​ Ж.Даваадамдин: Бидний тоглолт их усны давлагаалах чимээтэй хамт эхэлнэ

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ц.БАЯР

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдинтай ярилцлаа.

 

-Хөвсгөл нутгийн Хөгжимт драмын театрын тоглолт болох гэж байна. Таны дэглэж тавьсан тоглолтын нэрнээс яриагаа эхэлье.  Яагаад “Хөвсгөлийн их ай” юм бэ, тоглолтын онцлогтой холбоотой юу?

-“Хөвсгөлийн их ай” гэдэг нэр их учиртай. Нэгдүгээрт, Хөвсгөл нутгаас төрсөн уран бүтээл, уран бүтээлч, Хөвсгөл нутаг уран бүтээл болоод уран бүтээлчийн ямар их онгод, авшигтай юм бэ гэдгийг харуулахаар шийдсэн нь тоглолтын гол онцлог, зорилго юм. Хоёрдугаарт, Хөвсгөл нутаг зургаан ястантай, зургаан хошуу малтай. Хөвсгөл нутгийн их “Ай”-ны хамгийн эхний их урсгал нь Хөвсгөл нутгийн зургаан ястны “Ай” юм  даа.

-“Хөвсгөлийн их ай” дотроо угсаатан, ястны “Ай” гэдгийг тодруулж, тодорхойлж яривал сонирхолтой байх болов уу?

-Хөвсгөл нутагт амьдран суух буриад, халх, дархад, цаатан, хотгойд, урианхай гэсэн зургаан ястан хөвсгөлчүүдийн урлан бүтээхүйн их ай савын эх ундарга нь. Энэ ундарга болсон ястнуудаа задлаад ярья.

Хөвсгөл аймгийн халхууд буюу хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу. Хошуу ноён Гэмпилдорж 1840-өөд онд зохион дуулсан “Сэрүүн сайхан хангай” айзам уртын дуу бол Хөвсгөлийн халхчуудын урлагийн ай савын ноён оргилын нэг мөнөөр барахгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг сорчлон хадгалдаг ЮНЕСКО-д энэ дууг бүртгүүлсэн. “Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууны гарал үүсэл” сэдвээр СТА, түүх, соёл судлаач О.Бадмаадорж илтгэл тавьж, энэхүү дууны үг, аяыг Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ноён Гэмпилдорж 1840-өөд онд зохион дуулсан нь тус хошууны сүлд дуу болон мөнхөрсөн хэмээдэг. Уг дууны үг, түүнд өгүүлсэн газар орны байдал, нутгийн ардын аман яриа, хошуу ноён Гэмпилдоржийн түүх намтарт үндэслэн тайлбарласан. Бид “Сэрүүн сайхан хангай” гэдэг айзам уртын дууны наадмыг энэ жил Соёлын яамтай хамтран зохион байгуулсан.

-Хоймор нутаг гэхээр хотгойд түмэн хамгийн түрүүнд санаанд буудаг. Тэдний өв соёл нэлээд том орон зай эзлэх болов уу?

-Хотгойд түмэн газар орны хувьд Хөвсгөл, Булган, Увс, Завхан, Ховд хүртэл нутаглаж байна. Өнгөрсөн жил “Тэсийн голын монголчууд” гэдэг өв соёлын том наадам хийхэд таван аймгийн нутгаас хотгойд түмэн цугларч байна билээ. Тэр олон аймаг, сумдаас ирсэн хотгойд түмний дуу хуурын ай сав нь Тэсийн голын хөндийд л байгаа юм. Тэсийн хөндий, хотгойд түмний дуу хуурын ай саваас “Тосонгийн орой”, “Дэлтэй цэнхэр” гэх мэт агуу бүтээлүүд, МУГЖ С.Сосор, Д.Надмид, Р.Лхамжав Хөвсгөлийн Хөгжимт драмын театраас угшилтай хотгойд дууны нэрт төлөөлөгчид  төрсөн байгаа юм. Хөвсгөлийн цэнхэр хотгорын өөр нэг угсаатан нь дархад зон. Дархад түмний дуу ая дан, айзам шуранхайн хувьд огцом өндөр эхэлдэг боловч шог хошин, ухаарал хайрласан үг, хэмнэлтэй. Дархад дуунд нэр нь дурдагдсан хүн ичээд ахиж тийм үйлдэл гаргахгүйг хичээдэг. Шоолоод байгаа мэт боловч, сурган хүмүүжүүлэх арга барил шингэсэн онцлогтой. Манай тоглолтод “Сэрүүн хогорог хангай”, “Нэрстэй хүрэн тайга” гэх мэт бэсрэг уртын дууг Дархад дууны мастер Б.Даариймаа дуулж  оролцоно. Дархад түмний архан талд “Цаатай цастай хоёроороо цуутай, дуутай нутаг, цагаан загасны өлгий, тохууртай дэнж буй. Тэнд монголчууд бидний нэрлэж заншсанаар “Цаатан” буюу уйгар зон олон бий. Тэд бол цэвэр цэнхэр тайгын дууч нар.

