
Т.БАТСАЙХАН
“Хүний эрх шударга ёс төв”-ийн тэргүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Их хэлмэгдүүлэлт болсноос хойш 80 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын төр хэлмэгдүүлэлтийн асуудалд хэр анхаарч ажилласан гэж та дүгнэж байна вэ?
-Нэг үе улс орныг эдийн засгаар нь хэмждэг байсан бол одоо хүн амын хөгжлөөр нь хэмждэг цаг үе ирлээ. Гэтэл тэртээх он жилүүдэд бид эрдэм номтой 37 мянган хүнээ буудаж, шоронд суулгаж, хөрөнгийг нь хурааж хэлмэгдүүллээ. Энэ нь улс орны хөгжлөөс 70-80 жил хойш татсан үйл явдал болсон. Монгол Улсын хувьд хамгийн том эмгэнэл, хамгийн муухай яргалал байлаа.
Үүнээс хойшхи 80 жилд Монголын төр хилс хэрэгт гүтгэгдсэн ард түмнээ цагаатгах, ар гэр, үр хүүхдэд нь нэг нэг сая төгрөг өгөхөөс өөр юу ч хийсэнгүй. Хэлмэгдүүлэлтийг залруулах ажиллагаа төрийн хэмжээнд бүрэн дүүрэн явагдаж чадахгүй байна. Хүний эрхийн талд ажилладаг ТББ хуульчид үүнтэй санал нэг байгаа. Бид цаашид хэлмэгдүүлэлтийн залруулах асуудлаар олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Зохион байгуулах ажлынхаа талаар тодруулахгүй юу?
-Их хэлмэгдүүлэлтийн үед цэрэг улс төрийн зүтгэлтэн, тайж, лам, ноёд зэрэг хүмүүсийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгосон. Зүгээр л “Чи хувьсгалын эсэргүү” гэж хэлээд бүх хөрөнгийг нь улсад авчихсан. Түүнээс нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Өнөөдөр тэдний үр хүүхэд байгаа. Хууль бусаар хурааж авсан хөрөнгийг төр өнөөдөр хэлмэгдсэн хүмүүсийн өв залгамжлагчдад буцааж өгөх ёстой. Энэ бол зөвхөн 1937 онд болсон хэлмэгдүүлэлтийн тухай яриа биш. 1950 онд хүртэл үргэлжилсэн. 1960-аад онд Лоохууз Нямбуу, Сурмаажав гээд Их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, амьдралаа алдсан хүмүүс ч бий. Энэ хүмүүст Монголын төр өртэй яваагаа ухамсарлаж, зөвхөн цагаатгах биш. Өв хөрөнгийг нь буцааж өгөх ёстой гэсэн байрь сууртай байгаа. Энэ асуудал болон ер нь хэлмэгдсэн ард түмний өмнө төр ямар үүрэг хүлээх вэ гэдгийг бид судалж, Ерөнхийлөгчийн хэмжээнд саналаа хүргүүлэхээр бэлтгэж байна.
-Их хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна гэж ярьдаг. Ямар хэлбэрээр илэрч байна вэ?
-Монголын нийгэмд хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна. Улстөр бизнесийн бүлэглэлүүд төрд гарчихаад жижиг намаа намнадаг, хийсэн луйвар булхайг нь илчлэхээр хэрэг дохож, гэмт хэрэгтэн болгодог тийм байдлаар үргэлжилж байна. Саяхан гэхэд л Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэг олон нийтэд ил боллоо. Энэ нь ганцхан тэр хүнд тохиолдсон зүйл биш. Биднийг Засгийн газарт орж ажиллаж байхад байнга л тагнаж чагнадаг байсан. Тэр үед АТГ, ТЕГ, ЦЕГ гээд бүгд улстөр бизнесийн бүлэглэлийн талд ажиллаж, Н.Энхбаяр гэдэг хүнтэй ойр байдаг бүх хүнийг байцааж, шоронд суулгасан, дарамталсан. Г.Шийлэгдамба тэргүүтэй олон улстөрчийг шантаачилж улс төрөөс холдуулсан. Тэр байтугай “Намынхаа хурал дээр юу ярьсан бэ та нар” гэж дарамталдаг байлаа. Гэтэл өнөөдөр гэрч, нотлох баримттай 60 тэрбумын асуудлаар хэнийг байцаасан бэ. Хэнийг ч буруутгалгүй, чимээгүй хаалаа. Тэгэхээр өнөөдөр улстөрийн хэлмэгдүүлэлт өнгөө өөрчлөн үргэлжилж байна. Зохиомол хэрэг үүсгэж, мөрдөн тагнаж эрүүдэн шүүх байдал байсаар байна. Үүний эсрэг Монголын шударга ард түмэн улстөрийн нам, төрийн бус байгууллага гэж хуваагдалгүйгээр бүгд л тэмцэх хэрэгтэй. Үүний цаана Монголын эрх ашиг бий.
-Хэлмэгдүүлэлтийн асуудлаар Ерөнхийлөгчид хандаж байгаа гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тийм ээ. Зохиомол хэрэг үүсгэж, мөрдөн тагнаж, эрүүдэн шүүхийн эсрэг Монголын төр засаг анхаарал хандуулах цаг нь ирсэн. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж байна. Саяхан болсон УИХ-ын чуулган дээр Шадар сайд У.Хүрэлсүх “Монголын төр мафижсан, хууль хяналтын байгууллага нь улстөр бизнесийн бүлэглэлийн захиалгаар ажилладаг тэдний гар хөл болсон” гэдгийг зарлалаа. Энэ асуудлыг бид өмнө нь зөндөө их ярьсан. Ер нь одоогийн улс төрийн бүлэглэлийн эсрэг, тэдний булхайг илчлэх гэсэн бүхнийг олигархиуд намнаж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нар ч тодорхой хөдөлшгүй баримтаар үзэл бодлоо илэрхийлж байсан.
-Ерөнхийдөө улстөрчид хуулийн нэрийн өмнөөс дургүй нэгнээ намнадаг ийм байдлаар хэлмэгдүүлэлт үргэлжилж байгаа юм байна. Тэгвэл үүнээс гарах арга зам нь юу байна вэ?
-Өнөөдөр Монголын улс төр олон намын бүлэглэлд хуваагдсан байна. Төр барьж байгаа хүмүүсийн өмнөөс шударга ярьсан нэгнийг хуулиар шийтгэдэг, хэрэг наадаг. Энэ тогтолцоогоо хүлээн зөвшөөрөх аястай болчихлоо. Буруугаа хүлээдэг, нэг ч хүн алга байна. Харин тэдний энэ гэмт үйлдлийн төлөөст хэдэн хүн Хорих 461 дүгээр ангид очиж хоригдож, зарим нь нас барсан. Тэдний гэр бүл хэрхэн хохирч байна. Би Монголын хуулийн байгууллагад дунд шатнаас эхлээд олон жил ажилласан. Одоо улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар судалж ажиглаж байна. Бид ингэж явж болохгүй. Агнадаг, ангуучилдаг энэ муухай зүйлийг арилгах хэрэгтэй. Гэм буруугүй хүнийг хорьсон байцаасан, шийтгэсэн бол тэр хууль хяналтын байгууллага иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг байя. Нэг өдөр ч гэсэн хүний амьдрал үнэ цэнэтэй. Гэтэл нийгмээс тусгаарлаж, хорьж шийтгэж байна. Тэр хүний гэм буруугүй нь тогтоогдвол хоног тутамд нэг сая төгрөг өгөхөөр тийм хуулийг санаачлах ёстой. Хэлмэгдүүлэлтийн эсрэг зогсч, уучлал гуйж байгаа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч маань энэ талаар хууль санаачлах байх гэж найдаж байна. Мөн эрүүл төрийн тогтолцоотой болчихвол энэ хэлмэгдүүлэлт гэдэг зүйл өөрөө аяндаа алга болно. Үнэхээр одоогийн улстөрийн тогтолцоо явахаа болчихлоо. Мафижсан тогтолцоо байсан цагт хэлмэгдүүлэлт цаашаа үргэлжилнэ. Хуулийн байгууллагууд тоглоомын байгууллагууд хэвээрээ байх болно. Мөн үүний тулд Шинэ Үндсэн хуулийг батлах ёстой. Мөн гурван сая иргэн маань эрхээ хамгаалж тэмцдэг байх хэрэгтэй. Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан өөрийн эрхээ мэддэг түүнийхээ төлөө үг дуугарч тэмцдэг байх нь эргээд эрүүл нийгэмтэй болох нэг шалгуур үзүүлэлт болно. Монгол Улс Ардчилсан төртэй гэж дэлхийд цацчихаад Ерөнхийлөгч байсан хүнээ хиймэл хэрэгт гүтгэж бүтэн найман жил хэлмэгдүүллээ. Тэгэхээр хэлмэгдүүлэлт мафижсан төр байгаа цагт байсаар л байх болно.
-Улстөрчдийн гар хөл болж байгаа хууль хяналтын байгууллагынхан мөн энд бас хэлмэгдээд байна уу. Та юу гэж бодож байна?
-Энэ дээр нэг жишээ хэлье. 1990-ээд онд би Улсын прокурорын Ерөнхий хяналтын газрын дарга байсан. Над дээр нэг хүн орж ирлээ. Тэр хүн “Би өдөр гардаггүй, шөнө л гадуур явдаг” гэж надад хэлж байлаа. Цагтаа Монгол Улсын Ерөнхий прокурор байсан хүн л дээ. Алдарт хар хуулиудыг хийж байсан. Тэр хүн олон жил улс төрийн товчооны гишүүн, сайд байсныхаа хувьд тусгай тэтгэвэрт орох ёстой. Үүн дээр намайг дэмжлэг үзүүлээч гэж ирсэн. Тэгж бусдыг хэлмэгдүүлсэн хүн хүний нүүр харах эрхгүй болдог юм билээ. Гэтэл өнөөдөр улс төрийн бүлэглэлийн захиалгаар бусдад хэрэг тохож хэлмэгдүүлсэн хуулийн байгууллагын залуус маань яаж бусдын нүүрийг харах юм бэ. Тэдний ирээдүй үр хүүхэд хэрхэх вэ. Энэ бүхнийг одоо анхаарах сөхөөгүй байх шиг байна. Монголд эх оронч үзэл санаа байхгүй болж, мөнгөний үзэл ноёрхож байгаагийн нэг илрэл юм даа.
- Оффшорын асуудал Монгол Улсын хэмжээнд яригдаж байна. Бид гадны дансанд мөнгөө нуусан улстөрчиддөө арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Үүний цаана бас ард түмний эрх ашиг яригдана байх?
-Тийм шүү. Монголын ард түмнийг оффшорчид хэлмэгдүүлж байна. Яагаад гэхээр тэр оффшор дансанд нуусан мөнгө манай зах зээлд эргэлдэж байсан бол одоо нийгмийн амьдрал ийм ядуу дорой байхгүй. Энэ мөнгө бол Монголын ард түмний мөнгө. Монголын уул уурхай газрын баялагийн хөрөнгө. 17 тэрбум ам.долларыг Монголдоо оруулж ирвэл эдийн засгийн хүндрэлээс бид бүрэн гарна. Гадаадын өр зээлээ дарна. Одоо мөнгөө оруулж ирэхгүй бол хариуцлага тооцох хууль батлагдсан шүү дээ. Оффшорчид төрийн албан тушаалаа өгөх үүрэгтэй. Хэрэв тухайн хүн алдаагаа ухамсарлаад мөнгөө татаж байвал түүнийг шийтгэж гэмт хэрэгтэн гэж цоллохоо больчихъё л доо. Харин мөнгөө оруулаад ард түмэндээ тушаачих. Ийм асуудлыг улстөрчид цаашид гаргахгүй гаргахаа больчих хэрэгтэй. Ер нь улс төрийн байдлыг харахад болж бүтэж байгаа зүйл нэг ч алга. Тиймээс Монголын ард түмэн тэмцэх цаг нь болсон.