
Блиц
Мэргэжил:
Түүхч, Соёл урлагийн удирдлага.
Боловсрол:
СУИС-ийн Соёл урлагийн удирдлага
Түүхийн ухаанаар магистр хамгаалсан
Өвөрмонголын Монгол судлалын сургуульд Монгол, Хятадын харилцааны чиглэлээр доктор хамгаалсан.
Ажлын туршлага:
Түүхийн хүрээлэнд түүхч.
Театрын музейн дарга.
“Зууны мэдээ” сонин салбар бүрийн тэргүүлэгч, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Монголын театрын музейн захирал Д.Наранжаргалыг урилаа.
ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГАД НЭГ АЛХАМ ОЙРТЛОО
-Түүх сөхвөл, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны долдугаар сарын 13-ны өдрийн “Театрын музей, уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн танхим байгуулах тухай” 259 дүгээр тогтоолоор манай музейг байгуулах тухай шийдвэр гарсан.
Уг тогтоолд Театрын музей, уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн танхимыг Дүрслэх урлагийн музейн салбар болгон байгуулж, 1974 оноос эхлэн ажиллуулах, Театрын музейг Чин ван Ханддоржийн өргөөнд, уран бүтээлчдийн үзэсгэлэнг хуучин Циркийн гэр хэлбэрт хоёр дуганд байгуулах болон дээрх барилгуудын засвар, зураг төсөл хийхийг тус тус даалгасан байна. Энэхүү тогтоолын дагуу Чин ван Ханддоржийн өргөөг Соёлын яам хариуцан засуулж, “Театрын музей” байгуулахаар комисс томилон музей байгуулах сэдэвчилсэн төлөвлөгөө, загвар зураг гарган, ажиллах орон тоог баталжээ. Гэтэл тус барилга музей байгуулахад шаардагдах зориулалтын тоног төхөөрөмжгүй, галын аюул гарах осолтой, халаалтгүй хүйтэн учир “Үзмэр, дурсгалт зүйлс муудна” хэмээн тухайн үеийн нэр бүхий зарим уран бүтээлч татгалзсан юм билээ. Холбогдох яамнаас музей гэдэг өөрийн статус, тусгай байртай байх ёстой гэж үзээд өнөөгийн энэ байранд шилжүүлэн нүүлгэсэн гэдэг. Олон улсын театрын өдрийг тохиолдуулан 1991 оны гуравдугаар сарын 27-нд Монголын театрын музейг нээсэн. Нийт таван танхим, нэг сан хөмрөгийн өрөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш кино танхимд засвар болон үзүүлэх шинэчлэл хийгдээгүй байсан. Манай хамт олон саяхан кино танхимдаа засвар хийж, шинэ өнгө төрх, үзмэрүүдээ нийтэд дэлгэсэн. Бид үүдний шат, гадна талын хаалганаас гадна үзүүлэх шинэчлэлээ давхар хийлээ. Энэ танхимд шинээр 50 гаруй жаазтай зураг байрлууллаа. Киног бид жүжигчдээр л төсөөлдөг. Гэвч цаана нь олон хүний хөдөлмөр шингэдэг. Тиймээс кино багийнхны дүрийг мөнхлөхийг зорьсон юм. Мөн шинээр “Гэрэлт самбар” хийлээ. Энэ нь дэлхийн музейн чиг хандлага руу нэг алхам ойртсон явдал. Үүнд 1936 оны “Монгол хүү” киноноос эхлээд 1990 оныг хүртэлх бүх кино мэдээлэлтэйгээ багтсан. Үүнээс гадна энэ танхимд маань “Цогт тайж” киноны зургийг авсан аппарат болон хуучны хослол зургийн аппаратууд түүх өгүүлэн хадгалагдаж байна. Бид музей гээд хэдэн үзмэр дэлгэж тавьчихаад суухыг хүссэнгүй. Аль болох дэлхийн жишигт ойртож, шинэ технологийн дэвшлийг ашиглахыг зорьж байна. Энэ ажлынхаа хүрээнд том дэлгэцийн шинэ компьютерийг байрлуулсан байгаа. Манай музей одоогоор зай талбай хүрэлцэхгүйн улмаас сан хөмрөгийнхөө 30 хувийг л дэлгэж байна. Тиймээс ил тавиагүй бүх үзмэрийнхээ мэдээллийг компьютертоо багтаасан. Энэ аргыг хэрэглэснээр сан хөмрөгт байгаа бусад үзмэрийг эндээс үзэж болох юм. Цаашлаад бид танхим бүрдээ энэ технологийг хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.
МУЗЕЙ ЗААВАЛ ҮЗМЭРЭЭ АРВИЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Музей гэдэг зөвхөн хэдэн үзмэр авчраад тавьчихыг хэлдэггүй. Тухайн үзмэрийг тавихын тулд олон сарын судалгаа шаарддаг. Тухайн зүйлийг хэрэглэж байсан хүнтэй нь уулзана, судална. Музейн ажилтнуудын хамгийн чухал алба бол үзмэрээ арвижуулах. Би ажилтнууддаа үзмэрээ заавал арвижуул гэсэн шаардлага тавьдаг. Гэвч улсын төсөв хүнд байгаа учир чадлынхаа хэрээр хүмүүстэй уулзаж, өөрсдийн эд хэрэглэлээс манай музейд тавиач гэсэн санал тавьж байна. Би музейн захирлын ажлыг аваад удаагүй. Энэ жилийн хувьд 15-20 гаруй үзмэрээр сан хөмрөгөө арвижууллаа. Мөн хэд хэдэн номын эх бэлтгээд байна. Монголын театрын урлаг “Бөмбөгөр ногоон театр”-аас үүсэлтэй. Энэ театр бол Монголын соёл урлагийн гал голомт, уурхай юм. “Бөмбөгөр ногоон”-ыг Мажар хүн барьсан юм билээ. Энэ хүн болон театртай холбоотой түүхээр ном гаргахаар зорьж байна. Мөн 1947 онд БНСЧСУ-ын нийслэл Прага хотноо Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадам болсон түүхтэй. Тус их наадамд, дуучин Б.Долгор, Д.Долгоржав, В.Сүрэнхорлоо, Л.Цогзолмаа, А.Цэрэндэндэв, даян аварга Ц.Чимэд-Очир, улсын мэргэн Адилбиш, Ж.Будсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ 37 хүн явжээ. Энэ тухай түүх өгүүлсэн их олон зураг, баримт манай музейд бий. Тэдгээрийг эмхтгэн цомгийн эх хийж хэвлүүлэхэд бэлтгээд байна. Үүнээс гадна Уран зургийн галерейтэй хамтраад монголын тайз, дэлгэцийн урлагийн зурагт хуудасны цомог гаргахаар ажиллаж байна. Манай музейн хувьд Д.Цэдмаа захирлын үед судалгаа, шинжилгээний тал дээр сайн ажилладаг байсан. Түүнээс хойш нэг хэсэг тасраад байсан энэ ажлыг үргэлжүүлэхийн зэрэгцээ шинэ шатанд гаргахаар мэрийж байна. Үзэгчдэд зөвхөн үзвэр үзүүлэх биш эхлээд өөрсдөө тухайн үзмэрийнхээ тухай тал бүрийн мэдээлэл, шинжилгээ судалгааг сайн хийдэг байх хэрэгтэй.
ЖУУЛЧДЫГ ТАТАЖ, УРЛАГАА СУРТАЛЧЛАХ ЁСТОЙ
-2018 онд Зүүн хойд Азийг аялал жуулчлалын төв болно гэж зарласан. Тиймээс жуулчдыг татах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бидний хувьд төдийлөн дэлхийд нэр алдараа цуурайтуулаад байнга гадагшаа, дотогшоо явж чаддаггүй. Тиймээс эх орондоо ирсэн жуулчдыг хэрхэн татах вэ, юугаа сурталчилвал хүмүүс илүү сонирхох вэ гэдгийг эхлээд бодлогоор шийдэх шаардлагатай гэж үзэж байна. Музейн хувьд хуучны хэдэн үзмэр тавиад өнгөрөх биш яавал дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах вэ гэдгээ сайтар судалж, тэр зүгт тэмүүлэх нь чухал. Хүмүүс лааны тосон музейг их сонирхох болжээ. Тиймээс бид ирэх онд энэ чиглэлээр хамтарч ажиллах саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Одоогоор гэрээний шатанд яригдаж байна. Хэрэв энэ гэрээ ажил хэрэг болоод бүтчихвэл манай музейгээс жуулчдын хөл тасрахгүй. Цаашлаад Монголын театрын музейн хөгжилд ч хэрэгтэй. Манай улсад жилд дунджаар 400 мянган жуулчин ирдэг гэсэн статистик тоо бий. Түүнээс 10-20 мянга нь л Монголд өгөөжөө өгдөг. Үлдсэн нь хятад ажилчид болон дамжин өнгөрсөн хүмүүс байдаг. Манайд улсын чанартай 10 музей бий. Гэхдээ эдгээр жуулчдаас манай музейг зорьж үзэх жуулчин бага байна. Тиймээс бид гадаад үзэмж болон дотоод заслын ажлаа эрчимтэй хийж дуусгалаа. Гаднаа гэрэлтдэг хаяг хийчихээр музейгээр зочлох хүн харьцангуй нэмэгдэж байгаа нь ажиглагдсан.
ТЕАТРЫН МУЗЕЙ ХҮҮХДИЙН СОЁЛ ХҮМҮҮЖИЛД САЙНААР НӨЛӨӨЛНӨ
-Бид хүмүүс хэдэн мянган удаа манай музейг үзээч гэж хашгираад нэмэргүй. Үүний оронд багаас нь музей үзэх, түүний ач холбогдлыг ойлгуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Театрын музей хүүхдийн соёл хүмүүжилд сайнаар нөлөөлнө. Тиймээс бид сургуулиудтай гэрээ хийхээр ярьж байна. Ядахдаа урлагийн хүн болохоор төлөвшиж буй Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд долоо хоног, сард нэг удаа музей үзээд хэвшчихвэл өөрсдийнх нь боловсролд том хувь нэмэр болно. Зөвхөн музей гэлтгүй соёл урлаг суурь болон ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт чухал байр эзэлдэггүй. Тиймээс ирээдүйн Монгол Улсын иргэнийг хүмүүжүүлэхэд юу чухал байгааг ялган салгаж судлах цаг нь болжээ. Урлаг хүний дотоод мэдрэмж сэтгэлгээг илүү түлхүү хөгжүүлдэг. Сонгодог хөгжим сонсч өссөн хүүхдүүдийн авьяас илүү олон талаар хөгжиж, бие хүний хувьд зөв төлөвшсөн байдаг. Үүнээс гадна багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, шинэ арга зам олох чадвар илүү байгаа нь ажиглагддаг. Өнөөдөр бага, дунд ангид долоо хоногт нэг цаг хөгжмийн боловсрол олгож байна. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд нот заах, дуу цээжлүүлэх хэлбэрээр явах нь элбэг. Мөн эцэг эхчүүд хичээлийн бус цагаар хүүхдүүдээ урлагийн боловсрол олгох боломж нь дутмаг нийгэмд бид амьдарч байна.
Хүүхдийн хүмүүжилд кино урлаг нэн чухал. Гэтэл өнөөдөр гарч буй ихэнх кино алаан, өшөө авалтаар дүүрэн. Бидний хүүхэд энэ киног үзээд юуг ойлгож, сурах вэ гэдэг нь чухал болохоос үйл явдал нь сонин биш. Бид ямар киноноос үлгэр дууриалал авах вэ, ямар нэвтрүүлгээс түүх, зан заншил, хэл соёлоо мэдэх вэ гэдэг чухал асуудал болоод байна. Хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт хүүхэлдэйн кино, хүүхдийн шоу нэвтрүүлгүүд байж болно. Харин хүүхдийн урлагийн боловсролыг дэмжихийн тулд телевизүүд монгол баатар, монгол түүх домгийн кино, монгол үндэсний хэв шинжит нэвтрүүлгийг түлхүү бэлтгэмээр харагддаг. Монголын урлагийн салбарын хөгжлийг үгүйсгэж болохгүй ч бидний ярьж буй сэдэв энгийн хүн ардын аж амьдрал, хөгжилд ямар нөлөөтэйг авч үзэж байгааг анхаарах хэрэгтэй.
Музей ч ялгаагүй ямар үзмэрээ тавьбал хүмүүс илүү сонирхох вэ, тэр үзмэрийг үзээд Монголын театрын урлагийн тухай ямар мэдлэг олж авах вэ гээд систем, бодлоготой ажиллах хэрэгтэй. Манай музейн эхний танхим бол хөрөг зургийнх. Энд соёл урлагийн алдартнуудын хөрөг бий. Дараагийнх нь тайзны урлагийн танхим. Энд Монголын театрын ууган байгууллагуудын танилцуулга, мэдээлэл багтсан. Ардын хөгжмийн танхимд эртний хөгжмийн зэмсэгүүд бий. XVII, XVIII зууны хуураас эхлээд арслан толгойтой хуур ч байна.
Намтар дуулах дацанд алдарт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай өгүүлэх танхим бий. Эдгээр танхимаас хүүхдүүд Монголын театрын урлагийн түүхийг бүхэлд нь уншиж, тархиа цэнэглэх боломжтой. Манай хамт олны шинээр санаачилж, хийхээр зорьж байгаа нэг ажил нь рок попын шинэ танхим байгуулах. Одоогоор төсөл төдий байна.
Гэхдээ удахгүй ажил хэрэг болгоно гэдэгтээ итгэлтэй байна. Манай музейн байрны хувьд зориулалтынх биш. Бид түрээс төлж суудаг. Энэ бол дэлхийн жишигт тохирохгүй асуудал. Тиймээс байрныхаа асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Төрөөс аль болох төсөв харалгүйгээр өөрсдөө шийдэх бололцоо юу байна гэж судалж үзлээ. Зарим гадаадын компаниудад ч санал тавьсан. Тэд эхлээд газрынхаа асуудлыг шийд гэсэн хариу өгсөн.
УРЛАГ СУДЛААЧ, ШҮҮМЖЛЭГЧДИЙГ БЭЛТГЭЕ
Дэлхийн музейг харахад ихэвчлэн төрөлжсөн байдаг. Жишээлбэл Тайваньд зөвхөн хөгжмийн музей гэж бий. Одоогоор дэлхийд Европын урлаг ноёрхож байна. Хөгжил нь асар хурдтай. Европчууд жинхэнэ урлагийг бүтээж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа учир энэ оргилд хүрчээ. Бид ч гэсэн аливаад шинийг эрэлхийлдэг баймаар байна. Хэдийгээр бид хийж бүтээх бодол санаа байвч хөрөнгөний асуудал тулгардаг. Гэхдээ мөнгөгүй гээд зүгээр суух биш яавал мөнгө олж болох вэ, сан хөмрөгөө хэрхэн баяжуулах вэ гэж байнга эрэл хайгуул хиймээр байна. Манай музей үндсэн арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хэдийгээр бид мэргэжлийнх ч гэлээ яг музейн чиглэлээр боловсон хүчин дутмаг байна. Хэдийгээр урлагийн сургууль олон ч зорьж очиж буй хүүхдүүд нь жүжигчин болох л сонирхолтой. Үүнээс гадна урлаг судлаач, шүүмжлэгч зэрэг нийгэмд дутмаг байгаа мэргэжилтнүүд хаана байна вэ. Тиймээс бид яг музейд зориулсан мэргэжлийн судлаач, түүхч зэрэг боловсон хүчин бэлтгэх цаг хэдийнэ иржээ.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин