Ц.Оюунбаатар: МАХН-ыг хагалан бутаргах оролдлого хийж байна

2017-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ, Б.ЭРДЭНЭТУЯА

МАХН-ын дэд дарга, Хүний эрхийн хуульч, Шадар сайд асан Ц.Оюунбаатартай ярилцлаа.

МАХН-аас Үндсэн хуулийн шинэ төсөл Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хуулийн  хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулсан.Одоо ямар шатандаа яваа вэ? -МАХН 2016 оноос БНМУ-ын Дээд хууль буюу шинэ Үндсэн хуулийг боловсруулсан. Олон  эрдэмтэн, судлаач, хуульчид оролцож өргөн бүрэлдэхүүнээр ажилласан. Хуулийнхаа үндсэн суурийг гаргаад  2017 оны эхнээс  21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй газар дээр нь очиж уулзалт хийж, танилцуулж, тэдний  саналыг авсан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад шинэ дээд Үндсэн  хуулийг  сурталчлах, нэр дэвшигч С.Ганбаатар энэ хуулийг батлуулах, нийгэмд  шударга ёсыг тогтоох, хуулиа дээдлэх,   Монголын ард түмнийг баялагтаа шууд эзэн нь болж түүнээс хувь хүртэж байх, баялгийг дэлхийн зах зээлийн үнээр үр ашигтай эргэлтэд оруулж, ингэснээр ард түмний амьдрал сайжирч улс орон бүхэлдээ хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд  хуулийн суурийг тавьж үүнд ард иргэдийг өргөнөөр оролцуулах зорилго тавьсан. Энэ хугацаанд бид  75 мянган  иргэнээс бичгээр санал авсан. 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэхэд нийтдээ 55 мянган  хүний санал авсан байдаг. Тэгвэл  Дээд Үндсэн хуулийг хэлэлцэхэд 75 мянга, түүнээс ч  олон хүн оролцсон. Дээд  Үндсэн хуулийн  гол зарчим нь нэгдүгээрт, Монгол  Улсын төрийн байгууллыг боловсронгуй болгох, ард түмнийг идэвхитэй  оролцоотой болгох, харилцан биендээ хяналт тавьдаг парламент буюу хууль тогтоох байгууллагыг хоёр шаттайгаар байгуулах асуудлыг тусгасан байгаа. Тухайлбал, Ардын Их Хурал буюу одоогийн УИХ-д  Монголын нийт ард түмнээс нам бус зарчмаар сонгогдох санал бий. Энэ санал ард түмний талархлыг хүлээж  байна. Өнөөдөр  улс төрийн намууд,  ялангуяа МАНАН-ны  нэр хүнд эрс уначихсан.  Эднийг  мафийн гэмт хэрэгтнүүд, авилгачид, луйварчдын цугларалт,  нарийн зохион байгуулалттай, хууль хяналтын байгууллагаар хамгаалагдсан  гэмт бүлэглэлийн  үүр  уурхай болжээ гэж  Монголын нийгэм бүхэлдээ үзэж байна. Үүнийг бид хэлээд байгаа юм биш,  УИХ-ын чуулган дээр  Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар  хэлж байсан. Хууль хяналтын байгууллага тэрхүү олигарх бүлэглэлийн захиалгыг гүйцэтгэдэг утсан хүүхэлдэй боллоо. Тэр бүү хэл,  Монголын хууль хяналтын байгууллага  улс төрийн цагдаа боллоо гэж Ц.Нямдорж хэлсэн, тэр үнэн.Сүүлийн хэдэн жил гэмт хэрэгтэй тэмцэх гэдгээс илүү сөрөг хүчин засаг,  төрийн эрхэнд байгаа олигарх бүлэглэл, тендер завшигчдыг  хамгаалж, түүнийг шүүмжилсэн МАХН-ыг толгой дараалан мөрдөн мөшгисөн,  тагнасан, ийм л   байгаа. Монголын прокурорын байгууллагын 85 жилийн ойн  хурал дээр тухайн үеийн Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж зөвхөн Н.Энхбаяртай тэмц, мөрд, тагна.  Та нарын ажлыг үүгээр дүгнэнэ гэсэн үүрэг даалгавар өгсөн. Зөвхөн Н.Энхбаяр дарга ч биш түүний ойр ажиллаж байсан хүмүүс,  түүний дотор намайг байнга  тагнаж, чагнаж байсан.  Мөрдөн  мөшгих, эрүүдэн шүүх ажиллагаа хэм хэмжээгээ алдсан.Улс төрийн цагдаа болсон гэдгийг бид УИХ чуулган дээр ч хэлж байсан,  хэвлэл мэдээллээр ч 2012 оноос хойш  ярьж бичиж байгаа. Үүнийг одоо  бүгд ойлгосон. Жинхэнэ гэмт хэрэгтэн, оффшорчид, луйварчдыг тэд шалгадаггүй, шалгахыг ч хүсдэггүй. Хэнийг шалгадаг вэ гэхээр зөвхөн улс төрийн сөрөг хүчний байр суурин дээр байгаа хүмүүсийг л тагнаж, чагнаж, баривчилж, шоронд суулгадаг. Та бүхэн  мэдэж байгаа. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр даргыг, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ц.Цолмон сайд, З.Баянсэлэнгэ сайд гээд бүгдийг нь  толгой дараалан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж ирсэн.  Тэр ч байтугай намынхаа  хурал  дээр юу ярьсан бэ, сургалт зохион байгуулахад хүртэл та нар  мөнгөний асуудал ярьсан байна гэж дарамталж, Монгол Улсын  гавьяат хуульч  Ц.Шаравдорж гуайг хүртэл дуудаж аваачаад байцааж байсан. Эх захаа алдсан. Иргэний гэрээ хэлэлцээр хийгээд шийдэгдчихсэн, аливаа маргаан гарвал иргэний журмаар Монгол Улсын иргэний хуулийг баримтлан шүүхийн шийдвэрээр шийднэ гэснийг хүртэл Эрүүгийн хууль гэж зарлан тунхаглаад хэлмэгдүүлж явсан бодит жишээ  байна. 1937 оноос  ялгагдах юм байхгүй.  Ардчилсан шинжтэй орон учраас л шууд аваачаад  буудчихаж чадахгүй байгаа байх. Ийм хэлмэгдүүлэлт, завхарлыг бий болгосон нь  өнөөдөр ч  үргэлжлээд явж байна. Улс төрийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулах,  МАХН-ын үйл ажиллагааг гуйвуулах, гутаан доромжлох, нэр төрийг гутаах, намыг бутарган  хувааж,  хөрөнгө мөнгөнд сонирхолтой хүмүүсийг нь албан тушаал эд хөрөнгөөр өөрсдөдөө татах явдлууд өнөөдөр ч гэсэн гарч байна. Харин ард түмэн үүнийг ойлгож байна.  Тэгэхээр  шинэ Дээд Үндсэн хуулиар  Монголын ард түмний баялаг болох газар түүний доорх баялгийг ард түмний дундын өмч болгон  зарласан. Ардын намын яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ирүүлсэн саналд  ч бид үүнийг ярьсан байгаа. -Тухайлбал? -Хоёр шаттай  парламент байгуулъя,   76 хүн дур зоргоороо авирлан аль нэг нам монопольчлон  Монголын ард түмний баялгийг хулгайлж  гадагш нь зөөж борлуулж, оффшорт хийдгийг болиулъя  гэсэн санааг л бид дэвшүүлж  байгаа. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 24 тэрбумд  хүрсэн гэж байгаа.  Хаана ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ, юу ч байхгүй шүү дээ. Тэр өрийг ард түмэн л төлнө. Тэр мөнгө авлигачид, оффшорчдын халаасанд л орсон. Түүнийг шүүмжилсэн улс төрийн хүчнийг хавчин шахах, түүнийг бутаргах ажил явагдаж байна. 2016 оны сонгуулийн өмнө манай намаас хэчнээн хүнийг   МАНАН бүлэглэл албан тушаал амлаж урвуулсныг олон нийт мэдэж байгаа. Орон нутгийн сонгуулиар ч тэр нь үргэлжилж байсан. -Үндсэн хууль хүн төвтэй байна   санааг дэвшүүлсэн. Үүнийгээ дэлгэрүүлж тайлбарлана уу? -Шинэ Дээд Үндсэн хуулиар  бид малаа биш монгол хүнээ төрийн хамгаалалтад авна. Монгол хүнийг дур зоргоороо шоронд хорьж, дуртай үедээ  ажил, албан тушаалаас нь зайлуулж, ингэж монголчуудыг хэлмэгдүүлж, хохироож,  тоглож байгааг зогсоох нь энэ  хуулийн  амин санаа юм. Энэ ч үүднээс  олон түмний талархлыг хүлээж  байгаа. Монгол түмний хүсэлтийг төр анхаарах үүрэгтэй. Иргэн байж  л  төр  байгаа болохоос биш төрд үйлчилдэг ард түмэн гэж байхгүй. Энэ зарчмын өөрчлөлтүүдийг бид хийсэн. Тухайлбал, хүнийг  улс төрийн үзэл бодлоор нь ажлаас халж, аж амьдралыг нь өөрчилж, хэлмэгдүүлж  болохгүй. Зөвхөн 2016 онд л гэхэд МАН төрийн эрхэнд гарч ирснээр 22235  тангараг өргөсөн  төрийн албан хаагчийг ажлаас  нь халсан. Үүн дээр ганц ч үг тэд хэлээгүй. Харин хүний эрхийн хуульчид, төрийн бус байгууллагууд дуугарч байж  АН-ын голдуу хүмүүсийг ажлаас халах явдал зогссон. Монгол  хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг төрийн тогтолцоог бий болгох  зорилгоор бид шинэ  Дээд Үндсэн хуулиа  тунхаглан зарлаж, хэлэлцүүлгүүдийг  зохион байгуулж  байгаа. -Одоо намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад  УИХ-ын  түвшинд өргөн баригдсан Үндсэн хуулийн   нэмэлт өөрчлөлт, зөвлөлдөх санал асуулгын талаар ярьж байгаа. Улс төрийн намуудын ярьж байгаа  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар  ямар  нэг зөвшилцөл, нэгдсэн  бодлого байгаа юу? -Намрын чуулганы  хэлэлцэх асуудал дотор орсон  Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн асуудал нь  МАНАН-гийн  үед үүссэн, тэдний захиалга,  өөрсдийнхөө амьдрах хугацааг уртасгахаар хийж байгаа оролдлого. Тэдний хийж буй  8-9  зүйлийн өөрчлөлтөд  нийгэм эдийн засгийн, улс орны эдийн засгийн эргэлтийн үүднээс,  шударга хуулийг дээдлэх  тухайд хийсэн зүйл  ер байхгүй. Одоо бараг бүгдээрээ  “Давхар дээл”-тэй болох гээд  ярьж байна шүү дээ, Засгийн газар, УИХ-ын төвшиндээ. Ядаж тав нь “Давхар дээл”-тэй байж болно, эсвэл хяналтын үйл ажиллагаа явуулна гэсэн зүйл огт  ярихгүй байгаа биз дээ. Ядарсан ард түмнээ хуурах, олигарх  засаглалыг  хэвээр  хадгалах тийм л үйл ажиллагаа явж байна. Тиймээс тэр нь дэмжигдэхгүй. Тэрэн дээр Ерөнхийлөгч ч, УИХ дахь АН ч эсрэг саналтай байгаа. Олон нийт, иргэний нийгмийнхэн  ч эсэргүүцнэ. МАХН-ын санаачилсан БНМУ-ын Дээд хууль бол монгол орны нийгэм эдийн засгийн   тулгамдсан асуудлыг шийдэх гарц. Үүнээс  өөр ямар ч гарц, боломж  байхгүй. Аль нэг бүлэглэл гарч ирээд хийх боломж байхгүй. Эдийн засгийн гүн хямралд орсон,  гадаад өр нь хэдэн  тэрбумыг давчихсан. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ унасан. Зарим хөрш  нь  улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас нь шалтгаалан Монголд хязгаарлалт тогтоох үйл явц эхлүүлсэн энэ үед бид эв нэгдэлтэй байж, хэт улстөржилтөөс гарч, шинэ Үндсэн хуулиа ард түмний санал асуулгаар хэлэлцүүлж батлуулах ийм л асуудал хүлээгдэж байна. -Зарим хүн хэлдэг л дээ, одоогийн УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй гэж. Энэ талаар та юу хэлэх вэ? -Одоогийн УИХ Монголын  түүхэн дэх  хамгийн нэр хүндгүй Их хурал.  Энэ дотор хүчирхийлэгч, луйварчин, хулгайч, авлигач, оффшорч, тендерийн наймаачид  байна. Ийм  Их хуралд  мэдээж Үндсэн хууль батлдах чадамж байхгүй. Үүнийг шуудхан хэлчихье. Тэгэхээр Үндсэн хууль  Монголын ард түмний санал асуулгаар шийдэгдэх зүйл. Иймд бид 50-аад оны Үндсэн хуультай харьцуулсан  судалгаа хийсэн. Үүнд хуульч, эдийн засагч, судлаачдыг  урьж оролцуулсан.Ард түмэндээ хандаж,   хэлэцүүлгийг  орон даяар явуулж  байна. Ард иргэд үгээ хэлэх эрхээ эдэлнэ. Цаашдаа ч энэ үйл ажиллагаа идэвхижнэ. Эрх баригчид ч  гэсэн хэдий болтол ард түмний баялгийг завших вэ. Монголын ард түмний ядуу буурай амьдралд цэг тавих цаг үе ойртож байна. Шинэ Дээд Үндсэн хууль олон түмэнд сайн хүрч байгаа. Бид ч хүргэхийг зорьж байгаа учраас 21 аймгаар  тасралтгүй явж ард иргэдтэйгээ уулзаж байна. Бүх бүсчилсэн хэсгүүд дээрээ ажиллалаа. Хурал, уулзалтад ард иргэд идэвхитэй оролцож  байна. МАХН-ыг, Н.Энхбаяр даргыг Монголын нийгмийн тулгамдаад байгаа хүнд асуудлыг шийдэх субьект, лидер гэж Монголын ард түмэн харж, хүлээж, итгэж байна. Сая Орхон аймагт  болсон уулзалтанд  500 хүний суудал бүхий зааланд  600 гаруй хүн ирж,  зарим нь шалан дээр хүртэл сууж оролцсон. Эрх баригчид ард түмнийг харанхуй байлгадаг цаг өнгөрсөн. Ард түмэн үүнийг ойлгож байна. Өнөөдөр ч гээсн Их хурлын чуулган  дээр Оюутолгой, Тавантолгойн гэрээнүүдийг эргэж харж  залруулах тухай уур амьсгал гарч байна. Монголын төр мафижсан нь үнэн. Улс төрийн намууд ч компанийн нам болж хувирсан. Үүнийг өөрчлөх бодлогууд яригдаж байгаа нь харин сайн эхлэл юм. Бид шинэ Дээд Үндсэн хуулиар  ард түмний хяналтыг тогтоох, Сонгуулийг шударга явуулдаг болох, шүүхийн байгууллагыг өөрчлөхгүй бол улс төрийн цагдаа болж хүний эрх, сонгогчдын эрхийг зөрчиж, санал  луйварддаг болсныг өөрчлөх ёстой гэж үзэж, ийм зүйл заалтуудыг тусгасан. Монгол даяар саналаа өгч байхад сонгуулийн цахим сүлжээг шууд таслаад, хэдхэн цагийн дотор сонгуулийн үр дүнг 180 эргүүлж, ард түмний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэж, нэг эрх мэдэлтний дурын асуудал болгож байгаа нь  харамсалтай. Бохир тоглоомдоо гадаадын иргэдийг ч татан оролцуулж байна. Сонгуулиар  олон зуун тэрбум төгрөг тарааж ард иргэдийг мал амьтан шиг үзэн, утсан  хүүхэлдэй, зомби  болгож,  монгол хүнээ доромжилж байна. Нам бусчууд, жирийн иргэд төдийгүй нам доторх  жирийн гишүүд нь  хүртэл ийм доромжлолд өртөж байна. Тэдний саналыг худалдаж авч байна. Нэг удаагийн 100 мянган төгрөгөөс болж Монголын газар доор байгаа  300-600 тэрбум ам.долларын ашгаас иргэд хүртэж чадахгүй байна шүү дээ. Оффшорт байгаа 17 тэрбумыг  Монголын нийт иргэдэд хуваахад нэг хүнд 14-15 сая төгрөг ногдож байгаа. Энэ баялгийг бий болгоход олигархиуд ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Зөвхөн ард түмний баялгийг гадныхантай нийлж хулгайлж аваачаад оффшорт хийчихсэн. Үүнийг өнөөдөр болтол шийдээгүй байна. Тэд өөрсдийн бий болгосон өрөө шийдэх ёстой. Самурай бондын 1.5 сая ам.долларыг  авсан 100-гаад компанийн нэр ил болж байна. Тэдний ард дандаа улс төрчид сууж байгаа. Тэднээр улс орны том өрийг төлүүлэх шаардлагатай. -МАХН-аас  “Баярлалаа” аян зохион байгуулж байгаа гэсэн. Ямар зорилготой аян билээ? -МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатар 10 аймаг,  нэг дүүрэгт бүрэн ялалт байгуулж нэгээр гарсан. Үндсэндээ сонгуульд  ялалт байгуулсан. МАНАН-гийн луйварчид энэ ялалтыг луйвардаж авсан. Тиймээс бид Монголын ард түмэн, сонгогчдодоо хандаж   “Баярлалаа”  аяныг орон даяар явуулж байгаа. Бид олон аймагт энэ аяныг  зохион байгуулсан. Хэнтий, Төв, Орхон аймагт  хийгээд ирсэн. Энэ сарын 19-нд Архангайд, түүний дараа Булганд гэхчлэн бүх аймаг, дүүрэгт  шат дараатай зохион байгуулна. Арав гаруй аймаг 100  орчим сумыг бид гурав дахь удаагаа тойрон ажиллалаа. Цаг наргүй, өдөр шөнөгүй  явж байна. Бид өнөөдрийн  МАНАН-гийнхан  шиг  ширээ сандал, эрх мэдэл булаацалдаж  суусангүй. МАХН бол  улс төрийн гурав дахь биш гурван том хүчний нэг. Хагас сая хүний санал авсан том нам. Бидэнд улс төрийн маш туршлагатай, эрч хүчтэй Н.Энхбаяр гэдэг лидер байна. Бусад намууд шиг лидерийн хомсдолд орчихсон, олон толгойтой, хоорондоо хагаралдаж, нэгнийгээ үзэн ядаж яахаас ч буцахгүй  болсон нөхцөл байдал манай намд огтхон ч байхгүй. Ийм учраас 2020 онд ялалт байгуулах бүрэн боломжтой. Ард түмэндээ цуцалтгүй хүрч,  баялагтаа эзэн нь болох эрхийг бүрдүүлнэ. Өнөөдөр   100  мянган төгрөгөөр дөрвөн жил улс орныг удирдах   эрхийг  худалдах явдлыг зогсоохыг ард түмэндээ ойлгуулахыг хичээн ажиллаж байна. Хэрэв монголчууд худалдагдахгүйгээр, шударгаар саналаа өгч чавах юм бол хамгийн багаар бодоход баялгаасаа  10 сая, 100 сая хүртэл ашиг хүртэх боломжтой. Цаашлаад монгол хүн бол дэлхийн жишигт хүрч  хангалуун амьдрах бололцоотой. Гуравхан сая хүнд 80 сая мал, 300-600  тэрбум ам.доллар,  түүнээс ч  үнэтэй газар доорх баялаг байна шүү дээ. Бид Сибирийг арьс шир, дулаан хувцас, махаар хангахад л Монголын баялаг уул уурхайгаас дутуугүй болно. Зүүн Өмнөд Азийг экологийн цэвэр бүтээгдэхүүн,  гурил будаагаар хангахад  бидэнд хангалттай  байна. Харамсалтай нь “Оюутолгой Монголын ард түмнийх шүү” гэж хэлсний төлөө Н.Энхбаяр даргыг Улс төрөөс зайлуулсан. “Тавантолгойг чи ганцаараа авахгүй ээ.Та нарын бүлэглэлд өгөхгүй ээ, энэ чинь ард түмний өмч” гэж хэлсний төлөө өс санаж шоронд хийсэн. Өнөөдөр эрх баригчид үүнийгээ хүлээн зөвшөөрч, засч залруулъя, эргэж харъя гэж ярьж байна. Монголын ард түмний баялгаас бүтсэн “Эрдэнэт”-ийг цөөн хүн, МАНАН-гийн эрх баригчид хувьдаа авах гэж байсныг МАХН анх гаргаж ирсэн. Манай намын дарга хэвлэлийн хурал хийж, 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд зарласан. Цаашид ард түмэн баялагтаа эзэн байх асуудлыг бүрэн төгс шийдүүлэхийн төлөө манай нам зогсч байгаа, зүтгэж яваа. -2020 он хүртэл ард түмэн, сонгогч олон улс төрийн намуудыг харж, ажиглаж, сонгуулиар дүнгээ тавих нь ойлгомжтой. Тэгэхээр МАХН цаашид ч гэсэн  ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ ? -МАХН жирийн иргэд,  шударга хүмүүстэй өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьж байна. Монгол Улс энэ  байдлаар  цаашид явах юм бол нөхцөл байдал улам дордож, гадаад орнуудын золиос болж  улс орны  тусгаар тогтнол,  бие даасан байдал алдагдана.Монголчууд маань ядуу зүдүү,  гадагшаа дүрвэсэн, бухимдсан,  эрүүл мэнд амь нас нь хүртэл аюул дор байх байдал ирнэ. Тиймээс бид  Үндсэн хуулиа өөрчилж, улс орноо эрүүл төрийн тогтолцоот руу оруулах шаардлага  байна. Ийм зорилго монгол хүн бүрт бий. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад  ард түмний зүгээс ийм хүлээлт байгаа. Тиймээс бид  нийгмийн шударга хэсэгтэй хамтран ажиллах байх  гэж харж, найдаж байна. -Нийгэм, олон нийт МАХН-ыг дэмжиж байна гэлээ. Тэгвэл ажилд нь  ил, далдаар саад учруулах, хавчиж хяхах байдал ажиглагдаж байна уу? -Сүүлийн үед төр,  нийгмийн нөхцөл байдал,  хүчирхэг болж, бэхжиж  байгаа МАХН-ын энэ  байдалд, ТББ, иргэний нийгэм, нам бусчуудын дэмжлэг авч байгаад  уурсаж, бухимдсан МАНАН-гийн бохир бүлэглэл янз бүрийн явуулга хийж байна. МАХН-ыг  дотроос нь хагалах, хуучны сурсан аргаа хэрэглэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад хаалт хийх, цагдаа, сонгуулийн байгууллагыг худалдаж авах, ашиглах ажиллагааг хийсээр ирсэн. Би түрүүн ч бас заримыг дурдсан. Хүчирхэг зохион байгуулттай, нэгдмэл улс төрийн намыг хагалах, тараах ажиллагааг гаднаас нь ч, дотроос нь ч  үргэлж хийж байгаа. Ардын нам  гэхэд л өнөөдөр өөрсдөө хоёр хэсэгт хуваагдсан байдалтай байгаа шүү дээ. Ардчилсан нам жижиг “Вант улс”  маягтай болж, тэргүүлэгчид нь хоорондоо алалцаж байна. Тэгвэл бид хүчирхэг улс төрийн хүчин болж, нэгдмэл байдлаар ажиллаж байгаа. Ингэхдээ бид  ардчилсан зарчмаар ажилладаг. Олонхийн саналаар асуудлаа шийдэж ард түмнийхээ дунд яваа ийм улс төрийн хүчин. Бид говийн ч бай, хангайн ч бай аль ч айлд орсон биднийг хүндэлж хүлээж авч байна. Бидэнд итгэл найдвараа тавьж байна. Гэхдээ үүний хажуугаар биднийг хагалан бутаргах үйл  ажиллагаанууд явж байна. Сүүлийн үед манай намаас сонгогдсон О.Баасанхүү гишүүний үйлдэл, үйл ажиллагаа  харамсал төрүүлж байгаа. Намын  гишүүд, дэмжигчид  хөдөө орон нутгаас утасдаж “Энэ хүн МАХН-ын дэмжлэгээр, Н.Энхбаяр даргын шууд оролцоотойгоор УИХ-ын  гишүүн болсон байж өнөөдөр намын ямар ч ажилд оролцдоггүй, тэр ч байтугай намаасаа  нэр дэвшигчийг хүртэл дэмжилгүй эсрэг талд  ажилласан” гэсэн ойлголт, саналыг ирүүлж байгаа. Ямар ч байсан Сайнхүүгийн Ганбаатарыг огт дэмжээгүй. Элдэв юм ярьж байгаа намын зарим нөхөд,  О.Баасанхүү гишүүн нэр дэвшигчээ дэмжсэн бол бид тасархай ялалт байгуулж, МАНАН-гийнханд сонгуулийнхаа үр дүнг луйвардуулахгүй байсан. 900  хүний санал  дутсан шүү дээ. Бид 1400 саналаар илүү явж байгаад луйвардуулсан.  Эрх мэдэл, шүүх прокурор, цагдаа бүгд МАНАН-гийн талд байгааг далимдуулж сонгуулийн бузар луйвраа тэд хийсэн. Энэ цаг үе өнөөдөр  дуусгавар болсон. Монголчууд үүнийг таньж мэдэрч байна. Дахиад хэчнээн ийм зүйл хийж, зохиомол хэрэг  үүсгэж бидэнд наагаад  ч  ард түмэн  хүлээж авахгүй. Ийм зүйлийг тэсч, тэвчиж хүлээж чадахгүй болтлоо ард иргэдэд бухимдал бий болсон нь бидний иргэдтэй хийсэн уулзалтуудаас харагдсан. Тэдэнд зөвхөн хүлээлт байна. Бид шударга ёс, эрүүл нийгмийн төлөө ард иргэдтэй хамтарч ажиллана. Эрх баригчид ирэх хавар нийгэмд шударга ёсыг тогтоож, улс төрийн бохир хогоо цэвэрлэхгүй бол ард түмэн тэсрэх нь дамжиггүй. МАНАН-гийн удирдлагуудад хандаж хэлэхэд элдэв байдлаар МАХН-ыг хагалан бутаргах, хөрөнгө санхүүг нь гаргаж тэднийг өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахаа таслан зогсоохыг намын  дэд даргын хувьд би шаардаж байна. МАХН-ын нэрээр хөдөө орон нутгаас хүмүүс цуглуулан авчирч,  зардалыг нь дааж ямар нэг  Бага чуулган, хуралдаан, сонгууль зохион байгуулах ,  намын дүрэм,  журамд байхгүй зүйлс хийх талаар  дур зоргоороо ярьж байгаа асуудал байна. Энэ хэзээ ч бүтэхгүй. Бид  өнгөрсөн наймдугаар  сард Бага чуулганаа хийж,  сонгуулийн  үйл ажиллагаа, үр дүнд  шинжилгээ хийж хариуцлага, сахилгаа ярилцсан.Хэн нэг  хүний  захиалгаар явж байгаа, урван тэрслэх үйл ажиллагаа явагдаж байгааг бид хүлээн тэсвэрлэж чадахгүй гэдгээ мэдэгдье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

56 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 43 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 43 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Өчигдөр 13 цаг 26 мин