
Т.Бүдээхүү
Завхан аймгийн 90 жилийн ой энэ сарын 26-29-ний өдрүүдэд болох гэж байна. Түүхт их ойн өмнө тус аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, “Сонор трэйд” ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхболдтой ярилцлаа.
-Завхан аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ ойд нутгийн зөвлөл ямар үүрэгтэй оролцож байна вэ?
-Юуны өмнө танай сониноор дамжуулаад Завхан аймгийн 90 жилийн ой, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ойн баярын мэндийг уншигч олонд болон завханчууддаа хүргэн мэндчилье. Арваад хоногийн дараа Завхан аймгийн түүхт их ойн баяр наадам болох гэж байна. Энэ үйл ажиллагаанд манай нутгийн зөвлөл багагүй хүчин зүтгэл гаргаж оролцож байгаа. Энэ бол аль ч нутгийн зөвлөлийн хийх ёстой ажил үүргийн нэг. Манай Завхан нутгаас алдар цуутай олон хүн төрсөн байдаг. Тэдгээр алдартан, ахмадуудаа нутгийн зөвлөл хүлээн авч ямар байдлаар баяр наадам хийх, цаашдын аймгийн хөгжлийг хэрхэн тэтгэх талаар санал зөвлөгөө авсан. Энэ жилийн Цагаан сарын золголтыг ойдоо зориулж өргөн дэлгэр хийсэн. Энэ үеэр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хандив мөнгө цуглуулсан. Аливаа ойг тэмдэглэх, ойд зориулсан бүтээн байгуулалт өрнүүлэхэд хөрөнгө санхүү шаардлагатай. Тиймээс хөрөнгө, хандив цуглуулах ажилд анхаарсан. Бид “Непко” компанитай гэрээ байгуулан, Завхан нутгийн их нэвтэрхий толь гурван боть номыг гаргалаа. Дэлхийн стандартад нийцсэн Британика тольтой болсон анхны аймаг болж байгаа нь бас бахархууштай юм. Энэ нэвтэрхий тольд Завханых гэж мэддэггүй хүмүүсийг олж, нээж оруулснаараа онцлог болжээ гэж би бодож байгаа. Жишээ нь, Баабар, “Харанга”-ын Лхагвасүрэн гэхчилэн завханчууд тэр бүр мэддэггүй хүмүүс орсон байна. Мөн Завхан нутгийн байгалийн сайхныг харуулсан гэрэл зургийн альбомыг нутгийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн. Аймгийн 90 жилийн ойн медаль, энгэрийн тэмдэг хийлгэх зэргийг уралдаан зарлаж шалгаруулсан тул чанар, үзэмжийн хувьд сайн болсон. Дэлхийн стандартад нийцсэн он тооллынхоо түүхэн номыг мөн гаргалаа. Аймгийн 80 жилийн ойгоор гаргасан Г.Очирбат гуайн “Завхан аймгийн түүх” хэмээх номыг баяжуулж мөн гаргасан. Ер нь бол оюуны уурхай ард түмэн гэдгээ баталж олон сайхан номоор ойдоо бэлэг барьж байна.Завханы уран бүтээлчид ойдоо зориулж хувь хувьдаа бас ном гаргасан сурагтай. Ойн өмнө төр, засгаас завханчуудын хөдөлмөр, бүтээлийг үнэлж 140 гаруй хүнд төр хайр хишгээ хүртээж, одон медалиар шагнана.
-Түүхт ой гэдэг баяр наадам хийхийн зэрэгцээ өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх нэг боломж. Аймгийнхаа цаашдын хөгжил, дэвшилд нэмэр тус болохуйц ямар зүйл хийгдэв. Улаанбаатар дахь нутгийн зөвлөл аймаг, орон нутагтай энэ талаар ч бас хамтран ажиллаж, санаа оноогоо солилцсон болов уу?
-Аймгийн ой угтаж олон бүтээлч ажил хийгдсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгээ баруун бүсийн олимпийн цогцолбор маягаар шинэчлэн барьж, томоохон бүтээн байгуулалт хийлээ. Таван мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэхдээ ойн баяраа тэмдэглэнэ. Завхан аймаг ирээдүйд хэрхэн яаж хөгжихийг бид тодорхойлсон. Аялал жуулчлалын томоохон цогцолборын шавийг тавьсан. Энэ бол арваад жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. Уг нь манай аймаг уул уурхайн хөлд нэрвэгдээгүй, онгон дагшин байгалаараа үлдсэн аймаг. Гэхдээ ирээдүйд уул уурхайн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжихээр байгаа. Жишээ нь, Баян-Айрагийн алтны том ордын үйл ажиллагаа эхлэх нь ойлгомжтой. Уул уурхайн салбарын хувьд орон нутагт эрх мэдэл багагүй нэмэгдэж байгаа. Энэ бодлогоо зөв зангидаж чадвал Завхан аймаг шинэлэг байдлаар хөгжих бүрэн боломж харагдаж байгаа.
Нэг үе Завхан аймаг хөгжлийн хоцрогдолд орсон нь олон учир шалтгаантай. Юуны өмнө улсын нийслэл болон баруун хил аль алинаас нь мянга гаруй км алслагдсан байдаг нь нэг шалтгаан нь юм. Аймаг дөнгөж өнгөрсөн жил гэрэл, цахилгаантай болсон. Гэхдээ ойрын ирээдүйд хөгжих боломжтой суурь эхлэлүүд сайн тавигдаж байна. “Мянганы зам” ойртож байна, 2016 он гэхэд Улаанбаатар хоттой хар замаар холбогдчихно гэж харж байгаа. Дулааны томоохон станцыг Завхан аймгийн Тэлмэн суманд эхлүүлэхээр Засгийн газар саяхан гарын үсэг зурж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энэ бол ирээдүйн хөгжлийн гарц. Дулааны станцыг тойрсон үйлдвэрүүд баригдаж, аж үйлдвэрийн томоохон парк байгуулагдах нь ойлгомжтой. Завхан аймгийн хөгжлийг бодлоготой, цэгцтэй явуулах орон нутгийн шинэ удирдлагын төлөвлөж байгаа олон ажил бий. Яг аймагт газар дээрээ олон бүтээлч ажил хийгдэж байгаа юм билээ. Ойн баяртаа очсон зочид, нутгийн иргэд харж, анзаарах байх аа. Завханы хөгжил ч хаашаа явах нь вэ гэсэн нэг дүгнэлт гарах болов уу.
-Нэг нутаг усныхан нэгдэх тухай ойлголт шинэ юм биш. Гэхдээ сүүлийн үед ус нутгаараа нэгдэх, өсч төрсөн нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэх үзэгдэл элбэгшиж байна. Нутгийн зөвлөл энэ чиглэлд анхаарч байгаа болов уу?
-Өөр хоорондоо эв нэгдэлтэй байж, бие биеэ дэмжих үйл ажиллагааг бодлоготой, цэгцтэй явуулбал үр дүнгээ өгдгийг жишиг болгон харуулж байгаа зарим аймаг байна л даа. Нэг улс, нэг аймаг гэдэг бол нэг айл л гэсэн үг шүү дээ. Айл өрхийн гишүүд, тэдний ажил хөдөлмөр бүгд цогц, нэгдмэл байж гэмээнэ өөдөлж, дэвждэг нь жам. Тийм учраас завханчууд нэгдэх тухай асуудлыг уулзсан газар бүртээ хэлж байгаа. Үнэндээ бол ардчилал, зах зээлийн өнгөрсөн цаг хугацаанд юм бүхэн эмх цэгцэндээ орох гэж явсан болохоор эвсэх, нэгдэх асуудлыг хойш тавьсан тал хаана хаанаа, аль ч төвшинд бий. Нөгөө талаар манай завханчууд үнэхээр чадварлаг улсууд байдаг. Тэртэй тэргүй биеэ даагаад өөрсдийгөө аваад явах чадвартай учраас тэр бие даасан байдлаасаа болж нэгдэж нийлэх асуудлыг умартсан тал бий гэж боддог. Чадвартай улсууд өөрийн гэсэн бодолтой байдаг. Ийм улсуудыг нэгтгэнэ гэдэг тийм амар ч юм биш л дээ. Гэхдээ нутгийн зөвлөлийн даргын хувьд залуучуудыг, салбар салбарынхныг хооронд нь уулзуулж, санал бодлыг нь солилцуулах зэргээр хамтрах, нэгдэх асуудалд анхаарч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутгийн зөвлөлийн дарга болсноос хойш хэд хэдэн уулзалтыг зохион байгуулсан. Манай Удирдах зөвлөлийн залуучууд, бусад хүмүүс ч ийм сайхан ажлыг санаачилж байна. Ингээд их олон хүний нутгаа гэсэн сэтгэлгээг дэвэргэж чадвал цаашдын хөгжил дэвшилд нэг том хүч болно гэж бодож байгаа. Улс орны хөгжил, оюун санааны ертөнц, ёс суртахууны өв соёлд ч завханчуудын оруулж ирсэн хувь нэмэр асар их. Жишээлбэл, Завхан нутгаас гаралтай П.Очирбат, Н.Багабанди хоёр Ерөнхийлөгч маань нэг үе улс орны төрийн жолоог үнэхээр сайхан авч явсан гэж би боддог. Тухайн үед улс орны эдийн засаг тааруу, их юм хийж чадаагүй байж магадгүй. Гэхдээ тэднийг тэгтэл их хувийн амбиц хөөсөн, идэж уусан гэж огт ярьдаггүй. Үүгээр нь бид бас бахархах ёстой. Энэ мэт сайхан ёс суртахуунлаг,алдар гавьяатай үйлсээрээ хүртэл хөтлөгдөн Завханыхан цаашдаа нэгдэнэ ээ. Би үүнд итгэлтэй байна. Хамгийн наад зах нь бид бие биеийнхээ үйлдвэрлэн, бүтээж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, түүнийх нь хэрэглэгч байх нь бас л нэг бодит дэмжлэг. Гэхдээ Завханы хэн хаана юу хийж байгааг бас мэдэхгүй. Тиймээс таниулах, сурталчлах, ойртон нөхөрлүүлэх уулзалт, арга хэмжээг нутгийн зөвлөл санаачлан жилд нэг, хоёр удаа хийж байхаар төлөвлөж байгаа.
Ингэж бие биеэ дэмжсэнээр эдийн засаг тогоон дотроо орж ирнэ гэсэн үг. Нөгөө талаар ирээдүй хойчийнхоо боловсрол, мэдлэгт онцгой анхаарах хэрэгтэй гэж би боддог. Үүний тулд сайн багшийг татах, бэлтгэх бодлогод бас анхаарах ёстой. Аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив өөрөө багш хүн юм билээ. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах болов уу гэж найдаж байна. Бид ойн баярын өмнө аймагтаа Эдийн засгийн форум хийхээр ярилцаж байсан боловч сонгууль давхацсан учраас улстөрийн шалтгаанаар хойшилсон. Завхан аймгаас төрөн гарсан олон эрдэмтнийхээ илтгэлээр ном гаргаад, ирэх есдүгээр сард форумыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эндээс хөгжлийн бодлого, гарц тодорхой хэмжээгээр гарна гэж бодож байгаа.
-Сая улсын баяраар аймгаас маань гарьд цолтон төрж, 90 жилийн ойдоо том бэлэг байлаа. Энэ баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Энэ жилийн улсын баяр наадам монголчуудын төдийгүй завханчуудын бахархал, омгорхлыг төрүүлсэн баяр наадам боллоо. Бид энэ баяр наадмаар зөвхөн гарьдтай биш, аваргатай, заантай боллоо. Баяр наадмын түрүү бөх, шинэ аварга Г.Эрхэмбаярын аав, ээж хоёулаа Завханы хүмүүс учраас нутгийн маань хүү түрүүллээ гэж бид бэлгэшээж байгаа. Шинэхэн заан болсон Б.Батмөнх гээд Төв аймгийн нэр дээр барилдсан залуу бөх бас л Завханых. Б. Гончигдамба маань өнгөрсөн жилээс хойш барилдаан болгонд сайн барилдаж, Завханы гурав дахь гарьд болж, гарч ирлээ. Завханчууд баяр наадмын орой сэтгэлээрээ тал талаасаа цугларч, гарьддаа хүндэтгэл үзүүлсэн. Гарьд маань бидний итгэл, найдварыг дааж, нутаг усныхныхаа бахархал, омгорхлыг олон удаа төрүүлнэ гэдэгт итгэж байна.
-Та Завхан аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдоод 90 жилийн түүхт ойг тэмдэглэлцэх хүндтэй үүргийг хүлээжээ. Өөрийгөө товч танилцуулна уу. Таны тухай бас сайн мэдэхгүй хүмүүс байгаа байх?
-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Сумандаа найман жилийн сургуулиа дүүргээд, Улиастай хотын Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн сургуулийг төгссөн. 1992 онд Багшийн сургууль төгсөөд, 2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2012 онд АНУ-ын Арканкас мужийн их сургуулийг тус тус төгссөн. 1990-ээд оны эхээр сургуулиа төгсөөд л тухайн үеийн олон залуучуудын жишгээр бизнес эрхэлж эхэлсэн.Өнгөрсөн хугацаанд бизнес маань багагүй амжилт олж, хэд хэдэн компанийг үүсгэн байгууллаа. Компаниуд маань зах зээлийн нийгэмд амжилттай ажиллаж, улс орондоо хувь нэмрээ оруулж байна. Завхан аймгийнхаа хөгжил, дэвшилд ч хувь нэмэр оруулах том зорилго тээж явдаг. Энэ үүднээс өмнөх нийгмийн үед байгуулагдсан бусад үйлдвэрийн адил уналтад ороод байсан аймгийн Мах комбинатыг худалдан авч сэргээгээд үйл ажиллагаа явуулж байна. Би ер нь нутагтаа элэгтэй талдаа хүн. Эрдэнэхайрхан сумынхаа нутгийн зөвлөлийн даргыг сүүлийн 10 гаруй жил хийж байна. Аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллах санал тавихад нь үнэнээ хэлэхэд дургүй байсан. Бүхэл бүтэн аймгийн нутгийн зөвлөлийг удирдана гэдэг тийм амар ажил биш. Гэхдээ яахав нутгийнхаа төлөө зүтгээд үзэхээр шийдсэн. Ажил авсан цаг үетэй давхцаад аймгийн маань ойн бэлтгэл эхэлсэн. Ой тэмдэглэх энэ ажил миний болон манай багийнхны хүчийг нэлээд сорилоо. Бид бэлтгэлээ сайн хангасан гэж бодож байгаа.
-Нутгийн зөвлөл хэрэгтэй байгууллага, хэрэггүй бүтэц, цөөхөн монголчуудыг ингэж талцуулаад хэрэггүй гэх мэт шүүмжлэл их гардаг. Нутгийн зөвлөлийн даргаар ажилласан өнгөрсөн хугацаанд яг энэ тухайд юу ажиглагдав. Нутгийн зөвлөл хэрэгтэй байгууллага юм уу?
-Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийг зарим хүн өөр өөрсдийнхөө амбицаар гуйвуулах тохиолдол байдаг учраас энэ байгууллагын нэр хүнд унаад байдаг байх. Түүнээс биш хэрэгтэй байгууллага шүү дээ. Зах зээлийн нийгэмд төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, иргэдийн үүсгэл санаачлагын бусад байгууллагыг дэмжиж байж хөгжлийн нэг хүч болгоно шүү дээ. Түүнээс бус бүгдийг төр өөрөө зангидаад хийнэ гэвэл хуучин нийгэм рүүгээ л явна гэсэн үг. Тийм учраас нутгийн зөвлөл хэрэгтэй. Үүнийг улстөржүүлж, ямар нэг намын гар, хөл болгож, талцуулж хагаралдуулах нөхцөл үүсгэж байгаа нь буруу. Нутгийн зөвлөл нутгийн иргэдээ уриалан дуудаж, боломж бололцоо байвал нэгтгэж хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, ард иргэдийнхээ амьдралд дэм болох ажлыг л зохион байгуулах ёстой шүү дээ. Энэ үүргээ биелүүлбэл улсын ачаанаас нугалж өгнө л гэсэн үг.