-Урлаг судлаачдын “Дархад дууны хөг дан огцом эхэлж өндөр уулын оргилд хүрэх гэж буй мэт байдаг бол цаатан дуу нэг тайгаас нөгөө тайга руу хүргэх гэсэн мэт дуулдаг” гэсэн яриа сонсож байсан?

-Тэр зөв л дөө. Цаатнуудын дуу хуурыг сонсохуйд зүүн баруун тайга хоёрын хооронд яриад байгаа юм шиг санагдана. Тэдний цээл, цангинасан хоолойг сонссон урлаг судлаач бүү хэл жирийн та ч тэгж бодно. Цаатнуудын бас нэг хөг дан бол цааны явдлаар шаргиад байгаа мэт аялгуу сонсогддог. Ан ав, нүүдэл суудал, ахуй амьдрал гээд бүх л зүйл нь цааны явдал дунд өнгөрдөг. Цаатнуудын дуу ихэвчлэн цааны явдалд таарсан ая дантай.

-Буриад зон нэлээд том ястан. Тэдний дуу хуур, үлгэр домог яндашгүй арвин. Танай зургаан ястны нэг болсны хувиар,  урлагийн ай савд томоохон байр суурь эзэлж буй гэж бодогдож байна?

-Хөвсгөлд байх зургаан ястны нэг буриад зон. Тэд Хэнтий, Дорнодын буриадуудаас өөр. Хөвсгөлд далайн эх буюу Бүрэн хан хайрхныг тойрч нутагладаг “Хөх мөсөнгийн буриад”-ууд гэж нэрлэгддэг нэг хэсэг буриад байхад “Даян дээрхийн хийд” орчмоор нутагладаг “Үүрийн буриад” гэж бас бий. Энэ хоёр буриадын дуу хуур далай ээждээ зориулсан “Хөвсгөл далайгаар аялахдаа, Хөлөг онгоцондоо найдъя даа” гэх мэт үг голлодог онцлогтой. Үүрийн буриад буюу Агын буриадуудын онцлогоос харуулсан “Давсган хуур буюу суух хуур”-ыг бараг мартагдаж байхад нь Буриад улсын СГЗ Д.Галбаабадраа гэдэг ахмад судлаач гаргаж ирж танилцуулж байсан. Суух хуур бас хун хуур ч гэдэг энэ хуурын домог түүх далай ээжтэй холбогддог. Энэ домог түүхээс улбаалсан дуу, бүжгийн ай сав буриадуудын илэрхийлэмж болдог л доо. Бас нөгөө талаар Далай ээжийн домогт долоон хун байдаг бол буриадын гарвал домог хун шувуутай холбогддог.  Магадгүй буриад зоны гарвал Хөвсгөлийн буриадууд ч юм билүү. Ер нь сүүлийн үеийн судлаачид “Нууц товчоо”-нд “Бөртэ чоно, Гуа марал тэнгис далайг гатлан Бурхан Халдун уулнаа ирсэн”гэдэг өгүүлэмж дээр “Хамгийн ойрхон тэнгис далай гэвэл Хөвсгөл л байна. Яагаад их хааны 10 дахь үеийн эмэг Алангуа эх далай эхээс 80-хан километрийн наана Ариг ус гэх газар төрсөн” гэдэг асуудал тавих болсон. Ингээд өгүүлэх юм бол буриад зоны уг гарвал Хөвсгөл нутагт байгаа гэдгийг үгүйсгэх зүйлгүй.

Ардын хувьсгалын дараа 1923 онд  Хөвсгөлийн хязгаарыг тохи­нуу­­лах Ардын түр яамыг Урианхайн хязгаар гэж тогтоосон байдаг. Урианхайн хязгаарт Хөвсгөл орсон гэсэн үг. Алтайн урианхайн дээд өвөг нь Хөвсгөлийн урианхай нар гэж ч үздэг. Миний судалж тогтоосноор Хөвсгөлийн зургаан ястны өв соёлын их ай савд буриад, цаатан хоёроос бусад угсаатан уртын дуутай байгаа юм. Тэр дундаа урианхай нар өвөрмөгц дуу хуур, соёл, уртын дууны арвин өвтэй. Хөвсгөл нутгийн 70 гарсан өв тээгч Чагцалдулам гуайн дуулдаг “Өндрийн орой” дуу бэсрэг уртын дуунаас өндөр өнгө дантай байх жишээтэй. Энэ дуу манай тоглолтод дуулагдана. Хөвсгөлийн Урианхай нар өөрсдийгөө түүхийн хувьд язгуурын урианхай гэж үздэг учраас тэдний дуу хуур, хөгжим зэмсэг, бүжиг наадам бидний урлаг соёлын ай сав доторх нэг том урсгал мөн.

-Таны яриаг сонсоод “Ай сав гэдэг агуу том зүйлийг хэлдэг. Их олон зүйл багтах байх” гээд бодоод л сууна?

-Энэ зургаан ястны өв соёлын ай саваас өнөөгийн Монгол Улсын хөгжим, бүжиг, дуу, кино урлагийн том төлөөллүүд төрөн гарсан. Олон аймаг өөрсдийгөө дархалсан байдаг. Булган анхдагчдын, Увс хүчтэнүүдийн, Ховд олон ястны, Завхан хутагтуудын өлгий гэх мэтээр нэрлэгддэг. Тэгвэл Хөвсгөл аймаг юугаараа онцлог, юугаар овоглогдож явах юм бэ гэдгийг Хөвсгөл нутгаас төрсөн залуу судлаачид, ялангуяа философийн ухааны доктор (Ph.D), профессор Б.Даш-Ёндон гуай судлаад 90 жилийнхээ түүхт ойгоор “Соён гэгээрүүлэгчдийн өлгий” гэж зарласан. Хөвсгөл нутгийн зургаан ястны ай саваас төрсөн эрдэмтэн мэргэд Монголын соён гэгээрэхүйн орон зайд өөрсдийн байр суурийг аль хэдийнэ эзэлжээ. Хорьдугаар зууны ардын бэлгэ зүйч Ж.Бадраа Арбулаг сумын хүн. Түүний дууны урлаг, хөгжмийн зэмсэг, нэршил зэрэгт хийсэн судалгаанууд Монголын соёл урлагийн ертөнц, соён гэгээрэлд үнэтэй хувь нэмэр болж байдаг. Хоёрдугаарт, хорьдугаар зууны монголчуудын оюун санааг кино урлагаар сурган хүмүүжүүлсэн нэрт найруулагч Д.Жигжид гэдэг хүн Ринчинлхүмбэ сумын дархад хүн. Багшийн дээд сургууль төгсөөд 26-хан настай байхдаа “Цогт тайж”киноны оператороор явж  УГЗ болж явсан түүнийг Монголын кино урлагийн “Загалмайлсан эцэг”гэхэд хэн ч маргахгүй.

МУИС-ийн суурийг тавьж Шинжлэх ухааны академийг үндэслэгчдийн нэг Б.Ширэндэв гэдэг хүн мөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумынх. Түүний хэл шинжлэл, түүхийн салбарт оруулсан хувь нэмэр үнэлэгдэшгүй гэдэг нь “БНМАУ-ын түүх”-ийн  нэг  ба гурван ботийг туурвих ажлыг удирдаж, Монголын  шинжлэх ухаан,  түүх, соёл, намтар судлал, утга зохиолын салбарт 300 гаруй бүтээл туурвисан эрдэмтэн гэдгээр нь нотлогдоно. Өнөөдрийн бидний эрх чөлөөт нийгмийн үндэс суурийг тавьсан “Үндсэн хууль”-ийн эхийг барьсан Б.Чимид, дэлхийн 100 зураачийн нэг болсон зураач До.Болд гэх зэргээр нэрлээд байвал үргэлжлээд л байна. Энэ эрдэмтэн, мэргэд соён гэгээрүүлэгчид Хөвсгөлийн их ай саваас төрөн гарсан юм.

-Таныг ингээд ярихаар “Хөвсгөлийн их ай” гэдэг ойлгогдож байна. Ерөөсөө Хөвсгөл нутаг нэг ай сав. Тэр ай саваас гарсан уран бүтээлийн дээжийг толилуулах юм байна. Үүгээрээ бусад аймгуудад уриалга гаргаж байна уу?

-Анхдагчийн өлгий болсон Булган аймаг, хүчтэний өлгий увсчууд, завханчууд хутагтуудынхаа бий болгосон их айг дэлгэж тавих ёстой юм болов уу. Энэ мэтчилэн 21 аймаг бүрийн айг дэлгэн тавих юм бол бидний өнөөдрийн ярьдаг ондоошлын учиг тэнд бий гэдгийг ойлгоно.  Соёлын яам “Өв соёлын их наадам” гээд хийж байгаа. Энэ аймгууд өөрсдийн айг нээж байгаа хэрэг. Гэхдээ одоо нэг, нэгээрээ ирж урлаг соёлын наадмаа дэлгэн үзүүлмээр байна. Зөвхөн дуу бүжиг, өв соёл гэхгүй одоо байгаа зураач, хөгжмийн зохиолч, сэтгэгч суутнуудаа алдаршуулж, таниулах том алхам болох юм.

-Хөвсгөл нутаг гэхээр онгод тэнгэрийн тухай бодохгүй байх аргагүй. Домог, түүх ихтэй нууцлаг, ид шидийн мэт  тоглолт үзэх байх гэж бодоод байна?

-Яг л таны бодож байгаа шиг тоглолт болно. Нэг жишээ хэлэхэд Хөвсгөлийн дархад цагаан адууны талаар та сонссон байх. Дээр үед Оросын баатар цагаан хаанд мөн л манай Хөвсгөл нутгийн цагаан загасыг зоогонд хүргэдэг байж. Цагаан хаанд хүргэх зоогийг зөвхөн дархад цагаан адуугаар тээдэг. Цагаан хааны дэргэдэх эрдэмтэд дархад цагаан адууны бяр чадлыг гайхан судалж үзсэнээр бусад адуунаас илүү онцгой, тэсвэр тэвчээртэйг олж мэдсэн байдаг. Ингээд хойд туйл руу хийх аялалд дархад цагаан адууг авч явсан тухай баримт манай музейд байна. Үүгээр сэдэвлэсэн “Дархадын хурд” гэдэг бүжиг тоглогдоно. Дархад цагаан адуу гэдэг дан хөгжмийн бүтээл, “Том цаатан” гэдэг бүжгийг сэргээн тавьж байна. Энэ бүжиг цаатны нэг өдрийн амьдралыг бүхэлд нь харуулсан бүжиг.

Хөвсгөлийн уул, ус, онгод тэнгэрийн домог зүйгээр сэдэвлэсэн “Хөх баавгайн домог” бүжиг.  Үүнийгээ бид бүжгэн жүжиг болгохоор төсөл боловсруулсан. Бөөгийн зан үйлийг бүжиг хэлбэрт оруулж ингэхдээ хэнгэрэг цохиод дэвхцээд байдаг монголчуудын хэвшмэл ойлголтыг эвдсэн. Бид язгуурын бөөгийн хөдөлгөөнийг энэ бүжигтээ оруулж ирлээ. Бөөгийн хөдөлгөөн буддын шашны цамын хөдөлгөөний нөгөө хувилбар л байхгүй юу. Бөөд байдаг олон онгод гэдэг бүгд өөр, өөр дүрүүд юм. Энэ дүрүүдийг шингээсэн бөөгийн бүжгийн шинэ дэглэлтийг бид урлагт оруулж ирсэн. Бараг жүжиг шиг юм байгаа. Галаас яаж гардаг, улаач нь ямар байдаг, онгод орохдоо өөр өөр дүрээр ирдэг гэх мэт ойлголтуудыг шингээсэн  “Тэнгэрийн дууд­лага”  бүжгэн жүжгийн нэг хэсэг, бөөгийн бүжиг шинэ өнгө аясаар та бүхэнд хүргэх болно. Хөвсгөлчүүд эртний, угсаа гарвалаа гайхуулсан сайхан тоглолт болно.

-Тоглолтыг зорин очих үзэгчдэдээ хандаж та юу хэлэх вэ?

-Яг өдийд Хөвсгөл далай долгиолж байгаа. Бидний тоглолт их усны давлагаалах чимээтэй хамт эхлэх юм. Их усны дэргэд амьдардаг хүмүүн урт насалдаг гэдэг. Усны долгилон мяралзахыг харж, сонссон хүн асар их тайвшрал эдэлдэг шүү дээ. Бид яг л тэр их усныхаа долгилон мяралзах шивнээгээр улаанбаатарчуудаа тайвшруулахаар ирж байгаа юм.

Хуульч Б.Чимэд
Соёл судлаач Ж.Бадраа
Академич Б.Ширэндэв
Ардын зураас До.Болд

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 26 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 6 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин