
Ч.ОЛДОХ
Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас “Эх хэлний тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг зохион байгууллаа.Энэ үеэр нэрт зохиолч, гүн ухаанч Д.Урианхайн байр суурийг сонирхлоо.
-Эх хэлний тулгамдсан асуудлаар судлаач, зохиолч, сэтгүүлч, багш нар гээд олон талын оролцоотой хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн ач холбогдлыг та юу гэж үзэж байна?
-Эх хэлний боловсролыг чухлаар тавьж ярьж байна. Энэ их сайн. Би бодохдоо хэлний боловсрол муу байгааг боловсролын тогтолцоо руу чиглүүлэхийг, өөрөөр хэлбэл гол урхаг тэнд байна гэж үзэхгүй байна. Монголчууд цөөхүүлээ. Бас их залуу. Хүн амын ихэнх хувь нь хүүхэд, залуус байгаа байх шүү. Тэгэхээр хэл ядуурч байгаа гол шалтгаан сургуулийн тогтолцоо, багш нарт байгаа юм биш, эцэг, эхчүүлд гол асуудал байна.
-Яагаад?
-Ихэнх нь хот руу шилжиж ирээд суучихсан. Гэтэл монгол хэлний маань гол баялаг болж байгаа нүүдлийн соёл иргэншил, хэл, сэтгэлгээ, доктор Ч.Жачингийн хэлсэнчлэн монгол мэдрэхүйгээс холдсонтой холбоотой. Хүн амын ихэнх нь суурин иргэншилд шилжиж байна шүү дээ. Байгалиасаа, бурхан шашнаасаа,ахуй соёл, мэдрэхүйгээсээ салсан нэг үгээр хэлбэл, гадаад ч үгүй, дотоод ч үгүй эх эцгүүд байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэл заана гэхээс илүү эцэг,эхчүүд, ард иргэддээ монгол хэл, ухааныг зааж, сэтгэлгээний гүнзгийрлийг монгол хөрсөн дээрээ тавьж өгмөөр байна.
-Бас хүүхдүүд, залуу үе ном уншихгүй байна гэж судлаачид шүүмжилсэн?
-Унших зүйл бас чухал л даа. Хэлний шим шүүс юунд хагалагддаг вэ гэхээр бичгийн уран зохиол, утга зохиолд л хадгалагддаг. Монгол хэлний эзэн бие, үйл үг,өгүүлэхүүн гээд ярьдаг, тэр бол сэтгэлгээнийх. Дэлхийн сонгодгуудыг монгол хэлэндээ яруу тодоор орчуулсан зохиолуудыг унших хэрэгтэй. Харамсалтай нь уншихгүй байна шүү дээ. Тэрийг би давтаж, дэмий зүйл яриад яахав. Ер нь эх, эцгүүдийг монгол хэлтэй болгоё. Эцэг эх нь ч хэлгүй, хүүхдүүд нь ч хэлээ мэддэггүй. Ингээд хөөрхий багш нар, боловсролын тогтолцоо руу мууг чихдэг, нулимдаг байж таарахгүй. Энэ өрөөсгөл юм.
Эх сурвалж: www.polit.mn