
Ч.ЗОТОЛ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-МАХН-аас Үндсэн хуулийн төсөл БНМУ-ын Дээд хуулийг хөдөө орон нутагт хэлэлцүүлж дуусчээ. Хэлэлцүүлэг цаашид яаж үргэлжлэх вэ?
-МАХН санаачилсан гэж олон нийтийн сүлжээнд ярьж, бичиж байгаа ч энэ бол хуульч, эрдэмтэн, судлаачид олон талыг хамруулан хамтран боловсруулсан хуулийн төсөл. Монгол Улсаа хэрхэн сайхан болгох вэ, түүнийг Үндсэн хуулийн аргаар яаж хийх вэ, өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг хэрхэн засч сайжруулах вэ гэсэн зорилгыг өмнөө тавьсанд гол онцлог нь оршиж байгаа. Иймд Ард түмний Үндсэн хууль гэж нэрлэх ёстой гэж бодож байна. Энэ үүднээс бүх ард түмнээр хэлэлцүүлэх санаачилгыг манай нам гаргаж, өөрсдийн хэр хэмжээнд, ард олныхоо дэмжлэгээр орон даяар хэлэлцүүлж байгаа.
Өнгөрсөн зун Монгол Улсын бүх сум, багаас төлөөлөл оролцуулж, зургаан бүсэд хэлэлцүүлэг явуулсан. Оролцсон бүх хүн болохгүй, бүтэхгүй байгаа бүхнээ энэ маягаар өөрчилж, сайн сайхан хөгжлийн зам руу орох ёстой юм байна гэсэн дүгнэлт, шийдвэрийг гаргаж байна. Энэ сарын 5-9-ний хооронд нийслэлийн дүүргүүдийг гурван бүсэд хувааж хэлэлцүүлэг зохион байгуулна. Хороо бүрээс төлөөлөл оролцуулна. Эдгээр хүмүүс дараа нь хэлэлцүүлгээс олж авсан мэдлэг, мэдээллээрээ өөрсдийн хороо, дүүрэг дээр очиж уулзалт зохиож, танилцуулга хийх зэргээр Үндсэн хуулийг батлуулах ажилд оролцож явах юм.
-УИХ-д өргөн баригдаж, хэлэлцүүлж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр УИХ, Засгийн газрын түвшинд Ардын нам түлхүү оролцоотойгоор Зөвлөлдөх санал асуулгыг хийж байгаа. Та бүхний явуулж буй хэлэлцүүлгээс юугаараа өөр юм бэ?
-Ардын намынхны санаачилсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гэдэг нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд “косметик” төдий, өөрөөр хэлбэл эрх мэдлийн хуваарилалтын хувьд нэгээс аваад нөгөөд нь өгөх гэсэн өнгөцхөн засвар хийхэд чиглэсэн. УИХ эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн зорилготой, ийм л зүйл явж байна гэж харж байгаа. Юуг нь яаж өөрчлөх гээд байгааг Их хурлын гишүүд нь өөрсдөө мэдэж байгаа ч юм уу, үгүй юм уу. Ерөнхийдөө “Өөрчлөх ёстой юу” гэсэн хэлэлцүүлэг л яваад байгаа. Сэжиг төрүүлж буй бас нэг зүйл нь МАХН-ын оролцож, дэмжиж байгаа Үндсэн хуулийн төсөл /БНМУ-ын Дээд хууль/-ийг ард түмний дэмжлэг авч байгааг саармагжуулах, өөрсдөө мөн Үндсэн хуулийг өөрчлөх санаа бодолтой байгаа мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн ийм л улс төрийн тоглолт яваад байна. Жинхэнээсээ улс орноо өөд татаад хөгжүүлье, болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийгээ зохицуулъя, засъя гэсэн бодолгүй байгаа нь ч харагдаж байгаа. Тухайлбал, өнөөдөр УИХ, Засгийн газар, шүүх засаглал гээд өргөн хүрээнд болж, бүтэхгүй, өөрчилж засмаар зүйлүүд байхад түүнийгээ засахыг огт хүсэхгүй хуучинтайгаа зууралдацгааж байна шүү дээ. Ийм байж Үндсэн хуулийг өөрчилнө гэж юу байх вэ. Ард түмний хүлээлт бий болсон, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм байна, хувьсгалт өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн хүсэлт, эрмэлзлэлийг аль болох унтраах тактикийг л эрх баригчид барьж байх шиг байна.
-Ард түмний Үндсэн хууль буюу Дээд хууль юугаараа онцлог болсон вэ?
-Манай намын оролцоотой хэлэлцүүлээд явж байгаа, ард түмнээс гарсан Дээд Үндсэн хууль бол ард түмэн, төр засаг хоёрын өнөөдрийн байгаа байрыг солъё гэж байгаа юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг сайн уншиж үзэх юм бол, өнөөгийн байгаа байдлыг нь харвал төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ, төрийн тэргүүн бол Ерөнхийлөгч гэх мэтээр заасан, үндсэндээ төр буюу төрд байгаа албан тушаалтнууд яагаад ард түмний дээр байх ёстой вэ? Эрх мэдэлтнүүд л хууль ёсыг дураараа, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өөрчлөх эрхтэй, ард түмэн ямар ч эрх мэдэлгүй, эрх мэдэлтнүүд огцрохгүй байх түмэн зүйлийн үндэслэл, хамгаалалт аян шалтагийг л зааж өгсөн байдаг.
Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төрийн сүлдэндээ залбираад саналаа өгдөг. Ингэхдээ хэн нэгэнд нь эсвэл тэнцүүлж өгсөөр ирсэн. Харамсалтай нь ард түмний амьдрал, улс орны хөгжил бүгд бахь байдгаараа үлддэг. Ард түмэн “Бид та нарыг сонгосон нь буруу байна” гэж үзээд эргүүлэн татах, огцруулах, буцаан татах эрхийг яагаад Үндсэн хуульд оруулж болдоггүй юм бэ. Германы Үндсэн хуульд бол төрийн эрхийг ард түмэн байнга өөртөө хадгална гэж бий. Энэ эрхээ хэн нэгэнд шилжүүлж болох ч, тухайн албан тушаалтанд “Чи энэ эрхийг түр зээлсэн шүү” гэдгийг сануулж өгч буй юм. Бид түүнтэй адил зохицуулалтыг хийж байгаа.
Тухайлбал, ард түмэн төрийн эрхийг байнга барина. Төрийн эрхийг бид одоогийн байдлаар УИХ, Засгийн газар гэж хоёр хуваачихаад байгаа. Шүүх эрх мэдэл тусдаа биш, хараат. Бараг гурван эзний нэг зарц шиг шүүх эрх мэдлийн тогтолцоотой шүү дээ. Үүнийг бид өөрчилнө. Ерөнхийлөгч, Засгийн газар нь ард түмнээс сонгогддог байя. УИХ-ын үндсэн үүрэг хариуцлагыг нь огт оролдохгүй мөртлөө сонгогдох арга хэлбэрийг нь буюу тогтолцоогоо солигддог тэмдэг шиг өөрчилдөг. Зөвхөн сонгогдох тогтолцоог нь өөрчлөөд УИХ-ын хариуцлагагүй байдлыг засч залруулж чадахгүй нь тодорхой шүү дээ. Тэгвэл бид АИХ-ыг байгуулж, дээд,доод хоёр танхимд хуваана. Бүх шүүгчийг ард түмнээс сонгоно. Дээр нь төрд хяналтын тогтолцоо хэрэгтэй. Ард түмний хяналтыг тогтоох Ардын хянан шалгах хороог байгуулна гэх мэтээр асар том, зарчмын шинжтэй өөрчлөлтийг хийж өгөх юм.
-АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг томилсон. Гэвч, хоёр нам нийлж, МАНАН болгох вий. Өмнө 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг ийм замаар хийсэн гэсэн шүүмжлэл байна?
-2015 онд ч гэсэн АН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар оролдсон. Тухайн үед бичиж, боловсруулж байсан зүйлүүд нь ч маш өнгөцхөн бодсон, 76 гишүүнийг 99 болгож тоог нэмье гэсэн тоо, билэгдлээр оролдсон зүйл байсан. Энэ хоёр нам улс орны сүүлийн үеийн нийгэм, эдийн засгийн байдалд хоёулаа буруутай. Гэтэл аль нь ч буруугаа хүлээж чадахгүй, Үндсэн хууль руу булхайгаа чихэж ирсэн. Ийм учраас Үндсэн хуулиа өөрчлөөд сайхан болно, бид болохгүй байгааг засчихлаа, одоо бидэнд улс төрийн нас хайрлаач, улс төрийн амь өгөөч гэсэн байдлаар Үндсэн хуулиар оролдоод байна. Энэ буруу. Улс орныхоо эдийн засгийг яаж сайжруулах вэ, иргэдийнхээ аж амьдралыг яаж сайхан болгох вэ. 20 жилийн дараа монголчууд хөгжлөөрөө ямар түвшинд хүрэх вэ гэдэг төсөөллийг гаргаж, тэрхүү мөрөөдлийн нийгмийнхээ загварыг Үндсэн хуулиар батлах ёстой. Түүнээс биш МАН, АН-ын эрх мэдлийн орой дээр гарч суусан хэдэн олигархийн улс төрийн насыг уртасгах, луйвар булхайг нь хаацайлж өнгөрөөх замаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийж хэрхэвч болохгүй. Тиймээс МАН ч, АН ч одоо амиа бодохоо боль. Ард түмнээ, улс орныхоо ирээдүйг бод. Хүүхэд, залуусынхаа 10 жилийн дараа яаж амьдрах вэ гэдгийг нь харж, нэг удаа ч гэсэн нийтийн эрх ашгийн төлөө, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаасай гэж хэлэх байна.
-Бид одоо болоод цаашид яах вэ. Ямар гарц байна?
-Эрх барьж буй Ардын нам ч, парламентад суудалтай бусад нам ч цоо шинэ Үндсэн хуулийн нээлттэй хэлэлцүүлгийг албан ёсоор зарлах хэрэгтэй. Энд МАХН-ын хуульч, эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан төслийг авахгүй байлаа гэхэд, өргөн хэлэлцүүлэгт оруулах, түүн дээр мэтгэлцэх, тайлбарлах бололцоог нь олгож, өөр өөрийн үндэслэлийг гаргаж тавиад нээлттэй хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах хэрэгтэй. Үнэхээр тэдэнд үндэслэл сайтай концепц байгаа бол түүнийгээ гаргаж ирээд, телевизийн шууд нэвтрүүлгээр нээлттэй хэлэлцүүлэг хий л дээ. Манай нам ч үндэслэлээ дэлгэж тавъя, бусад хүмүүс ч оролцог. Олон талын оролцоог хангаж, яаралгүй хэлэлцүүлж шийдлийг олъё. Түүнээс яаруу, сандруу хулгайн замаар, амиа хоохойлсон муу аргаар Үндсэн хуульд гар хүрч болохгүй.
-Гэхдээ л өнөөгийн ярьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг МАН, АН хоёр л шийдэх болчихоод байх шиг?
-Үндсэн хууль гэдэг өөрөө нийгэм, улс орны бүх амьдралыг шийддэг нийгмийн гэрээ, нийгмийн зөвшилцөл учраас энэ УИХ-аас ч тэр, магадгүй одоо байгаа Үндсэн хуулиас ч том асуудал. 1992 оны Үндсэн хууль л гэхэд цоо шинэ нийгмийн харилцаа, тал талаас шинэ хүмүүс сонгогдон гарч ирж, АИХ байгуулж асуудлаа хэлэлцсэн байдаг. Бусад улс орны түүхийг үзсэн ч тийм байгаа. Тухайн үед эрх мэдэлтэй байгаа хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөн баталж чаддаггүй юм. Хэрэв эрх мэдэлтэй цөөхөн хүн дураараа, үзэмжээрээ өөрчилж баталсан хуулийг бэлэгний Үндсэн хууль гэж хочлон нэрлэдэг. Монголын ард түмэн тийм бэлэг авахыг хүсэхгүй байгаа. Ард түмэн өөрсдөө оролцохыг хүсч байгаа, өөрсдийнхөө асуудлаар өөрсдөө шийдвэр гаргахыг хүсч байна шүү дээ. Энэ ардчиллын амин сүнс. Тэгэхээр та нар мэдэхгүй, бид мэднэ гэсэн маягаар МАН, АН-ынхан битгий хандаасай. Монголын ард түмэн ухаантай, үеийн үед олны хүчээр хамтын шийдвэр гаргаж ирсэн ард түмэн. Ард түмэн л Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юу гэдгийг шийднэ. Тэдэнд эрхийг нь өгөх ёстой. Тэгж чадахгүй, юуг нь өөрчлөх гээд байгаа нь мэдэгдэхгүй, дүр эсгэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явуулж болохгүй. Дүр эсгэсэн ардчилал юунд хүргэдийг бид хангалттай харлаа, одоо дүр эсгэсэн Үндсэн хуулийн өөрчлөлт хийвэл улс орныг сайхан болгох биш бүр ч гүн хямрал руу явуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин