хийж чадахгүй. Төр, засаг анхааралдаа авах цаг болсон. Богд хааны үнэн түүхийг орчин цагийн түүхчид судлаад, тодорхой болгосон. Түүхчид энэ тухай хангалттай ярьж байгаа ч олонд хүргэх тал дээр хангалтгүй байна. Тэгэхээр Монголын төр, засаг Богд хааны түүхийг түүхийн хичээлийн хөтөлбөрт үнэн зөвөөр тусгах, уран сайхны түүхэн кино хийх ёстой. Нэгэнт түүхийн үнэн тодорхой болсон болохоор энэ түүхэн гавьяатай хааны тухай худал баримтуудыг олонд үнэмшүүлэхийн тулд хийсэн киноны хэс­гүүдийг хасах хэрэгтэй.

-Уран бүтээлчид таны энэ санааг эсэргүүцэх байх?

-Киног бүхэлд нь устгах тухай яриагүй. Уран бүтээлийн дунд орсон худал доромжлолыг хасахад дургүйцэхгүй байх. Монголын түүх сэргэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Та монгол хүний улс төрийн эрх чөлөөний асуудлаар хийсэн судалгааны ажлаа үргэжлүүлж байгаа юу?  

-Би XX зууны эхэн үеийн (1900-1920) монгол хүний улс төрийн эрх чөлөө, хөгжлийн түүхт үе шатууд сэдвээр МУИС-ийн Түүхийн тэнхимд 2003 онд магистрийн зэрэг хамгаалсан. Энэ маш сонирхолтой сэдэв. Профессор Ж.Урангоо багшийн удирдлагаар судалгаагаа үргэлжлүүлж, докторын ажил бичиж байгаа.

-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Хөдөөнөөс сонгогдож байсан гишүүн хотын төлөөлөл болоход хэр ялгаа мэдэгдэж байна?

-Маш их ялгаатай байна. Хөдөө хот гэлтгүй  хөрөнгө оруулалт хийлгэхийн төлөө зүтгэж байна. Одоо ч амраагүй ажиллаж байна. Баянзүрх дүүрэг улсын нийт хүн амын 15 хувь нь оршин суудаг маш том тойрог. Хотын төв хэсэг маань өдрөөс өдөрт өнгө нэмээд сайхан байна. Гэтэл Улаанбаатар хотын захын хорооллууд тулгамдсан асуудал ихтэй.Тэр дундаа хогны асуудал үнэхээр хүнд боллоо. Бид өнгөрсөн арав гаруй жил хог боловсруулах үйлдвэр байгуулж байна гээд жилийн жилд тэрбум, тэрбумаар нь төсөвт суулгаад батлаад байсан. Гэвч сая гаран хүн амтай хот хэрнээ хог боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороогүй байна. Ийм байхад яаж бид хогноосоо салах вэ. Хотынхоо төв хэсгийн хогийг цуглуулж аваад уул давуулаад хаячихдаг. Ил задгай хог нь шатаад, утаагаар нь амьсгалаад сууцгаадаг. Хог хүний эрүүл мэндтэй шууд холбоотой гэдгээрээ тулгамдсан асуудал.

-Энэ тухай хүн болгон ярьдаг. Үр дүнгүй олон жил боллоо?

-Хог хаягдал  боловс­руулах тухай хуулийг Ц.Оюунгэрэл сайд санаач­лан ажиллаж бай­гаа. Хотоос сонгогдсон гишүүд хамтран ажиллана. Хуулийн гол зарчимд бид тохиролцсон. Энэ асуудлыг Засгийн газрын гол зорилтуудын нэг болгож, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Олон улсын сайн туршлагууд байдаг. Монгол Улсын хэмжээнд жилд 600 мянган тонн хог хаягдал гардаг. Гэтэл одоо ашиглалтад оруулах үйлдвэрүүд ажиллаад 48 мянган тонн хогийг боловсруулна гэж байна. Цаана нь үлдэж байгаа тэр их хогийг яах бэ гэдэг асуудал гарна. Бид хүчрэхгүй нь. Энэ асуудлыг гадаадын туршлага, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж шийдэхээс аргагүй юм. Яг үнэндээ хог хаягдлаа хэрхэн зайлуулах гэдэг нь манай дүүргийн гол асуудал болчихоод байна. Зарим иргэн надад “Та биднийг хогноос салгаад өг. Тэгвэл таныг сонгоход бэлэн байна” гэдэг. Үнэхээр аргаа барсан хүний үг. Улс төрийн сонголтоо хийх гэж байгаа хүний тавьж байгаа шаардлага энэ. Ямар тулгамдсан, чухал асуудал бэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Бусад олон салбарын бүтээн байгуулалтын ажлыг үе шат бүрээр нь үндсэн чиглэл, төсөвт суулгаж ажиллаж байна.

-Айл өрхүүдээр орж ажиллахад их хэцүү байдаг байх?

-Үнэхээр хэцүү. Би айл өрхүүдээр их ордог, иргэдийнхээ саналыг сонсдог. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сон­гуулиар айлуудаар ороход хогон дундуур алхсаар байгаад таарсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлыг хотын захад хогон дунд хуралдуулах санал тавина.

-Та Ардчилсан намыг сонгосон. Сонголт зөв байсан уу?

-Намаас гарсан, МАН-ыг ялагдсан байхад нь орхисон гэж ярьдаг тухай асуух гээд байна уу. Би намаа орхиогүй. Ардын намын удирдлагууд гурван удаа УИХ-д сонгогдсон гишүүнээ өөрсдөө орхисон. Тэр ч байтугай Нийгмийн ардчилал, эмэгтэйчүүдийн, дүүргийн оюутны, ахмадын, залуучуудын нь “Бид Д.Арвинг дэмжихгүй” гэж ил тод хэлж ажилласан.  Дүүргийн намын хороо нь бас ийм шийдвэр гаргасан. Би тэр үед намын удирдлагуудад “Байдал ийм боллоо, бид хоёрын энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ” гэхэд тэгье, хоёр гурав хоногийн дараа эргэж уулзна, хамтдаа энэ тухай ярилцъя гэчихээд таг болчихсон. Яг үнэндээ тэд “Д.Арвин ялагдах нь тодорхой, хая” гэж байсан юм билээ. Бодит байдал ийм байсан. Намайг сонгуульд  Ардчилсан нам, МАХН-ын гишүүд, нам бусчууд, МАН-ын зарим жирийн гишүүд дэмжиж гаргасан. Намайг Ардчилсан намд элссэний дараа надтай сонгуулийн үеэр хамтарч ажилласан 400 гаруй гишүүн дагаад АН-д элссэн. Би удам судраа, өөрийн замнасан амьдралаа бодсон ч хэр баргийн юмнуудад өшиглүүлэх хүн биш. Ихээхэн дургүй хүргэвэл би өөрөө шийдвэр гаргаж чадна. Хүлцэнгүй хүн биш, би.

-МАН-ыг шинэчлэх тухай яриад эхэллээ. Та цагтаа шинэчлэл гээд явж байсан?

-Одоо бол надад МАН шинэчлэгдэх эсэх сонин биш. Тэрийг харах зав ч алга, сонирхол ч алга. Би энэ намд байхдаа бишгүй олон удаа шинэчлэл ярьсан. “Элсний 13” гэгдээд зөндөө явсан. Шинэчлэгдэхгүй юм билээ. Шинэчилнэ гээд явж байсан хүмүүсээ хамтрагчид нь  эргээд балбадаг. Олон жил төрд суусан намын удирдлагууд өс хонзон авдаг хүмүүсийн цуглуулга болсон. Хууль, дүрэм, журам МАН-д байхгүй, зөвхөн өөрсдийнхөө тааллаар албан тушаалдаа тохируулан бүх юмыг хийдэг. Би энэ шүүмжлэлийг МАН-д бус намаа шинэчилнэ гэж яриад байгаа хүмүүст хэлж байна. Шинэчлэл ярьж байгаа хүмүүсийн цаадах эзэн нь харагдаж байна. Хүний гараар могой бариулчихаад эргээд нүүр нь хувирахгүй ярьдаг ах нар нь байгаа, ойлгомжтой.

-Энэ удаагийн парламентад эмэгтэй гишүүд харьцангуй олон болсон. Хамтарч ажиллахад хэр байна?

-УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт болох гээд их удсан. Парламентад орж ирээгүй байхдаа УИХ-ыг ажигласан. Ажил хэрэгч, бүтээлч, зоригтой эмэгтэйчүүд орж ирсэн нь илт харагдсан. Гэтэл би сонгууль хүлээгээд, гадна талд суугаад байдаг гээд харамсч байсан. Орж ирээд хамтраад ажиллахад үнэхээр урамтай байна. Өмнөх парламентад байхдаа би эмэгтэй гишүүдтэй ингэж сайхан баг болж ажиллаж байгаагүй. Одоо бол бид харцаараа ойлголцох хэмжээнд ажиллаж байна. Ц.Оюунгэрэл сайд батаарыг эх орондоо авчирч чадлаа. Засгийн газар дурсгалын зүйл гардуулсан гэсэн. Ингээд өнгөрч болмооргүй санагдах юм.  Монголоос хулгайлж гаргасан 73 сая жилийн өмнөх түүхийн үнэт олдворыг авчирна гэдэг тэр хэрээр Монголын түүх, гарал үүсэл,  угсааг тодруулж байна гэсэн үг. Энэ түүхэн гавьяаг хийсэн тэр хэмжээгээр нь үнэлэх ёстой.

-Таныг СӨХ-ны дээд зөвлөлийн ерөнхийлөгчөөр сонгосон. Дээд зөвлөлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар шүүхэд өгсөн. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ?

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай СӨХ-ны дээд зөвлөл эвлэрэлийн гэрээ байгуулсан. СӨХ-ны ажлын талаар гомдол, санал их гардаг. Анхнаасаа орон сууцыг иргэдэд үнэгүй хувьчилсан атлаа дундын өмчийн ямарч бүртгэлгүй, иргэдэд хувьчилж өгөөгүй. Иргэд энэ хуулиа мэддэггүй, СӨХ-ны ажилд оролцдоггүйгээс үл ойлголцол гардаг. Бүх СӨХ-г онлайн системд оруулах гээд бидэнд хийх ажил их бий.

-Хаагуур амрах бэ?

-Одоохондоо амраа­гүй байна. Сүүлийн хоёр өдөр дөрвөн яаманд очиж ажиллаа. Бидний хийх гэж байгаа ажлууд төсөвт хэрхэн суусан эсэх талаар яамдын хөрөнгө оруулалтын газрын дарга нартай ярилцлаа. Амралтын хувьд нутгийнхаа ойд очно. Дараа нь ээжийгээ дагуулаад Завхан аймгийн Түдэвтэй суманд очно. Би чинь аав, аавын нутаг гээд байдаг. Ээжийнхээ өвөг дээдсийн түүхийг судалж, нутаг усыг нь баярлуулаагүй юм байна. Өнгөрсөн жил ээжийн талынхан ургийн бичгээ хөтөлж, номоо гаргасан. Миний ээжийн талын удам их өндөр насалдаг, чадалтай бөх, эрдэмтэй лам нар байсан байна. Тэр том эрдэмтэй лам хүний гэрээслэлийг олж үзлээ. Их холыг харсан байна. Миний төрд зүтгэхийг хүртэл зөгнөж хэлсэн байна. Миний өвөг дээдсийн нутаг Жимээгийн өвөлжөө, Хавцгайтын овоо, Хавцгайтын ам, Шаврын гол, энэ сайхан буурлуудынхаа нутгаар ээж ах дүүстэйгээ явж хамаатнуудтайгаа уулзана. Отгонтэнгэр хайрхандаа мөргөнө.

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 38 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 29 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 41 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 47 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 52 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 39 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 39 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин