Ц.Эрдэмбилэг: Хог хаягдлыг эрчим хүч болгох төсөл надад бий

2024-09-24
Нийтэлсэн: Админ
 19 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор “SOS Medica” клиникийн гүйцэтгэх захирал.  Монголын анхны хог хаягдлаас эрчим хүчний үйлдвэр болох “Нааново Грийн Энержи Монголиа” компанийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэмбилэгийг урилаа. Тэрээр “Миний амьдардаг хот аюулгүй, ая тухтай байгаасай” гэж хүсэж, мөрөөддөг залуусын төлөөлөл байна хэмээн өөрийгөө танилцуулж бидний ярилцлага эхэлсэн юм.

 

ДЭЛХИЙН ТҮҮХИЙГ ШИМТЭН УНШДАГ ЭРДЭМЭЭ ХҮҮ

 

-Ц.Эрдэмбилэгийн бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Миний аав, ээж хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхийг зорьдог хүмүүс. Тиймээс л намайг орос цэцэрлэгт явуулж, орос сургуульд оруулсан гэж боддог. Миний бага нас хүмүүсийн хэлдэг 40, 50 мянгатад өнгөрсөн гэж болно. Багадаа эмээ, өвөөгийндөө ихэвчлэн байна. Миний өвөө ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч,  гоо зүй, утга зохиол судлаач доктор, профессор, Соёлын яамны нэгдүгээр орлогч  сайд байсан С.Лувсанвандан юм шүү дээ. Өвөө маань ажилдаа маш их анхаарлаа төвлөрүүлнэ. Жаахан л хөдлөх төдийд “Хөөе” гэнэ. Тийм болохоор би их төвлөрч сууж сурсан гэж боддог. Өвөө минь “За Эрдэмээ миний хүү ирээдүйд ихийг хийж бүтээнэ. Тийм болохоор өөрийгөө сайтар хөгжүүлэх ёстой шүү” гэж захисныг нь одоо ч хэрэгжүүлсээр л явна. Магадгүй нийгэмд илүү сайн сайхныг түгээхийн тулд мэдлэг боловсролтой байхаас гадна хувь хүний суурь хүмүүжил, аливаад хандах хандлага зөв байх ёстой гэдгийг надад ойлгуулсан юм байна гэж одоо боддог. Эрдэм мэдлэг бол хүний хамгийн чухал баялаг. Гэхдээ түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэхгүй юм бол чиний тархинд хоосон бодол болоод өнгөрнө шүү гэж өвөө минь захидаг байсан. Нөгөө талаас нь харвал, хүн мэдлэг, боловсролыг бусдад түгээж байж л баялаг болох юм. Тиймээс бид сурсан эрдмийг зөв зүйлд, зөв цаг хугацаанд нь харамгүй зарцуулах хэрэгтэй гэдгийг би мартаж байгаагүй.

Ээж, аав минь биднийг гаднын боловсрол эзэмшүүлэхэд түлхүү анхаарсан. Учир нь юм үзэж, нүд тайлсны дараа хүний харах, сэтгэх хязгаар илүү өргөн болдог гэж хэлдэг.

-Та ахлах сургуульд сурч байхдаа хамгийн их шимтэж сурсан ямар хичээл байдаг вэ?

-Тиймээс би есдүгээр ангиа төгсөөд Америк явж байсан. Би жаахандаа кино үзэхдээ 20, 30 удаа давтаж үздэг байсан учраас англи хэл дээр нэг их бэрхшээл гараагүй. Учир нь би англиар харилцахад түүртэж байгаагүй. Америкийн боловсролын систем оюутан, сурагчдад нэг их ачаалал үүрүүлэхгүйгээр боловсрол эзэмшүүлдэг. Би 10 дугаар ангидаа анх удаа Дэлхийн түүхийн хичээл орсон. Тэгэхэд би үнэхээр гайхширч байсан юм. Түүнээс хойш дэлхийн түүхийг сонирхдог болсон. Яг л комик ном уншиж байгаа л юм шиг л шимтэж уншдаг байлаа.

-Таны сурч байсан сургуулийн сургах арга зүй, сургалтын систем манай улсынхаас ямар ялгаатай вэ?

-Би дунд сургуульд байхдаа миний бодол эцсийн үр дүн биш гэдгийг мэдэрсэн. Аливаа асуудал тулгарахад тал талаас харж шийдэл гаргахын зэрэгцээ олуулаа ярилцаж нэг зүгт харсан өнцөг байвал тэр нь жинхэнэ үнэн юм байна гэж боддог. Учир нь хүн бүр өөр, өөр өнцгөөс хардаг юм байна аа гэдгийг мэдэж авсан хэрэг.

10 дугаар ангид сурч байсан тэр жил миний амьдралын хамгийн дурсамжтай үе. Би Бостонд сурч байсан юм. Би тэр үед Монгол сургуулийн боловсролын системд багийн спортыг хөгжүүлэх бодлого баримтлах ёстой юм байна гэж харсан. Одоо бол 40 минут биеийн тамир орохдоо заал тойрч гүйх, ганц нэг бөмбөг шидэх, ойр зуурын дасгал хийхээс хэтрэхгүй байна. Тэгвэл Америкт хүүхдүүдийг сагс, хөл бөмбөг, теннис зэрэг багаар тоглох боломжийг нь бүрдүүлсэн байдаг. Танхимын хичээл дуусаад бүгдээр заавал хийх ёстой. Нэг талаас бие бялдрын хөгжил сайжирна. Нөгөөтээгүүр багаар тоглож сурдаг. Багийн тоглолт хүнд маш их зүйлийг сургадаг. Бас бие биеийгээ хайрлах ухаанд сургана. Өөрөөр хэлбэл, нэгнээ хүндлэх, нэгнийхээ төлөө санаа зовох зэргээр хүний мөн чанарыг багаас нь суулгахад спорт чухал нөлөө үзүүлдэг юм билээ. Үндсэндээ хувь хүний хөгжлийг бага сургуулиас нь эхлээд олгодог.

-Хүүхдийг багаас нь багаар ажиллах дадалд суралцуулахын тулд спорт чухал нөлөөтэй гэж хэллээ. Магадгүй боловсролын системд бодлого суулгах ёстой байх. Гэхдээ хувь хүнээс шалтгаалах зүйлс бий шүү дээ?

-Хүний хөгжил бага наснаас л төлөвшдөг. Тийм учраас ээж, аав минь намайг эрдэм боловсролтой болгохын төлөө бүхнээ дайчилсан юм шүү дээ. Мэдээж хувь хүнээс шалтгаалах зүйл бий. Үүний тулд орчин нөхцөл бүрдэх хэрэгтэй. Би эх орондоо ирээд хүүхдүүдийн төлөө юу хийж болох вэ гэж боддог байсан. Энэ хүрээндээ спорт клуб байгуулж түүгээр дамжуулж хүүхдүүдийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулъя гэж санасан. Учир нь би бодлого тодорхойлогч биш учраас боловсролын системд өөрчлөлт оруулж чадахгүй шүү дээ. Тэгээд боксын клуб байгуулсан. Манай клубт хүүхдүүд хичээллэснээр тэсвэр тэвчээртэй болохоос гадна хүнтэй харилцах зөв харилцаа, хандлагад суралцана. Түүнээс гадна бие махбодын хувьд зөв хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс спортын мастер Б.Пүрэв-Очир багшийн боксын клубийг тохижуулж хүүхдүүдийн суралцах орчныг бүрдүүлье гэж санасан. Тэгээд тодорхой хөрөнгө гаргаад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Соёмбо" спорт клубийн тохижилтын ажлыг хийсэн. Хичээлийн дараа хүүхдийг хөгжүүлнэ гэдэг гаднын улсуудад маш чухал, анхаарал хандуулдаг ажил байдаг. Тийм учраас өөрийн чадах хүрээнд хүүхдийн хөгжих орчныг бүрдүүлсэн гэж бодож байгаа.

 

НЯГТЛАН БОДОГЧООР ЭХЭЛСЭН АЖЛЫН ГАРАА

-Тэгвэл бага сургуулиасаа багийн тоглолт хийж эхлэхээр хувь хүний хөгжилд хамгийн чухал нөлөөг үзүүлэх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Багаар тоглоод сурсан учраас ганцаарчилсан тоглолт хэзээ ч хийхгүй. Мэдээж хув хүний хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс л энэ тогтолцоог боловсролын салбарт нутагшуулах хэрэгтэй гэж хардаг. Би ахлах сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгох үед маш олон сонголттой тулсан. Мэргэжил сонголтын тухай мэдээллийг багтаасан маш зузаан ном харж хэсэг суусан. Түүний дараа аав, ээжтэйгээ зөвлөсөн юм. Тэд надад “Миний хүү хамгийн эрэлттэй ажил бол нягтлан бүртгэл” гэлээ. Би ч нягтлан суурьтай бизнесийн удирдлагаар сурах боллоо. 2007 онд сургуулиа төгсөөд Нью Йоркт татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг жижиг компанид нягтлан бодохын ажлаа хийлээ. Тэнд маш олон зүйлийг сурсан. Гурван жил ажилласны дараа энэ бол миний сонирхдог ажил биш гэдгийг харсан учраас ажлаа солихоор шийдсэн. Найз маань Нью Йоркт аудитын компанид ажилладаг байлаа. Түүний ажил сонирхолтой санагддаг байв. Ажлаа хийх явцдаа олон хүнтэй уулзана. Олон газраар орно. Энэ нь надад сонирхолтой байсан. Ингээд анх удаа “Пи Дабл Ю Си” гээд олон улсын компанид ажилд орохоор танилцуулгаа илгээсэн. Тэгтэл энэ компани Монголд салбар нээж байгаа. Тэнд ажиллах санал тавьсан. Ингээд л би эх орондоо ажиллахдаа олон улсын байгууллагад ажиллах боломж бүрдсэн юм.

-Та урт хугацаанд гадаадад сурч амьдарч байгаад эх орондоо ирж ажиллах боломж бүрдэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Би ажилдаа орох хүртлээ хагас жил орчим хүлээх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд

“Сар шинэ интернэйшнл” компанид ажиллаж байлаа. Олон жилийн дараа Монголдоо ирж байгаа болохоор нийгмийн амьдралыг мэдэх хэрэгтэй байсан л даа. Тиймээс хамгийн их хөдөлгөөнтэй, хүмүүстэй харилцдаг ажил хийхийг хүссэн юм. Ингээд ажилдаа ороод таван сар ажилласан. Тэндээс би хүний амьдралын олон өнгийг харсан. Зээл нь бүтээд гарч байгаа хүнээс талархлын үг сонсоод удаагүй байтал ажил нь бүтээгүй хүний бухимдахыг ч сонсох хэрэгтэй болно. Таван сарын дараа Үндсэн ажилдаа орсон доо. Тэнд бол манай улсын том, том компаниудтай харьцана. Нягтлан бодох бүртгэлийн хуучны загварыг огт өөрчлөхгүйгээр ажиллаж байгаа газар ч байна. Цаг үеэ дагаад шинэчлэгдэж байгаа газар ч байна. Ер нь аливаа зүйл цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Харин хүн тэнд дасан зохицож, өөрийн болгож эзэмшинэ гэдэг хамгийн чухал гэдгийг бас харж, ойлгож авсан. Энэ бол өөртөө хуримтлуулж байгаа миний ажлын туршлага гэж боддог.

-Ажлын үр дүн гарт баригдаж, нүдэнд харагдах хэрэгтэй гэж ярьж байсныг тань санаж байна?

Үүний дараа миний хийсэн санхүүгийн тайланг авсан компани цаашид юу хийх ёстой вэ. Юунд хүрэхээр зорих вэ гэдгээ тодорхойлох боломж бүрдэж байгаа. Гэхдээ надад харагдаж, мэдрэгдэх үр дүн гарахгүй байсан. Учир нь манай байгууллагаар хийлгэсэн аудитын тайланг банканд харуулж санхүүжилт босгох уу. Эсвэл сайн татвар төлөгч болох уу гэдгээс өөр үр дүн харагдахгүй байсан юм. Тиймээс цаашид юу хийвэл хүмүүсийн амьдралд нөлөөлөх вэ. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэж, ажил, амьдралд нь үр дүн гарахуйц нөлөө үзүүлэхийн тулд би юу хийх вэ гээд дахиад л эрэлд гарсан. Ингээд эрүүл мэндийн салбарт орж ажиллах сонголт хийсэн.

Хамгийн гол нь нүдэн дээр харагдах үр дүнг хүсэж байсан юм. Манай гэр бүлийн бизнес “Сос Медика Монголиа” гээд олон улсын эмнэлэг байдаг. Манайхаар үйлчлүүлсэн хүн баярлаад гарч явааг харах сайхан санагддаг. Энэ мэдээж баг хамт олны хүч гэдгийг онцлох хэрэгтэй.

Тиймээ, би хийсэн ажлын маань үр дүн өгөөжтэй байгаасай гэж хүсдэг. Тиймээс дараагийн шатанд би юу хийх вэ. Юуг сурах ёстой вэ гэдэгт төвлөрч эхэлсэн.

Би одоо өөрийгөө нэг жаахан сорих хэрэгтэй байна. ингээд Солонгос, Япон улс руу явж сурахаар анкет бөглөсөн. Эхлээд Японы сургуулиас хариу ирсэн. Миний санаа Солонгос сургуулийн хариуг харах хэрэгтэй байлаа. Гэтэл яг одоо хариугаа өг. Тэгэхгүй бол хасагдана гэсэн. Яагаад гэвэл 30 оюутан авах боломжтой байтал нэг мянга гаруй хүнээс хүсэлт ирсэн юм билээ. Ингээд Япон явахаар шийдсэн. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа Солонгосоос тэнцсэн хариу ирсэн л дээ.

 

ОЮУТАН Ц.ЭРДЭМБИЛЭГИЙН ОНЧТОЙ ТӨСӨЛ

-Ажил, амьдралын туршлагатай, бизнесийн салбарт ажиллаж байсан оюутанд бэрхшээл тулгарч байв уу?

-Би чинь хүний нутагт, найдах хүнгүйгээр амьдрахаар явсан хүн. Байрны түрээс, хоол унд гээд нэлээдгүй ажил байлгүй яах вэ. Түрээсийн байранд амьдрахаар болж байрныхаа гэрээг хийлээ. Тэгээд байрны мөнгөө, цахилгааны төлбөрөө төлчихвөл болчихно гэж бодож байсан юм. Гэтэл төсөөлснөөс шал өөр нөхцөл байдал угтсан. Байранд амьдрах дотоод журам нь гэрээнээсээ 10 дахин зузаан. Тэр журмын 80 хувь нь хогийг ангилж хаях тухай. Миний хувьд “шок” болсон. Өглөө 8:00-9:00 цагийн хооронд хог хаях газар нь онгойно. Сургууль руугаа явахаасаа өмнө 20, 30 минут хогоо ангилж, ялгана. Тэгээд зориулалтын сав руу нь хийдэг юм. Хэдийгээр энэ бидний хувьд гайхширал ч байгаль орчны хариуцлага гэдгийг маш сайн ойлгосон. Харин нөгөө талдаа хүний хэрэглээ авсаархан байхыг сануулж байгаа юм. Хогоо ангилах үнэхээр ядаргаатай шүү дээ. Заримдаа би өглөө хогоо хаяж амжихгүй ээ. Хэрэв хогоо хаяж чадаагүй бол хичээл рүүгээ авч явахаас өөр сонголт байхгүй. Тэгээд маргааш нь хаяна. Хэдийгээр хувь хүнд төвөгтэй санагдавч нийтээрээ дүрэм, журмаа дагаад явахаар амьдарч байгаа орчин маань маш цэвэрхэн, тухтай болж байгаа юм. Тиймээс урт хугацаандаа энэ зөв шийдэл байхаас гадна хүн төвөгшөөхгүй болчихдог юм билээ. Токио үнэхээр цэвэрхэн хот. Энэ бол хүмүүс хогоо ангилж, ялгаж хаях дадалд суралцсаны үр дүн гэж хардаг.

-Та Японд сурч байхдаа хогийг ангилж хаях дадалд суралцахдаа бизнес болгох санаа төрсөн юм байна, тийм үү?

-Манай улсад бол хогийг жинхэнэ утгаар нь ялгахгүй байгаа шүү дээ. Японд бол цаасыг сонин, сэтгүүл гэх мэтээр бүр маш нарийн ялгадаг. Би сурч байхдаа Токиод хог хаягдлын менежментийн үзэсгэлэнд очсон юм. Тэнд ногоон технологийн үзэсгэлэн болсон. Бид хог хаягдал гэж байгаа ч үнэн хэрэгтээ дахин боловсруулж ашиглах боломж бий гэдгийг харсан. Хог хаягдлын 70 хувийг дахин боловсруулж болно. Хайлуулаад, бутлаад шинэ бүтээгдэхүүн хийх боломжтой. Түүнээс гадна 30-40 хувь нь шууд эрчим хүч болдог юм байна. Шатаагаад эрчим хүчээ гаргаж авч байна.

Токиод хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргадаг үйлдвэрлэл нь хороолол дундаа байдаг. Тэр үйлдвэрүүдээс хэзээ ч утаа гардаггүй, уур гаргадаг. Үүнийг хараад энэ технологийг би эх орондоо оруулж ирье гэдэг санаа төрсөн л дөө.

-Та хэдэн онд сургуулиа төгсөж ирсэн бэ. Буцаж ирээд л төсөл хэрэгжүүлэх компаниа байгуулсан уу?

-2018 онд магистраа хамгаалж ирээд “Наново Грийн Энержи Монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Монголд анхны хогноос эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн. Харамсалтай нь одоог хүртэл бүтэхгүй л явна. Эндээс би, манай улсад төрийн байгууллагууд нь уялдаа холбоогүй ажилладаг гэдгийг харж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн төв гээд уялдаа холбоотой ажиллах ёстой газрууд бодлогын уялдаа алга. Энэ байдал нь бизнесийнхэнд хүндрэл учруулдаг, цаг хугацаа алддаг цаашилбал, санхүүгийн эрсдэлд оруулдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

Би Японоос ирэхдээ хог хаягдлыг эрчим хүч болгох технологи болоод төслийн ТЭЗҮ-ийг нь ч боловсруулаад ирчихсэн. Гэтэл түүнийг ойлгож, дэмжиж ажиллах ёстой төрийн байгууллага нь хөндлөн хараад сууж байна.

Эндээс Монгол Улс хөгжихийн тулд эхлээд төрийн бодлогыг хэрэгжүүлдэг дэг жаягт суралцах хэрэгтэй юм байна. Эрчим хүч гэдэг бол манай улсад тулгамдсан асуудал. Гэвч үүнийг дэмжиж хэрэгжүүлэх талд хойрго байгаа нь харамсалтай. Хогийг дахин боловсруулаад эрчим хүч гаргаж авна гэхээр дан ганц хогийг нь салгаад бодчих юм. Зүй нь монголчуудын хэлдгээр “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг хогоо боловсруулахдаа эрчим хүчээ гаргаад авах гэж байгаа юм л даа.

 

ХОГ ХАЯГДАЛ БА ЭРЧИМ ХҮЧ

 

-Зургаан жил гэдэг ч богино хугацаа биш. Нөгөөтээгүүр монголчууд хог ялгаж хаях дадалд суралцаж байгаа энэ үед хогийг эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд болгоно гэдэг зөв санаа байна л даа?

-Надад үйлдвэр байгуулах төсөл нь бас технологийн шийдэл нь байна. Гэхдээ үүнийг ажил хэрэг болгоно гэдэг тун бэрх даваа болоод байгаа юм. Миний хийх гээд байгаа ажлыг ойлгох хүн төрд алга. Тиймээс л төрд орж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол залууст төрдөг байх нь гэж харж сууна. Яагаад гэвэл, нэг үеийг бодоход гадаадад сурч, тэднээсээ эх орондоо хэрэгтэй шинэ санаачилгыг гаргаж байна. Үндсэндээ ажил хэрэг болох тал дээр ирэхээрээ л таг гацчихдаг юм байна гэж л харж сууна.

Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төсөл нь хог хаягдлаас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаагаараа онцлог. Энэ төсөл эрчим хүчний салбар дахь цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдгээрээ давуу талтай юм.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрчим хүчний импортын хэмжээг бууруулж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм, уг нь. Төслийн хүрээнд хатуу хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 14МВт-ын суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцын байгуулагдана. Өдөртөө 500 тонн харин жилд 177.5 мянган тонн хог хаягдал ашиглана.

-Таны хэрэгжүүлэхээр төлөв­лөсөн төслийн хэрэгцээ шаард­лагыг тодорхойлж өгч болох уу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж тусгасан байдаг. Мөн Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтод “Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-той дүйцэх хэмжээгээр бууруулах, үүнээс эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 оны түвшинд 8.34 сая тонноор бууруулна” гэсэн байгаа. Тэр ч бүү хэл төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогодоо “Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох” гээд оруулсан байгаа нь бүх талаар эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн санаа. Гэхдээ бодит байдалд энэ бодлогууд хэрэгжихдээ хэтэрхий хойрго байгааг манай төслөөс харж болно. Хамгийн гол нь хог хаягдлаас гаргаж авах эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага манай улсын тулгамдсан асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Энэ төслийн зорилго юу вэ?

-Хог хаягдлын хэмжээ сүүлийн таван жилд 18.3 хувиар өссөн. 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол гарсан байна лээ. Тэгэхээр хог хаягдлын менежментийг сайжруулах, түүнийг үр ашигтай боловсруулах технологийн дэвшлийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Нөгөөтээгүүр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох боломж бүрдэж байна. Хүн амын өсөлт, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад эрчим хүчний хэрэглээ өссөөр байна. Монгол Улсын импортын хэмжээг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг өсгөх нь төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод багтсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Түүнээс гадна байгаль орчны бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна. Манай улсад одоо ашиглаж буй хог хаягдлыг боловсруулах, устгах арга нь байгаль орчин болоод хүн амд үзүүлэх хор хөнөөл ихтэй гэдэг. Тэгэхээр хогийг дахин ангилснаар хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Мөн хүлэмжийн хийг бууруулна. CO2 -ийг бууруулах замаар дэлхийн дулаарлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой төсөл гэдгийг хэлмээр байна.

-Эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг нь тооцож үзсэн үү?

-Үйлдвэрлэл хөгжих хэрээр ажлын байр нэмэгддэг. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэх суурь болдог. Түүний нэгэн адилаар манай улсад хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бий болно. Өөрөөр хэлбэл, шинэ мэргэшил бий болох юм л даа. Мэдээж хог ялган ангилж, дахин боловсруулж цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх учраас эдийн засгийн өгөөж бий болно. Нүүрсний хэрэглээг бууруулснаар утаанаас салах боломж бүрдэнэ. Нэн ялангуяа нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой л доо. Түүнээс гадна хог хаягдлыг бууруулах замаар хогийн цэгийн газрын нөөцийг нэмэгдүүлж, ландфилын зардлыг хэмнэнэ гэж харж байгаа.

-Хог хаягдлыг эрчим хүч болгоно гэж байгаа нь шинэлэг боловч нэг л санаанд бууж өгөхгүй байна л даа?

-Улаанбаатар хотод эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой 284 мянган тонн хогийг нэг жилд хаяж байна. Мэдээж энэ бүгд эрчим хүч ялгаруулахгүй. Тэгэхээр би дээр хэлээд байсан ялгаж хаях зарчимд шилжих учиртай юм. Тухайлбал, нийт хаягдаж байгаа хог хаягдлын 33.7 хувь нь органик хог хаягдал, 35.2 хувь нь органик бус хог хаягдал байна. органик бус гэдэгт хуванцар, цаасан хог багтана. Мэдээж шатдаггүй хог хаягдал гардаг. Тэр нь 31.1 хувийг эзэлдэг. Үүнд шил, металл зүйлс ордог.

Хотын хатуу хог хаягдлын шаталтын үнэлгээ дунджаас дээгүүр байдаг. Өөрөөр хэлбэл, 1792-2150 ккал/кг байвал станцын ачаалал хэвийн хэмжээнд явагдана. Тэгвэл Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын илчлэгийн хэмжээ нь 2389 ккал/кг байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс л нийслэлд хог хаягдлыг эрчим хүч болгох үйлдвэрлэл байгуулах боломжтой юм шүү дээ.

-Төсөлд нийт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Нууц биш бол мэдээлэл өгч болох уу?

-Бололгүй яах вэ. Манай төслийг хэрэгжүүлэхэд 112.5 сая ам.доллар шаардлагатай. Урсгал зардал 6.5 сая ам.доллар зарцуулна. Харин жилийн орлого нь 78 орчим сая ам.доллар байна гэж тооцоолсон. Мэдээж үйл ажиллагааны зардал, хөрөнгийн элэгдэл хорогдол, хүү, татвар гээд чамгүй зардал гарна. Мэдээж төслийн өгөөжийг тооцоолохгүйгээр хөрөнгө оруулалт босгох боломжгүй. Тиймээс дотоод өгөөжийг 20.4 хувь байна гэж харж байгаа. Харин зээлдэгчийн болоод хөрөнгө оруулалтын өгөөж нийлээд 10 орчим хувь байх болов уу. Төслийн тооцооллыг маш нарийн гаргасан гэдгийг хэлмээр байна.

Бизнес ямар нэг байдлаар ашиг олохын төлөө ажиллана. Мэдээж хууль, дүрмийн хүрээнд. Тиймээс хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргах үйлдвэрлэл ашигтай бизнес мөн. Хэрвээ яаж ч хичээгээд ашиг гарахгүй болбол бизнес хийх хэрэггүй гэж боддог. Энэ бол сэтгэлээр унасан үедээ боддог бодол минь.

Эрчим хүчний салбар Монгол Улсад байгаа юм шиг харагдаж байна, хүн бүхэнд. Гэтэл үнэн хэрэгтээ энэ салбар “унтаа” байсаар бидний мэдэх 30 гаруй жилийг өнгөрөөж байна.

-Хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэхийн тулд эхлээд хогоо ангилж хаях дадалд нийгмээрээ суралцах шаардлага тулгарч байна даа?

-Манай улс нийтээр хог хаягдлын талаарх ойлголт алга. Тиймээс үүнийг бага боловсролын түвшнээс нь эхэлж зааж, сургах хэрэгтэй. Японд бол цэцэрлэгээс нь эхлээд хүүхдүүддээ хогийг ангилж хаях дадалд сургаж байна. Энэ нь цаг хугацаа өнгөрч нийгмийн амьдралд гарах үед аль хэдийн хийж хэвшсэн ажил болж байгаа юм. Түүнтэй адилаар манай улсын боловсролын системд нь хогийн менежментийн асуудлыг тусгаж, суулгах ёстой юм. Японд бол хүүхдээс шалгалт авахдаа 10 ширхэг хог байна чи энийг яаж ангилах вэ гэж заадаг сургалт бий. Тийм учраас бид хүлэмжийн хийн бууруулахын тулд өнөөдрөөс эхлээд хүн бүрийн оролцоог чухалчлах хэрэгтэй л дээ. Ингэхдээ хог хаягдлын менежментэд суралцаад явах учиртай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 185 (7429)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 28 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 7 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин