Д.ОЮУНЧИМЭГ
Ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсан зарим асуудлын талаар “Өрсөлдөх чадвар, сургалт судалгааны төв”-ийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-Ирэх жилийн төсвийн ерөнхий байдлыг хэрхэн харж байна вэ. Өндөр алдагдалтай төсөв болчихлоо гэдэг шүүмжлэл гарч байна?
-Ирэх жилийн төсвөөс нүдэнд тусч байгаа зүйл нь төсвийн алдагдал. Ер нь жил бүр алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Энэ жишиг дахиад давтагдах нь. Төсвийн алдагдалд тэтгэвэр болон төрийн албан хаагчдийн цалингийн нэмэгдэл нөлөөлсөн гэжээ. Ингээд олон нийтэд байгаа мэдээллийн хүрээнд анализ хийхэд мөн л цалингийн нэмэгдэл голлох нөлөөг үзүүлнэ гэсэн байгаа юм. Нөгөөтэйгүүр, төсвийн алдагдалд бүтээн байгуулалтын зардал нөлөөлж байна. Мэдээж бүтээн байгуулалтад хөрөнгө зарцуулах хэрэгтэй боловч эдийн засгийн үр өгөөжийг нь чухалчлах учиртай. Хувь хүн, албан байгууллага аль нь ч байсан зайлшгүй гаргах зарлага гэж бий. Гэхдээ түүгээр дамжаад орох орлого, ашиг нь хэд байх вэ гэдгээ тооцоолдог. Тухайлбал, банк хэрэв хаа нэг газар мөнгөний машин тавих болвол хөл хөдөлгөөн хэр байх вэ. Орлого, зарлага нь ямар хэмжээнд хийгдэх вэ, зарцуулсан мөнгөө хэдийд нөхөн боломжтой вэ гэдэг нарийн тооцоолол хийсний үндсэн дээр тулгуурлан суурилуулах эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл улсын төсвийн батлахдаа ч нарийн тооцоо судалгааны үндсэн тулгуурлах хэрэгтэй. Мэдээж мэргэжилтнүүдийн урт хугацааны ажил, судалгаа шинжилгээнд үндэслэсэн гэдгийг нь үгүйсгэх гэсэнгүй. Мэргэжилтнүүдийн тооцооллыг улс төрийн нөлөөллийн хүрээнд хөөсрүүлэх явдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага тулгарсныг онцолмоор байна.
-Төсвийн орлогын төсөөллийг хэрхэн харж байна?
-Манай улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас хэт хамааралтай гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймээс төсвийн орлогын бүрдүүлэлтэд эрдэс бүтээгдэхүүний орлогыг хэрхэн төсөөлсөн бэ гэдэг зайлшгүй хүмүүсийн анхаарлыг татна. Жишээлбэл, ирэх жилийн төсөвт түүхий эдийн төсөөлөлд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт, газрын тосны экспортыг өмнөх жилүүдийнхээс өндөөр төсөөлсөн байгаа юм. 2017 онд манай улс жилийн туршид 33.4 сая тонн нүүрс экспортлосон. Харин энэ жилийн эхний есөн сарын байдлаар 27.4 саяыг гаргажээ. Магадгүй оны эцэст энэ тоо өсөх байх. Гэтэл ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлоно хэмээн төсөвт тусгасан байгаа юм. Энэ нь төдийлөн биелэх боломжгүй төсөөлөл гэж харж байна. Учир нь дэлхий даяар түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах хандлага бий. Нөгөөтэйгүүр, АНУ болон Хятад улсын худалдааны дайнаас үүдэлтэйгээр бидний төсөөлсөн хэмжээнд нүүрсээ гаргаж чадах уу гэдэгт эргэлзэж байгаа юм. Түүнээс гадна дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээгүй энэ үед энэ хэмжээний нүүрсийг экспортод гаргах боломжийг тодорхой тусгасан байх шаардлага гэж үзэж байна.
-Бүтээн байгуулалтад зарцуулах төсвийн талаар таны байр суурь?
-2019 онд орон нутагт нэлээдгүй бүтээн байгуулалт хийх төлөв ажиглагдаж байна. Мэдээж эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Харин соёлын барилга байгууламжид ихээхэн хөрөнгө зарцуулахаар төсөөлсөн байна. Тодруулбал, 57 соёлын барилгыг төсвөөс санхүүжүүлж барих юм байна. Үүнээс 27 нь шилжих буюу өмнөх жилүүдийн төсөвт суулгасан дуусаагүй барилга бөгөөд нийт 72 тэрбум төгрөг. Мөн энэ жилийн төсвөөс 28.8 тэрбум төгрөгийг дээрх санхүүжилтэд зарцуулсан байна. Харин ирэх онд 16 аймагт шинээр 30 соёлын чиглэлийн барилга байгууламж барих ажлыг багтаажээ. Үүнд зарцуулах төсөвт өртөг нь 52.5 тэрбум төгрөг, санхүүжих дүн нь 30.4 тэрбум төгрөг байх жишээтэй. Гэтэл соёлын төв баригдсанаар хэдэн айлын байрыг бий болгох вэ. Зардалаа ямар хугацаанд нөхөх вэ. Цаашид гарах урсгал зардал гэх мэт тооцооллыг олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Учир зарим соёлын төвийн барилгыг барих байж болохоор харагдаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Бугат суманд 300 хүний суудалтай соёлын төв барих нь. Гэтэл тухайн сумын хүн ам 3790, аймгийн төвөөс таван км-ын зайд оршдог юм байна. Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 240 хүний суудалтай соёлын төв барина гэжээ. Энэ сум аймгийн төвөөс 29 км зайд оршдог, нийт хүн ам нь 4209. Энэ мэтчилэн аймгийн төвтэй ойрхон байрлалтай зарим сумын соёлын төвийг барих шаардлагагүй гэж харсан. Мэдээж зарим аймгийн төвд барих Хөгжим драмын театрын барилга нь зайлшгүй хэрэгтэй байж болно. Хамгийн гол нь соёлын төвийг барьснаар хэдэн ажлын байрыг бий болгох вэ гэдэг чухал асуудал. Ялангуяа орон нутагт ажлын байрны хомсдол их. Тэгэхээр тухайн барилга байгууламжийг дагаад хэчнээн ажлын байртай болох вэ гэдгээ тооцоолох нь зүйтэй. Хэрэв тухайн сум орон нутаг бүтээн байгуулалтын ажил зайлшгүй хийх ёстой гэж үзвэл соёлын төвийн барилгаас илүүтэй музейн зориулалттай барилга нь зардлаа нөхөх боломж илүү байх болов уу. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилт тавьж буй энэ үед гадны жуулчдыг орон нутгаар дагуулаад явж байхдаа сумын онцлогийг харуулсан музей үзмэрийн газруудаар оруулснаар орлого олох боломж бүрдэнэ. Хатуухан хэлэхэд хүчээр төсөвт суулгаад эхлүүлсэн барилга хэдэн жилээр царцаж нурсан балгас шиг болдог. Цаг хугацаа алдах тусам өртөг, зардал нь өсдөг жишиг бий. Тиймээс ирэх жилийн төсөвт тусгасан соёлын барилгын асуудалд нухацтай хандах хэрэгтэй.
-Төсвийн орлого болоод зарлагад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь валютын ханшийн өсөлт. Тэгэхээр төсөвт төсөөлсөн валютын ханшийг хэрхэн харж байна?
-Манай улсын эдийн засаг бол “долларжсан” гэж болно. Учир нийт хэрэглээний дийлэнх хэсгийг импортын бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ нь валютын хэрэгцээг өсгөдөг. Хэдийгээр валютын ханшийг барих хэрэгтэй. Тодорхой төсөөлөх хэрэгтэй гэдэгт ч бодитоор төсөөлнө гэдэг хүнд асуудал. Яагаад гэвэл, дан ганц манай улсаас бус гадны хүчин зүйлээс хамаардаг учраас тогтмол дүн хэлэх боломжгүй. Ирэх жилийн байдлаар авч үзвэл валютын ханш өсөх хандлага ажиглагдаж байгааг эдийн засагч, судлаачид хэлдэг шүү дээ. Гэвч ханшийг өснө, буурна гэдгий олон нийтэд шууд зарлах боломжгүй. Магадгүй ханшийн мэдээллээс улбаалан энэ зах дээр хомсдол үүсэх эрсдэл бий. Энэ нь эдийн засагтаа ч, санхүүгийн салбартаа ч бүр цаашилбал нийгэмд ч сөрөг хандлагыг бий болгоно. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өснө гэдэг мэдээлэл гарвал валютын захад эрэлт үүсч, ханшийг хөөрөгдөл эрсдэл гарна. Мэдээж валютын ханш өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ нь эргээд ард түмний худалдан авах чадварт нөлөөлдөг хүчин зүйл. Нөгөө талдаа валютын нөөцөө тогтвортой барихын зэрэгцээ өсгөх шаардлагатай. Ингэснээр валютын ханшийг бууруулах боломж гарна. Гэхдээ манай улсад ийм тохиолдол гарч байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. Ер нь манайд аливаа бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг өсдөг боловч эргээд буудаггүй. Өсөх үед нь дэлхийн зах зээлийн ханшийн болоод түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлсөн байдаг. Харин тухайн нөлөө нь буурах үед Монгол Улсад бараа бүтээгдэхүүний үнэ нь өссөн хэмжээндээ тогтчихдог жишиг бий.
-Төсвийн зардал өсөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь улстөрчидтэй холбоотой гэдэг байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлж байна лээ. Таны хувьд?
-Сонгуулийн тойргийг жижиглэх нь оновчтой эсэхийг харах хэрэгтэй. Ялангуяа энэ нь төсөвт хэрхэн нөлөөлж байгаа судлах учиртай. Мэдээж улстөрчдийн хувьд дахин сонгогдохын тулд ямар нэгэн зүйл тойрогтоо хийхийг эрмэлзэнэ. Үүнд нь хөрөнгө мөнгөний асуудал тулгарна. Тэгэхээр санхүүжилтээ шийдэх арга замынх нь нэг нь төсөв болж байгаа юм. Мэдээж улсын хэмжээнд, орон нутагт бүтээн байгуулалт болоод зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийх нь зүйн хэрэг. Гэвч үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Орон нутагт үр өгөөжтэй юу. Хэдэн ажлын байр бий болгох вэ. Зардлаа ямар хугацаанд нөхөх вэ гэдгийг бодолцох учиртай. Түүнээс зөвхөн нэр төдий, тухайн тойргийн УИХ-ын гишүүн эсвэл улстөрч бариулсан, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдүүлсэн гэдэг “пайз” зүүхийн тулд өгөөжгүй зардал гаргахгүй байхад анхаармаар байгаа юм. Би дээр дурдсан шүү дээ. Аймгийн төвөөс 5-6 км зайд орших 3000 гаруй хүн амтай суманд 240-300 хүний суудалтай соёлын төвийн барилга зайлшгүй шаардлагатай юу гэдгийг бодох ёстой. Тэрхүү барилгад зарцуулах 1.1 тэрбум төгрөгөөр ажлын байрыг бий болгох, сум орон нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх ажлыг эхлүүлэх нь илүү өгөөжтэй. Ялангуяа хотжилтийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэхийн төлөө зорьж байгаа бол сум орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй болов уу.
-Төсвийн алдагдалд нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь цалингийн зардал юм болов уу гэж хараад байна л даа. Ялангуяа төрийн албан хаагчийн цалин нэмэх тухай асуудал хөндөгдөж байгаа энэ үед ажлын байрыг нэмэгдүүлэх тухай ярихаар?
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилга ашиглалтад орохоор ажлын байр бий болж төрийн албан хаагчийн тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тэдгээр ажилтнуудад төсвөөс цалин олгох болно. Ер нь улсын төсөвт зайлшгүй шинэчлэл хийх цаг болсон. Хэрэв бид алдагдлаа бууруулахын зорьж байгаа бол хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй. Одоогоор татварын багц хуулийг хэлэлцэх гэж байх шиг байна. Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалтын чиглэлээр юу хийх гэж байгаагаа тодорхой болгох учиртай. Монгол Улсын тогтвортой байдлаас үүдэн гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсныг хүн бүр мэднэ. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд төр үйлдвэр барих хэрэггүй. Бодлогын шийдвэрийг гаргаж түүнийг хэрэгжүүлэх боломжийг нь хувийн хэвшлийнхэн олгох ёстой. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэл болон бизнесийн салбараа зах зээлийн зарчмаар нь зөв бодлогоор удирдан залснаар төсөвт төвлөрөх орлогын хэмжээ өснө. Нөгөөтэйгүүр тогтвортой ажлын байр бий болгох хөшүүрэг болно. Үнэн хэрэгтээ хувийн хэвшилд тогтвор суурьшилтай ажиллаж, хөдөлмөрөө бодитоор нь үнэлүүлэн нийгмийн асуудлаа шийдвэрлүүлдэг болчихвол хүмүүс төрийн албан хаагч болох гэж улайрахгүй болов уу.
Эх сурвалж: www.polit.mn