Д.Ангараг: Киног бизнес талаас нь харж чадвал дэлхийн зах зээл ойрхон

2017-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор зургийн найруулагч продюссер Д.Ангарагийг урилаа.   КИНО БҮТЭХЭД МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЧУХАЛ   Хэрэв бид кино хийх гэж байгаа бол эхлээд зах зээлээ судлах хэрэгтэй. Хаана нээлтээ хийх вэ. Энэ киног ямар үзэгчид үзэх вэ. Маркетингийн нарийн төлөвлөгөө чухал. Учир нь кино бол бизнес. Бизнес эрхэлж буй хүмүүс алдагдал хүлээх ёсгүй. Манай уран бүтээлчдийн хувьд маркетингийн төлөвлөгөөгөө нарийвчилж гаргадаггүй. Хэрэв монгол үзэгчдэд зориулвал ямар жанрын киног үзэгчид илүү үзэж байна. Ямар жүжигчинг тоглуулвал үзэгчид илүү хүлээж авах бол гээд судалгаа шаардлагатай. Түүнээс манай монгол залуусын оюуны потенциаль ямар ч хүнээс дутахгүй. Сэдэв санаа, сэдлийн хувьд дахин давтагдашгүй уран бүтээлүүд байна. Гэвч киногоо бизнес талаас нь харж, ашиглаж чаддаггүй. Арга ч үгүй байх. Манай уран бүтээлчдэд энэ тухай ойлголт төдийлөн байхгүй. Кино бүтэх даргаагийн хамгийн чухал зүйл бол хөрөнгө. Сайн бүтээл хийе гэвэл хөрөнгө цацах шаардлагатай. Даанч өнөөдөр өөрийн халааснаасаа тэр их мөнгийг гаргаад уран бүтээл хийх боломжтой хувь уран бүтээлч хэр олон билээ. Сайн зохиол, баг байлаа ч хөрөнгө мөнгөний асуудалтай тулгардаг. Үүнийг зохицуулах, хөрөнгө босгох гол хүн нь продюссер юм. Дэлхийн шидэг уран бүтээлийн ард продюссерийн бүтэн баг ажилладаг. Тиймээс манайд мэргэжлийн продюссерууд дутмаг байна. Хэрэв чадалтай продюссер олон болбол Монголын кино урлаг хөгжинө. Урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд үүнийг анхааралдаа аваасай. Олон улсын зах зээлд киногоо гаргах хүсэлтэй бол дистербютер компаниа олох хэрэгтэй. Одооноос манай залуус бүтээлээ зөвхөн Монголдоо биш, дэлхийн зах зээлд зориулж хийж болдог юм байна гэж зах зухаас нь судалж байна. Үүнийг хэн нэгэн нь эхлээд зориглоод хийх ёстой. Тэгж байж дараа, дараагийн уран бүтээлчид биднээс суралцана.   НҮҮДЭЛЧИН СОЁЛОО ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЪЯ
БЛИЦ   Боловсрол: -1998-2000 онд Японд Гэрэл зурагчин -2001-2003 онд МУИС Монгол (Археологи, Антропологи ) -2004 - 2008 онд Бээжингийн Кино Академийн Кино зураглаач -2013 - 2016 онд Aмеркийн Kино Зураглаачдын холбоо /магистер/   Ажилласан бүтээл: -2008 онд “Миний хөрш чөтгөр” -2009 онд “Амьдралын амт” -2011 онд “Бодлын хулгайч” -2013 онд “Ану хатан” -2016 онд “Атганд үлдсэн эрдэнэ” 2017 онд “Чингисийн хүүхдүүд ”
  Бид Америкийн супер баатартай кино хийвэл зах зээл хүлээж авах уу. Хойд Америкийн хийдэг буудалцаантай, адал явдалт киног бид тэр хэмжээнд нь үйлдвэрлэж чадах уу. Үйлдвэрлэлээ ч манайхыг сонгож үзэх хүн хэд бол. Харин бидний брэнд юу билээ. Монгол заншил, нүүдэлчин соёл шүү дээ. Бид үүнийгээ л дэлхийд сурталчилж, брэнд болгох хэрэгтэй. Монгол ёс заншил, монгол ахуй  маань бидэнд энгийн, өдөр тутамд хардаг хэвийн үзэгдэл ч  дэлхий үүнийг өөр нүдээр харна. Сүүлд үйлдвэрлэсэн “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” кино монгол заншлаа тусгасан сэдэвтэй. Энэ хоёр бүтээлд ажиллах хугацаандаа ажихад бид өөрсдөө монгол хүмүүс ч гэлээ хааяа мэдэхгүй зүйлтэй тулгардаг гэдгийг анзаарсан. Бидний мэдэхгүй олон соёл хөдөө нутагт байна. Эхлээд өөрсдөө уламжлал түүхээ судлах нь чухал. Дэлхий мэдэхгүй, олон сайхан өв соёл уламжлалыг сэргээн гаргаж ирээд, түүнийгээ уран бүтээлдээ тусгаад, дэлхийн зах зээлд сурталчилж яагаад болохгүй гэж.   КИНО УРЛАГИЙН ХӨГЖИЛД ҮЗЭГЧДИЙН НӨЛӨӨ ИХ   Дотоодын зах зээлд кино хийх арай өөр. Үзэгчид юуг хүснэ бид түүнийг  л хийдэг. Өнөөдөр манай киноны зах зээлд инээдмийн кино ноёрхож байна. Үзэгчид, нийгэм хүсээд байгаа юм чинь хийхээс өөр аргагүй. Уг нь кино урлаг нийгмийнхээ урд гишгэж, чиглүүлж, соён гэгээрүүлэх том зэвсэг мөн. Өнөөдөр манай уран бүтээлчдийн бүтээл хөнгөн тал руугаа явж байгааг үгүйсгэхгүй. Үнэхээр хүнд нэгийг бодогдуулахаар, утга агуулгын хувьд төгс бүтээл хийж болно. Даан ч үзэгч алга. Тиймээс эхлээд нийгэм болон үзэгчдээ бэлтгэх шаардлагатай. Их мөнгө зараад чансаатай уран бүтээл хийчихдэг. Үзэгчгүй бол яах вэ. Гэхдээ энэ нийт үзэгчдийг хамарсан асуудал биш. Одоогийн залуус хөнгөн гэхээс илүү жинхэнэ бүтээл үзэхийг эрхэмлэдэг болж. Юу үзэх вэ гэдгээ харьцангуй мэддэг болчихсон цаг үе. Кино урлагийн хөгжилд үзэгчдийн нөлөө их. Уран бүтээлчид бид үзэгчдийн таашаалд нийцсэн кино хийх ёстой.  Үнэхээр үзэгчид инээдмийн киноноос залхаж байна. Өөр сэдвийн кино үзье гэвэл киночид түүнийг л хийнэ.  Дахин хэлэхэд Монголын кино урлагийн ирээдүйн хөгжил үзэгчдээс шууд хамааралтай.   МОНГОЛД УРАН БҮТЭЭЛЧДЭЭ ДЭМЖДЭГ КОМПАНИ ОЛОН БИЙ    Найруулагч  Л.Эрдэнэбулган, Д.Золбаяр нарын хамтран бүтээсэн “Үхэж үл болно Чингис хаан”, Д.Золбаяр найруулагчийн “Аравт”, Д.Алтантуяа найруулагчийн “Ану хатан” зэрэг түүхэн  кинонууд тухайн цаг үедээ хамгийн өндөр төсөв, хөрөнгөөр боссон. “Үхэж үл болно Чингис хаан” киног 2008 онд нэг тэрбум таван зуун мянган төгрөгөөр бүтээсэн.  Монголын Засгийн газар, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа онцгой анхаарал хандуулж ажилласан. “Гацуурт” компани кино бүтэх ихэнх хөрөнгийг нь шийдэж,  бүх талаар дэмжсэн.  Харин  2012 онд “Аравт” киног Хятадын талаас  100 хувь хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед бас л Монголд хийгдсэн хамгийн өндөр төсвөөр буюу нэг сая ам.доллараар бүтсэн кино. 2013 онд “Ану хатан” киног Б.Болдхуяг продюссер дотоодоосоо 850 сая хөрөнгө босгож, хийсэн. Тухайн цаг үедээ хамгийн их зардлаар бүтсэн эдгээр кино зах зээлд гараад үзэгчгүй шахуу байсан. Уран бүтээл гэдэг утгаараа хүнд хүргэх талаас онцгой анхаарч хийсэн байдаг. Эдгээр гурван киног хамгийн шилдэг, дэвшилтэд технологийг ашиглаж бүтээсэн. Ингээд бодохоор бид Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулж байна уу гэвэл тийм гэж хэлнэ. Дээрээс нь “Үхэж үл болно Чингис хаан” кинонд  250 гаруй уран бүтээлч оролцсон гэж би сонссон. Харин “Аравт” кинонд 100 гаруй, “Ану хатан” кинонд 150-200 гаруй уpан бүтээлчийг ажлын байраар хангасан байна. Өнөөдрийн цалингийн хэмжээнээс мэдээж дээгүүр хөлс төлсөн. Харин кино тодорхой хэмжээнд бүтсэн зардлаа олох хэрэгтэй. Үүнийгээ ашиг гэж хараагүй. Энэ нь дараа, дараагийн бүтээлийн санхүүжилт болдог. Өнөөдөр бид мөнгө байхгүй гээд суухгүй. Манай Монголд уран бүтээлчдээ дэмждэг томоохон компани олон байгаагийн жишээ энэ. Харин бүтээлээ дотоодын зах зээлд зориулаад хийчихсэн болохоор үзэгчид үзээд, үзээд хөрөнгөө буцаагаад олно гэдэг хэцүү.   КИНОГОО ХИЙЧИХЭЭД ТӨРД ХАНД   Бид нэг хэсэг бие даасан яамтай байж үзсэн. Одоо бол боловсролын салбартай нэгдчихлээ. Үүнийг уран бүтээлчид өөр, өөрийн өнцгөөр харж байна. Яам байлаа гээд кино урлагийн хөгжлийн шугамыг хэрхэн зааж чиглүүлэх вэ. Бодлогын хэмжээнд авч явж чадаж байна уу гээд л. Зарим нь яамтай, яамгүй бор зүрхээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Мэдээж уран бүтээлчдийн хувьд дэмжээд, туслая гэвэл татгалзахгүй. Манай “Чингисийн хүүхдүүд” киног Нийслэлийн соёл урлагийн газар, ГХЯ бодлогын хэмжээнд дэмжин ажиллаж байна.  Учир нь энэ кино дэлхийн зах зээлд Монголыг сурталчлах контент учраас. Харин миний хувьд яамнаас хоосон дэмжлэг хүсэхийн оронд эхлээд юу хийснээ харуулах шаардлагатай гэж боддог. Төсөөллөөрөө, цаасан дээр төлөвлөгөө болгочихоод энэ мундаг кино болно гэж яриад яах юм бэ. Гэвч үнэхээр сайн бүтээл болох үгүйг хэн ч мэдэхгүй. Харин өөрийнхөө бүтээлд 100 хувь итгэлтэй байгаа бол эхлээд чардайж байгаад киногоо хийчих. Хийснийхээ дараа нүүр бардам төр засагтаа одоо бодлогын хувьд дэмжээд өг гээд ханд. Үнэхээр бүтээлээ бариад очвол хөөгөөд гаргахгүй байх. Ямар ч байсан тусалж, дэмжих талаас нь хандана. Төр засаг бидний төлөө юу ч хийхгүй байна гэж би хэлж чадахгүй. Өнөөдөр дотооддоо киноны олон уралдаан тэмцээн зохиодог болж. Удахгүй “Улаанбаатар” Олон улсын кино наадам болох гэж байна. Энэ үйл ажиллагаа дэлхийн киноны зах зээлд эх орныхоо уран бүтээлчдийг сурталчилж байгаа арга хэмжээний нэг хэлбэр.   ХЯТАДАД ОЮУТНУУДЫГ ЗӨВ СИСТЕМЭЭР БЭЛТГЭДЭГ   Өмнө нь Монголын киноны салбарт дандаа мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Жинхэнэ орос школоор хүмүүжсэн, асгарсан авьяастай уран бүтээлч олон байж. Одоо хэтэрхий залуужаад үнэнийг хэлэхэд мэргэжлийн уран бүтээлч цөөрч байна уу даа. Гэхдээ зарим мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүсээс илүү кино хийж байгаа тохиолдол ч бий. Энэ олон талтай асуудал. Мэдээж мэргэжлийн хүмүүс байх ёстой ч мэргэжлийн биш гээд кино битгий хий гэж хэлж болохгүй. Би Хятадад кино зураглаачийн мэргэжлээр суралцсан. Манай сургууль өөрийн гэсэн заах аргачлалтай байсан. Би Монголд энэ чиглэлээр сурч үзээгүй болохоор харьцуулж хэлж чадахгүй байна. Манай сургуулийн хувьд тухайн оюутныг эхлээд зөв тодорхойлдог. Анх манай ангид 14 хүүхэд орсон. Ганцхан гадаад оюутан нь би байлаа. Төгсөхдөө дөрвүүлээ үлдсэн. Багш нар замын дундаас хүүхдүүдийг өөрт нь тохирсон анги руу шилжүүлчихдэг. Заримыг нь найруулагч, зураач гээд л. Энэ систем их зөв санагдсан. Манай их дээд сургуулиуд ч мэргэжилтэн бэлтгэхдээ энэ аргыг хэрэглэвэл ажилгүй мэргэжилтэн үлдэхгүй болов уу. Юуны төлөө төлбөрөө төлөөд дөрвөн жил сурч байгаа юм бэ. Хий дэмий эцэг, эхийнхээ мөнгийг үрээд, мэргэжилтэй ажилгүйчүүдийн эгнээг нэгээр нэмээд яах юм. Хайран цаг шүү дээ. Үүнийг Хятадын багш нар эрт олоод харчихсан учир оюутнаа зөв чиглүүлж чаддаг. Манай их, дээд сургуулиуд энэ аргыг баримтлаасай. Урлагийн хүн бурхнаас өгөгдөлтэй, мэдрэмжтэй төрдөг. Тиймээс дэмий мэргэжлээр сурахаас нь өмнө өөрийнх нь чадах зүйлийг хэлж өгч, чиглүүлдэг байгаасай.  Энэ бол урлагийн хүнийг сурган хүмүүжүүлж, төлөвшүүлж байгаа багшийн хувьд кино урлагт оруулах том хувь нэмэр юм.   “ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД”-ИЙГ “ОСКАР”-ЫН “ШИЛДЭГ ГАДААД КИНО” ТӨРӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭР ЯРЬЖ БАЙНА   “Монгол фильм” групп, “Монгол фильм” хөгжлийн сангийн хамтран бүтээж буй  “Чингисийн хүүхдүүд” киноны зургийн найруулагч, продюссерын багт ажиллалаа. Манай багт нийт долоон хүн ажилласнаас гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, найруулагч Д.Золбаяр болон миний бие энэ бүтээлийн ерөнхий продюссераар ажилласан. Анх кинонд ажиллах саналыг ерөнхий найруулагч Д.Золбаяр тавьсан.  Энэ саналын дагуу хамтран ажилладаг Америкийн дистербютер компаниудтай холбогдож, зохиолоо танилцуулсан. Кино бүтнэ гэдэг урт хугацааны хөдөлмөр шаарддаг. Энэ кино жил зургаан сар, 250 гаруй хүний хөдөлмөр, 1,2 тэрбүм төгрөгөөр бүтсэн. Урт хугацаа шиг боловч Олон улсын хувьд зарчмаараа л явж байна. Бид бүтээлээ Монголд төдийгүй дэлхийн зах зээлд гаргана гэж төлөвлөж, гүйцэтгэсэн. Продюссерын баг кино багийнхан ярилцсаны эцэст дэлхийн жишигт нийцэхүйц, манай зах зээлд байхгүй, дэвшилтэд технологи болон гадаад орны чадварлаг уран бүтээлчдийг урьж ажлууллаа. Америкт үйл ажиллагаагаа явуулдаг “Mongol pictures” компани, болон “Paramount Pictures” компанинийн харьяа компани “Сalifornia pictures” хамтран ажилласан. Америк, Туркийн талаас 40 гаруй уран бүтээлч оролцсон байна. Зураг авалтын дараах бүх ажлыг Америкийн “EFilm” компани дөрвөн сарын турш хийж гүйцэтгэсэн. Энэ компани нь дэлхийн алдартай арилжааны кинонуудад ажилласан байдаг. “Чингисийн хүүхдүүд” кино найруулагч Д.Золбаярын санаа. Энгийн хэрнээ их сонирхолтой. Гол дүрийн жүжигчдийг манай найруулагчийн баг сонгосон. Б.Батмэнд, Р.Анхням болон Америкийн өсч яваа шинэ од Бритни Белт хэмээх бүсгүй тоглолоо. Түүний хувьд бидний саналыг баяртай хүлээж авсан. Монголын тухай кинонд тоглож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж бидэнд хэлж байсан. Харин гурван хүүхдийг Д.Золбаяр найруулагч өөрөө сонгосон. Тэд мэргэжлийн жүжигчин биш. Малчин айлын хүүхдүүд. Манай найруулагчийн  багийнхан мэргэжлийн өндөр төвшинд ажилласан учир хүүхдүүд боломжийн тоглосон гэж Олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд  үнэлсэн. “Чингисийн хүүхдүүд”  сэдэв, агуулгын хувьд сонирхолтой. Найруулагч том сэдвийг бариагүй. Энгийн сэдвийг сонгож, агуу болгосноороо онцлог. Хэдийгээр бидний хувьд энгийн өдөр тутам харагддаг амьдрал ч дэлхийд бол содон сэдэв. Бид зөвхөн Монголынхоо гурван сая хүнд биш, дэлхийн 30 сая, 300 сая үзэгчдэд зориулж киногоо хийлээ. Нээлтээ хийгээгүй байгаа ч одоогоор найман улсын кино наадамд  оролцох урилга ирээд байна. Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд бий болж буй бас нэгэн том амжилт. Энэ нь нэгдүгээрт сэдэв, агуулгын хувьд хоёрдугаарт цаг үеийнхээ хувьд зөв хийгдсэн кино гэж  мэргэжилтнүүд харж байна. “Чингисийн хүүхдүүд” кино 13 дахь удаагийн  Хятадын Олон улсын кино наадамд албан ёсоор оролцохоор боллоо. Кино наадамд оролцох нь хоёр ач холбогдолтой юм. Энэ бүтээл Монголын хилийг даваад дэлхийд Монгол улс гэж явна. Тиймээс тухайн улсын зах зээлд гарах үүд хаалга нээгдэх юм. “Чингисийн хүүхдүүд”-ийг  мөн  90 дэх удаагийн  “Оскар”-ын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвшүүлэхээр ярьж байна. Гэхдээ хэрхэн шийдэгдэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Бидний бүтээл Монгол Улсыг  дэлхийд сурталчлах брэнд контент болж чадсан бөгөөд гадаад болон дотоодын 40 гаруй байгууллага ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна. Монгол талаас “MCS Coca Cola”,  “APU” компани, “G mobile”, “Wagner Asia Equipment” зэрэг Монголын бизнесийн томоохон компаниуд ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

15 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

25 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

7 цаг 12 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

7 цаг 12 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 цаг 1 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

20 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

23 цаг 34 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

23 цаг 46 мин