Г.Нармандах: Миний 300 орчим зураг Германы цуглуулагчдад байдаг

2013-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Яруу үгсийн далайд мөрөөдлийн хөлөг онгоц залуурдагч, дүрсийн таашгүй ертөнцөд хүслийн биеллээ ологчгэж өөрийгөө тодотгосон нэгэн уран бүтээлчийг Баасан гаригийн зочноор урилаа. Зураач, яруу найрагч Г.Нармандахтай ярилцсанаа хүргэе.

 

-Холын европт амьдардаг таныг бидэнтэй ярилцах болсонд баяртай байна. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Г.Нармандах гэдэг. Одоо гэр бүлийнхээ хамт европын нэг улсад амьдарч байна. Эндээ уран бүтээлээ хийгээд эгэл даруухан аж төрдөг. Жилдээ 1-2 удаа өөрийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргадаг. Тодорхой шалтгаанаар одоо амьдарч байгаа улсаа хэлмээргүй байна.

-Таныг эмээгийнхээ гар дээр өссөн гэж сонссон юм байна. Бага нас, гэр бүлийнхнийхээ тухай яриач?

-Өвөө минь хоёр удаагийн дайнд оролцсон цэргийн дарга хүн байсан. Ямар цол хэргэмтэй байсныг одоо санадаггүй юм. Өвөөгийн одон медаль, гавьяа шагнал их. Их удирдагч Ю.Цэдэнбал гуайтай ойр явсан болов уу, ажил болон чөлөөт цагаа хамт өнгөрөөж байгаа хуучны хар зургууд манайд их байдагсан. Манай гэрийхэн ном их уншдаг хүмүүс байлаа. Намайг уншиж сурах үед гэрт минь арвин баялаг номын сан угтаж билээ. Тэр их номон дундаас шилж сонгон амтархан уншина.

Ээж минь намайг багад нас барсан болохоор би дүүтэйгээ эмээгийнхээ асрамжинд өссөн. Эмээ минь мал малладаг. Дүү бид хоёрыг тэжээх гэж уранхай хормойгоо ч нөхөх завгүй явдагсан. Яагаад ч юм одоо эргээд харахад зөвхөн тэр үед бүх зүйл хамгийн гэгээн, сайхан байсан санагддаг.

Ууж идэх өмсөх зүүх бүх зүйл хүрэлцэхгүй, хичээлдээ барих цүнх, өвөл өмсөх гутал ч үгүй тарчигхан жилүүдэд би мөрөөдөж сурсан. Тэр амьдрал дундаас шийдвэр гаргаж, шийдвэрийнхээ араас явах хатуужил, зориг суужээ гэж одоо боддог юм. Эмээ минь “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү тооц” гэдэгсэн. Хүний үгийг дааж сурах нь хамгийн чухал гэж өдөр бүр захидаг байсан ч би гомдомхой хүүхэд байж билээ.

-Уран бүтээлчдийн тэр дундаа зураач хүмүүсийн авьяас бага насанд нь илэрсэн байдаг. Таны хувьд эмээгээрээ үлгэр яриулж, ном уншиж өссөн чинь нөлөөлсөн болов уу?

-Би бага байхын яруу найраг унших дуртай хүүхэд байлаа. Тэнд жинхэнэ сувд эрдэнэсийн аралд байгаа мэт гайхамшгийг мэдэрдэг. Яруу найраг надад олон гайхамшигт агшин, учирлуудыг бэлэглэсэн. Миний амьдралын хувьд хамгийн чухал, нандин зүйл. Бичсэн шүлгүүдийг минь цуглуулж, унших дуртай залуутай гэрлэж, унших дуртай шүлгүүдийнхээ эзэдтэй анд бололцсон.

Багадаа баримлын шавраар их тоглоно. Энэ нь надад ёстой л сэтгэхүйн эрх чөлөөнийхөө ертөнцөд эрх дураар дургих орчин болдог байлаа. Бас зураг зурах дуртай гэж жигтэйхэн. Ээж минь сайн зурдаг хүн байсан юм. Тиймээс ээжийнхээ авьяасыг авсан юм болов уу гэж боддог. Шүлэг уншаад л, уншсан шүлгүүдийнхээ тухай зураад л байна. Ганц том дадал минь жил бүр өмнөхөөсөө илүү амжилтад хүрэх гэж хичээж, тэр чинээгээрээ бага ч болов ахилт, амжилт гаргаж сурсан юм.

-Сонирхлоороо зурдаг охиныг мэргэжлийн болгож хөгжүүлэхэд хэн туслав?

-Дүрслэх Урлагийн Дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. 1993 онд зураач Нарангэрэл багшийнхаа урланд орж суралцсан. Тэнд л би зураг зурах чадварыг эзэмшсэн дээ. Бийрийн урлах гайхамшигтай танилцуулсан багшийгаа хүндэтгэн, маш их баярлаж явдаг. Харин олон жил уулзаагүй багштайгаа саяхан европт уулзаж золгох завшаан тохиолдсон. Үнэхээр сайхан байсан.

-Зураачийн дипломоо өвөртлөөд ямар байгууллагын босгыг давж байсан бэ?

-1996 онд Урчуудын эвлэлд дагалдан зураачаар ажилд орж байлаа. Шартсан зураач ах нарын архи, пиво, тамхинд явдаг ажил хийж байсан, хэн ч тоохгүй хөөрхий охиныг Германд үзэсгэлэнгээ гаргах сургаар энд бөөн хэл ам болж байсан юм. Ер нь манай урлагийн тогоонд шинэ залуу уран бүтээлчид гарах бэрх шүү. Би зураачаас гадна нэгэн цагт худалдагч, чанар шалгагч, цэвэрлэгч, хүүхэд асрагч, бараа сурталчилгаа, багш хүртэл хийж явсан.

-Та европын нэлээд хэдэн улсад өөрийнхөө зургийн үзэсгэлэнг гаргасан байдаг. Тэр тухайгаа яриач?

-Би 2000 онд Герман улсад хэсэг хугацаагаар амьдарсан юм. Германд миний сайн найз амьдардаг. Найзынхаа буянаар Герман улсын бүхий л сайхан зүйлсийг үзсэн. Харин 2004, 2006 онд Германд үзэсгэлэн гаргасан маань их амжилттай болсон. Тэндхийн түүх, соёл, ёс заншил, хүмүүсийн амьдралын хэмнэл, сонирхол, хүсэл эрмэлзлийг мэдэж чадсан маань нөлөөлсөн байх. Одоогоор 300 орчим зургаа Германы зураг цуглуулдаг хувь хүмүүст худалдсан, тэдэнд хадгалагдаж байгаа.

Одоо амьдарч байгаа улсдаа болон европын зарим хотуудад жилдээ хоёр удаа үзэсгэлэнгээ гаргадаг. Уран бүтээлийг минь сонирхдог, шимтэн үздэг урлагт хайртай хүмүүсийн урам зоригоор шинэ бүтээлүүдээ туурьвиж байдаг даа. Миний авьяасыг олж харан, уран бүтээлийг маань дэмжиж, хотынхон  маань өөрсдийн зардлаар урлан гаргаж өгсөн.

-Таны бичсэн олон шүлгийг уншиж байсан. Шүлгүүдээ эмхэтгэж ном гаргасан уу?

-Баярлалаа. Би өөрийгөө яруу найрагч гэж дуудуулах дургүй. Гэхдээ шүлэг бичих дуртай, надад тайвшрал өгдөг учраас үнэхээр сайхан байдаг. Бичсэн шүлгүүдээ эмхэтгээд өнгөрсөн жил монгол хэлээр шүлгийн номоо гаргасан. Энэ ном миний сэтгэлийн хүүрнэлийн нэгээхэн хэсэг басхүү анхны уран бүтээл гэдгээрээ надад үнэтэй. Бүтээлд орсон төрөл бүрийн шүлгэн хэлхээ, зургийн гайхамшигт өнгөөр миний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг мэдэрч болно. Миний номонд эмээдээ зориулсан шүлэг олон бий. Мөн яруу тансаг хэллэгээр, хөгжим мэт уянгалах олон сайхан мөртийг анд найз нартаа, амраг хайртдаа, алдрай бяцхан үрсдээ зориулжээ. Би нэгэн цагт ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй хамт ажиллаж байснаараа бахархдаг.

-Ур чадвараа ганцхан үгээр тодорхойлооч?

-Санаанд бүх юм л багтаад байдаг юм. Санаанд буусан бүхнээ үг дүрсээр илэрхийлэхийг хүсдэг

-Гаргасан амжилт олонтой, гадаадад эх орныхоо нэрийг гаргаж яваа гэхэд та их даруу хүн юм?

-Би хүмүүст танигдаж, олны хараанд амьдрах дургүй. Амьдрал миний том шагнал. Гэр бүл минь тайван амгалан, үр хүүхэд минь эрүүл саруул байж би уран  бүтээлээ хүссэнээрээ хийж байхыг хүсдэг.

-Асрамжийн газрын хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж дуугарсаныхаа төлөө дарамт, халдлагад өртөөд аргагүйн эрхэнд гадаадад гарсан гэж сонссон. Энэ талаар ярьж болох уу?

-Миний амьдралд олон зүйл тохиолдож байсан. Одоо би амар тайван амьдарч, уран бүтээлээ хийж байгаа учраас өнгөрснийг сөхмөөргүй байна. Аз жаргалтай амьдарч чадах тэр хүчийг л миний амжилт гэж ойлгох болсон. Энэ амьдралдаа би  хайртай байдаг. Өдөр бүр амьсгалж, баярлаж, хайрлаж, уучлах нь хамаг бүхнээс илүүтэй чүхал зүйл. Ингэж оршиж чадах юм бол амжилт юм.

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 46 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 37 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 50 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 56 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

11 цаг 0 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 47 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 47 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин