П.АМГАЛАНБАЯР
Жүдо, чөлөөт бөхийн тамирчдын хооронд болсон үндэсний бөхийн багийн халз барилдаанд энэ цаг үед ид хаваа гайхуулж яваа хүчтэнгүүд барилдаж олон сонирхолтой барилдааныг үзүүллээ. Тус барилдаанд чөлөөт бөхийн баг ялалт байгуулж 1999 онд анх зохион байгуулагдсан уг барилдааны хайнаа хагалсан юм.
Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан. Дасгалжуулагчаар нь гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, улсын начин Ж.Чулуунбат нар ажилласан. Тиймээс бид Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгыг “Зууны мэдээ”-ний зочноор урьж, ярилцлаа.
-Бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан жүдо, чөлөөт бөхийн тамирчдын үндэсний бөхийн багийн халз барилдаан уран хурц барилдаанаар дүүрэн, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Энэ барилдааны талаар яриагаа эхэлье?
-Энэ удаагийн халз барилдаан 25 жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэхдээ энэ цаг үед барилдаж буй шилдэг бөхчүүдийг хамруулан, шударга, үнэн хүчийг үзсэн барилдаан боллоо. Мөн дэлхийн медальтан зургаан хөнгөн жингийн тамирчид барилдсан нь шинэлэг байлаа. Унаж давахаас илүүтэй бөхчүүдэд бэлтгэл болсон гэж харж байна. Энэ удаагийн барилдаанд улсын цолгүй зургаан бөх барилдсан. Тийм болохоор бөх сонирхогч мэргэжилтний хувьд эдгээр бөхчүүд маань хэзээ улсын цол авах бол, улсын цолтой бөхчүүд нь цолоо хэрхэн ахиулах бол гэсэн хүлээлттэй байгаа. Халз барилдааны үр дүн ирэх жилээс харагдах байх. Энэ удаагийн барилдааныг бөхийн шилдэг тайлбарлагчдын нэг С.Шижирбат, Гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү багш тайлбарласан.
Барилдаанаар дамжуулан чөлөөт, жүдо, үндэсний бөхөө олон нийтэд сурталчлан таниулах нь бидний зорилго байсан.
-Таны хэлсэнчлэн уг барилдааныг 25 жилийн дараа зохион байгуулж хайнааг хагалсан нь онцлог байлаа. 1999 онд зохион байгуулагдаж байсан халз барилдаанд ямар бөхчүүд оролцож байв?
-Тухайн үед шигшээ баг гэж бүрдээгүй байсан. Жүдо болон чөлөөтийнхөн ДАШТ-нд оролцох бэлтгэлийнхээ зардлыг босгохоор халз барилдааныг зохион байгуулж байсан. Барилдаанд оролцсон 25 бөхөөс барилдааны дараа 16 нь цолоо ахиулсан байдаг. Жишээлбэл, Жүдогоос дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням аварга, улсын заан Ц.Цэрэнпунцаг, улсын начин И.Доржсамбуу зэрэг бөхчүүд оролцсон. Дараа нь улсын заан Ц.Цэрэнпунцаг, улсын начин И.Доржсамбуу нар улсын гарьд болсон. Мөн улсын начин М.Жамъянпүрэв, Ц.Бэгзсүрэн, О.Одгэрэл, Н.Алтансүх, Д.Пүрэвсүрэн, Г.Батбаатар, аймгийн арслан Ц.Сумъяабэйс, Б.Одхүү нар барилдсан. Сүүлд улсын начин М.Жамъянпүрэв нэг шөвгөрсөн. Улсын начин Ц.Бэгзсүрэн 2004 онд улсын харцага, улсын начин О.Одгэрэл 2001 онд улсын заан, улсын начин Н.Алтансүх 2004 онд улсын харцага, аймгийн арслан Ц.Сумъяабэйс, аймгийн арслан Б.Одхүү нар 2000 онд улсын начин болсон.
Чөлөөт бөхөөс улсын заан Б.Гантогтох оролцож 2004 онд улсын гарьд болсон. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, дархан аварга А.Сүхбат нар улсын заан цолтой барилдаж байсан. Улсын начин Н.Түмэннаст, Б.Адьяахүү нар барилдсан. Мөн цэргийн арслан Ц.Цэрэнчимэд барилдаж 2000 онд улсын начин болсон. Аймгийн арслан Д.Ганхуяг 2008 онд улсын арслан, аймгийн арслан Д.Рагчаа 2012 онд улсын гарьд, аймгийн арслан Г.Ганхуяг 2004 онд улсын харцага, аймгийн арслан Ц.Магалжав 2016 онд улсын заан болсон.
-Мэргэжлийн дасгалжуулагчийн хувьд энтертайнмент төрлийн барилдаан зохион байгуулж буй нь хэр ач холбогдолтой гэж харж байна вэ?
-Хийх ёстой, цаг нь ирсэн гэж боддог. Энэ удаагийн барилдааны чухал ач холбогдол нь авьяастай бөхчүүдээ алдаршуулах, урамшуулах. Тэгэхээр ийм төрлийн барилдаан яах аргагүй байх ёстой. Нөгөө талаараа хэчнээн энтертайнмент барилдаан ч гэсэн шударга, үнэн болж байгаа. Тиймээс цаашдаа үргэлжлээд явах байх.Энэ удаагийн барилдааны бичлэгээр контент хийж IPTV-д оруулж байгаа. Ингэснээр барилдаанд оролцсон 20 бөхөөс гадна бусад бөхчүүд дараа дараагийн барилдаанд анализ, судалгаа хийх боломж бүрдэх юм. Үзэгчид амралтын өдрөөрөө дуртай зүйлдээ цаг хугацаагаа зориулаад үндэсний бөхөө үзэх нь нийгэмд бас шинэ өнгө төрхийг бүрдүүлж байна гэсэн үг.
-Та чөлөөт бөхийн дасгалжуулагчаар 30 жил ажилласан. Анх хэрхэн спорттой холбогдож байв?
-1994 онд Бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73-р сургуульд сургуульд бөх болон биеийн тамирын багшаар ажилласан. 1997 онд чөлөөт бөхийн “Арслан” клуб байгуулж анхан шатнаас эхлүүлж өнөөдрийг тасралтгүй ажиллуулж байна. Энэ хугацаанд УБДС-д хоёр жил багшилсан. 2002-2003 онд АНУ-ын Атланта хотод мэргэжил дээшлүүлж ирээд 2004 Италид олон улсын дасгалжуулагчийн зэрэг авсан. 2004, 2008 оны олимпын чөлөөт бөхийн дасгалжуулагч, 2009-2011 онд Тайванийн шигшээ багт зөвлөх дасгалжуулагчаар ажилласан. 2021 оны Токиогийн олимпод чөлөөт бөхийн ахлахаар ажилласан. Мөн 2004, 2008 2012, 2016, 2021, 2024 оны олимпод шавь нараа бэлтгэн оролцуулж байсан.
-Энэ хугацаанд таны шавь нараас тив дэлхийн медаль хүртсэн тамирчин цөөнгүй төрсөн байдаг?
-Бэлтгэсэн шавь нараас маань дэлхийн медальтан долоон тамирчин төрсөн. Хамгийн анх Гавьяат тамирчин Б.Наранбаатар дэлхийн аваргаас мөнгө, гавьяат тамирчин Э.Ням-Очир ДАШТ-ээс хүрэл медаль, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгө, хүрэл медаль, ОУХМ Т.Тулга, ОУХМ З.Занабазар маань дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Шигшээ багт 2017-2021 оны хооронд ахлахаар ажиллахдаа олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс арав гаруй медаль авсан.
-Таны алтан шавь нарын нэг бол гавьяат тамирчин Б.Наранбаатар. Шавь нарынхаа дэлхийн медаль хүртэж байсан үеийн дурсамжаас хуваалцаач?
-2000 онд УБДС-д биеийн тамирын багшаар ажиллаж байхад Б.Наранбаатар хоёрдугаар курст суралцдаг, миний даасан ангийн оюутан байлаа. Б.Наранбаатар маань Х.Намшир багшийн шавь, өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан үе.
Тухайн үед Б.Наранбаатарт “Багш нь чамайг дэлхийн медальтан болгоно” гэж хэлж байсан. Тэгээд таван жил бэлдээд Б.Наранбаатар маань дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртэж дэлхийн медальтан болсон. Дэлхийн бөх бэлддэг болгож чадсан шавь бол яах аргагүй Б Наранбаатар. Би “Булган сүүлтэй шавь “ гэж хэлдэг юм. Тухайн үед Б.Наранбаатар тамирчны хувьд, би дасгалжуулагчийн хувьд дэлхийгээс хүртсэн анхны медаль байсан. Анхны зүйл их хол юм шиг санагдаж байсан даа. Тиймээс залуу дасгалжуулагч, шавь нартаа “Туршлага хажууд байхад амжилтууд ирдэг. Чин сэтгэлээсээ хүсэж чадвал амжилт гаргах хол биш” гэж хэлье.
Гавьяат тамирчин Э.Ням-Очирын хувьд “Арслан” клубээ байгуулахад л 12 настай хүүхэд ирж байсан. Дасгалжуулагч болсноосоо хойш бэлдсэн, амжилт, ялалт хамт явдаг шавь нарын маань нэг. Э.Ням-Очир Парисын олимпын чөлөөтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан.
Өнгөрсөн намар Э.Ням-Очир маань хүүгээ миний шавь болгосон. Аав, хүү хоёрыг дэлхийн медальтан болгохын төлөө ирээдүйн мөрөөдөлтэй явна даа.
Үндэсний бөхийн шилдэг дасгалжуулагчийн нэг Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү. 2016 онд чөлөөтөөр М.Лхагвагэрэлийг надад шавь оруулж байсан. М.Лхагвагэрэлийн маань хувьд монголын чөлөөт бөхийн хамгийн хүнд жин буюу 125 кг-аас дэлхийгээс хоёр медаль ази тивийн аварга, азийн наадмын мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн. Үндэсний бөх, чөлөөтөөрөө олон хүнийг баярлуулж яваа, ирээдүйтэй шавь нарын минь нэг.
ОУХМ Т.Тулга маань н.Гантөгс, н.Моломжамц дасгалжуулагчийг “Тэмүүжин” спорт клуб байгуулахад тэндээс анхны сууриа тавьсан. Насанд хүрэгчдийн ангилалд орж ирснээс хойш хамтарч ажилласан шавь минь. Сая Парисын олимпод тавдугаар байрт орсон. ДАШТ-д хоёр удаа финалд барилдаж, 2001 онд хүрэл медаль авсан. 2019 онд Астана хотод болсон дэлхийн аваргаас олимпын эрхээ авсан. 2023 онд Азийн наадмын аварга болсон. Дайчин, авьяастай тамирчин.
ОУХМ З.Занабазарын хувьд мөн л насанд хүрэгчдийн ангиллаас нь дасгалжуулсан шавь нарын маань нэг. н.Гантөгс, Моломжамц дасгалжуулагч шавь.
Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд тамирчдын маань насанд хүрэгчдийн дэлхийн аваргын медаль над дээр нэрлэгдэж байгаа боловч энэ амжилтууд олон багш нарын хамтын бүтээл гэдгийг онцолж хэлмээр байна.
-Чөлөөтийн бөхчүүд үе үеийн түүхэнд олон амжилт үзүүлсэн байдаг. Дасгалжуулагчийн хувьд “Парис-2024” олимпын үр дүнг юутай холбоотой гэж харж байна вэ?
-Эерэг зөв хандлагуудыг нэг цул болгох хэрэгтэй. Том зургаар харах юм бол чөлөөтийнхөн есөн олимпын эрхтэй орж, өдөр бүр олимпын финалыг үзэгчдэдээ үзүүлж чадсан. Дөрвөн тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдсөн нь өөрөө амжилт. Эцсийн цэг дээр ялагдлыг яриад байгаа боловч хүрэл медалийн төлөө гарч ирсэн, тэр олон ялалтыг бас ярих хэрэгтэй. М.Лхагвагэрэлийн хувьд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт АНУ-ын тамирчинтай нэгийн даваанд таарсан. Тэр бөх 2023 оны дэлхийн аваргаас хойш олимп хүртэл нэг ч ялагдаагүй байсан. АНУ-ын сайтаар Парисын олимпын аварга болно гэж ярьж байсан бөх. Гэтэл тэр бөхийг нэгийн даваанд 10:5 харьцаатайгаар хожсон. Энэ бол гайхамшиг.
-Сая Монголын чөлөөт бөхийн холбоо хуралдлаа. Хурлын үеэр ямар асуудлуудыг хэлэлцэв?
-Монголын чөлөөт бөхийн холбоо 2023 онд удирдлагын хүрээнд шинэчлэгдэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Я.Содбаатар холбооны ерөнхийлөгч болсон. Чөлөөт бөх улам амжилттай сайхан байх болов уу гэж харж байгаа. 60 гаруй жилийн түүхтэй чөлөөт бөхийн спортын өнгөрсөн жил анх удаа шууд дамжуулсан. Мөн 2028 оны олимп хүртэл АНУ-ын алдарт “Nike” брэнд монголын чөлөөт бөхийн холбоог дэмжих хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Ингэснээр тамирчид хувцас, хэрэглэл бүрэн хангагдаж байгаа.
Мөн дотоод болон олон улсын тэмцээн уралдаанд түрүүлсэн тамирчин, багш дасгалжуулагчдаа урамшуулах зэрэг бодитой шинэчлэлүүд хийсэн учраас тамирчдын амжилтууд цаашид арвин байх болов уу. Хувь дасгалжуулагчийн хувьд холбоонд нэмэр болж спортыг сурталчлах үүднээс жүдо, чөлөөт бөхийн хоорондох үндэсний бөхийн багийн халз барилдааныг санаачлан зохион байгуулсан.
- Ярилцлагын төгсгөлд таны цаашдын зорилгыг сонирхмоор байна?
-1997 онд “Арслан” клубийг байгуулснаас хойш анхан шатны хүүхдүүдтэй ажиллаагүй байж байгаад энэ намраас 8-11 хүүхдүүдтэй ажиллаж байгаа. 2025 онд 7-11 насны, 2026 оноос 6-9 насны хүүхдүүдийг клубтээ элсүүлэх зорилготой байна. Олон улсад хүүхдийг 6-9 настайд спортоор хичээллүүлж эхэлдэг. Харин манай улсад уламжлалт аргаар 12-13 наснаас нь хичээллүүлж байгаа нь оройтож байна. Тиймээс анхлан хичээллэгсдийн насыг эрт болгох хэрэгтэй.
Мэдээж багш бүрийн арга барил ялгаатай. Миний хувьд тухайн ажилдаа дур сонирхолтой байх нь хамгийн чухал гэж үздэг. Үүний дараа амжилт яригдана. Урамшуулж, болохгүй байгаа зүйлийг хэлж шавь нартайгаа их ярилцдаг. Бэлтгэлийг системтэй явах ёстой. Тиймээс нас насанд нь бэлтгэл хийлгэдэг. Тэгээд арван жил хичээллээд тухайн хүүхэд цаашид ямар чиглэлээр явах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Тиймээс эцэг эхчүүддээ хүүхэд тань ямар ч спортоор хичээллэсэн амжилт битгий нэх. Спорт бол хичээлээсээ гадна амьдралын хэв маягаа өөрчлөхөд, эрүүл чийрэг бие бялдартай болоход туслах зүйл. Хөдөлгөөнийг орлох эм гэж байхгүй гэдэг шүү дээ.
Хоёрдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 900 гаруй дунд сургуулийг бөхийн дэвжээтэй болгох, дэвжээний үйлдвэр байгуулах том мөрөөдөлтэй ажиллаж байна. Бөхийн дэвжээтэй болсноор олон ач холбогдолтой. Хүүхдэд зөв бие бялдрын хүмүүжил олгохын тулд гимнастик суурь маш чухал. Тиймээс дэвжээг биеийн тамирын хичээлд ч ашиглах боломжтой.
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 245 (7489)