
Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна.Энэ удаагийн зочноорХудалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоныг урилаа.
ТОГТВОРГҮЙ СУУРЬ ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ БООМИЛНО
Монгол Улс хөгжилд хүрэх өргөн боломж бий. Тухайлбал, гурван сая хүн амтай, 60 гаруй сая толгой малтай, газар нутгийн хэмжээ том, газрын арвин баялагтай гэдгийг хүн бүр мэднэ. Харин үүнийг хэрхэн зөв, зохистойгоор ашиглах вэ.
Түүнчлэн богино хугацаанд хэрхэн бодит хөрөнгө, нөөц болгох вэ. Яаж энэ боломжоос Монгол Улсын иргэн бүр хувь хүртэх вэ гэхчилэн олон асуултад хариулт өгч чадахгүй л байна. Гэхдээ нэг үе байгалийн баялгаа ашиглан эдийн засгаа тэлж болох нь гэдэг ойлголттой байсан.
Тиймээс уул уурхайн салбарт бизнесийнхэн болоод төр засаг, ард түмэн ашиг хүртэх боломжтой хэмээн бүхий л хүчээ дайчилсан. Гэвч энэ нь тодорхой цаг хугацаанд үнийн өсөлт, бууралтаас хамаардаг, уналтад орсон үедээ урт хугацаагаар гацдаг. Түүнээс гадна эдийн засагт үзүүлж байгаа бодит нөлөө нь маш бага. Төвлөрүүлж байгаа мөнгөний хэмжээг тодорхойлоход хэцүү, тогтворгүй байдал зэрэг олон зүйлээс хамаарч байна. Мөн биднээс огт хамааралгүй олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадны хөрөнгө оруулагчдын бидэнд хандаж буй хандлага ч манай улсын хөгжилд хамааралтай байдаг юм. Мэдээж улс төрийн бодлого, төрийн зүгээс гаргаж буй шийдвэр гэх мэт тогтворгүй байгаа зүйлүүдэд тулгуурласан тогтвортой эдийн засгийн өсөлт түүнийг дагасан улсын хөгжлийн талаар ярьж байгаа нь төдийлөн оновчтой биш. Учир нь суурь нь муу цутгагдсан байшин нурж унах эрсдэл маш өндөр байдагтай ижил шүү дээ.
ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТ БУЮУ НОГООН ЭДИЙН ЗАСАГ
Тэгэхээр тогтвортой урт хугацаанд оршин тогтнох, бүх хүнд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд дэлхий нийтийн чиг хандлагыг дагах хэрэгтэй. Ялангуяа, ногоон эдийн засагтай улс болохыг зорих нь зүйтэй. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг бүс нутагтаа нийлүүлэх чадамжтай байснаар эдийн засагт ихээхэн эргэлтийг авчирна. Мөн газрын тосны үйлдвэрлэлээс илүүтэй органик бүтээгдэхүүнийг илүүд үзэх нь чухал. Мэдээж байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эко технологийг ашиглах боломж бий. Түүнээс гадна эм, эмийн ургамлыг анагаахын салбарт түлхүү ашигласнаар бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлагч болох боломжтой. Зарим зүйлээрээ дэлхийд цорын ганц байж бусдаас ялгарах онцлогтой байхын зэрэгцээ түрүүлж алхахгүй юм гэхэд дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй шүү дээ. Үүний тулд зах зээл, улс төр, геополитикоос хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, газрын дээр байгаа баялгийг эдийн засагт өгөөжтэй байх аргыг эрэлхийлж түүнийг зөв зохистойгоор ашиглана гэсэн үг. Ер нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаагийн илрэл нь энэ төрлийн төслийг санхүүжүүлдэг гадны олон байгууллага гарч ирсэн. Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нэгдсэнээрээ дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах чиг хандлагыг зааж өгч буй хэрэг. Эцсийн дүндээ нөхөн сэргээгдэх байгалийн баялаг нь улсын хөгжлийн хөшүүрэг болж байна.
ОЮУНЫ ЧАДАМЖИД ТУЛГУУРЛАСАН ХӨГЖИЛ
Нөгөө талаас нь харвал монголчуудын хувьд оюуны өндөр чадамжтай. Дэлхийн зах зээлд томоохон тоглогч байхын тулд шаардлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортод гаргах, шинэ технологийг эзэмших, шинийг зохион бүтээх авьяастай гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр цөөхөн монголчууд өндөр технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлох, бидний өгөгдмөл суурь болох онгон байгаль, малын цэвэр бүтээгдэхүүнийг ашиглан эдийн засгийн өсөлтийг бий болгох нь зүйтэй. Үүн дээр нэмээд аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Байгалийн онгон дагшин байдлаа хадгалж үлдсэнээрээ алдартай учраас улс орныхоо дүр төрхийг бий болгох. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн зөв голдирол байх бөгөөд урт хугацаандаа тогтвортой хөгжих боломж гэж хардаг.
УРТ ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Гэхдээ улсыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн боловсон хүчнийг сайтар бэлтгэх ёстой. Тэгэхээр тулгуурлах суурь нь газрын доорх баялаг. Үүнийг хэрхэн зөв ашиглаж урт хугацаанд тогтвортой хөгжих эх үүсвэрээ санхүүжүүлэх вэ гэдгийг төрийн бодлогоор зөв удирдах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас олсон орлогыг нэгээс нөгөөд нь шингээх, эс бөгөөс улстөрчдийн амлалтыг биелүүлэх хэрэгсэл болгож ашиглах нь хөгжилд хүргэхээс илүүтэй дампууруулах алхам болдгийг бид харлаа. Эдийн засгийн хөшүүргийг бодитоор тодорхойлохын тулд 30-40 жилийн дараа орж ирэх ашгийг хүлээх зуур уул уурхайн түүхий эдийн үнийн уналтад цохиулах эрсдэлийг тооцох нь зүйтэй. Учир нь дэлхий нийтээр хүлэмжийн хийгээс татгалзаж байгаа үед манайхаас экспортод гарч байгаа түүхий эдийн ханшийн ирээдүй тун бүрхэг. Гэтэл одоогийн бидний хэрэгжүүлж байгаа төслүүдийн дийлэнх нь уул уурхайтай холбоотой. Тиймээс ирээдүйд өндөр ашиг олох мэтээр төсөөлж өсөлтийг тодорхойлон улсынхаа хөгжлийг хөшүүрэгдэх боломж бүрдэнэ хэмээн тооцоолох нь алдаа болно. Харин одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийг маш богино хугацаанд эргэлтэд оруулан ашгийг нь хүртэх боломжийг эрэлхийлснээр урт хугацаанд хөгжлийг дэмжих эх үүсвэр болгох суурь гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас богино хугацаанд бүх нийтээрээ үр өгөөжийг нь хүртэж, нөхөн сэргээлтийг сайтар хийснээр тодорхой хугацааны дараа байгаль өнгөө засч, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх суурь болох юм.
ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЗӨВ УРСГАЛ...
Сүүлийн хэдэн жил эдийн засаг болоод төрийн хямрал, олон улсын санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр зөв, бурууг ялгадаг болсон. Гэхдээ хэрхэн, хэний оролцоотойгоор юу хийх ёстой вэ, хэн нь манлайлагч байх вэ гэдгээ ойлгохгүй байна. Улс орноо цаашид яаж хөгжүүлэх, эдийн засгаа хэрхэн залуурдах вэ гэдэг асуудал нь зөвхөн манайд тохиолдож байгаа зүйл биш. Дэлхийн бүх улс орнуудад тулгамдаж байгаа бэрхшээл. Хурдтай хөгжиж байгаа дэлхий дээр ирээдүйг төсөөлөх аргагүй болж байна.
Тэгэхээр төр-хувийн хэвшлийн түншлэл гэдэг ухагдахууныг зөв ойлгох хэрэгтэй. Аливаа төслийг хэрэгжүүлэхийн тулд төр болон бизнесийнхэн хувь эзэмшихийг түншлэл гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, төр тухайн төсөлд хувьцаа эзэмшсэнээр хувийн хэвшилтэйгээ түншилж байна гэж болохгүй. Төр-хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь төр бодлогоороо дэмжиж, хувийн хэвшил идэвх санаачлагатай ажиллан эрсдэлээ 100 хувь үүрэх чадамжтай байхын зэрэгцээ нийт ард түмэнд ашигтай байх стратегийг боловсруулан ажиллах учиртай. Тодруулбал, компани хэзээ ч ашиггүй бизнест хөрөнгө оруулахыг зорихгүй. Тэгэхээр төрийн зөв бодлогоор дэмжигдсэн аж ахуйн нэгж ашигтай ажилласнаар төрд татвараа төлнө. Тогтвортой ажлын байрыг бий болгоно шүү дээ. Эцэст нь төр-хувийн хэвшлийн түншлэл зөв зохион байгуулалттай байх нь төрийн зөв бодлогын дэмжлэг, компанийн эрсдэлээ хааж ажиллах сайн стратеги төлөвлөгөөний үр дүн юм. Тэгэхээр төр-хувийн хэвшилтэй хамтарч ажиллахдаа ямар үед нь хэрхэн дэмжих вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Жишээлбэл, гарааны бизнесийн үед яаж дэмжих нь тодорхой байх. Бизнес хөгжиж, өргөжихийн хэрээр ямар зарчим баримтлах нь тодорхой байснаар үйлдвэрлэл болоод бизнес богино хугацаанд өсөхийн зэрэгцээ урт хугацаанд үр өгөөжөө өгнө шүү дээ. Түүнээс гадна ямар салбарт хэрхэн хүчээ үзэх вэ гэдэг нь маш чухал. Манай улсын хувьд Хөрөнгийн биржийг олон улсын санхүүгийн томоохон төв болгоно гэдэг. Гэхдээ энэ нь тийм ч оновчтой санал биш. Учир нь дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ байр сууриа ганхахааргүй олсон санхүүгийн төвүүд бий. Тэдэнтэй манай Хөрөнгийн бирж өрсөлдөхүйц хэмжээнд очно гэдэг тун хүнд гэж боддог.
“НОГООН” ТОДОТГОЛТОЙ БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ
Харин дэлхийн цорын ганц ногоон хөрөнгийн бирж болгохыг зорьж болно. Учир нь “ногоон” гэх тодотголтой бизнес эхлүүлэх нь илүү нэр хүндтэй, санхүүгийн эх үүсвэр олоход арай хялбар болсон шүү дээ. Ногоон бизнесийг санхүүжүүлэх зорилгоор мөөг шиг ургаж байгаа сангуудын хөрөнгийг татаж болно. Мөн уул уурхайг “ногоон” байдлаар ашиглаж болно. Саяхныг хүртэл дэлхийн улс орнуудад нийтлэг хоёр алдаа байжээ. Нэгдүгээрт, эхлээд баян, эрх мэдэлтэй, мөнгөтэй улс болчихоод дараа нь хүмүүсийнхээ эрүүл мэнд, боловсролыг анхаарахын зэрэгцээ ногоон хөгжилтэй болохыг зорьсон байна. Гэтэл энэ нь маш буруу алхам болсныг цаг хугацаа харуулсан юм. Тэгэхээр улсыг хөгжүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэр олохын зэрэгцээ хүнийхээ эрүүл мэнд, боловсролыг хамтад нь хийх нь зүйтэй гэдгийг мэдэрсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь хийж байсан бүхий л зүйлийг ирээдүйд үлдэх өгөөжийг нь бодож “ногоон”-оор хийж эхэлжээ. Магадгүй өртөг, зардлын хувьд өндөр болох ч урт хугацаандаа ашигтай, өгөөжтэй байх юм. Хоёрдугаарт, дэлхий нийтийг ногооруулж, эрүүлжүүлэх нь төр засаг, олон улсын байгууллагын ажил юм гэж ойлгодог байсан. Гэхдээ үүнийг буруу байсныг мэддэг боллоо. Өөрөөр хэлбэл, бизнесийнхэн ногоон хөгжлийг бий болгох гол хөшүүрэг нь. Яагаад гэвэл, баялаг бүтээгч, эдийн засагт илүү байр суурь эзэлж байгаагынхаа хувьд хувийн хэвшил нь “ногоон” болох зорилго тавьсны үр дүнд зорилгодоо хүрэх учиртай. Харин үүнийг хэрэгжүүлэх боломжийг төр бодлогоор зохицуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил бизнесээ эрхэлснээр гарч буй үр ашгийг ард түмэн хүртэх ёстой. Энэ нь ирээдүйд улсаа хөгжүүлэх хөшүүрэг, зөв зам гэж харж байна.
САНХҮҮГИЙН ХОЁР БАГАНА Ч НЭГ СУУРЬТАЙ
Санхүүгийн зах зээлийн хоёр багана гэж ярьдаг салбараа аль, алиныг нь бодлогоор дэмжиж, хөгжүүлэх учиртай байсан. Гэхдээ зөвхөн бодлогын бичиг баримт, хууль эрх зүйн орчноос шалтгаалахгүй. Санхүүгийн зах зээлийн хоёр багана гэж байгаа ч суурь нь нэг л эдийн засаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тодруулбал, мөнгө банкаар эсвэл хөрөнгийн биржээр эргэлдэх нь огт хамаагүй. Эцсийн дүндээ хөрөнгийн биржээр хувьцаа, бонд болон арилжаалах ч мөнгө нь арилжааны банкаар л дамжина шүү дээ. Тэгэхээр нэг зүйлийн хоёр тал болгочихоод өрсөлдүүлэх гээд байгаа нь хэт өрөөсгөл. Өнөөдрийн байдлаар банкуудад зөвхөн зээл олгохоос гадна хөрөнгө оруулалт хийх, брокер зуучлал, даатгал, бонд худалдаж авах зэрэг бүхий л эрх нь байна. Гэтэл даатгалын болоод хөрөнгийн зах зээл нь хөгжихгүй байгаагаас “Ломбард” гэж шүүмжлэгдээд байгаа банкинд байршиж бас дамжиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйн тулд банкныхан “лоббидож байна” гэдэг. Харамсалтай нь бидэнд тийм шаардлага огт байхгүй. Учир нь хөрөнгийн зах зээл хөгжих нь банкуудад илүү хэрэгтэй. Хадгаламжид өндөр хүү төлөөд, түүнийгээ олохын тулд өндөр хүүтэй зээл олгосон гэж шүүмжлүүлэхийг хүсэхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд хөрөнгийн зах зээлд оролцон өгөөжөө өсгөхийг зорино шүү дээ. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн эрсдэлийг 100 хувь банкууд нуруундаа үүрч байгаа нь буруу тогтолцоо. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засагт гарч болох эрсдэлийг банкнаас гадна хөрөнгийн биржид хамааруулах учиртай. Яагаад гэвэл хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа авсан хувь хүн эрсдэлээ өөрөө үүрнэ. Харин банкинд байгаа эрсдэлийнхээ тодорхой хувийг даатгалын салбарт өгөх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд эрсдлээ даатгалын байгууллага нөхөн төлнө шүү дээ. Гэх мэтчилэн эх үүсвэр, мөнгө орж ирэх зэрэг бүх л талаасаа банкууд эрсдэлээ хуваалцахыг хүсдэг. Тиймээс зах зээлд давуу эрхтэйгээр бүхнийг дангаараа эзэгнэхийг зорьж байгаагүй.
AQR БУЮУ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон учраас тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарц байгаагүй. Энэ хөтөлбөрийн зайлшгүй хэрэгжүүлэх хэсэг нь банкуудад хийх активын чанарын үнэлгээ байсан. Гэхдээ Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, олон улсын нэр хүнд тэр дундаа банк болон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг бодон хүчтэй эсэргүүцэж, зогсоохын төлөө ажиллаагүй. Банкуудын хувьд “AQR”-ийг эсэргүүцэж байгаа нь учиртай гэдгийг онцлон тэмдэглэе. ОУВС-гийн захиалгаар олон улсын аудитын компани Монгол Улсын бүх том компанийн санхүүгийн тайлан, хөрөнгийн жагсаалт, байршил, үнэлгээ, ямар холбоо хэлхээтэй, ямар бизнес эрхэлж байгаа зэрэг мэдээллийг авч байна. Түүнчлэн томоохон орон сууцны зээлийн материалыг нэг бүрчлэн шалгаж байгаа. Нэг үгээр хэлбэл, манай улсын баялаг бүтээгчдийн мэдээллийг авснаар үл хөдлөхийн байршил, үнэлгээг тодорхой мэдэх боломжтой. Эдгээрийг шүүж авч үзэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх мэдээлэл яалт ч үгүй тэдэнд очиж байгаа. Хөгжиж буй орнуудын банкуудад активын чанарын үнэлгээ хийж байсан гашуун туршлага бий. Үүнээс үүдэлтэй AQR үнэлгээг хийлгэх ёстой, ёсгүйн талаар маргалдсан хэвээр байгааг дашрамд дуулгая. Ер нь AQR гэдгийг Төвбанк, Сангийн яам, банкууд өөр өөрөөр тайлбарлана. Гэхдээ нэгэнт ийм зүйл рүү орсон ч бодит байдал дээр банкны актив гэдэг нь зээл. Засгийн газрын бонд, компаниудын зээл, байшин барилга хамаарна. Тэгэхээр активыг үзснээр бүх зээлдэгч компаниудын чанарыг тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкны чанараас илүүтэй зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн чанар тодорхойлогдоно. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн эрүүл мэнд ямар байгааг шалгаж байгаа хэрэг. Хэрэв AQR-ийн дүн муу гарвал аль нэгэн банк муу гэхээс илүүтэйгээр манай улсын эдийн засаг, компаниудын чадавхи, санхүүгийн байдал, хөрөнгийн үнэлгээ ямар байгаад дүн тавьж буй юм. Хамгийн гол нь энэ бүх мэдээллийг банкуудаас авч болох учраас банкны активын чанарт үнэлгээ хийж байна хэмээн нэрийдэж байна. Биднээс шаардаж байгаа зүйл нь маш энгийн. Яаж зээл олгодог, шалгуур болон ямар байгууллага, хувь хүнд олгож байна вэ гэдгийг сонирхож байгаа. Түүнээс гадна барьцаагаа хэрхэн үнэлж байгааг, эрсдэлээ яаж тооцож байгаа талаар, зээлээ төлөхгүй хүмүүстэй хэрхэн ажилладаг, хадгаламж, харилцагчдынхаа мөнгийг эрсдэлээс хамгаалж байгаа эсэх, хууль дүрэм журмаа биелүүлж байгаа зэрэг Монголбанкнаас өдөр тутам шалгуулдаг зүйлийг л асуудаг.
Тэгэхээр үзэж, үнэлж байгаа тал ямар зорилгоор, ямар өнцгөөр үнэлж байгаа вэ гэдэг нь маш чухал байсан. Гэтэл Монголын банкны систем, эдийн засгийн тогтолцоо, компаниудын эрүүл мэндийг Европын төвбанкны стандартаар харж байна. Өөрөөр хэлбэл, 10 жилийн боловсролтой атал гадаадын дээд сургуулийн хэмжээнд шалгалт авч тэнцэх, эс тэнцэх тухай ярьж байгаа нь хэт өрөөсгөл. Энэ нь хоёр өөр стандартыг дүйцүүлэх нь буруу. Учир нь манай улсын төр, хувийн хэвшлийнхэн олон улсын бүртгэлийн стандартад ороогүй байгаа. Бүр тодруулбал, манай улсын эдийн засгийн хөгжлийн төвшингөөс давсан шалгуураар үнэлгээ хийхээр дайрч байгаа нь хачирхалтай. Жишээлбэл, бүх хөрөнгийн үнэлгээг банкууд өөрсдөө хийдэг бөгөөд багаар үнэлж эрсдэлээ хаадаг юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй нэг сарын хугацаанд гадаадын хөндлөнгийн байгууллагаар бүхий л хөрөнгийг үнэлүүлэх шаардлага тавьж байна. Энэ байдлаас шалтгаалан энэ зунд үндсэн ажил болох зээлээ гаргаж чадсангүй. Хөрөнгө оруулалт татах хэмжээнд ярьж байсан ажлуудаа ч амжуулж чадсангүй. Нөгөөтэйгүүр аль ч улс оронд AQR-ийн үнэлгээг зургаагаас доош сарын хугацаанд хийж байсан түүхгүй. Гэтэл манай улсад гурван сарын дотор багтаахаар ажиллаж байна. Хэдийгээр өндөр стандарт тавьж байгаа ч түүнийг хангахын төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин