“Номын сан хүмүүсийн хөгжлийн газар болсон”

2024-09-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Орхон аймгийн номын сан 1976 онд анх нээгдэж байжээ. Үүнээс хойш 48 жилийн дараа буюу энэ жил орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн “Номын өргөө”-тэй болоод буй. Тус барилгад Орхон аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулах бөгөөд  “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хийх VIP өрөөнүүд болон багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай аж. Гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь мөн уншлагын өрөө, интернэт өрөө, Maker space, E-sport, сургалт, болон хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлждээ 315 хүнийг зэрэг хүлээн авч ном соёлоор үйлчлэх боломжтой аж. Харин Эрдэнэт хотын яг төв цэгт байршилтай Нийтийн номын сангийн хуучин барилгыг “Хүүхдийн номын сан” болгон ашиглаж байна. Ингэснээр Монгол Улсын гурав дахь том хот гэгддэг Эрдэнэт хотод тулгамдаад байсан номын сангийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд тодорхой алхам болж буй.

 

Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, тархины фитнест дуртай хэн бүхэнд хэрэг болох газар

 

Орхон аймаг нь 105 мянган хүн амтай. Үүнээс 46.7 хувийг нь 19 нас хүртэлх хүүхэд залуучууд эзэлж байна. Тус аймагт одоогоор төр, хувийн хэвшлийн 40 орчим цэцэрлэгт 8789, 25 ерөнхий боловсролын сургуульд 24.644 хүүхэд сурч хүмүүжиж байгаа бол Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын дагуу цаашид их дээд сургуулиуд, оюутнуудыг тоо нэмэгдэх хандлагатай байна.

Номын сан бол нийгмийн янз бүрийн бүлэг, хувь хүмүүс мэдээлэл авах боломжтой газар бөгөөд өөрийн боловсролоо дээшлүүлэх, шинэ ур чадвартай болох, ажил хайх, аж ахуйгаа төлөвлөх, мэдээлэлд тулгуурлан эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамаарах шийдвэр гаргах, байгаль орчны асуудлыг илүү таньж мэдэх боломж олгодог онцлогтой. Эдгээр зорилгод хүрэхэд чухал үүрэгтэй байгууллага бөгөөд соёлын өвийг сахин хамгаалах, бүх нийтээр бичиг үсэг тайлагдах, мэдээлэлд хүн бүрийг тэгш хамруулах, мэдээлэл, харилцаа холбооны технологид нэвтрэх зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа дэлхийн хүн амын талаас илүү хувь нь цахим орчноос мэдээлэл авах боломжгүй үед номын сан нь хүн бүрд мэдээлэл авах боломж, хүртээмжийг бүрдүүлсэн байх ёстой байдаг. Мөн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх , тархины фитнест дуртай хэн бүхэнд хэрэг болох газар юм.

Номын сангийн бүх хэлбэрээр мэдээлэл түгээх, үйлчилгээ үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх онцгой үүрэг нь асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, улам харилцан хамааралтай болж байгаа нийгэмд хэрэгцээтэй мэдээллийг олгохуйц хөгжлийн чухал түнш болдог гэдгийг Орхон аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш хэлж байлаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сантай болохыг хүсдэг

Орхон аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш “Орон нутгийн өөрийн төсвийн хөрөнгөөр шинэ номын сан барьсан нь иргэдийнхээ мэдлэгт хамгийн өндөр үр өгөөжтэй шийдвэр болсон. Мөн хуучин номын сангийн байранд 18 нас хүртэлх хүүхдүүдийг сурч хөгжих, боловсрох орчныг нь бүрдүүлж, хүүхдийн номын сан болгосон. Манай номын сан 20 орчим ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг. 37 мянга орчим номтой. Ирэх жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын сантай болохыг хүсэж, зорьж байна. Манай номын санд брайл үсгээр хэвлэсэн ном ховорд тооцогддог. Шинэ номын өргөө нэг удаадаа 300-350 уншигчийг хүлээн авах хүчин чадалтай. Дэлхий нийтээр номын сан зөвхөн ном унших газар гэхээсээ илүүтэй хүмүүс ирж хөгжих хөгжлийн газар болсон. Гэр бүлээрээ ирдэг сонирхолтой, соён гэгээрэх газар болсон” гэв.

Гэрээр ном олгох танхим нэг хоногийн 100 төгрөг. 1000 төгрөгөөр карт нээлгээд нэг жил ном унших эрхтэй байдаг аж. Гэвч энэ тариф нь 1993  оноос хойш өөрчлөгдөөгүй тул карт нээх материалын үнэд ч хүрдэггүй нь харамсалтай. Иргэдийн дунд номын сангийн хэрэгцээ өндөр байгаа ч  ном олгох үнэ цэн үнэгүй гэж хэлж болохоор аж.

Орон нутгийн номын сан жилд таван сая төгрөгөөр шинэ ном худалдан авах төсөвтэй. Гэвч шинэ ном хэвлэх нь өндөр өртөгтэй. Үүнийгээ дагаад Орхон аймаг 105 мянган хүнтэй хотын уншигчдын хэрэгцээг хангахад хүндрэлтэй. Номын сангийн хуулийн хүрээнд иргэдээс ирж буй санал хүсэлтийн дагуу эрэлттэй, уншихыг хүсэж байгаа номыг бүртгэж байгаа номоо хуулийн дагуу худалдаж авмаар байвч төсөв нь хаанаа ч хүрдэггүй нь асуудал болж байгааг удирдлагууд учирлаж байлаа.

 

Эрдэнэт хот зөвхөн уул уурхайн хот биш эрдэм мэдлэг, оюуны уурхайн хот байх ёстой

 

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, иргэд уншигчдадаа номоор дамжуулан мэдлэг хуримтлуулах, соён гэгээрүүлэх үйлсийг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн соёлын өвийг  баяжуулах зорилгоор “Эрдэмд хөтлөх Эрдэнэт үйлдвэрээс” ном хандивлах аяныг нэг сарын турш өрнүүлжээ. Хандивын аяны хүрээнд тус үйлдвэрийн ажилтан, уурхайчид  нийт 4000 гаруй ном товхимол хандиваар цугларсан аж. Эрдэнэт хот бол зөвхөн уул уурхайн хот биш эрдэм мэдлэг, оюуны уурхайн хот байх ёстой гэдгийг үлгэрлэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 184 (7428)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 15 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

19 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин