Б.Болор-Эрдэнэ: Улс төрийн унасан нэр хүндийг залуус бид сэргээнэ

2018-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц,  боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл  санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнийг урилаа.   “УЛС ТӨРИЙГ ХАЖУУГААС НЬ ХАРЖ ШҮҮМЖЛЭХ БУС ГАР БИЕ ОРОЛЦОХ НЬ ЧУХАЛ”   -Би өмнө нь банк санхүүгийн салбарт долоон жил ажилласан. Түүнчлэн олон улсын, бизнесийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Иргэддээ тэгш боломж олгож, улс орноо тохинуулах, аюулгүй, амар тайван байдлыг хангах нь улстөрчийн  мөн чанар гэж боддог. Тиймээс 2016 оны орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсоноор улс төрийн үйл ажиллагаа маань эхэлсэн.  Улс төрийн нам нь төрийн эрх мэдлийг авах зорилготой хүмүүсийн нэгдэл бус тодорхой бодлого, үзэл баримтлал, үзэл санаатай институци юм. Иргэн хүний хувьд бид улс төрийн нөхцөл байдлыг дүгнэх, санаа бодлоо тодорхой төвшинд илэрхийлэх, шүүмжлэх, сайшаах, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр оролцдог. Тэгвэл бид дэргэдээс нь хараад шүүмжлэх, ярих хэлбэрээр бус өөрөө бодитоор гар биеэрээ оролцох нь илүү чухал.  Мөн хүсч байгаа ирээдүйгээ бий болгохын тулд гар бие оролцох нь хувь заяаныхаа эзэн байх боломжийг олгодог гэж ойлгож болно. Тиймдээ ч улс төрд идэвхтэй оролцож шийдэмгий алхмуудыг хийж байна. Өнөөдрийн ачааг нуруундаа үүрч, бяр суух нь өнгөрсөн үeийнхээ өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага гэж би ойлгодог. Хэн нэгэн улстөрч, хөрөнгө мөнгөтэй эрхэм биш эх орон, тусгаар тогтнол, үүх түүхийг бүтээж, өвлүүлж үлдээсэн ахмад үeэ нөмөрлөж байгаа гэж боддог. Бидний туулж ирсэн түүх үнэн худал, гуйвсан гуйвуулсан, төрийн ач холбогдлыг их бага гэж үзсэн алин боловч улс оршихын үндэс нь төр байх нь үнэн юм. Нэгэнт л улс байгаад төр нь оршиж байгаа бол төрийн бодлого, төрийн бодлогыг тодорхойлох хүмүүс байх нь зүйн хэрэг биз. Хэрэв та биш бол өөр хэн нэг нь Монгол төрийн бодлогыг тодорхойлж л таарна. Мэдээж нийгэмд олон ургалч санаа бодол, олон талын сонирхол, хүслийн нийлмэл шинжтэй байх нь ойлгомжтой. Тэр алтан дундажийг олж, үндэсний эрх ашгийг хангаж, ард иргэддээ тэгш боломжийг бий болгож чадвал төрийн үүрэг тэр байж болох юм.   “ЗАЛУУСЫН ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ БАЙДАЛ, АХМАД ҮЕИЙН ТУРШЛАГА  ДЭЭР ХӨГЖИЛ ОРШДОГ”
БЛИЦ Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ   Боловсрол:  
  • “Боловсрол цогцолбор сургууль
  • Сингапур улс Кембриж хэлний институт
  • ШУТИС-КТМС-ийн мэдээллийн системийн бакалавр
  • МУИС Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны магистр
  • АНУ Нью Иорк хот, Дейл Карнеги Академи, Sales Marketing academy дүүргэсэн.
  Ажилласан байдал:  
  • 2017 он Ардчилсан залуучуудын холбооныТэргүүн дэд ерөнхийлөгч
  • 2016 он Нийслэлийн Баянгол дүүрэг ИТХ-ын төлөөлөгч
  • 2015 он Монголын банкны холбооны дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн зөвлөлийн тэргүүн
  • 2016 он “Нэг үндэс” Дэлхийн монголчуудын зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 он Дэйл Карнеги Институтэд сургагч багш
  • 2007-2008, 2016 он Олон улсын судалгаа хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал
-Жон Кеннедигийн хэлсэнчилэн “Бид хийхгүй бол хэн хийх вэ. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ” гэсэн энэ үг энгийн боловч агуулга нь их өргөн. Өөрсдийгөө хөгжүүлсэн эс хөгжүүлсэн ч бидний нуруун дээр энэ улс үндэстний хөгжлийг тодорхойлох ачаа ирэх л болно. Дааж чадвал үндэстнээрээ урагш ахина. Эс бөгөөс үндэстнээрээ сөхөрнө. Урагш алхахдаа хол зам туулж болно эс бөгөөс хэд алхаад сөхөрч ч мэднэ. Тиймээс манай ахмад, дунд үеийнхэн залуу үедээ ээлтэй байх хэрэгтэй байна. Бусдад хөгжиж, илүү өндөрт гарах боломж олгож чадвал өөрийгөө ч тэр зэрэгтээ өндөрт гаргаж чадна. Ямар ч багш өөрийн шавийн эрдмээс үл хамааран шавьдаа хүндлэгдэн, өргөмжлөгдсөөр байдагтай адил. Залуу үеийн эрсдэл хийх чадвар, зориг, шинийг эрэлхийлэх байдал, эрмэлзэл ахмад үеийн туршлага, хуримтлуулсан мэдлэг дээр хөгжил оршдог нь жам ёсны зүйл. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр УИХ-д нэр дэвших насны хязгаарыг нь нэмэгдүүлэх тухай ярьж байсан. Энэ нь залуусын боломжийг хязгаарлаж байгаагийн жишээ. Олон байгууллага шилдгүүдээ тодорхойлохдоо ажилласан жилийг нь харгалзаж байгаа нь бас нэг парадокс юм. Яагаад илүү бүтээмжтэй, илүү санаачилгатай, илүү сайн ажилласныг нь урамшуулж болохгүй гэж. Тэглээ гээд залуус боломж олгохгүй байна гэж гомдоллохын оронд боломжийг бий болгох дээр илүү анхаарч чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд бид хичээх хэрэгтэй. Өөрсдийгөө хөгжүүлж, өв тэгш хүмүүжил, бие бялдар, оюун санаа, зан харилцаа, ёс суртахууныг дэмжин тэтгэж байх нь чухал. Аль усан боомтод хүрэхээ мэдэхгүй далайчинд салхи хүртэл тус болохгүй. Салхи хаашаа би тийшээ гэсэн хамхуул шиг байвал бидний хувь заяа хаа нэгтээ жалганд л дуусна.   “ЗАЛУУСАА ДЭМЖМЭЭР БАЙНА”   -Одоо цагт улс төржих гэдэг нь сөрөг агуулгыг илэрхийлдэг болжээ. Улс төрийн салбарт яваа залуусыг амар хялбар аргаар амьдрах гэж байгаа нөхөд мэтээр явцууруулан ойлгох байдал түгээмэл. Аргагүй дээ, улс төрийн ойлголт яаж шалан дээр унасныг л илтгэж байгаа хэрэг. Сонгуулийн үеэр 60 тэрбумын гэх асуудал нийгэм даяар л яригдлаа. Улс төрийн нам, улстөрчдийн амлалт хэрэгжихээ болилоо. Үүнээс болж улс төрийн салбарын нэр хүнд уналаа. Өнөөдөр Монгол төрийн залгамж халаа, төрийн мэргэшсэн, сэтгэлтэй, иргэн төвтэй хандлага бүхий ажилтнуудыг бий болгох. Үүний тулд тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсрол, батлан хамгаалах, эрүүл мэндийн салбарт улс төрийн томилгоо хийдэггүй болгох. Улс төрийн томилгоог хэн нэгэн мөнгөтэй нөхөр, даргын ах дүүс, хамаатан зэргээр сохроор харж томилох бус мерит тогтолцоог жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх нь чухал байна. Миний хүндэлдэг, хайрладаг олон улстөрч бий. Гэхдээ улс төрийн салбарын нэр хүнд унасан. Тиймээс залуус  улс төрийн унасан нэр хүнд, ойлголтыг буцааж байранд нь тавих болно. Улс төр бол улс гэрээ засах, хүн ардаа амар амгалан амьдруулах тухай ариун нандин ойлголт. Тийм болохоор шинэ үе, залуус улс төрд орж ирсээр л байх болно.Улс төрийн шинэ соёлын тухай ярьсаар, бодит болгохын тулд хичээл зүтгэл гаргасаар байх болно. Бодит үйлдлээрээ нэгэн цагт хүлээн зөвшөөрөгдөх үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн одоо бид ганцхан улс төр гэлтгүйгээр арай л дэндүү хуваагдаж, талцаж байна. Бидний цөөхөн монголчууд энэ байдлаараа хол явахгүй. Нэгдэж, нягтарч, бие биеэ хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Энэ байдал хаа сайгүй л байгаа болов уу. Аймаг улс төрийн шалтгаанаар эсрэг намын гишүүн эсвэл дэмжсэн залуучууд төрийн албанаас чөлөөлөгдөж, гудамжинд гарч байна. Бид амьдралдаа нэг намын гишүүн болсон л бол насан туршдаа хаяг зүүж адлагдана, ажлаасаа халагдана, ах дүүстээ хаягдана. Нам дотроо ч үзэл санааны зөрүү  байдал үүсвэл өөрийн талд өрөөлийн талд ч нүүргүй болсон олон залуу гишүүд хөөрхийлөлтэй. Энгийн парадокс нэг иймэрхүү л байна. Бодох л хэрэгтэй. Улс орныг хөгжүүлэх бодлого, стратегийг улс төрийн намууд өөрсдийн үзэл баримтлалд тулгуурлан судалж, төлөвлөж, хэрэгжүүлдэг. Тухайн бодлого нь зөв юм аа гэдгийг тайлбарлан таниулж, нотлон харуулж чадсан нь иргэдийн саналыг авч сонгогдсоноор хэрэгжүүлэх эрхээ олж авдаг. Өрсөлдөөн бол бодлогын өрсөлдөөн байж, өрсөлдөгчөө хурцалж, хариуцлагажуулдаг сайн талтай. Харин зөрчилдөөн, дайсагнал огт биш гэдгийг хүн бүр сайн ойлгох хэрэгтэй. Нэгэнт иргэдийн итгэлийг авсан бол төлөвлөсөн ажил, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ аль болох бүтээмжтэй, үр өгөөжтэй, хүртээмжтэй, чанартай гүйцэтгэлийг хангахад хүний нөөц, менежментийн арга хэрэгслүүдийг ашигладаг байх нь чухал. Харин улс төрийн намууд гишүүнчлэлгүй болох талаар зарим төвшинд ярьдаг, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс байдаг. Энэ талаар улс төрийн намууд, судлаачид сайн ярьж, хэлэлцэж, мэтгэлцвэл зүгээр байх.   “ӨНДӨР БАРИЛГУУД БИШ ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙДАЛ НЬ ХӨГЖИЛ ЮМ”   -Мэдээллийн технологи дахь хөгжлийг дагаад манай улсын иргэд дэлхийн төвшинд мэдээлэл авч, технологийн хэрэглээний ялгаатай байдал багасч байна. Ядаж л фэйсбүүкт холбогдож хоорондоо харилцаа холбоо үүсгэж, харилцааны бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлж байна. Ухаалаг гар утас, түүнд суурилсан олон зориулалт бүхий апплейкшн хүмүүсийн хувьд ердийн хэрэглээ болжээ. Саяхан Архангайн нутагт отор хийж яваа малчин залуустай таарахад фэйсбүүкийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохоо хэлж байлаа. Залуус өөрсдийн хүч бололцоог эрэлхийлэн гадаадад суралцаж, аялаж, дэлхийн төвшний боловсролыг олж авч байна. Сүүлийн жилүүдэд франчайз бизнесийн тоо нэмэгдэж, томоохон брэндүүд Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотод орчин үеийн оффисын барилга, орон сууц сүүлийн жилүүдэд их баригдаж, хэдэн жилийн өмнө Монголд ирж байсан жуулчид, хөдөө орон нутгийн хүмүүс хүртэл их өөрчлөгдсөнийг гайхан биширч байна. Хүмүүс тодорхой үзэл санаагаараа нэгдэн, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, дуу хоолойгоо илэрхийлэх байдал нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Олон төрлийн сонирхлын клуб, бүлгэмүүд бий болж байна. Харин нийгмийн хөгжлийн суурь тогтолцоог эрүүлжүүлж, сайжруулж, шийдээгүйгээс сөрөг асуудлууд нь ужгиран, даамжирч байгаа. Тухайлбал, нийгмийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүдэж цахим хэрэглээний донтолт, элдэв хүчирхийллийн золиос болох, оюун санаа, зан суртахуунд сөрөг нөлөөтэй мэдээллийг өсвөр насны хүүхдүүд авч байна. Мөн барилга орон сууц баригдаж байгаа ч газрын нэгдсэн зохион байгуулалт тааруу, эмх цэгцгүй байвал хөгжил гэж тодорхойлох нь зохимжгүй. Бид хөгжлийн асуудлыг хүндээ зориулж, иргэдийнхээ асуудлыг шийддэг байвал жинхэнэ утгаараа хөгжил гэж хэлнэ. Хүний хөгжил, нийгмийн ухамсарт чиглэсэн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бидэнд хариуцлага алга, бидэнд эерэг хандлага дутагдаж байна. Үүний тулд үндэсний ухамсарыг тодотгосон үйл ажиллагаа, хууль, эрх зүйн шинэчлэлт, сурталчилгаа идэвхжүүлэлтийн оновчтой арга хэлбэрийг хэрэгжүүлэх, боловсролын агуулгын шинэчлэл гээд цогцоор нь асуудалд хандах шаардлагатай. Бас нэмж хэлэх нэг зүйл нь иргэдийн оролцоо, санал санаачилгыг төрийн бодлого үйл ажиллагаанд тусгах, нэвтрүүлэх механизмыг бүрдүүлэх нь чухал. Бид эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхайг илүүтэй дэмжлээ гэхэд засаглал нь доголдолтой, ил тод бус, хариуцлагагүй, байгаль орчинд хортой, орон нутагт өгөөжгүй. Зөвхөн мөнгө ашиг бодсон хандлагыг нь өөрчлөхгүй бол хол явахгүй. Бид утаандаа дарлуулж байгаа нь өвөл болдог учраас биш. Байгалийн хий үнэтэй учраас биш, хотын хүн амын механик өсөлтөөс биш харин авлига, амин хувиа хичээсэн хандлагаас болж байна шүү дээ. Бид маш их хөрөнгийг утаагүй болгоход зориулсан хэдий ч утаа хэд дахин нэмэгдсэн. Авто замын түгжрэл хүртэл бидний тэвчээргүй байдал, бүдүүлэг оролцоо нөлөөлж байгааг анзаарч болно. Хэрэв хүлээцтэй, хүндэтгэлтэй, ажил, цагаа зөв төлөвлөөд сурчихвал амьдрал ямар хялбар болохыг бид мэдрэх байх даа.   “МОНГОЛЫН НИЙГЭМ ЧӨТГӨРИЙН ТОЙРОГТ ЭРГЭЛДСЭЭР БАЙНА”   -Улстөрчийн зорилго бол хүний төлөө л байх ёстой. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарт төрийн бодлого хүчтэй байж өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Улс төржиж болохгүй. Тогтвортой, урт хугацааны бодлого, стратеги энэ салбарт үгүйлэгдэж байна шүү дээ. Нөгөө талаар хүмүүс бид өөрсдийнхөө хөгжлийн асуудалд анхаардаг, оролцдог байх нь чухал. Өнөөдөр бид эрүүл мэндээ хамгаалахад хэр оролцоотой байгаа билээ.  Улаанбаатар хот утааны гамшигт ид нэрвэгдэж байна, ядаж л маск зүүх талаар наад захын зөвлөмжүүд өгч байхад бид яаж хандаж байгаа билээ. Эмчийн жоргүйгээр эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэх явдал элбэг байна. Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй суудлын олон төрлийн өвчин эмгэг үүсч байна. Мөн архи, тамхины зохисгүй хэрэглээ, мансууруулах бодис, элдэв төрлийн донтолт нэмэгдэж байгаа. Ухаалаг гар утасны зохисгүй хэрэглээнээс үүдэж нүдний хараа муудах нь нэмэгдсэн. Энэ мэтээр бид өөрсдийнхөө эрүүл мэндэд хэрхэн хандаж байна вэ. Иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний талаар шинэ судалгааг Харвардын их сургуулийн судлаачдын баг хийсэн байна лээ. Гол санаа нь эрүүл мэндээ хамгаалахад бусдад найдах бус иргэд өөрсдөө эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хамтрагч нь болох хандлагыг бий болгох шаардлагатай байгааг илтгэж байсан. Боловсролын салбарт ч ялгаагүй ийм л байдал ажиглагдаж байна. Боловсрол бол илүү үнэ цэнэтэй баялаг. Энэ салбарт хөрөнгө оруулалт, бодлого, инноваци, мэдээллийн технологийн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна шүү дээ. Нийгмийн бүх үеийнхэн боловсролын салбар дахь тогтвортой бус бодлогын туршилтын золиос болж болохгүй. Саяхан богино хугацаанд Монгол улсынхаа 21 аймгаар очиж, залуучуудтай уулзаж ярилцах таатай боломж гарсан. Өнцөг булан бүрт ажилгүйдэл үнэхээр асуудал болжээ. Ялангуяа, хөдөлмөрийн насны, эдийн засгийн баялгийг бий болгогч залуус маань ажилгүйдэлд нэрвэгдсэн байна гэхээр үнэхээр харамсалтай. Бид хөдөлмөрийн нөөц багатай улс. Дээр нь жилийн дөрвөн улиралтай тул эдийн засгийн томоохон салбар болсон уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, зам, барилгын салбарын үйлдвэрлэл эрс буурдаг нь нөлөөлж байж болох ч бидэнд хийх ажил их байна. Бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох чиглэлд төрийн бодлого, дэмжлэг хангалтгүй байгаа тал дээр залуус санаа бодлоо илэрхийлж байна. Гол ажил олгогч болох төрийн байгууллагууд нь асар их улс төржиж байгаа тул чадвар бус танил талаа харсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ үед чадварлаг хүний нөөцийг татаж чадаагүй төрийн албаныхан яаж ч зөв бодлогыг хэрэгжүүлэх билээ дээ. Ийм л чөтгөрийн тойрогт бид эргэлдсээр байна даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 0 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 5 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 10 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 57 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 57 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 46 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 17 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин