Д.ЦЭРЭННАДМИД
Дожоогийн Цэдэв гэдэг эрхмийг манай сонин “Хүн судар” гэдэг шинэ буландаа анхны зочноор урьсан юм. Тэгээд ярилцлагынхаа эхэнд эрдэмтэн зохиолч, судлаач энэ хүний тухай хэлбэл хар багаасаа уран зохиолд шимтэн дурлаж бичиж туурвих замаасаа хэзээ ч хазайлгүйгээр бараг л жижгэвтэр номын сан байгуулчихаар арвин их бүтээлийн эзэн болсон хүн юм билээ л дээ.
Тиймийн учир эхлээд Д.Цэдэв гэж хэн бэ гэсэн асуултад бэсрэгхэн хариулт өгье гэж бодов. Түүний намтарт тун даруухан бичлэг бий. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынх. 1956 оноос бага сургуулийн сурагч ахуй үеэсээ шүлэг зохиол бичиж эхэлсэн. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч, судлаач С.Буяннэмэхийн болон Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монголын нууц товчооны билгэдэл зүй” сэдэвт зохиолоор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан гээд өөрийнх нь бичсэн энэ намтар богино ч гэлээ цаана нь Дожоогийн Цэдэв гэдэг хүн харагдаж байдаг.
Ер нь хүн гэдэг бодьгалын хувьд зарим нэгэнд хачин гэмээр бодогдож мэдэх хүн л дээ Цэдэв гуай. Элдэв магтаалын үгийг бол сонсох тун дургүй бололтой юм билээ. Өөрийг нь нүүрэн дээр нь магтаж байхад ерөөс хөөрч баясахгүй бүр байтлаа буруутан мэт царайлна гээч.
Цэдэв гуай үзэл бодлын зарим тал хаалттай өмнөх нийгэмд өөрийнхөөрөө байж чадсан. Харин цаг наргүй бичих, туурвихын хажуугаар илүү дутуу үгтэний атаа жөтөөнд өртөж матуулж, муулуулж явсандаа сэтгэлийн хат, ухааны цөлх суусан хүн юмсанж. Тийм болоод харыг цагаан, хатууг зөөлөн, халууныг хүйтэн гэх өнөөгийн ойлгомжгүй нийгэмд ч Цэдэв Цэдэвээрээ л явна. Энэ хүний бүтээлийг тоочоод баршгүй ээ. Шүлэг найргийн дөрвөн ном, 200 гаруй тууж, өгүүллэг, кино, 100 гаруй дууны үг, дээр нь судалгааны бүтээл олон арван боть байдаг. Үүнийг бодохоор Цэдэв гэдэг хүнд бүтээхгүй, туурвихгүй цаг гэж байхгүй юм даа гэж болно.
Д.Цэдэв гуай шүлэг зохиол бичээд л түүнийгээ ном болгон хэвлүүлж суудаг жирийн нэг зохиолч биш ээ. Монголын уран зохиолын их өвийг хойч үедээ үлдээх гэж байнга бодож эрэлхийлж явдаг их холын хаялагатай ухааны эзэн юм. Тийм болоод л их хүмүүсийн эх бичвэрт хийсэн судалгааныхаа үндсэн дээр олон арван ном бичиж. Тэр дотор Монголын орчин үеийн уранзохиолын гол төлөөлөгч Д.Нацагдоржийн зохиолын бүрэн эмхэтгэл, Ц.Дамдинсүрэнгийн зохиолын тухай судалгааны таван боть, С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” нэртэй дөрвөн боть гэж бий. Цаашлаад үе үеийн зохиолчдын зохиол бүтээлийг Цэдэв гуайд уншаагүй судлаагүй ном ховор байх шүү. Тэр бүхнийг нь бүрэн баринтаглачих юм бол Монголын уран зохиолын түүхийн асар зузаан боть ном болохсон билээ.
Эрдэмтэн зохиолчийн маань мэдлэг, оюуны авдрыг бүрэн уудалбал Монголбанкны сан хөмрөгт хадгалагдаж байдаг их алтнаас үнэтэй юм бий биз ээ. Түүнээс нь өчүүхэн ч атугай хэлтэлж уншигчиддаа хүргэх санааны үүднээс ярилцлагаа толилуулмуу.
-Та сайхан намаржиж байна уу? Намар гэдэг налгар улирлын тухай ярилцлагаа эхлэх үү? Зохиолч, яруу найрагчид бүтээлдээ намрыг тусгаагүй нь ч байхгүй биз ээ?
-Сайхан намаржиж байна. Намар нь малчид өвс хадлангаа базааж, тариаланчид ургацаа хурааж, төв суурин бүхэнд хичээл сургууль эхэлж, ер нь хөлтэй бүхэн хөлхөж байдаг үе. Уран бүтээлчид ч гэсэн шинэ бүтээлийн дээжээ олондоо барьдаг л цаг. Миний хувьд олны танил хэд хэдэн бүтээлийг хөглөж өгсөн болохоор намрын улирлыг авъяасыг сэргээж, онгодыг дууддаг гэмээр санагддаг.
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан
Ай даа, намар цаг
Алтан сайхан цаг
Ай даа, намар цаг
Амьдрал тэтгэх цаг....
гэсэн шүлэгт маань олон бүтээл дээр хамтарч ажилласан хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ая хийж, олон дууг маань амилуулсан дуучин Б.Зангад анх түмний түгээл болгож өгснөөр “Алтан намар” хөгжмийн наадмын сүлд дуу болж дуурссан нь бас л намар цаг.
-Зохиолч яруу найрагч болох зам сонгоход чинь нөлөөлсөн зүйл юу вэ?
-Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын бага сургуульд сурч байхдаа цээжилсэн шүлгээ тайзнаас хөдөлгөөнтэй уншдаг, шинэ жилээр өвлийн өвгөн аавын дагуулсан араатны нэгэн баг өмсч тоглож байсан минь уран сайхны сэтгэлгээнд татагдаж байсных болов уу? Мөн аав минь найр наадамд уртын дуу дуулдаг байсан болохоор түүнийг нь би зөвхөн чихээрээ биш зүрхээрээ сонсдог байсан минь бас л яруу сайхны сэтгэлгээнд ойртож байжуу дээ гэж бодогддог.
-Таныг Чингис гэдэг шүлэг бичиж тухайн сэдэв хаалттай байх үеийн сонорыг хөндөж байсан гэж сонссон юм байна.
-Чингисийн мэндэлсний ойг тэмдэглэх нам, засгийн шийдвэр гарч тухайн сэдвээр олон авъяастнууд үзэг цаас нийлүүлсэн байх. Тэдний нэгэн адилаар би “Чингис” гэсэн нэлээд урт шүлэг бичиж “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга Өвгөөдэй хэмээх Ц.Дамдинсүрэн гуайд үзүүлсэн юм. Өгүүллэг шүлгийг минь байнга хэвлэлдээ тавьдаг байсан Ц.Дамдинсүрэн гуай
“Чингис-
Давруулж магтлаа ч гэсэн
тэнгэрт нисэхийг өнгөрсөн
Чингис-
Давтаж дарлаа ч гэсэн
газарт шургахыг өнгөрсөн...”
гэж эхэлсэн шүлгийг минь удаан гэгч уншсаны эцэст энэ удаа Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлгийг хэвлэх юм дуулдсан. Чи наад шүлгээ аваачаад хадгалчих” гэж зөвлөсөн юм. Тэгэхэд “гайгүй шүлэг биччихсэн” гэж би бодсон болохоороо дотроо дурамжхан байсан ч гэсэн өөр хэвлэлд хандаагүй минь зөв болсон. Хэрвээ “Чингис” шүлгийг минь “Цог” сэтгүүл болон аль нэг сонинд хэвлэчихсэн бол ямар уршиг дагуулах байсныг таахад бэрх. Тэр бүхнээс Өвгөөдэйн намайг аварсан ачийг одоо хүртэл би мартдаггүй.
-Таны залуу үед зохиол бүтээл нь содон, амьдралын зам нь сонин олон уран бүтээлч байсан байх. Энэ тухай жаахан хөөрөлдөх үү?
-Би бол 1950-иад оны үеэс утга зохиолтой амьдралаа холбосон болохоор нилээд зүйлийг үнэнээр гэрчилж чадна. Бидний үед амьдарч туурвиж байсан сонирхолтой олон хүний зарим содон үйл явдал зохиолын түүхийг уншигчдын хүртээл болгох талаар зарим нэгэн алхам хийсэн. Үүнд: Уран бүтээлийн ид оргилуун үедээ хорвоогоос хальсан Банзрагчийн Жамдын “Сэтгэлийн нууц” түүврийг тухайн үед нь удиртгалтайгаар хэвлүүлсэн. Мөн Рэнчиний Чойномын “Гал морин цаг” шүлэглэсэн романыг дэлгэрэнгүй удиртгалтайгаар хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. Тэдгээртээ тухайн уран бүтээлчдийн хувь заяа жаргал зовлонг аль болохоор багтааж өгүүлэхийг эрмэлзсэн билээ.
-Таныг зохиолчдын хороонд ажиллаж байх үед Б.Явуухулан, С.Дашдооров, Д.Пүрэвдорж гээд л мундаг зохиолчид зохиол бүтээлээ туурвиж байсан байх. Тэдний тухай гэгээн сайхан дурсамж их л байх даа?
-Таны нэр дурдсан хэдэн хүнээр үл барам үе үеийн төлөөлөгчид бүтээлээ ид туурвиж байсан. Зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байх үедээ С.Удвал, Ж.Пүрэв, С.Дашдэндэв, Б.Бааст, Д.Тарваа, Д.Наваансүрэн, Б.Явуухулан, Д.Мягмар, С.Дашдооров, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Ж.Бямбаа, Д.Цоодол, Д.Урианхай, Д.Батбаяр Д.Давааням, Ч.Дагвадорж, С.Пүрэв, Ц.Нацагдорж, О.Дашбалбар, Н.Энхбаяр, Х.Мэргэн... гээд ахмад, дунд, залуу үеийн авъяас билэгтэн нартай түүхэнд дуурсагдах олон ажилд хамтран оролцож зохион байгуулж байсан даа. Үүнд: 1978 оноос Монголын утга зохиолын өдрүүдийг жил алгасахгүйгээр бараг аймаг бүрт, 1981 оноос Д.Нацагдоржийн яруу найргийн баярыг хоёр жил тутамд түүний төрөлх нутаг Багануур, Баяндэлгэрт болон Ази Африкийн зохиолчдын болон Монголын утга зохиол орчуулагчдын олон улсын анхдугаар уулзалт, Зөвлөлтийн утга зохиолын өдрүүд. М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн өдрүүд зэрэг улс даяарыг донсолгосон олон арга хэмжээ болж байсныг би бас санаж байна. Үүний дүнд манай зохиолчид аймаг орон нутгаар явж олон зохиолын санаа сэдэв олсон намтар түүх бий. Өвөрхангайд болсон утга зохиолын өдрүүдээс Д.Намдаг зохиолч “Хангайн нуруунд” жүжгийнхээ санааг, Дундговь аймагт болсон утга зохиолын өдрүүдээс Б.Явуухулан “Морь” шүлгийнхээ санааг, Ховд аймагт болсон утга зохиолын өдрүүдээс Д.Пүрэвдорж нэгэн туужийнхаа санааг тус тус олж, түүнээ баяжуулан шинэ бүтээл болгосон түүхийг би мэднэ.
Энэ мэтчилэн асуудлыг богино ярилцлагад багтаах аргагүй. Харин миний бичиж дуусч байгаа “Галын дунд сэрүүнгүй” хэмээх дурсамжийн номоос уншвал илүү тодорхой болно байх.
-Таны бичсэн хүүрнэл зохиолуудын дундаас хүний сэтгэлд хүрсэн нэг бүтээлийн тухай онцолж ярилцъя гэж бодож байна. “Улаан хамбан зодогт буюу тавын даваа” туужаа хэрхэн бичсэн бэ?
-Би бол монгол хөвгүүдийн адил хар багаасаа бусадтай ноцолдож, тэр ч битгий хэл сумын наадамд зодоглож үзсэн хүн. Тийм болохоор би бөхийн хувьд мэдлэгтэй гэж өөрийгөө бодож явдаг. Монгол улсын номын сангийн сан хөмрөгт он удаан жил суухдаа их монгол Шаравжамц гэдэг бөхийн 1945 оны 7 сарын 13 ны намтрын бичмэлтэй танилцсан. Монголын алдар цуутай тэр бөх нас ахьсан үедээ улсын баяр наадамд зодоглож хэд хэд давсан юм билээ. Үүнээс сэдэв санаа авч улсын баяр наадамд даваа бүртээ өмнөх үеийн барилдааныг дурсан санаж улмаар тав давж, ивгээлт тэнгэрт идээний дээж өргөн, алтан соёмбот тугаа тойрон дэвж байгаа ханхир өвгөний дүрийг бүтээхдээ насан өндөр болсон боловч эр хүний хийморийн далбаа гудайдаггүй гэсэн санааг илэрхийлсэн юм. Уг туужийг Шаравжамц гуайн төрөлх нутаг ус гэж болохоор эдүгээгийн Өвөрхангай аймгийн дэвсгэр дэх Хужиртын рашаан сувилалд ангийн найз Ж.Чойжилсүрэнгийн хамт амарч байхдаа бичиж бичлэг бүрээ дор дор нь уншиж түүний зөвлөлгөөгөөр засаж залруулж байж билээ. Уг туужаар зохиолч Ж.Бямбаа Мэдээлэл радио, телевизийн улсын хороонд ажиллаж байхдаа хөгжимт нэвтрүүлэг хийсэн нь олон жилийн турш улсын наадам бүрээр радиогоор нэвтэрч олны хүртээл болж байсан. Тэр бичлэг МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгт байгаа байх аа.
-Бас аль нэг дууны бүтээлийнхээ төрсөн түүхийг сонирхуулбал ямар вэ?
-Би энэ удаа хөгжмийн зохиолч Ч.Сангидоржтой хамтарч хийсэн “Түмэндээ өргөх дуу” төрсөн түүхээс сонирхуулъя гэж бодож байна. Ч.Сангидорж хүн эмнэлгийн сургуулийг эм найруулагчийн мэргэжлээр төгссөн, эмийн сангийн эрхлэгч хийж явсан, эхнэр нь эмнэлэг, сувиллын газарт ажилладаг мэтээс үүдэж Ч.Сангидорж бид хоёр эмчийн тухай дуу хийхээр тохирсон юм. Эхлээд би “БНМАУ-ын хүний эмчийн тангараг” олж уншив. Түүнд “Хүнийг асран хайрлах, үнэн цагаан сэтгэлээр өргөсөн энэ тангаргаа хэзээд ёсчлон биелүүлэхээ батлая” гэсэн үг байв. Үүнээс үүдэж
“Андгайлж өргөсөн
Ариун тангарагтаа үнэнч явнаа би...”
гэсэн мөр сэтгэлд ургасан юм. Үүнийгээ эмчийн дуу болгоё гэхлээр тодорхой нэгэн мэргэжлийн хүрээнийхэнд зориулсан мэт санагдсан тул Сангидоржтой дахин зөвлөж дууны утга санааг өргөтгөхөөр тохирсон юм. Тэр үес гадаадад хөгжмийн сургуульд суралцаж байгаад ирсэн Ч.Сангидорж “Хүн ард минь надад итгээрэй” гэж хэлэх нь түүний амьдралаас ургасан санаа байв. Үүгээр шүлгийн бадгийн бүтэц, утгын уялдааг тохируулж уг дууны дахилтыг:
“Аав минь та үрээ хараарай
Андгайлж өргөсөн
Ариун тангарагтаа үнэнч явнаа би
Аав минь та наддаа итгээрэй” болгов.
Энэ нь хэн байлаа ч, ямар ажил алба хашиж явлаа ч гэсэн хүн өөрийн чиглэсэн сонгосон үйлстээ баяртай, үнэнч, урамтай яваагаа аав, ээждээ, ард олондоо “хараарай”, “итгээрэй” гэж омог бардам хэлэх л учиртай гэдгийг агуулсан юм. Энэ утгыг Сангидорж хөгжмийн хэлээр хүчтэй гаргаж чадсан билээ. Энэ дууг эхэлж дуучин П.Адарсүрэн Монголын радиогоор дуулж хэдэн удаа зааж байсан бас Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Банзрагч их л цараатайгаар дуулж 1974 оны наймдугаар сарын 20-нд радиод бичүүлсэн юм. Энэ дуугаа Ч.Сангидорж бид хоёр ярьж тохироод Монголын радио өргөн нэвтрүүлгийн 40 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд өгсөн юм. Уул дууг Д.Банзрагчийн дуулснаар уралдааны тэргүүн байр эзлүүлснийг би хөдөө орон нутагт амарч байхдаа сүүлийн үеийн мэдээгээр анх сонсож билээ.
Уг дуу Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос 1990 онд хэвлэсэн “Үүлэн цэнхэр хангай” номд нотын хамт хэвлэгдэж, хил алхсан түүх бас бий. Омог бардам, онгодтой дуучин Д.Банзрагчийн дуулснаар өргөн олны хүртээл болж урын санд нь хүндтэй байр эзэлсэн энэ дууг сонсогч бүр, дуулагч бүр өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг юм билээ.
“Ээж минь та үрээ хараарай
Итгэж сонгосон
Эрхэм үйлстээ баяртай явнаа би
Ээж минь та надад итгээрэй”
гэж уйлангаа дуулж байгаа хүнтэй би тааралдаж ямар хүчтэй дуу болохыг нь гайхсан” гэж зохиолч Т.Галсан “Төв халхын төвшин төгөлдөр хэн бэ?” гэсэн сэтгэмждээ бичснийг (2000.7.18) би нэгэнтээ уншсаан!
-Монголын үе үеийн томоохон уран бүтээлчидтэй ойр ажиллаж байсан хүний нэг нь та. Соёлын яам, Соёл урлагийн их сургууль зэрэг урлаг соёлын гэрэл гэгээ цацарч байдаг газруудад алба хашиж байсныг чинь би мэдэх юм. Энэ бүхэн таны уран бүтээлд яаж нөлөөлж байсан. Энэ талаар...
-Соёлын яаманд ажиллаж улс орны өмнөө барьдаг дуучид, жүжигчид, бүжигчдийн дунд он жилийг өнгөрөөсөн минь миний уран бүтээлд ялангуяа дуу хөгжмийн уран бүтээлд их нөлөөлсөн. Тэр үедээ С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Д.Мяасүрэн, Д.Бадарч, П.Хаянхярваа зэрэг ахмад болон Д.Жанчив, Ж.Шараа, Г.Алтанхуяг, Г.Чойжилжав, Х.Сэргэлэн, З.Батсүх, Ц.Батчулуун, М.Булган, Д.Баттөмөр зэрэг авъяаслаг залуустай ганзага нийлж явсан минь бас л аз. Тэдгээр уран бүтээлчидтэй хамтарч хийсэн 41 дууны түүхээр “Дуусашгүй дуу минь” ном (2003, 2005) хоёр удаа хэвлүүлсэн. Одоо “Дуусашгүй дуу минь” номын хоёр дахь ботийг бас 41 дууны түүхээр бэлтгэж байгаа. Мөн Монголын Соёл урлагийн их сургуульд Д.Пүрэвдорж, Г.Хайдав, М.Найдалмаа, Д.Банди, О.Ичинхорлоо, Р.Уртнасан, Ц.Гантөмөр, Н.Сувд, Ж.Лхамхүү, Т.Сэр-Од зэрэг ахмад дунд үеийн уран бүтээлчидтэй хамтарч монголын урлагийн хойч үеийг бэлтгэх их өргөөг өөд татах гэж зүтгэж явсан он жилүүдээс урлаг соёлын гэрэл гэгээ үнэхээр л цацарч байсан даа. Эдгээр уран бүтээлчидтэй санаа сэтгэлээ нээлцэн хамтарч ажиллаж байсны үр дүн бүтээлд минь тодорхой хэмжээнд туссан юм.
-Танаас алдартай хүмүүсийн талаар асуугаад байгаагийн учир гэвэл нэг хүний түүхээс монголын түүх бүтдэг гэж болно. Тэр дотор Монголын уран зохиолын түүх хэн нэг зохиолчийн түүх намтраар бүрэн гүйцэд болох байх гэж бодсных доо?
-Таны асууж хэлдэг үнэхээр зөв. Монголын бичгийн хүмүүс тэдний бүтээлийн хувь заяа монголын түүх соёлтой олон шижмийн уялдаатай. Тиймээс бичгийн хүмүүсийн түүхийг үнэнээр нь бичвэл Монголын оюунлаг сэхээтний түүхэн замнал ч бүрэн бүтэн болно. Хувь хүмүүсийн намтар түүх, байр суурийг гаргахдаа эсвэл цагаанаар эсвэл саарлаар, эсвэл хараар будах хэтрүүлэл харагддаг. Үүнээс л зайлж чадвал үнэн үнэнээрээ, түүх түүхээрээ болж харагдана даа.
-Д.Намдаг, Ц.Цэдэнжав, Ц.Уламбаяр, Ч.Чимид, Ч.Лхамсүрэн гээд таны ярьж болох зохиолчдын нэр цаашид ч олноор хөврөнө байх.
-Өөрийн чинь нэрлэсэн хүмүүсийн дотроос гурван хүний тухай товч өгүүлье. Манай ахмад зохиолч Донровын Намдаг гуайтай нэгэн уулзалтад таарч Улсын их сургуулийн оюутан байх үеэсээ гэр орноор нь долоо хоног бүрийн ням гаригийн өглөө театрын хашаанд байх монгол гэрт нь очиж зохиол бүтээлээ уншиж зөвлөгөө авдаг байсан. Миний уншсан болгоныг сонсоод “болно, болохгүй” гэж хариу үл хэлнэ. Энэ нь сэтгэлд хүрч чадаагүйн гэрч гэж би ойлгодог байсан. Намдаг гуай миний бичсэн сэдвийг сонсуут “амьдрал ийм байдаг” гээд өөрийг яриад эхэлнэ. Үүнээс нь амьдралыг гүнзгий тусгаж чадаагүйгээ би ойлгож авна. Ийм маягаар олон жилийг өнгөрөөсөн ч Монгол улсын төрийн шагналыг жүжгийн зохиолоор хоёр дахь удаа аваад байхдаа намайг гэртээ урьсан юм. Тэгэхэд Намдаг гуайн гэргий Баасан “Цэдэв гэж хөдөөний бор хүүхэд. Манай гэрт сайн өдөр болгон ирээд л баруун хатавчны сандал дээр сууж шүлэг зохиолоо уншина. Тэгэхэд Намдаг түүнд өөдтэй үг ер хэлэхгүй. Тэгэхээр нь би “энэ хүүхэд зогсолтгүй явах юм даа хөөрхий. Чи уншсныг нь нэг удаа болно гээд хэлчихээч” гэж намайг хэлэхэд Намдаг “энэ залуу цөхрөөд алга болчихгүй, үргэлж ирээд байна гэдэг чинь нэг л юм байгаагийн шинж. Яагаа ч үгүй эрт цаасан малгай өмсгөж болохгүй” гэж байж билээ. Ингэж гэргийнхээ дурсан ярихад Д.Намдаг гуай “Миний зөв байгаа биз” хэмээн чанга гэгч инээж билээ.
- Яруу найрагч Ч.Чимид гуайг “Новости Монголии” (Монголын мэдээ) сонинд ажиллаж байхад би шүлэг зохиолоо уншиж үгийг нь сонсдог болсон юм. Тэр үес Чимид гуайн хэвлэхийг зөвшөөрсөн хэд хэдэн шүлэг сонины хуудсанд гарсан. Харин “Хөх тэнгэр хөрст дэлхий” гэсэн хоёр хуудас шүлгэн дээр тэр үеийн утга зохиолын сонины эрхлэгч “Л.Түдэвт энэ шүлгийг хэвлэх Ч.Чимид” гэж цохолт хийж өгсөн гар бичмэл эдүгээ надад дурсгал болон хадгалагдаж байгаа.
Харин Ц.Цэдэнжав гуайх манай хоёр Ялалт кино театрын арын сууцны 1, 4 дүгээр давхарт айлсаж он жилийг өнгөрөөсөн. Дулаахан орой болгон Цэдэнжав гуай бид хоёр Ялалтын талбайгаар салхинд гарч элдвийг хөөрнө. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж байсан аагтай залуу насандаа ахмад зохиолчидтой аархаж мэтгэж байснаа тасралтгүй өгүүлдэгсэн. Түүний намтрыг уран сайхнаар зохиол болгон бичвэл монголын алдаж, онож явсан нэгэн үеийн сэхээтний дүр зураг тод гарна даа хэмээн би боддог юм. Энэ мэтчилэн 1950 иад оны сүүлчээс 1990-ээд он гартлах үеийн ахмад залуу аль ч зохиолчийн талаар миний мэдэх зүйл цөөнгүй бий. Тэгэхээр ХХ зууны монголын утга зохиолын гэрч гэж намайг үе тэнгийн зарим маань егөөддөг нь бас ч оргүй зүйл биш билээ. Түүх түүхээрээ байдаг л бол түүнд үнэний үр учиг гэж бий.
- Та ер нь хэн гэдэг зохиолчийн бүтээлийг илүү их уншдаг вэ? /гадаадынхаас, дотоодыхоос/
-Миний бие утга зохиол судлаач болохоороо монголын зохиолчдынхоо эрт эдүгээгийн бараг бүх бүтээлтэй нөхөрлөдөг. Ингэж хөдөлмөр зарахгүйгээр утга зохиолын нарийвчилсан судалгаа хийнэ гэж байхгүй. Гадаадын зохиолчдоос ялангуяа Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Пэрлээ, М.Гаадамба зэрэг манай ахмад зохиолчдын уншдаг байсан А.Пушкин, Ю.Лермонтов, А.Чехов, Эдгар По, Ж.Байрон, Р.Тагүүр зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлийг бас л судалгааны үүднээс нягтлахыг эрмэлздэг.
-Та Монголын нэрт эрдэмтнүүдтэй хамт ажиллаж байсны зэрэгцээ Монголын утга зохиолын эх бичвэрийн судлалд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан байх аа. Түүний үр дүн юу болж байна вэ?
-Миний бие Шинжлэх ухааны Академийн тэргүүлэгчдийн газарт Б.Ширэндэв, Б.Дашжамц, Х.Цэрэв, Ч.Сэрээтэр нарын удирдлага дор, харъяа Хэл зохиолын хүрээлэнд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл, С.Лувсанвандан, П.Хорлоо, А.Лувсандэндэв, Б.Содном, Х.Лувсанбалдан, Д.Цэнд, У.Загдсүрэн, Д.Цэрэнсодном, Б.Сумъяабаатар, Ц.Шагдарсүрэн... зэрэг үе үеийн эрдэмтэдтэй хамт арав гаруй жил ажиллаж тэдний сургаал зөвлөмжийн дагуу судалгааны арга зүйд суралцаж байсан минь их аз заяа. Ц.Дамдинсүрэн, С.Лувсанвандан, М.Гаадамба болон Л.Геросимович, Г.Михайлов, Ш.Озова зэрэг олон эрдэмтний буянаар “Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэл” сэдвээр дэд эрдэмтний зэрэг, “Монголын нууц товчооны бэлгэдэл зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Содном нарын бүтээлийг судлахад олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан. Манай шинэ үеийн утга зохиолын ууган зүтгэлтний нэг эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн зохиолын “Бүрэн түүвэр”-ийг таван ботиор, Сономбалжирын Буяннэмэхийн бүтээлийг дөрвөн ботиор, монголын утга зохиол судлаач эрдэмтэн Балданы Содномын намтар бүтээлийг гурван ботиор, хэл шинжлэх ухааны эрдэмтэн Доржийн Дашдаваагийн болон Монголын улс төр нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийн ботийг тус тус нэг ботиор эх бичгийн судлал хийж хэвлүүлэн олны хүртээл болгоод байна. Эдгээр нь хувь хүний төдийгүй туурга тусгаар Монгол Улсын, Монголын ард түмний соёлын үнэт өв яахын аргагүй мөн.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин