
Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн дугаарын зочноор Соёлын тэргүүний ажилтан, ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатарыг урилаа. Тэрээр Орост болсон Олон улсын хөгжимчдийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм.
-Олон улсын хөгжимчдийн наадамд оролцоод иржээ. Энэ тухай ярилцлагаа эхэлье?
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын үлээвэр найрал хөгжимчдийн наадам энэ жил ОХУ-д болсон. Хотын ойролцоох цэргийн ангийн хөгжимчдөөс бүрдсэн 57 уран бүтээлч энэ наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
-Оросын тайзнаа ямар дуу дуулав?
-Оролцож буй уран бүтээлчид Оросын болон өөрийн орны уран бүтээлээс хүргэх ёстой байдаг. Энэ уламжлалын дагуу хүн бүхний сайн мэддэг “Амьдрал би чамд хайртай” дууг дуулсан. Оросын ард түмэн сайхан хүлээж авсанд сэтгэл өндөр байна.
-Чуулга 85 жилийнхээ ойтой удахгүй золгох нь?
-Би өөрийгөө азтай гэж боддог. 85 жилийн түүхтэй энэ байгууллагын уран бүтээлч болж яваадаа талархаад баршгүй нь. Чуулгынхаа уран бүтээлчдэд ойн баярын мэндийг хүргэе. Манай уран бүтээлчид 85 жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлдэж байна. Энэ хугацаанд туурвисан хөгжим, жүжиг, дуурь зэрэг олон уран бүтээлээ түүвэрлэн үзэгчиддээ хүргэнэ.
-Таны хувьд цэргийн байгууллагатай хэрхэн хувь заяагаа холбосон бэ?
-Би 2003 онд “Хөгжим бүжгийн коллеж”-ийг төгссөн. Сурч байхдаа ЦДБЭЧ-д дуучнаар ажиллаж эхэлсэн. Дөнгөж I дамжааны оюутан тэр том байгууллагын хаалгаар алхаж орсон доо. Цэргийн байгууллагатай хувь заяагаа холбоод 17 жил болж байна.
-Цэргийн байгууллага дэглэм хатуу шүү дээ. Бэрхшээлтэй асуудал олон тохиолддог байв уу?
-Цэргийн амьдрал хамгийн сайхан. Хэдийгээр тушаалаар хөдөлж, хязгаарлагдмал байдаг ч цэрэг хүний сүлд хийморь гэж сайхан зүйл бий. Цэргийн хүмүүжлээр төлөвшиж, хувцсыг нь өмсч, алтан соёмбыг нь тэргүүндээ залдаг учир цаанаасаа бүх зүйл нь хийморлог. Дүрэмт хувцсаа өмсөөд одон медалиудаа энгэртээ зүүгээд дуулах ямар бахархалтай гээч.
[caption id="attachment_22850" align="aligncenter" width="750"]
Аав н.Баянбилэгтэйгээ.[/caption]
-Цэргийн амьдрал хүнд их зохион байгуулалттай, зарчимч, шударга занг төлөвшүүдэг юм шиг ээ?
-Бид бүтэн цэргийн зохион байгуулалттай ажилладаг. Би дуучин гээд тушаалаас зугтах эрх байхгүй. Цэргийн хүнд байх ёстой бүх чанар уран бүтээлчдэд бий. Бэрхшээлийг давах чадвар бидэнд суусан байдаг. Тиймээс хэдий урлагийн хүн ч гэлээ эх орон дуудвал хэзээд бэлэн гэж тангараг өргөсөн.
-Та ахлах ахлагч цолтой. Цэрэг хүний хувьд цол авах мэдрэмж их сайхан байдаг байх даа?
-Цол дагаад хариуцлага ирдэг. Манай уран бүтээлчдийн хувьд гавьяатууд ч ялгаагүй ахлах ахлагч цолтой. Гэхдээ бид цэргийнхээ цолонд захирагдах учиртай. Цол ахих нь ажилласан жилээс хамаардаг юм. Харин удирдах албан тушаалтан, багш болбол цол нь ахиад офицер болдог.
-Цэргийн байгууллагад ажилласан 17 жил таны хувь хүн талд юу сургав?
-Цэргийн амьдрал намайг тэр чигээр нь өөрчилсөн. Хүүхэд байхдаа анзаардаггүй байж. Эргээд харахад тэвчээртэй байж чадаж байна. Хүнээс аливаа зэмлэлийг түүртэлгүй сонсч, магтаалыг ч сайхан хүлээгээд авч чадаж байна. Энэ бүх зан чанарыг би 17 жилийн хугацаанд өөртөө төлөвшүүлсэн. Мөн цэргийн байгууллагаас эхлэлтэй сайхан нөхөрлөл, уран бүтээлийн олз омог арвин шүү.
-Эх орны сэдэвтэй дуу дуулахаар монгол эр хүний хувьд өөрийн эрхгүй омогшдог байх даа?
-Эх орны сэдэвтэй дууг бүтээж байгаа зохиолчид өөрсдөө хүчирхэг, хийморлог байдаг. Тиймээс эх орны дуу их тэнгэрлэг. Дуучнаа төдийгүй сонсогчдын эх орон, элгэн нутаг, эцэг эхээ санагалзаж хайрлах нандин мэдрэмжийг хөндөж чаддаг. Энэ дуунууд урт хугацаанд амьдрах чадвартай. Ая, үг нь дахин давтагдашгүй. Эх орныхоо тухай тайзан дээр дуулахад өөрийн эрхгүй өмөлзөөд нэг л сайхан болчихдог. Мэргэжлийн дуу хүнээс авьяас, сэтгэл, чадвар их шаарддаг. Мэргэжлийн цар хүрээтэй дууг дуулах бүрт цаанаасаа хүч энерги, мэдрэмж гардаг. Үүнд л мэргэжлийн дуучны сайхан нь бий. Бусад төрлийн дуунууд баясгаад л өнгөрнө.
-Таны уран бүтээлд эх орны сэдэвтэй дуу голлодог ч сүүлийн үед бөхийн сэдэвтэй бүтээлүүд сонсогдох боллоо?
-Бөх гэдэг их хийморлог. Энэ нэрний цаана хувь хүн хэчнээн сайхан жудагтай, зан чанартай байдаг гэж санана. Тиймээс би бөхийн дуу дуулах дуртай. Миний хоолойд ч зохидог. Саяхан Б.Ууганбаатарын шүлэг, Б.Нямбаярын хөгжим “Ханхөхийн аат арслан” дууг дууллаа. Үүнээс өмнө гарсан “Ханхөхийн хүчтэнүүд” дууг сонсогчид сайхан хүлээж авсан. Олон урмын үг хэлсэн. Мөн найз Улсын начин Б.Ганхуягтаа зориулсан “Онгон хайрханы хүчтэн” дуу бий. Зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргад зориулан Увс аймгийнхан “Хүчтэний манлай” гэх хөшөө босгосон юм билээ. Дархан аваргадаа зориулж хөшөөний нэрээр нь нэрлэсэн дууг дууллаа. Энэ мэт бөхийн сэдэвтэй уран бүтээл ар араасаа гарч байна. Гэхдээ цэрэг эх орны сэдвээ орхиогүй. Аль алийг нь уран бүтээлдээ тусгаж байгаа.
-Сонсогчид мэргэжлийн гэхээсээ илүү хөнгөн жанрын дуу руу хошуурах юм. Үүнд та ямар байр сууринаас ханддаг вэ?
-Манай соёл, урлагийн салбарын удирдлагууд энэ асуудалд анхаарах цаг болсон. Дуучин бүхэн хайр сэтгэлийн сэдвийг хөнддөг. Гэтэл үүний цаана эх орон гэж ард түмнийг бий болгож, ариун шороондоо гишгүүлж буй энэ сэдвийг түгээн дэлгэрүүлмээр байна. Эдгээр дуугаар дамжуулан залуучуудад эх оронч сэтгэлгээг бий болгож, эх орон гэж ямар чухал зүйл болохыг ойлгуулах хэрэгтэй.
-Таныг цомог гаргана гэж сонссон. Бэлэн болж байгаа юу?
-Би 2014 онд цэргийн дуунаас бүрдсэн цомог гаргасан. Энэ удаад эх орон, ижий аавын сэдэвтэй дуунууд багтсан хос цомог гаргах гээд ажиллаж байна. Гэхдээ хэзээ бэлэн болохыг хэлж мэдэхгүй. Студид нэг дуу бичүүлэхэд хамгийн хямдхан нь 800 мянга. Миний хувьд 10 дуу бичүүллээ гэхэд 10 сая төгрөг хэрэг болно. Тиймээс бага багаар, жилдээ ганц хоёр дуу бичүүлж байна.
-Дөнгөж сургуулиа төгссөн шахуу хүүхдүүд нэг тоглолт хийгээд л “од” болчих юм?
-Одоогийн нийгэм, ард түмний хүлээж авах чадвар ийм хөнгөн болчихож. Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа дуучдыг чанар чансаа ур чадварынх нь хувьд сонсогчид ялгаж, салгадаг байгаасай. Гэхдээ нийтийн дуучдыг буруутгаж байгаа юм биш. Цаг үе нь л ийм байна. Харин дуучид өөрсдөө мэргэжлээ дээдэлж, “мэргэжлийн” гэдэг утгаараа арай илүү чанартай уран бүтээл туурвиж сурах хэрэгтэй.
-Та баритон хоолойтой. Дуурийн урлагт хүч үзэх бодол бий юу?
-Одоо урлагийн сургууль бүр дуурийн дуучин бэлдэж байна. Миний хувьд ч дуурийн дуучин болох боломж байсан. Гэхдээ тэр үеийн Монголын дуурийн урлаг өнөөгийнхтэй зүйрлэхээр байсангүй. Хөгжил жаахан тааруу байсан юм. Миний хувьд дуурийн урлагаа орхиогүй. Хэд хэдэн том хэмжээний бүтээлд дуулж байсан. Одоогоор мэргэжлийн дуунууддаа илүү анхаарал хандуулж байна.
-Та “Дууны хорвоо” тэмцээнд түрүүлж байсан. Тэр дурсамжаа хуваалцаач?
-Анх энэ тэмцээний анхдугаар уралдаанд ороод шагнал авч чадаагүй. Залуу ч байж, шар гозойгоод, уйлаад үлдэж байлаа. Харин 2015 онд түрүүлсэн. Анхны тэмцээнээс хасагдахдаа дараа нь заавал түрүүлнэ дээ гэж амлалт өгөөд тайзнаас буусан. Тухайн үед амлалтдаа хүрсэндээ баярлаж, үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авсан.



