
Ч.ЗОТОЛ
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлт тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр хоногийн өмнө гарна гэж дуулдсан ч чимээгүй байна. Та холбогдох газруудаас хариуг авч танилцсан уу?
-Өвчний учир ялаас чөлөөлөх боломжтой эсэхийг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан дүгнэлт гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг оны эхнээс тавьсан. Түүнээс хойш эмнэлэгт хэвтүүлэх эсэх асуудлыг шийдэх гэж нэлээд цаг авсан. Хүсэлтээ дахин тодруулж холбогдох газруудад өгсөн. Түүний дараа шинжээч томилж явуулсан гээд мөн нэлээд хугацаа өнгөрсөн. Ингээд өнгөрсөн тавдугаар сард шинжээч томилсон гэсэн.
Түүний дүгнэлтийг зургадугаар сарын 24-нд гаргасантай танилцсан. Тэр дүгнэлт бидний хүсэлтийн дагуу хийгдээгүй байсан. Түүнд юу гэж байсан бэ гэвэл, өлсгөлөн зарласан нь тэр хүн өөрөө өөрийнхөө биед санаатай учруулсан гэмтэл мөн үү, биш үү. Өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр бие эрүүл мэндэд нь, тодруулбал ямар эрхтнүүдэд нөлөөлөл бий болсон бэ гэсэн утгатай асуулт бүхий дүгнэлт байсан. Түүгээр бол өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр биеийн ерөнхий үйл ажиллагаа ямар болсныг бичээд дээр нь өлсгөлөн зарласанаар бие эрүүл мэнддээ санаатай гэмтэл учруулсан гэдгийг тогтоох боломжгүй гэсэн байна лээ. Түүний дараа бид “Анх хүсэлт өгөхдөө энэ хүний бие эрүүл мэндийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн. Мөн бидний хүсэлтийн дагуу шинжээч томилохдоо ялаас чөлөөлөх асуулт тавиагүй байна. Одоогийн байгаа байдалтай холбогдуулж шинжээч томилж өгөөч” гэсэн асуудлыг ярьсан. Энэ дагуу зургадугаар сарын 28-ны үед дахин шүүх эмнэлгийн шинжээч томилсон гэсэн. Тэдний дүгнэлтийг долдугаар сарын 22-ны дотор гаргаж өгөөч гэж хугацаа заасан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт хугацаандаа гарч албажаад өнөөдөр /өчигдөр/ прокурор руу явсан. Шуудангаар илгээсэн гэж шүүх эмнэлгийнхэн хэлж байна. Прокуророос асуухад шуудангаар явуулсан учраас өдөртөө ирэх боломжгүй гэсэн хариу өглөө. Миний авсан мэдээллээр бол шүүх эмнэлгийн дүгнэлт өвчний учир ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарахгүй гэж гарсан сураг байна. Би албан ёсны хариутай танилцаагүй, гэхдээ ийм сураг дуулчихаад явж байна. Яг үнэн худлыг албан ёсны бичгээр ирүүлсэн дүгнэлтээс өөрийн нүдээр харж байж итгэнэ гэсэн байр суурьтай байгаа.
-Хэд хоногийн өмнө Н.Энхбаяр, түүний аав ээж, мөн хүү Э.Батшугарын найз бүсгүйн гэрт нэгжлэг хийсэн нь ямар учиртай юм бол. Өмгөөлөгчийн хувьд танд мэдэгдэж,биеэр байлцуулсан уу?
-Гэрт нь нэгжлэг хийж байгааг орой телевизийн мэдээнээс олж мэдсэн. Мөн тэр мэдээний өмнөхөн МАХН-аас утасдаж “Даргын гэрт юу болоод байна” гэж асуухад би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Харин “Эстон” компани дээр нэгжлэг хийх гэж байгааг Цэнгэл гэж залуу надад утсаар хэлсэн. Мөрдөн байцаагчтай нь утсаар холбогдоход “Нэгжлэг хийх шаардлагатай учраас тийшээ явж байна” гэж тайлбарласан.
-“Эстон” компани ямар учиртай юм бэ. Цэнгэл гэх залуу захирал нь юм уу?
-Энэ компанийг анх Н.Энхбаяр гуай үүсгэн байгуулсан, дараа нь дүүдээ шилжүүлсэн байдаг. Цэнгэл гэдэг залуу өмнө нь тэр компанид ажиллаж байсан юм билээ. Одоо тэнд ажиллахгүй байгаа гэсэн. Тэр над руу ярихдаа энэ тухайгаа хэлээд, надад ямар ч хамааралгүй шүү дээ гэсэн. Би мөрдөн байцаагчтай нь утсаар холбогдохдоо “Эстон” компанийн ажилтан биш хөндлөнгийн хүнийг ингэж авч явж болж байгаа юм уу” гэхэд “Бид энэ хүнийг компанийн ажилтан мөн гэж үзэж байгаа учраас авч явах үндэслэл байна” гэсэн. Би Цэнгэлийн өмгөөлөгч биш, тийм учраас тийшээ очих боломжгүй байсан. Тэнд нэгжлэг хийгээд бичиг баримтууд аваад явсан сураг байна лээ.
-Тэгвэл гэрт нь нэгжлэг хийх гэж байгаагаа Н.Энхбаяр гуайд өөрт нь мэдэгдсэн бол уу?
-Надад болоод миний үйлчлүүлэгч Н.Энхбаярт албан ёсоор мэдэгдээгүй. Ямар учраас нэгжлэг хийсэн талаар зохих байгууллагуудаас тодруулах бодолтой байна.
-Юу хурааж авч явсан, тэр нь ямар учиртай талаар танд мэдээлэл байна уу?
-Би тэр талаар тодруулах гэж оролдсон. Нэгжлэг хийсэн баримтын нэг хувийг гэр бүлийнх нь хүнд үлдээсэн гэж сонсоод мөрдөн байцаагчтай нь уулзаагүй.
-Н.Энхбаяр гуай саяын болсон үйл явдлыг мэдсэн болов уу. Та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Тэр үйл явдлын дараахан уулзсан. Гэхдээ би тэр талаар өөрт нь хэлээгүй юм. Харин хоёр хоногийн өмнөхөн дахин уулзахад ямар үндэслэлээр яагаад нэгжлэг хийх болсон юм бэ, тэр талаар яагаад надад хэлээгүй юм бэ, мөн өмгөөлөгчид яагаад мэдэгдээгүй юм бэ. Энэ талаар тодруулаарай гэсэн.
-Сэтгэл санаа болоод биеийнх нь байдал ямар байгаа вэ?
-Мэдээж ямар олигтой байх вэ. Өөрөө анхнаасаа би гэмт хэрэг үйлдээгүй, надад улс төрийн зорилгоор ял тохоож байна гэж байр сууриа илэрхийлж ирсэн. Шүүхийн тогтоолыг зөвшөөрөөгүй, одоо ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлсээр байгаа. Түүнээс гадна өлсгөлөн зарласан. Хуулийн байгууллагын хууль зөрчин хийж буй үйлдлийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ хэрэгт ял шийтгэл авснаас гадна эрүүл мэндээрээ хохирчихоод байж байна шүү дээ. Тэгээд дээрээс нь өөрөө ийм байдалтай байхад нь ар гэр рүү нь очиж аав ээж, ах дүү, гэр бүлийнхэн, үр хүүхэд, хүүгийнх нь хадмууд руу халдаад эхлэхээр санаа сэтгэл нь яаж тайван байх вэ. Би тухайн үедээ шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотойгоор, яагаад гэвэл дүгнэлт гарахад хоёр хоног үлдээд байсан учраас нэгжлэг хийсэн талаар өөртэй нь уулзахдаа хэлээгүй юм. Дараа нь уулзахад “Яагаад надад хэлээгүй юм бэ. Би тэр талаар мэдэх ёстой” гэж зэмлэсэн.
Ер нь бол манай Үндсэн хууль болоод эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд тухайн хүний хийсэн үйлдлийг гэр бүлйинхэнд нь нялзаахыг хориглосон заалттай. Гэтэл аав ээж, гэр бүл, үр хүүхэд, хүүхдийнх нь хадмууд дээр очоод нэгжлэг хийгээд байгаа нь ямар үндэслэлтэйг би одоохондоо хэлж мэдэхгүй байна. Учир нь би энэ тухай зөвхөн мэдээллээс цаашгүй, бичиг баримттай танилцаагүй байгаа.
-Шүүхээс түүнд 2.6 жилийн ял ногдуулсан. Сүүлийн үед Т.Билэгтийн мэдүүлгээс шалтгаалан ялыг нь нэмэх гэнэ гэсэн мэдээлэл гарах боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэр талаар одоогоор бидэнд мэдэгдсэн юм алга. Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбоотойгоор гэрт нь нэгжлэг, үзлэг хийж байна гэж бидэнд албан ёсоор хэлээгүй байгаа шүү дээ. Гэр бүлийнх нь хүмүүст тайлбарлахдаа тэгж хэлсэн сураг байна лээ.
-Тэгвэл та хуульч хүний хувьд Т.Билэгтийн мэдүүлэг гэж ярьж, бичиж буйд ямар байр суурьтай байна вэ?
-Мэдүүлэг өгөх өөр хэрэг. Манай холбогдох хуулиудыг аваад үзэхэд хэрэгт шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч худал ярихыг ч зөвшөөрсөн байдаг. Заавал хэргээ хүлээж мэдүүлэг авдаггүй. Хэргээ хүлээж мэдүүлсэн тохиолдолд ял хөнгөрүүлэх нэг үзүүлэлт болдог. Түүнээс заавал чи хийсэн хэргээ үнэнээр нь ярь гэж мэдүүлэг авдаггүй. Т.Билэгт гуай чухам юу гэж мэдүүлэг өгсөнийг бид мэдэхгүй шүү дээ. Н.Энхбаяр гуайн хувьд бол улс төрийн зорилготой зохиомол хэрэгт намайг буруутгаж байна гэж үзэж байгаагаа олон удаа илэрхийлсэн. Би өмгөөлөгчийн хувьд, хуульчийн хувьд хавтаст хэрэг доторх баримт, нотолгоонууд үнэхээр хангалтгүй гэдгийг хэлж чадна. Яг хэрэгт авагдсан баримтуудаар бол түүнд ял оноох үндэслэлгүй. Гэтэл шүүх нэгэнт ял оноосон болохоор би мэдээж шүүх шударга биш байсан гэдгийг хэлж чадна, хуульчийн хувьд. Магадгүй хэзээ нэгэн цагт энэ хэргийн тухайд цагаатгах юм уу, өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд өөр бусад хэрэг нэмэгдэх, нэмэгдэхгүйг урьдчилж хэлж мэдэхгүй юм. Тийм асуудлууд байлаа гэхэд бас бусад нотлох баримтуудаар баталгаажих ёстой шүү дээ. Зүгээр нэг мэдүүлэг өгсөн бол түүнийг нотлох баримт гэж үзэх хэцүү. Өгсөн мэдүүлэг болгоныг үнэн гэж үзэх учир дутагдалтай, сэжигтэн, яллагдагчийн тухайд. Харин гэрч, хохирогчийн тухайд бол үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Сэжигтэн, яллагдагчийн тухайд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй.
-Ер нь нэгжлэгийг яаж хийдэг юм бэ. Өмнө нь мэдэгдэх ёстой юу, эсвэл шууд нэгжих журамтай юм уу?
-Ямар үндэслэл, шалтгаанаар, юутай холбогдуулж нэгжлэг хийж байгаагаа заавал тайлбарлах ёстой. Тайлбарлаад, нэгжлэг хийх тогтоолоо танилцуулж гарын үсэг зуруулж, мөн протокол хөтлөх ёстой. Би түрүүнд хэлсэн манай үйлчлүүлэгчид нэгжлэг хийх талаар мэдэгдээгүй, гэхдээ гэрт нь очоод нэгжлэг, үзлэг хийсэн. Ямар учиртайг бид ойлгохгүй байгаа.
-Иргэдийн дунд жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байгаа Н.Энхбаярын хувьд ялын хоногийг 2-оор үржүүлж бодоход өнөөдөр суллагдах хугацаа нь болсон гэлцэх юм. Ийм журам байдаг юм уу?
-Тийм юм байхгүй. Ер нь манайд тэгж хорих ялын хоногийг 2-оор үржүүлдэг заалт байдаггүй. Ял шийтгэл эдэлж байгаа ялтан ажлаа сайн хийгээд юм уу, сайн хүмүүжиж байгаа тохиолдолд шагналын хоног гэж бий. Тэр нь улиралд 30 хоног байдаг. Түүнээс биш таны асуусанчлан тэгж үржүүлж боддог систем байхгүй. Ер нь практикаас харахад тийм системтэй болох ёстой юм шиг билээ. Жишээлбэл, хилсээр гэмт хэрэгт холбогдож шалгагдсан хүний тухайд урьдчилж хоригдсон хоног нь үржигддэг тохиолдол байж болох юм. Мөн хэрэг хийгээгүй хүнийг шалгаж урьдчилж хорьсон бол шалгаад тогтоосныхоо дараа тэр хоногийг нь үржүүлэн хохирлыг хэмжээг нөхөн төлдөг систем байж болох юм шиг санагддаг. Ийм яриа хуульч, өмгөөлөгчдийн дунд яригддаг сэдвийн нэг л дээ. Мөн хилс хэрэгт хүнийг шалгахгүй байх талаас мөрдөн байцаагч, прокуроруудад эргээд хариуцлага тооцох нэг үзүүлэлт юм. Яагаад гэвэл тэдний өмнөөс төр хохирлыг барагдуулж байгаа болохоор тэр.
-Шүүх эмнэлгийн хариу гарахаар тантай эргэж холбогдоё. Дүгнэлт та бүхний хүсэлт гаргаснаас өөрөөр, тухайлбал ялаас чөлөөлөх боломжгүй гэсэн байвал цаашид ямар алхам хийх вэ?
-Ямар ч байсан шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцах хэрэгтэй байна. Түүнээс шалтгаалж гомдол гаргах уу, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах уу гээд асуудал үүснэ. Яагаад гэвэл өмнө нь мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан шүү дээ. Тэр дотор өвчнөөр ялаас чөлөөлөх жагсаалтад орсон өвчний онош гарсан байдаг. Энэ тохиолдолд шүүх эмнэлгийн эмч нар эсрэг дүгнэлт гаргаж байгаа бол хоёр дүгнэлтийн зөрүү зөрчлийг арилгуулахын тулд хүсэлт гаргах эрх бидэнд бий.