
Б.ДАМДИН
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар тус газраас 2013 оны зургадугаар сарын 14-нд мэдэгдэж байсан. Ажлаа өгснийх нь дараахан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар АТГ-т шилжүүлээд байсан юм. Гэсэн ч Б.Энэбиш мөрдөн байцаалтын явцад оргон зайлж, сураггүй болжээ. Тэрээр хэдэн сарын өмнө хил давж яваад эргэж ирээгүй гэнэ. Одоогоор Б.Энэбишийг албан ёсоор эрэн сурвалжилж эхлээгүй байгаа аж. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг самосвал машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаад байсан юм. АТГ-ынхан Б.Энэбишийн дээрх үйлдэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдож байна хэмээн мэдэгдэж байсан билээ.