
Т.БАТСАЙХАН, Д.ЦЭРЭННАДМИД
“Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” хэмээх үг бий. Энэ л үгийн үнэ цэнээр амьдарч, олон мянган шавь төрүүлж, эх орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлээр баян нэгэн эрхмийг “Амьдралын тойрог”-тоо урьсан юм. Өдгөө 90 насныхаа ойг тэмдэглэх гэж буй Монгол Улсын Гавьяат багш Зандангийн Энэбишийн туулсан амьдрал, туурвисан бүтээл, амжилт ололтынх нь тухай өгүүлэх болно.
СУМЫН СУРГУУЛИАС ЭХЭЛСЭН ТҮҮНИЙ АМЖИЛТ
Гавьяат багш цолоор шагнуулсан үе. 2007 он.
З.Энэбиш ажлын гараагаа Увс аймгийн Цагаанхайрхан сумаас эхэлсэн түүхтэй. 1940-өөд онд түүний үеийн хүүхдүүд эрдэм ном тоодоггүй, мал маллахыг эрхэм болгодог байв. Харин З.Энэбишийн аав Хатанбаатар Магсаржавын цэрэгт агтны даргаар ажиллаж Ховдыг чөлөөлөхөд оролцож явсандаа ч тэр үү үр хүүхдээ эрдэм номтой болгох нь чухал гэдгийг ухамсарласан нэгэн байв. Тэрээр Увс аймгийн Улаангом хотын долоон жилийн дунд сургууль төгсөөд, Улаанбаатарт ирж, Багшийн сургуулийн тоо, физикийн ангид суралцжээ. Сургуулиа төгсөөд Увс аймгийнхаа Цагаанхайрхан сумын дунд сургуульд тооны багшаар ажиллаж эхэлсэн байна. З.Энэбиш “Тухайн үед манай улсын боловсролын төвшин маш муу байсан. Ерөнхий боловсролын тавдугаар ангид 17-той хүүхэд хүртэл суралцдаг байлаа. Эцэг эхчүүд ч “Манай хүүхэд дөрвөн аргын тоо мэднэ. Бичиг биччихнэ. Сонин уншина одоо юу сургах вэ” гээд л аваад явчихна. Мөн цэргийн алба хаасан хүн дарга болдог байлаа. Нутгийнхан ч цэрэгт яваад ирсэн хүнийг улаан эрдэмтэн болоод иржээ гэж ярьдаг байсан даа” хэмээн дурсан ярьж байна. Тэрээр эрдэм ном мэдэхгүй, түүнийг үгүйсгэсэн ийм л хүнд цаг үед боловсролын салбарын нэгэн эд эс нь болж ажилласан. Ардын хүүхдэд тоо заахын зэрэгцээ аймгийнхаа боловсролын газраас зөвшөөрөл авч санаачлагаараа мөн орос хэл заадаг байжээ. Тухайн үед орос хэлийг аймгийн сургуулиуд л алдаг оног ордог байсан бол Цагаан хайрхан сумын дунд сургуулийн хүүхдүүд хэл суралцаж эхэлсэн нь бараг Монголдоо анхны тохиолдол байв. Түүний энэ хичээл зүтгэл ч талаар болсонгүй тухайн сургуулийг төгссөн хүүхдүүд их сургуульд ирээд орос хэлний мэдлэгээрээ цойлж эхэлсэн гэдэг. Ийнхүү Увс аймгийн Цагаанхайрхан сумын дунд сургуулийн шавь нараас нь Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны салбарын академич гээд төр нийгмийн салбарын олон зүтгэлтэн төрсөн нь түүний нэгэн гавьяа юм.
ЭРҮҮЛ МЭНД, ЭРДЭМ МЭДЛЭГ, ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛ ТҮҮНИЙ ЗАРЧИМ
МУГБ цол хүртсэн З.Энэбишид холбооны хамт олны төлөөлөл баяр хүргэсэн нь. Зүүнээс холбооны тэргүүн Д.Амар, МУГБ Д.Дамдинжав, нарийн бичгийн дарга Т.Алтанцэцэг нар. 2007.02.06. Засгийн газрын ордны дэргэд.
З.Энэбиш сумын сургуульд зургаан жил ажиллаад дахин эрдэм номын мөр хөөж Улаанбаатарт иржээ. МУИС-ийн Анагаах ухааны факультетэд суралцах болсон байна. Тэрээр амьдралдаа эрүүл мэнд, эрдэм мэдлэг, зорилго тэмүүлэл гэсэн гурван зүйлийг чухалчилж ирсэн. “Хүн эрүүл байвал юуг ч бүтээж чадна. Харин эрүүл мэндээ алдаж эхэлбэл хүсэж тэмүүлсэн зүйл холдоно шүү дээ” гэж байв. Тиймдээ ч анагаах ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн гэдэг. МУИС-ийн Анагаах ухааны сургуулийн хоёрдугаар дамжаанд байхад нь түүний амьдралд бас нэгэн боломж нээгдсэн юм. Эх орны алс хязгаар болсон Увс нутгийн хүү хилийн дээс алхаж, эрдэм өвөртлөх боломжтой боллоо. Үеийнхнээсээ арай илүү оролдлоготой, онц сурдаг З.Энэбиш сургуулиасаа сонгогдож, ЗХУ-ын Ленинградын Их Сургуульд химийн мэргэжлээр суралцах болсон. Тэрээр “Тэнд очоод эх орноо ихэд санаж байлаа. Гэхдээ би эрүүл мэнд, эрдэм мэдлэг, зорилго тэмүүлэл гэсэн амьдралынхаа нөгөө л гурван зарчмыг нэгдүгээрт тавьсан. Ленинградад таван жил суралцсан. Энэ хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн дөө” гэж байв. Хөрш улсын боловсролоос суралцсан тэрээр эх орондоо ирээд мөн л сурган хүмүүжүүлэх ажлаа хийсэн байна. МУИС-д химийн багшаар дөрвөн жил ажиллажээ. Ийнхүү түүний амьдралын арван жил хөдөөгийн сургуулийн хүүхдүүд, их сургуулийн оюутнууд дунд өнгөрсөн. Тэдэнд сурсан мэдсэн бүхнээ зааж, Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албаараа амьдралаа гоёсон он жилүүд байлаа.
“МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ЗОРИЛГО ЧИГЛЭЛГҮЙ БАЙНА”
Өөрийн шавь Доктор Төмөржавын хамт.
1961 оноос түүний ажлын зорилго чиглэл өөрчлөгдлөө. Ардын хүүхдэд эрдэм ном зааж байсан бол Шинжлэх ухааны дээд сургуулийн хүрээлэнд удирдах албан тушаалд томилогджээ. Тэрээр “Би тухайн үед багшийнхаа ажилд их дуртай байлаа. Гэхдээ намын даалгавар учраас улс төрийн ажил хийх болсон. Хүмүүс намайг “Чи дэвшин ажиллаж байна. Юуг нь татгалздаг юм бэ” гээд их ятгасан даа” гэж байв. Шинжлэх ухааны дээд сургуулийн хүрээлэнд ажиллах хугацаандаа З.Энэбиш гадаадад дээд мэргэжилтэн бэлтгэх тал дээр ихэд сэтгэл гарган ажиллажээ. Есөн жил ажиллахдаа гадаадад суралцахаар явж буй хүүхэд нэг бүртээ уулзаж, зөвлөгөө өгдөг байсан ажээ. Одоо тухайн үед гадны орныг зорьсон хүмүүс УИХ-ын гишүүн, сайд дарга нар болж, З.Энэбиш багшдаа баярлаж талархсанаа илэрхийлдэг байна. Түүнээс одоогийн боловсролын салбарын хөгжлийг тухай сонирхлоо. З.Энэбиш “Миний үед боловсролын салбарт бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаг байлаа. Тухайлбал энэ жил нэг мэргэжлээр хэдэн хүн бэлтгэх вэ гэдгийг цаанаас тогтоогоод өгдөг байсан. Тийм учраас дээд сургууль төгссөн хүмүүс одоогийнхтой адил ажилгүй болно гэж байдаггүй. Саяхан би телевизээр их сонин мэдээ үзлээ. Гадаадын залуучуудын байгууллага манай ажил эрхлэлтийн талаар судалгаа хийжээ. Ажилгүй байгаа хүмүүсийн ихэнх нь дээд мэргэжилтэн байна. Дээд сургууль төгссөн хүмүүст сургууль төгсөөгүй хүмүүсээс илүү ажил олдохгүй байна гэдэг сонин юм аа гэж гайхаж суулаа. Энэ нь юуг харуулж байна гэхээр боловсролын салбар ямар нэгэн бодлогогүй, зүг чиглэлгүй л яваад байна. Мөн Их дээд сургуулиуд бизнес хийж байна. Хүн сургана, мөнгийг нь авна тэгээд л хаячихдаг. Тэр хүүхэд сургуулиа төгсөөд ажилтай байна уу, үгүй юу гэдэг хамаагүй болжээ. Энэ асуудал дээр л сэтгэл эмзэглэж сууна даа” гэсэн юм. МУИС-ийн Химийн ангийн шавь нараас нь Ж.Амгалан, Д.Бадгаа гээд хоёр академич, 20 гаруй доктор, гавьяат цолтон төржээ.
МОНГОЛЫН НҮҮР ЦАРАЙ БОЛСОН 12 ЖИЛ
ЗХУ-д Элчин сайдын яамны ажилтан байх үе.
Элчин сайд З.Энэбиш Ираны хаанд итгэмжлэх жуух бичгээ барих үе. 1973 он.
Түүний амьдралын бахархалт он жилүүд үргэлжилсээр л. Он цаг улирах тусам мэдлэг боловсролоо дээшлүүлэн, түүнийхээ хэрээр хариуцлагатай ажлуудад томилогдсоор л байв. З.Энэбишийн туулсан амьдралын 12 жил дипломат албанд өнгөрсөн. ЗХУ-ын нийслэл Москва хотноо Соёлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр дөрвөн жил, Бүгд найрамдах Социалист Чехсловак улсад Элчин сайдаар таван жил ажиллажээ. Түүний дараа Ленинградад Ерөнхий Консулаар ажилласан байна. Тэрээр Чехсловакад Элчин сайдаар ажиллаж байхдаа Иран, Аргентин гэсэн хоёр улсад хавсран суудаг байв. Тухайн орнуудад очиж ажил үүргээ танилцуулна. Эх орноо ч сурталчилж нүүр царай нь болж байсан гэдэг. Тэрээр “Тухайн үед манай улс социалист орнуудтай гайгүй харилцаатай байлаа. ЗХУ-ын дараагаар Герман, Чехсловак зэрэг орон ордог байсан. Намайг ажиллах хугацаанд Чехсловакт олон монгол оюутан сурсан. Арьс шир, гутлын үйлдвэрийнхэн очиж мэргэжил дээшлүүлдэг байв. Мөн тухайн орноос манайд ирж кино хүртэл хийж байсан” гэлээ. Өөр улс оронд эх орноо төлөөлөн дипломат ажил хийнэ гэдэг З.Энэбишийн хувьд амаргүй даваа байсан гэдэг. Учир нь тэрээр мэргэжлийн дипломатч биш учраас мэдэхгүй чадахгүй зүйлтэй тулгарна. Гэхдээ л түүний оролдлого, төрөлхийн хөдөлмөрч зан нь энэхүү ажлыг нэр төртэй хийхэд нэмэр болж байжээ. Тэрээр “ Тухайн орнуудад Монголынхоо нүүр царай болдог учраас их хичээдэг байлаа. Хүмүүс намайг хараад монгол хүн гэж ийм байдаг юм байна гээд л ярина. Мөн эх орноо таниулах ажлыг сайн хийнэ. Тухайн оронд суугаа өөр орны элчин сайдуудтай хамтран ажиллаж Монголынхоо тухай ярьж өгдөг байлаа” гэсэн юм.
ТЭРЭЭР 300 ГАРУЙ РАШААНД СУДАЛГАА ХИЙЖЭЭ
Тэрээр ерөнхий боловсролын сургуулийн химийн сурах бичиг, дээд боловсролын талаарх тохимол, түүхэн дурсамж, хүүрнэл гээд нэлээд олон ном төрлийн бүтээжээ. Мөн олон сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийснээс хамгийн сонирхолтой нь Монгол орны рашааны найрлага гэх сэдэв юм. Энэхүү ажлаараа З.Энэбиш Иркутск хотын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Монгол орноо тойрон, 300 гаруй рашаанаар орж дээж аван шинжилсэн байна. Тухайн үеийн Үйлдвэрчний зөвлөлөөс түүнд машинаар үйлчилж байсан бөгөөд Эрхүүгийн нэг багштай хамтран энэхүү ажлаа хийж байжээ. Хүмүүс нүдний, ходоодны элэгний рашаан гэж ярьдаг. Энэ нь одоогоор шинжлэх ухаанд нотлогдоогүй бөгөөд монголчуудын аман ярианаас үүдэлтэй нэршлүүд гэнэ. Мөн тэрээр “Тухайн үед рашаанд химийн судалгаа сайн хийгээгүй байсан. Түүнийг хийлээ. Мөн би рашаануудын органик нэгдэл нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн судалгааг хийж байлаа. Манай орон рашаанаар их баян. Гэхдээ судалгаа маш муу байна. Сүүлийн үед ч судалсан гэх нь сонсогдохгүй юм. Уг нь хүнд хэрэгтэй их сонирхолтой сэдэв юм” гэлээ. Түүний судалгаагаар Хужирт, Шаргалжуутын рашаан шиг органик нэгдэлтэй рашаан дэлхийн өөр хаана ч байхгүй гэнэ. Шаргалжуутын рашаан +90 хэмийн халуунтай, хүйтний улиралд гэхэд хэм нь улам нэмэгдэж +100 хүрч байсан тохиолдол ч бий гэлээ. Тус рашаанд түүхий мах дүрчихээд авахад л болчихдог тийм халуун юм.
ХОС МОРЬТОН
З.Энэбиш багшийн амьдралыг бас нэгэн зүйлгүйгээр төсөөлөх аргагүй санагдсан. Хөдөөгийн жаахан бор хүү байхдаа монгол бичиг сурч, түүгээр дамжуулан нийгэмтэйгээ танилцсан гэдэг. Цагийн урсгалд орчин цагийн бичиг соёл үзэж, эрдэм мэдлэгтэй нэгэн болсон ч монгол бичгээ хэзээ ч орхиогүй. Хувийн тэмдэглэл, захидал, заримдаа хичээлийн лекцээ хүртэл төрөлх бичгээрээ бичдэг байжээ. Ямар сайндаа л түүний лекцийг харсан орос оюутнууд “Хүүе чи чинь ямар янзын юм зураад суугаад байгаа юм бэ” гэж гайхдаг байжээ. Тэрээр “Би багаасаа л энэ бичгээрээ бичиж, уншиж сурсан болохоор сэтгэлд гүн бат оршсон байдаг. Ер нь би амьдралынхаа ямар ч хэсэгт хос морьтой л байхыг хичээж ирсэн юм билээ” гэв. Учир нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын сургуульд багшилж байхдаа тоо гэлтгүй орос хэл зааж эхлэхэд нь тус сургуулийн захирал түүнийг хос морьтон хэмээн нэрлэдэг байжээ. Харин хожмоо МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, Хөдөлмөрийн баатар Дашцэдэн гуай мөн түүнд хөтөлгөө морьтой хүн нэрийг хайрласан гэдэг. З.Энэбиш багшийг тэтгэвэртээ суухад нь МУИС-аас урьж оюутнууддаа монгол бичгийг хичээл заалгадаг байжээ. Мөн “Монгол бичиг сурах гарын” авлага хэвлүүлж явсан удаатай. Энэ чиглэлийн эрдэмтэд түүний бүтээсэн номыг ихэд сайшаадаг бөгөөд “Бидний хийгээгүй зүйлийг химийн салбарын хүн хийжээ” хэмээн олзуурхан ярьдаг байна. Тийм ч учраас З.Энэбиш багшид Хөдөлмөрийн баатар маань Хөтөлгөө морьтой хүн гэх нэрийг хайрласан биз ээ. Тэрээр “Би улс төрийн ажил хийлгүйгээр их сургуульдаа багшлаад явсан бол нэлээд олон жил болох байлаа. Мөн нэлээд олон бүтээл, эрдэм шинжилгээний ажил хийчих байсан санагддаг. Гэхдээ яах вэ би туулсан амьдралдаа бахархах, ярих зүйлтэй байна гэдэг сайхан байна” гэв. Түүний ажлын гараагаа эхлэж байсан Увс аймгийн Цагаан хайрхан сумын дунд сургууль одоо З.Энэбишийн нэрэмжит болжээ. 1937 онд байгуулагдсан бөгөөд ирэх онд 70 жилийн ой нь болох юм. Тухайн сургуулиас энэ хугацаанд таван академич төрсөн байдаг. Нэг сургуулиас л таван академич төрдөг бол Монгол Улс маань 3500 эрдэмтэнтэй болох нь ээ хэмээн З.Энэбиш гуай бахархан ярьж сууна лээ.
ЭРДЭМ МЭДЛЭГЭЭР ДҮҮРЭН ТҮҮНИЙ ХҮҮХДҮҮД
Эрүүл мэнд, эрдэм мэдлэг, зорилго тэмүүлэл түүний амьдралын зарчим байсан бол түүний дөрөв дэх зарчим нь гэр бүлийн боловсрол байжээ. Түүний аав Зандан тухайн үедээ үр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийг эрхэм болгож байсан гэлтэй. З.Энэбиш гурван ах нэг эгчтэй, айлын бага хүүхэд юм. Түүний хамгийн том ах нь мужаан дархан, дараагийн ах болох З.Ганжууржавыг Монголд мэдэхгүй хүн байхгүй. 14 настайгаасаа эхэлж, ажил хөдөлмөрийн зам хөөж, амьдралынхаа 60 гаруй жилийг Монголын худалдааны салбарын хөгжилд зориулсан байдаг. Худалдааны салбарын доод төвшинөөс нь эхлэн Худалдаа бэлтгэлийн яамны сайд, Гадаадад худалдааны төлөөлөгчөөр хүртэл ажиллаж байсан юм. Дараагийн ах нь цэргийн хүн бөгөөд хасгийн хөдөлгөөнийг дарахад гар бие оролцож байсан. Харин эгч нь бага эмч мэргэжилтэй нэгэн байжээ. Ийм л гэр бүлд дунд өссөн тэрээр өөрийн үр хүүхдээ өсгөхдөө ч мэдлэг боловсролыг чухалчилсан байна. Түүний гэр бүлийн хүнийг С.Цэрэнхүү гэдэг цэцэрлэгийн багш хүн байжээ. З.Энэбиш найман хүүхэдтэй. Хамгийн том нь Э.Оюунцэцэг, түүний дараагийнх гавьяат жүжигчин, балетчин Э.Оюунбат, тэрээр анхны хунт нуурт тоглож байжээ. Охин Э.Оюунчимэг нь “Хархорин” их сургуулийг үүсгэн байгуулагч, Э.Оюунгэрэл нягтлан бодогч, Э.Оюунтэгш Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Харин хамгийн бага хүү Э.Оюунтөгс нь Москвагийн цагдаагийн академи төгсөж одоогоор хувийн компанид ажиллаж байна. З.Энэбишийн амьдралын хуудсыг эргүүлж суухад нэн баян. Яаж энэ олон ажлыг амжуулж, ямар цаг хугацаанд нь энэ олон сургуульд суралцаж, ямар заваараа ном бичиж, эрдэм шинжилгээний ажил хийсэн юм болоо гэмээр баян. Багшийн сургуулийн тоо физикийн анги, МУИС-ийн дэргэдэх бэлтгэл анги, мөн сургуулийн Анагаах ухааны факультет, ЗХУ-ын Ленинградын их сургууль, Иркутск хотын их сургуульд аспирантур, ЗХУ-ын Коммунист намын төв хорооны дэргэдэх Намын дээд сургууль гээд нэрлээд байвал үргэлжлэнэ. Ёстой л тэрээр эрүүл мэнд, эрдэм мэдлэг, зорилго тэмүүлэл гэсэн гурван зарчмаа амьдралынхаа хаана ч гээж орхигдуулаагүй мэт санагдана.
Ю.Цэдэнбал тэргүүтэй нам төрийн удирдах хүмүүс Москвад зочлох үеэр.
Ах дүү гурав.
Москва “Оддын хотхон”-д
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин