
С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Стартап Терминал” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Дүгэрдоржийг урилаа.
ИННОВАЦИЙН 1000 ТӨСӨЛ, 32 ГАРААНЫ КОМПАНИ БИЙ
-Монгол Улс уул уурхай дээр тогтсон эдийн засагтай бөгөөд манай экспортын дийлэнх хувийг ашигт малтмалын түүхий эд эзэлж байна. Үүнээс харахад эдийн засгаа төрөлжүүлэх асуудал хамгийн чухал. Манай улсын хувьд инноваци болон стартапын хөгжил нь эдийн засгаа төрөлжүүлэх том боломж гэж харж байна.
Инноваци гэдэг бол аливаа асуудлыг шийдвэрлэсэн шинэ санаа санаачлагыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг хэлж байгаа юм. Инновацийн экосистем зөв бүрдэж, инновацийн компаниуд чадавхижиж дотоодынхоо зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ борлуулж ашигтай ажиллахаас эхлээд гадны зах зээлд гарч экспорт хийх хүртэлх процессыг Монгол Улсын хөгжлийн чухал тулгуур гэж харж байна.
Манай улсад чамгүй олон инновацийн бүтээгдэхүүн байдаг. Энэ чиглэлээр Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Инноваци өндөр технологийн хэлтэс, Шинжлэх ухаан технологийн сантай хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Монголд үйлдвэрлэгдсэн инновацийн бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээлд амжилттай гаргахыг зорьж байна. Бид “Стартап Терминал” технологи дамжуулах төвөөрөө дамжуулж инновацийн бүтээгдэхүүнийг гадны зах зээлд гаргахаар ажиллаж байна. Гадны зах зээлд амжилттай гаргахын тулд олон улсын нетворк, сүлжээ маш чухал байдаг.
Шинжлэх ухааны технологийн сан инновацийн төслүүдэд 90 сая хүртэлх дэмжлэг үзүүлдэг. Энэ сан дээр одоогийн байдлаар 1000 орчим инновацийн төсөл байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд албан ёсны бүртгэлтэй 32 гарааны компани байна. Энэ компаниуд бүгд инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.Салбараар нь аваад үзвэл, хөдөө аж ахуй, анагаахын салбарын хэд хэдэн сонирхолтой инновацийн бүтээгдэхүүн гарчихсан. Энэ хоёр салбараар хязгаарлагдахгүйгээр хүнс, эрүүл мэнд гээд олон бий. Гарааны 32 компани болон Шинжлэх ухаан технологийн санд бүртгэлтэй инновацийн 1000 төслөөс гадна өөрсдийгөө инновацийн бүтээгдэхүүн гаргаж байгаагаа мэдэхгүй олон компани бий. Гарааны компаниуд гадагшаа гарахаас өмнө дотоодынхоо зах зээлд амжилттай гарах нь чухал. Тухайлбал, эдгээр гарааны 32 компани, 1000 төслийн хэд хэдэн компани нь дотоодын зах зээлд хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт хийчихсэн амжилтууд байдаг боловч дотоодын зах зээлд эдгээр компаниудын инновацийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл дутмаг байдаг. Тэгэхээр эдгээр компаниудад хөрөнгө оруулалт, маркетинг, зөв менежмент дутагдаж байна. Борлуулалтын сувгуудаа зөв олж бүтээгдэхүүнээ дотоодынхоо зах зээлд сайн түгээх хэрэгтэй. Тиймээс манай Үндэсний Стартап Фанд венч хөрөнгө оруулалтын сан гарааны компаниудад шаардлагатай хөрөнгө оруулалт, зөвлөгөө өгч олон амжилттай инновацийн компани хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна.Бид 32 гарааны компанитай бүгдтэй нь уулзаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонссон. Эдгээр компаниудад үйлдвэрлэлийн өргөтгөлийн санхүүжилт, маркетинг зэргээр шаардлагатай зүйлс олон ажиглагдсан.
БЛИЦ:
ОВОГ НЭР:
Даваадоржийн Дүгэрдорж
МЭРГЭЖИЛ:
АНУ-ын Мичиган мужын Grand Valley State University-г бизнесийн удирдлага санхүүгийн мэргэжлээр төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА:
“Моннис Интернэшнл” ХХК санхүүгийн менежер, “Женко Тур Бюро” ХК ерөнхий менежер, “GiZ” Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт мэргэжилтэн
ГАДААД ХЭЛ:
Англи, герман
ИННОВАЦИЙГ ЗӨВ ТҮГЭЭЖ, ОЙЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ
-Өнөөдрийн нөхцөл байдалд юуны түрүүнд инноваци гэдэг ойлголтыг зөв түгээж, ойлгуулах хэрэгтэй. Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг шиг гарааны компани, инновацийн бизнесээ дэмжиж худалдан авалт хийх шаардлагатай. Хамгийн гол нь инновацийн бүтээгдэхүүн гэж ийм бүтээгдэхүүн байдаг гэсэн ойлголтыг өгөх нь чухал. Бид Стартап терминал төвдөө Инновацийн дэлгүүр нээж байгаа. Шинжлэх ухаан технологийн сантай хамтраад инновацийн бүтээгдэхүүнийг сонгоод үзэсгэлэн хэлбэрээр худалдан авагч, хөрөнгө оруулагч нарт тогтмол таниулан сурталчлах юм. Манай инновацийн дэлгүүрт цэвэр байгалийн гаралтай эмнээс эхлээд шахмал экотүлш гэх мэт сонирхолтой бүтээгдэхүүн олон бий. Одоогоор зах зээлд борлуулж байгаа инновацийн бүтээгдэхүүнүүд үнийн хувьд зах зээл дээр өрсөлдөхүйц ханштай. Компаниуд илүү өргөжөөд үйлдвэрлэж байгаа хэмжээ нь нэмэгдэх юм бол үйлдвэрлэлийн зардал буурч ижил төстэй импортын бүтээгдэхүүнээс хамаагүй хямд байх боломжтой. Нөгөө талаас инновацийн салбарыг дэмжихийн тулд төр худалдан авалт хийх нь маш чухал байгаа. Үүний нэг тод жишээ бол АСЕМ-аар инновацийн бүтээгдэхүүн болох Алтан үндэст цайг ирсэн зочдод бэлэглэхээс гадна тус цайгаар үйлчилсэн. Үүн шиг төрийн худалдан авалт шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэл, инноваци хоёулаа дотоодын үйлдвэрлэл. Гэхдээ инновацийн бүтээгдэхүүнийг гаргаж авч байгаа үйл явц нь мэдлэг шингэсэн. Тодруулбал, импортоор оруулж ирж болох байсан бүтээгдэхүүнийг илүү давуу байдлаар үйлдвэрлэхийг хэлж байгаа юм. Тэр бүтээгдэхүүн нь Монголд төдийгүй дэлхийн зах зээлд давтагдахгүй гэсэн үг. Инновацийн бүтээгдэхүүний цаана бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдын олон жилийн мэдлэг, туршлага, судалгаа шинжилгээн дээр суурилсан оюуны өмчөөр баталгаажуулсан байдаг учраас илүү чанартай байдаг. Тэгэхээр энэ ойлголтыг зөв түгээх хэрэгтэй юм.
Инноваци болон гарааны бизнесийн эко системийг хөгжүүлсэнээр манай орны эдийн засаг төрөлжихөөс гадна, экосистемийг дагаад венч хөрөнгө оруулалтын сангууд олноор бий болж хөрөнгө оруулалтын салбар зөв хөгжих боломжтой. Макро түвшинд авч үзвэл олон улсын зах зээл дээрээс гадны хөрөнгө оруулагчдыг татна.
ГАРААНЫ КОМПАНИУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ БУЮУ ВЕНЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Сүүлийн жилүүдэд гарааны бизнес инновацийн ойлголт харьцангуй сайжирч байна. 2013 онд Инновацийн тухай хуулийг баталсан нь гарааны бизнес болон инновацийг хөгжүүлэх суурийг бий болгосон. Тус хуулиар гарааны компаниудад тодорхой хэмжээгээр татвараас хөнгөлж, дэмжиж байна. Энэ зөв тогтолцоо мөн хэдий ч нөгөө талд нь хөрөнгө оруулалтын орчныг орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, венч хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр урамшуулах хэрэгтэй. Тиймээс төр инновацийн хөгжлийг бүхэл эко системээр нь авч үзэх шаардлагатай.
Инновацийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаас гадна хууль эрхзүйн орчныг бий болгох төр, их дээд сургууль, төрийн бус байгууллага, санхүүжүүлэгч талууд зэрэг хөгжиж байж энэ салбар хөгжинө. Ингэж байж инноваци болон гарааны бизнесийн экосистем зөв хөгжинө. Саяханы нэг судалгаагаар инновацийн салбарын оролцогч талууд хамтын ажиллагаа, уялдаа холбоо муутай байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Тиймээс бид “Стартап Терминал” технологи дамжуулах төвөөр дамжуулж бүх оролцогч талуудын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бид гарааны бизнес инновацийн салбарыг хөгжүүлнэ гэж хэчнээн оролдлого хийгээд ч төр засаг, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, их дээд сургуулиудтай хамтарч ажиллахгүй бол энэ салбар зөв хөгжихгүй. Хамгийн гол нь улсынхаа онцлогт тохирсон инновацийн экосистемийг бий болгох хэрэгтэй.
Инноваци, гарааны бизнесийн салбарт манай улс 20-30 жилийн хоцрогдолтой явж байгаа. Олон улсад инноваци болон гарааны бизнесийн эко системийг бий болгосон хэд хэдэн амжилттай жишээ байдаг. Тухайлбал, гарааны бизнесийн эко системийг хамгийн зөв хөгжүүлсэн орнууд бол Израйл болон АНУ юм. АНУ-ын их сургуулиуд судалгааны шинжтэй байдаг. Судалгаа нь бизнес болж өргөжингүүт хөрөнгө оруулалт нь бэлэн байж байдаг. АНУ гарааны бизнесийг санхүүжүүлэх венч хөрөнгө оруулалтын сангуудыг бодлогоор дэмжиж гурван удаа татварын хөнгөлөлт үзүүлснээр энэ салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин өссөн байдаг.
ГАРААНЫ БИЗНЕСТ ДУНДЫН ОФФИСЫН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛҮҮ АШИГТАЙ
-Бид “Стартап терминал” гээд технологи дамжуулах төвтэй. Дундын оффис, сургалт семинар, гурван хэмжээст хэвлэлийн үйлчилгээ, хурдасгуур хөтөлбөр, арга хэмжээ гээд гарааны бизнесүүдэд шаардлагатай мөнгөн бус дэмжлэгийг үзүүлэхийг зорьдог. Харин Үндэсний Стартап Фанд венч хөрөнгө оруулалтын сан нь инноваци болон гарааны компаниудад хөрөнгө оруулдаг. Бид гарааны бизнесийн хөгжилд цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Тэрдундаа гарааны бизнест дундын оффисын үйлчилгээ маш чухал. Дундын оффисын онцлог нь сард 200 мянган төгрөг төлөөд “Стартап Терминал” төв дээр байршаад ажиллах бүрэн боломжтой. Хурлын өрөө, интернэт ашиглаад урсгал зардал гаргахгүйгээр тохилог ажлын байртай болох боломжийг олгодог. Илүү бүтээлч орчинд ажиллахаас гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх маш том боломж бий болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин