
Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Эн Си Эс” компанийн гүйцэтгэх захирал Д.Болорыг урилаа.
ЗАЛГАМЖ ХАЛААГ БҮҮ ТАСАЛ
Тухайн улсыг бизнесийн компанитай зүйрлэж ойлговол хөгжлийн гарц, үр дүнгийн тухай яриа илүү ойлгомжтой болно гэж боддог. Аливаа компанийн бизнесийн үйл ажиллагаанд оролцогч бүх талууд болох хөрөнгө оруулагчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага, ажилтнууд, хамтрагчид “Нэг зорилго, нэг санаатай” байж хамтын хүчин чармайлтаа нэгтгэн хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлж амжилтад хүрдэг.
Тиймээс, улс орны хувьд ч ялгаагүй Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлээ зөв тодорхойлон нийтээрээ хүлээн зөвшөөрч түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл, эрч хүч, идэвхи санаачлага, хяналт, хариуцлагатай байснаар хэрэгжих нөхцөл бүрдэх ёстой.
Монгол Улсын Их Хурал дахь нам эвсэл, салбарын яамд, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр бүтээгдэж, УИХ-ын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 19-р тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэх тухай төдийлөн ярихгүй байна. Миний хувьд, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил нь Төр засгийн зөв бодлогын залгамж, тогтвортой байдлаас шууд хамааралтай гэж үздэг. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын бичиг баримтлалаас хэдхэн зүйлийг зориуд иш татмаар байна. Тодруулбал, “Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ. Хөгжлийн бодлогоо бүх төвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшсөн байна” хэмээн заажээ. Гэтэл 2030 он болоход 12 жил үлдлээ. Мэдээж дээрх тоонууд “зүүдлээд” бичээгүй байх. Нэлээдгүй судалгаа хийж, боломж дээр үндэслэгдэж гарсан гэж үздэг. Иймд энэ хөгжлийн зорилтод хүрэхийн тулд хэн нэгнийг үгүйсгэхээс илүүтэй хэрхэн үргэлжлүүлэх вэ, яаж үр дүнд хүргэх вэ гэдэг чухал. Бидэнд маш их боломж байдгийг хүн бүр мэддэг ч ярих нь ихдэж, хийж бүтээх нь бага байна. Энэ мэтчилэн төрийн тогтвортой байдлыг хадгалах, залгамж халааг бэхжүүлэх талд манайхан алддаг. Улс төрийн шалтгаанаар төрийн албанд томилгоо хийх нь оновчтой шийдэл биш гэдгийг сүүлийн 26 жилийн турш харж байгаа ч алдаанаасаа суралцдаггүй. Тиймээс улсынхаа хөгжлийн тухай цаашид ярих ч төвөгтэй. Харин хэрхэн залгамж халаатай ажиллах вэ гэдэгт суралцах хэрэгтэй юм. Жишээлбэл, компани удирдахын тулд өмнөх удирдлагуудын хийж байсан зөв алхам, оновчтой шийдлийг үргэлжлүүлэхийг зорьдог. Ингэхдээ хэрхэн сайжруулах вэ, үр өгөөжийг нь өсгөх боломжийг яаж нэмэх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг. Миний удирдаж байсан компаниудын амжилттай ажиллаж ирсэн шалтгаан нь залгамж халаа, хөгжлийн бодлого, стратегиа тасалдуулахгүй үргэлжлүүлсний үр дүн юм.
КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ ХАМГИЙН ЧУХАЛ
Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээр олон зүйлийг шинээр олж мэдсэн. Гэхдээ алдаа, оноогоо дэнслэхгүйгээр цааш хөгжихгүй гэдгийг зарим талаар орхигдуулдаг. Учир нь хувь хүн өөрийн өмчтэй байж болох тэр боломжийг зарим талдаа буруугаар ашиглажээ гэж хардаг. Яагаад гэвэл, хувийн компани учраас зөвхөн эзэн ашиг хүртэнэ, эсвэл бүхий л эрх мэдэл эзэнтэй хамааралтай мэт ойлголт байсаар байна. Энэ нь эцсийн дүндээ компанийн сайн засаглалыг үгүй хийж, хөгжих боломжийг боомилдог талтай. Засаглалын талаар бүгд л сайн мэддэг юм шиг ярьдаг ч олонхи нь хэрэгжүүлдэггүй. Хэрэв дэлхийтэй хөл нийлүүлэн алхая гэвэл, олон улсын стандартууд болон удирдлагын шилдэг арга хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн бизнесийн соёл, ёс зүйд суралцах, хүнээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ер нь байгууллагын амжилтыг удирдлага нь, чадавхийг ажилтнууд нь тодорхойлдог юм. Гадны хөрөнгө оруулагчид орж ирснээр бизнесийн соёл, сайн туршлагууд манай улсад нэвтэрч, үүнийг дагаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн компанийн сайн засаглал хэрэгжиж байгаа олон жишээ бий. Тухайн компаний засаглал нь сайн байснаар удирдлагын үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдал сайжирч, үнэн зөв тайлагнал, итгэлцэл Хувьцаа эзэмшигчид, ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын хооронд үүсч нэг зорилго, нэг санаатай болон бизнесийн үр дүн, байгууллагын нэр хүнд сайжирч цаашлаад хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгох боломж ч бүрдэнэ.
Манай улсын хувьд төр ч адил дээрх зарчмаар ажиллан засаглалаа сайжруулан дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, оролцоогоо багасгаснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоно.
ҮНЭГҮЙДСЭН БОЛОМЖОО АШИГЛАЯ

БЛИЦ Одоо: Эн Си Эс компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Тус компани нь Бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Боловсрол: Дээд, Холбооны инженер, Удирдлагын Магистр, Ажлын туршлага: 1983 оноос Холбоо, Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байна. МЦХ ХК, Ньютел ХХК, Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК компаниудад Дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.Нөгөөтэйгүүр, эдийн засгаа төрөлжүүлж, чадавхижуулсны үр дүнд 2030 хүртэл төлөвлөсөн зорилтоо биелүүлэх боломж бүрдэнэ. Бид одоогоор хямарсан эдийн засагтай байхын зэрэгцээ зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамааралтайгаар амьдарч байна. Тэгвэл цаашид энэ замаар явах уу, бусад салбаруудаа хөгжүүлэх үү гэдэг сонголттой тулна. Манай улс 65 сая малтай, гурван сая хүнтэй. Гэвч бидний сайрхаад байгаа таван хошуу малаас гарч байгаа түүхий эд өнөөдөр ямар үнэ цэнэтэй байна вэ. Түүнчлэн газар нутгийн 80 хувь нь цөлжилтийн байдалд орж, малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч байгаа үед бид цаашид мал аж ахуйгаа хөгжүүлэх талд ямар бодлого хэрэгжүүлж энэ салбараа эдийн засгийн зөв эргэлтэд оруулах вэ гэх мэт тулгамдсан асуудлууд үүсч байна. Гэхдээ бидэнд шийдэл, гарц, боломжийг харуулсан олон бодит жишээ бий. Тухайлбал, саяхан хонины нэхий 500 төгрөг болсон. Гэтэл Монгол хонины нэхийг хятад иргэд элдэж боловсруулан АНУ-д гаргаж “World Marketplace” дэлгүүрт 110 ам.доллараар /275000¥ буюу 55 дахин их үнээр/ борлуулж байгаа талаар тус улсад амьдардаг нэгэн монгол иргэн цахим мэдээллийн хэрэгсэлд зураг, бичлэгтэй нь тавьсан байгааг олон хүн үзсэн байх. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал суманд сарлагийн сүүгээр дээд чанарын бяслаг үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ Францын VIP хэрэглэгчдэд өндөр үнээр /10 гр нь найман евро/ худалддаг Францын хөрөнгө оруулалттай жижиг үйлдвэр байдаг. Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амьдардаг Канад улсын хоёр иргэн махны чиглэлийн үхрийн эрчимжүүлсэн фермерийн аж ахуй хөгжүүлж эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нь Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн ресторанууд худалдан авч байна. Цаашид бизнесээ өргөжүүлж гадаадад экспортлохоор ажиллаж байгаа тухай ярьж байгаа юм. Мөн манай иргэдээс хушны цайруулсан самар хямд худалдаж аваад үйлдвэрийн аргаар цөмөн савлаж гадаадад өндөр үнээр экспортолдог хятад иргэд байдаг тухай сонссон байх. Эдгээр жишээ нь дэлхий даяар хүнсний хомсдол үүсч мал аж ахуй, газар тариалангийн экологийн цэвэр бүтээгдэхүүн улам үнэтэй болж байгаа энэ цаг үед бидэнд ямар их боломж байгааг харуулж байна. Бид гагцхүү эрүүл ахуйн шаардлага хангаж, боловсруулалт, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлт, гадаад маркетинг, Монгол брэндингээ хөгжүүлэх чиглэлүүдээр мэрэгжлийн туршлагатай компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах нь зүйтэй. Ингэснээр мал аж ахуй, газар тариалангийн бизнесээр гадаад зах зээл дээр амжилттай ажиллах ихээхэн боломж байна гэж ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, ядаж өөрсдийнхөө сайн хийж чадах бизнесээ дэлхийн зах зээл дээр Монгол Улсын брэнд бүтээгдэхүүн болгох ёстой юм. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЦААСАН ДЭЭР БУС ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭР МЭДРЭГДЭХ ЁСТОЙ Эдийн засаг өсч байна, хөрөнгө оруулалт нэмэгдлээ гэх тоон баримтуудыг төрийн албаныхан мэдээллэдэг ч тэр нь бодит хөрсөнд бууж байгаа эсэхийг хэлдэггүй. Үнэхээр эдийн засаг 5.3 хувь өссөн бол жирийн иргэдийн тэр дундаа захын хороололд амьдарч байгаа өнөөх Дондог, Дулмаагийн амьдрал энэ хэрээр өссөн үү гэдэг асуулт тавимаар байдаг юм. Жишээлбэл, 2030 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 17500 ам.долларт хүргэж одоогийнхоос 4.5 дахин өсгөнө гэсэн зорилт тавихад цаана нь иргэдийн дундаж орлого хэд болох вэ гэдэг чухал. Манай улс эдийн засгаа өсгөж, улсаа хөгжүүлэхэд АНУ, Европын Холбоо, Япон улсаас өгч байгаа гадаад худалдааны таатай боломжийг алдалгүй ашиглах учиртай. Тухайлбал, гаалийн татварын хөнгөлөлттэй олон мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сайн ойлгуулж таниулах ажлыг хийх шаардлагтай. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох нэг чухал хүчин зүйл бол эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогыг төрөөс чиглүүлэх хэрэгтэй. Одоогоор манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хараат бөгөөд энэ салбараас орж ирсэн орлогыг зөв зарцуулж, хуримтлал үүсгээгүйгээс гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унахаар эдийн засаг нь дагаад мууддаг. Энэ байдлаас гарахын тулд томоохон хөрөнгө оруулалт, хүний нөөц, бүтээгдэхүүнээ борлуулах гадаад зах зээл, бүтээн байгуулалтад шаардагдах урт хугацаа зэрэг бэрхшээл тохиолдоно. Тиймээс хүнд аж үйлдвэр хөгжүүлэхээс илүүтэй экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь илүү үр дүнтэй байх болов уу. Хөрөнгө оруулалтын судалгаа, зохицуулалтын тодорхой бодлого хяналт, хязгаарлалтгүйгээс зарим салбарт үр дүн муутай хөрөнгө оруулалтыг давхцуулан хийснээс эрэлтээс давсан нийлүүлэлтийг бий болгож зарим компаниудад дампуурах эрсдэл үүсдэг. Тухайлбал, барилгын салбарт 80000 гаруй орон сууц борлогдоогүй байна. Цементийн үйлдвэрийг олноор байгуулснаар эрэлтээ давсан нийлүүлэлтийг бий болгосон гэх мэт олон жишээг дурдаж болно. Харин санхүү, хөрөнгө оруулалтын боломжтой зарим компаниуд мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн болон стартапын компаниудад хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтыг нь төрийн зүгээс татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг урамшуулах бодлогоор дэмжвэл экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх өргөн боломж бий болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин