Х.Оюунболд
АНУ саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэрээр нэрлэсэн болон тус улсын Засгийн газартай холбоотой 210 хүнийг багтаасан хар жагсаалтыг гаргасан билээ. Тэгвэл Вашингтон үүнээс есөн хүнийг нь “АНУ-ын дайсан” гэж үзжээ.
Александр Бортников
Александр Васильевич Бортников Ерөнхийлөгч Владимир Путины засаглалын голлох хүмүүсийн нэг. Тэрээр хуучны ЗХУ-ын аюулаас хамгаалах алба КГБ-ын халааг авсан Холбооны улсын аюулгүй байдлын албыг удирддаг. Ерөнхийлөгч Владимир Путин КГБ-д өндөр албан тушаал хашиж байсан. Ерөнхийлөгч болсноосоо хойш зөвхөн төр, засгийн удирдлагын бүтцэд өөрийн итгэлтэй гэж үзсэн хүмүүсээ тавьсан билээ. Тэдний нэг нь Александр Бортников юм. Орон нутгийн сонинд 2007 онд түүнийг ОХУ-ын нууц агент асан тус улсын удирдагчдыг авлига авсан хэрэгт буруутгаж байсан Александр Литвиненкогийн үхэлтэй холбож бичиж байсан. ОХУ-ын хэвлэлд гарсан нийтлэлд Александр Бортниковыг Ерөнхий сайд Димитрий Медведевийн итгэлтэй, найдвартай залгамж халаа гэж бичиж байжээ. Тэрээр 1958 онд Пермд төрсөн. Төмөр замын инженер мэргэжилтэй, 2005 оноос далайгаар байгалийн хий болон газрын тос тээвэрлэдэг төрийн стратегийн “Совкомлофт” компанийн удирдах албанд орж ажиллаж эхэлсэн байна.
Сергей Наришкин
ОХУ-ын аюулгүй албаны өөр нэг дээд албан тушаалтан бол Сергей Наришкин. Тэрээр 2016 оноос гадаад дахь тагнуулын албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд В.Путины их эртний холбоотнуудын нэг юм. Тэднийг КГБ-ын албанд болон Владимир Путиныг 1990 оны эхээр Санкт-Петербург дахь захирагчийн албанд ажиллаж байхад танилцсан гэж үздэг. Сергей Наришкин энэ байгууллагыг удирдахаас өмнө Төрийн думын ордны даргаар ажиллаж байжээ. Харин 2015 онд түүнийг докторын ажлынхаа ихэнх хэсгийн санааг хулгайлсан гэж буруутгаж байсан юм. Гэвч тэр энэ мэдээллийг няцаасан байна.
Алексей Миллер
Алексей Миллер бол ОХУ-ын эрчим хүчний нөөцийг хяналтдаа байлгадаг. Тэрээр Санкт-Петербург хотод 1962 онд төрсөн. Төр, Засгийн байгалийн хийн том “Газпром” компанийн захирал. Энэ албыг 2001 оноос хойш хашиж эхэлсэн. Ерөнхийлөгч Владимир Путины засаглалын байр суурийг бататгахад хувь нэмрээ оруулсан хүн. Мөн түүний хүчээр энэ компани нь гадаадад өөрийн эзэмшлээ тэлсэн билээ. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд “Газпром” компани спортын салбарын ивээн тэтгэж ирсэн. Тэрээр ОХУ-д Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахад нөлөөлсөн гэдэг. Харин Ерөнхийлөгч Владимир Путин, Алексей Миллер нар Санкт-Петербургт танилцсан. Хэвлэл мэдээлэлд бичсэнээр тэд орон нутгийн Зенит багийн шүтэн бишрэгчид ажээ.
Игорь Сечин
Игорь Сечин газрын тосыг хариуцдаг. Тэрээр төрийн өмчит “Роснефть” компанийн тэргүүнээр ажилладаг. Мөн Европт эрчим хүч ханган нийлүүлэгчээс гадна дэлхийн түүхий нефть үйлдвэрлэгчдийн нэг юм. ОХУ-ын “Newsweek” сэтгүүлээс түүнийг 2009 оны улстөрчөөр нэрлэжээ. Түүнчлэн Игорь Сечинийг тагнуулын “Силовок” ажиллагаанд оролцсон хүмүүсийн нэг гэж үздэг. Мөн түүнийг аюулгүй байдлын албанд ажиллаж байхдаа Владимир Путины дэмжлэгээр хөрөнгөжсөн гэдэг.Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сард авлига авсан хэргээр буруутгагдсан эдийн засгийн яамны сайд асан Алексей Улюковын шүүх хуралд очиж мэдүүлэг өгөхөөс татгалзсан байжээ. Түүний энэ алхмыг ОХУ-ын төрийн үйл явцыг ажиглагчид тус улс дахь улс төрийн нууц гэж тайлбарласан байна.
Юри Ковалчук
ОХУ-ын банкны эзэн Юри Валентинович Ковалчук тус улсын шилдэг банкируудын нэг. Банк нь АНУ-ын тавьсан хоригт орсон байгууллагын нэг ажээ. Харин хэвлэл мэдээлэлд түүнийг Ерөнхийлөгчийн санхүүг барьдаг гэсэн байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Юри Ковалчук 2013 онд Ерөнхийлөгч Владимир Путины охины хуриманд байсан гэж мэдээлжээ.
Кирилл Шамалов
Тэрээр Владимир Путины хүргэн. Гэвч Кремлийн зүгээс түүнийг Ерөнхийлөгчийн бага охин Катеринатай холбоотой болсон талаар мэдэгдэл хийж байгаагүй ажээ. Кирилл Шамалов Катеринатай гэр бүл болох үедээ 31 настай бизнесмен байсан байна. Түүнээс хойш түүний хөрөнгө тасралтгүй өсөн нэмэгджээ. Хуримаа хийснээс хойш 18 сарын дараа Кирилл Шамалов ОХУ-ын нефть, химийн “Сибур” компанид хувьцаа нийлүүлсэн юм. Саяхан хийсэн тооцоогоор түүний “Сибур” компанид нийлүүлсэн хувьцаа гурван тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэр амжилтаа ерөнхийлөгчийн хүргэн болсонтойгоо холбож ярихаас үргэлж зайлсхийдэг.
Алишер Усманов
Тэрээр Их Британийн Премьер лигийн шилдэг багуудын нэг “Арсенал” багийн, бизнес, санхүүгийн төвийн эзэн юм. “Арсенал” багийн эзэн болсон нь түүний нэр хүндийг олон улсад дээшлүүлсэн билээ. Алишер Усманов худалдаа наймааны анхны гараагаа төрөлх нутаг Узбекистанд гялгар уутны үйлдвэрээр эхлүүлж байжээ. Хуучны ЗХУ-д гялгар уут ховордсон нь түүнд ОХУ-ын хамгийн хөрөнгөтэй болох боломжийг олгосон юм. Мөн тэрээр 2010, 2014 онд “Газпром” компанийг удирдаж байв. Түүнээс гадна харилцаа холбооны болон гангийн “Металлойнвест” компанийн хувьцааг эзэмшдэг. Тэрээр бизнесийн салбарт мэдрэмжтэй бизнесмен болохоо нотолж цахим хэрэглээний “Фэйсбүүк” компанид хөрөнгө оруулснаар тус компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг болсон юм.
Роман Абрамович
Роман Абрамович Лондон хотын хөлбөмбөгийн “Челси” клубын эзэн. Тэрээр Европын хөлбөмбөгийн ертөнц дэх ОХУ-ын тэрбумтнуудын хамгийн том төлөөлөл юм. ОХУ-ын баячуудын нэг тэрээр өв хөрөнгөнийхөө суурийг газрын тосны наймаа хийж эхэлснээр тавьжээ. Түүнчлэн 1990 онд “Сибнефть” компанид өөр нэг тэрбумтан болох Борис Березовскитой хамтран хяналт тогтоохоор ажилласан байна. Роман Абрамович 2005 онд “Сибнефть” компанийг төрийн өмчит компани “Газпром” компанид 13 сая ам.доллараар заржээ. Тэрээр одоо төмөрлөгийн салбарт ажилладаг. “Форбес” сэтгүүлд түүнийг долоон хүүтэй, 51 настайдаа ОХУ-ын хамгийн баян хүмүүсийн нэг болсон гэж бичжээ. Мөн дэлхийд хоёрт ордог хөлөг онгоцыг эзэмшдэг ажээ.
Димитрий Песков
Песков ОХУ-ын Засгийн газрын нүүр царай юм. Тэрээр Москвад 1967 онд төрсөн. Их сургуулийг дорно дахины түүх, орчуулагчаар суралцаж төгссөн. ЗХУ-ын үед Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. 2008 онд Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр томилсон байна. Харин шинэ албан тушаалд томилогдох хүртлээ гадаад харилцаанд өндөр албан тушаал хашиж байжээ. Тэрээр Москвад ногдуулсан ял шийтгэл хориг эсвэл зарим дайсагнасан мэдэгдэлд албан ёсны хариу өгөхөөс гадна хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх үүрэгтэй. АНУ-аас ОХУ-ын иргэдийг тэдний дайсан гэж үзэж гаргасан жагсаалтын талаар тэрээр “Бидний ОХУ-ын төр, засагт эзлэх байр суурь бага байсан ч сэтгэл хөдлөлөө илчлэхгүй байх нь чухал” гэсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин