“Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэл Шилдэг эрэн сурвалжлах бүтээлээр шалгарлаа

2024-09-20
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

Өдөр тутмын сонины өглөө бүрийн ажлын эхлэл “Өглөөний шуурхай” хурлаа “Зууны мэдээ” сониныхон бид өчигдөр арай өөр хэлбэрээр хийлээ.

Рекдакцийн өргөтгөсөн шуурхайдаа их сургуулийн багш нар, өдөр тутмын сонины эрхлэгчид, сэтгүүл зүйн ангийн оюутнууд, Nest center буюу Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн төлөөллийг урьж, 2024 оны эхний хагас жилд “Зууны мэдээ” сонины сэтгүүлчдийн хийсэн Эрэн сурвалжлах 12 бүтээлийг дүгнэн ярилцаж, шилдэг нэг бүтээл шалгаруулсан юм.

Бид оны эхэнд нийтлэлийн төлөвлөгөөндөө нийтийн эрх ашгийг хамгаалсан сайн судлагдсан эрэн сурвалжлах бүтээлийн тоог нэмэгдүүлж, чанар хүртээмжийг сайжруулж, хамгийн гол нь нийтлэлийнхээ нийгэмд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ гэж зорилго тавьсан. Эрэн сурвалжилсан нийтлэл бичихэд судалгаа, баримт нотолгоо, эх сурвалж олоход цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаарддаг амаргүй ажил ч бүтээлүүдээ 14 хоног тутамд тогтмол нийтэлж хэвшээд байна.

Тиймээс хагас жил тутамд эдгээр бүтээлүүдээ эргэн авч үзэж, аль нь сайн болов, цаашид юун дээр анхаарах вэ, бид юуг чадаж, юун дээрээ алдаа гаргаад байна вэ гэдгээ шинжээчээр ажилласан экспертүүд болох сэтгүүл зүйн салбарын багш нар, нэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй өдөр тутмын сонины эрхлэгч нарыг оролцуулан шүүн тунгааж байгаа нь энэ.

“Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр “Бид эрэн сурвалжлах бүтээлийн төлөвлөгөөгөө гаргахдаа 2024 онд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин уул уурхай гэсэн гурван сэдвийг хөндөж ажилласан маань эхнээсээ үр дүнгээ өгч байна. Бидний хийсэн Эрэн сурвалжлах бүтээлийн шинжээчээр ажилласан экспертүүддээ баярлалаа. Бид энэ арга хэмжээндээ өдөр тутмын Өнөөдөр, Өдрийн сонины эрхлэгч нарыг урьсан нь учиртай. Өдөр тутмын сонинууд 2017, 2018 онд хамтран форум зохион байгуулж байсан. Форумын үеэр  Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхэд өдөр тутмын сонинууд манлайлж ажиллана гэсэн баримт бичигт өдөр тутмын сонинууд нэгдэж гарын үсэг зурсан. Энэ чиглэлээрээ манай гурван сонин хамтран “Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл” байгуулан ажиллаж байна. Нөгөө талаар өдөр тутмын сонинууд гэдэг өргөн утгаараа бид нэг салбарт зэрэгцэж бас өрсөлдөж ажиллаж байгаа хоёр сониноо урьж оролцуулж байна” гэсэн юм.

Шилдэг эрэн сурвалжлах нийтлэлийг шалгаруулахдаа дээрх экспертүүдээс гадна, сэтгүүлчид өөрсдөө бүтээлүүдэд үнэлгээ өгч, олон нийтийн саналыг тусгаж, уншигчдын хандалт, эргэх холбоог тооцож, хамгийн гол нь энэхүү нийтлэл нь үр дүнд хүрсэн эсэхийг харгалзан үзсэн билээ.

Ийнхүү 2024 оны эхний хагас жилд нийтлэгдсэн 12 Эрэн сурвалжлах бүтээлээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд нийтлэгдсэн сэтгүүлч Ц.Мягмарбаяр, С.Уянга нарын хамтарсан “Сэлбэ, Дунд голын 10 км бургасыг нүүлгэж Улаанбаатарыг үерээс хамгаална” нийтлэл шалгарлаа. Тэдний сэтгэгдлийг хүргэе.

Сэтгүүлч Ц.Мягмарбаяр:

-Бидний бичсэн эрэн сурвалжилга нийтлэл шилдгээр шалгарсанд баяртай байна. Сэлбэ, Дунд голын голдирол дотор ургасан  10 км үргэлжлэх бургасыг нүүлгэхгүйгээр Улаанбаатарыг үерийн эрсдэлээс хамгаалах боломжгүй байсан. Учир нь онцгой хамгаалалтын бүсэд хамаарах голын ай сав, голдирол, татамд ургасан мод,бут, сөөг бургасыг нүүлгэх, тайрах нь хуулиар хориотой. Тиймээс Нийслэлийн захирагч хууль зөрчиж захирамж гаргах  боломжгүй байсан. Нийтлэлээр хуулийн гаргалгаа гаргаж бургасаа нүүлгэхэд нөлөөлж ажилласан. Тодруулбал, Гамшгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэ оны нэгдүгээр сард Нийслэлээс гаргаж улмаар зургаадугаар сарын -6-нд Засгийн газрын хуралдаанд оруулж баталснаар бургасаа нүүлгэх болсон. Ингэснээр энэ ажил эхэлж өмнөх жилийн үерийн эрсдэлийг 30 орчим хувиар бууруулсанд бидний нийтлэлийн гол үр дүн юм. Уг нийтлэлд бургас нүүлгэхийн зэрэгцээ дагаад  үерийн далан байгууламж барих, голын голдирол дотор барьсан барилга байгууламжийг буулгах,  олон жилийн хур хог зэргийг цэвэрлэж нүүлгэх ажил давхар хийгдсэн. Бургас нүүлгэх Монгол Улсын МNS стандарттай. Энэ стандартаа мөрдсөн үү, нөхөн сэргээлтээ хэрхэн хийх юм гэх мэт. Энэ бүхний ард явагдсан бүх зүйлийг  ил болгож  газар дээрээс нь сурвалжилсан. Мод, бут сөөг булгалахад олон нийт маш ихээр шүүмжилж байсан. Гэхдээ бургаснаас илүү хүний амь чухал. Нөгөөтээгүүр, нэг юмаа сэргээх гээд нөгөөг устгаж болохгүй гэдэг үүднээс нүүлгэсэн бургас бүрээр дүйцүүлж нөхөн сэргээлт хийх ажил хийгдэх ёстой гэдгийг ч мөн нийтлэлд хөндсөн. Бургас нүүлгэх нь зөв, буруу гэж нийгэм хоёр хуваагдсан байсан. Тэгвэл энэ хуваагдлыг үндсэнд нь арилгасан. Бүх талын мэргэжлийнхний байр суурийг тэнцвэртэйгээр оруулж өгсөн.

Сэтгүүлч С.Уянга:

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийн төлөө тасралтгүй дуугарч, Иргэдээ өмөөрч бичсээр байна. Тэр дунд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чансаатай бүтээл хийдэг жишиг редакц байж чадвартай сэтгүүлчдийг бэлтгэж, мэргэшүүлж,  дэмжиж хурцалж буйд үргэлж талархдаг. Нийтэд ил болоогүй сэдвийн араас мөшгөн сурвалжилж чамгүй үр дүн гаргаж нийгэмд нөлөөлж байгаа нь хэвлэл мэдээлэл, дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа нэг хэлбэр гэж боддог. Хамгийн гол нь Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй байгаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйг тогтмолжуулж сардаа хоёр бүтээлийг уншигчдад хүргэж буй хэвшил, сэтгүүлчдээ багаар үр дүнтэй ажиллуулж хамтын бүтээл гаргаж буй нь шинэлэг арга барил дадал болж тэр хэрээр нийгмийн үр нөлөө, бүтээмжийг илүүтэй нэмж буйг сэтгүүлчийн хувиар мэдэрдэг билээ. Энэ жишгийг олон олон редакц үлгэрлээсэй, илүү олуулаа нийгэмдээ сайн сайхныг авчраасай гэж хүсэж байна.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Доктор (Ph.D), дэд профессор Б.Болд-Эрдэнэ: Сэтгүүлчдийнхээ дунд уралдаан зарлаж байгаа нь хамгийн чухал

-Чухал, зайлшгүй хөндөх ёстой асуудал, сэдвээр нийтлэлээ бичиж, баримт, мэдээлэл сайн, олон эх сурвалж ашигласан бүтээлүүд байгаа нь тун зөв ончтой болохыг онцолж байна. Гэхдээ  зарим нийтлэлд найруулга, бичлэгийн чадвар хангалтгүй байна. Мөн дан баримтаар нийтлэлээ бичих хандлага байгаа нь санаа, баримтын боловсруулалт, уялдаа холбоо, шийдэл болох гаргалгаа зэрэг үгүйлэгдэж байна. Түүнчлэн эрэн сурвалжлах нийтлэлийн гол үнэ цэн нь далд нууц их мөнгө, хөрөнгө төсвийн асуудлыг ил гаргах, нийгэмд бугшиж буй ямар нэгэн аюулт үзэгдэл асуудалд олон нийтийн анхаарлыг татахад оршдог гэдгийг нэмж тэмдэглэмээр байна. Эрэн сурвалжилгад гол нь нэгэн санаанд баримтыг нэгтгэн тодотгож, асуудал болгон нийгэмд хүргэх уран сайхнаар хэлбэл, "харанга дэлдэх" гэдгийг санаж шалгуураа өргөжүүлмээр санагдлаа. Ийм бүтээлүүдээр сэтгүүлчдийнхээ дунд уралдаан зарлаж байгаа нь хамгийн чухал.

 

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр орлогч эрхлэгч, СГЗ Ж.Сандагдорж: Цаашид бүтээлүүдээ илүү айдасгүй бичээрэй гэж хүсье

-Эрэн сурвалжлах бүтээл тогтмол хийж байгаа нь сайн. Гэхдээ уншигчийн байр сууринаас харвал хэт урт, томдсон юм шиг санагдсан. Одоо үед уншигчид богино сонирхолтой материал унших хүсэлтэй болсныг бодолцох хэрэгтэй. Эрэн сурвалжлах 12 бүтээлийг уншихад надад “Эгийн голын эхлээгүй төсөлд зарцуулсан 78.2 тэрбум” нийтлэл сайн бүтээл болсон боловч ямар шалтгаанаар гацаад байгааг нь шууд бичээгүй байсан. Уг нь сэтгүүлчид энэ талын мэдээлэлтэй байгаа. Цаашид бүтээлүүдээ илүү айдасгүй бичээрэй гэж хүсье.

 

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Доктор (Ph.D) Ч.Энхбат: Шалгаруулалтад өрсөлдсөн бичвэрүүд цаг хугацааны дарамтаас үүдээд шуурхай мэдээлэхийг зорьсон нь ажиглагдлаа

-Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь гүнзгийрүүлсэн судалгаанд тулгуурладаг, цаг хугацаа их шаарддаг сэтгүүл зүйн бие даасан салбар.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлчид нь баг болж нийгэмд тулгамдаж буй болоод, хууль бусаар далдуур үйлдэгдэж байгаа сэдэв, асуудлаар эрэн сурвалжлах чиглэлийн бичвэр бичиж байгаа нь сайшаалтай юм.

Шалгаруулалтад өрсөлдсөн бичвэрүүд цаг хугацааны дарамтаас үүдээд шуурхай мэдээлэхийг зорьсон нь ажиглагдлаа. Энэ нь өөрөө сэдвийг, асуудлыг дутуу мэдээлэхэд хүргэж байна. Угтаа нэгэнт эрэн сурвалжлах бүтээл бичих гэж зорьсон бол яаралтгүй, олон талын эх сурвалж, баримтаар баталгаажуулах нь зохистой.

Түүнээс гадна бичлэгийн төрөл зүйлийн хувьд ихэвчлэн сэтгүүл зүйн өгүүлэл шинжтэй, гол санаа нь тодорхойгүй, боловсруулаагүй тоо баримтын хэлхээс байгаа нь өөрөө уншигчдын зүгээс тухайн сэтгүүлчийг эрэн хайж сурвалжилж явсан уу, үгүй юу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Тиймдээ ч эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь бичлэгийн төрөл зүйлийн хувьд сурвалжилга бичвэр зонхилдог болохыг санах нь зүйтэй. Тиймээс энэ удаагийн эрэн сурвалжилсан бүтээлүүдээс “Төрийн эмнэлэгт байрлаж, төлбөрөө дансаар нь гүйлгэдэг “Мед Портал”-ын мөрөөр”  нийтлэл сэтгүүл зүйн эрэн сурвалжилсан шинжтэй бүтээл байлаа.      

 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн технологийн тэнхимийн Сэтгүүл зүйн багш Доктор (Ph.D), дэд профессор Л.Ариун: Цаг үеэ олсон сэдэв, сэтгүүлчийн их хөдөлмөр орсон бүтээлүүд байлаа

-“Зууны мэдээ” сонин нийтлэл бүтээлийнхээ чанарыг сайжруулж, агуулгыг өргөжүүлэх, сэтгүүлчдийнхээ ур чадварыг сайжруулахын тулд шилдэг бүтээл шалгаруулахаар болсон тун гайхалтай санаачилга гаргажээ.

Гэхдээ үнэхээрийн ч цаг үеэ олсон сэдэв, сэтгүүлчийн их хөдөлмөр орсон бүтээлүүд байлаа. Мэдээж хэрэг илүү сайжруулах, чамбайруулах зүйл бий.

Эрэн сурвалжилсан бүтээлийн үнэ цэн нууц далд баримтыг олж авах, түүн дээр судалгаа анализ хийх билээ. Хамгийн чухал нь хөндөж буй сэдэв, нийтлэлд шийдвэрлэх арга замыг л тодорхой зааж өгвөл үр дүнд хүрэх юм.

Ихэнх нийтлэлд тоо баримт датагаа сайхан боловсруулж хүснэгт графикаар үзүүлээд, гарчиг болон агуулгын гол санааг илэрхийлж буй үгсээ илүү ойлгомжтой энгийн болгох хэрэгтэй.

Сэдэвтэй холбоотой олон баримтууд цуглуулсан, баримт сайтай, нотолгоо ашигласан сайн талтай. Бичвэрүүд хөнгөн ойлгомжтой. Сонирхолтой чухал сэдвүүд сонгосон нь сайшаалтай.

Гэвч бүх нийтлэлд түгээмэл ажиглагдсан алдаа бол тоо баримт жагсааж бичих дутагдал байна. Хэт их тоо тэр тусмаа тоог нарийвчилж бичих нь огт уншигддаггүй судалгаа бий. Текст дунд оруулах бол тоймлож бичдэг, тоймлож болохооргүй тоог хүснэгт графикаар бичдэг бол илүү ойлгомжтой сонирхолтой болгох нь чухал.

Хамгийн гол нь энэхүү санаачилга нь ямар нэг асуудлаар гүнзгий судалж  олон нийтэд мэдээлэх, мөн томоохон сэдвийг нарийн сурвалжилж мэдээлэх сэтгүүлчийн ур чадварыг ахиулах чухал ач холбогдол үр нөлөөтэй билээ.

Энэ сайхан ажил өнөд удаан үргэлжилж, үр дүнгээ өгөх болтугай. Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

 

Nest center буюу Сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр” төвийн Үнэлгээ, мониторинг хариуцсан менежер Ж.Өнөмөнх: Хэвлэл мэдээллийн салбарт зөв жишиг болж тогтоно гэдэгт эргэлзэхгүй байна

-Сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр” төв нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх нь ажлын хүрээнд “Зууны мэдээ” сонинтой хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд “Зууны мэдээ” сонин ирээдүйн хөгжил дэвшлийг сайжруулахад чиглэсэн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлээд явж байна.

“Зууны мэдээ” сонин уламжлалт хэв маягийг эвдсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Зууны мэдээ”-гийн эрэн сурвалжилга хэвлэл мэдээллийн салбарт зөв жишиг болж тогтоно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ үйл ажиллагаагаараа бусад редакцуудаа уриалсан цаг үеэ олсон сайн ажил болжээ гэж харж байна. Анхны удаа зохион байгуулсан учраас үнэлгээ өгөх үйл явц болон менежментэд анхаарах зүйл бий. Гэхдээ үүнийг цаашид засаж, сайжруулаад явах боломжтой.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд нийтэлж, олон нийтэд түгээсэн эрэн сурвалжлах бүтээлүүд цаг үетэйгээ нийцсэн, маш чухал агуулгатай байлаа. Тэр дундаа манай байгууллагын зүгээс Төрийн эмнэлэгт байрлаж, төлбөрөө дансаар нь гүйлгэдэг “Мед портал”-ын мөрөөр… нийтлэлийг онцолж авч үзсэн. Энэ сурвалжилга хоёр нүүр давсан бүтэцтэй байгаа нь дундаж уншигчийн уншилтаас хэтэрсэн гэж харсан нь бусад экспертүүдийн хэлж байгаа “Нэлээд том, урт материал” гэдэгтэй санал нийлж байна. Мэдээж энэ жишиг зөвхөн “Зууны мэдээ” сониноор хязгаарлагдахгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэн сурвалжлах чиглэлээр бүтээл туурвихад халширч, зайлсхийдэг байдлыг үгүйсгэх алхам боллоо гэж харж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах чиглэлээр “Зууны мэдээ” сонины хэв маягаар ажиллах урам зоригийг авсан гэж бодож байна. Та бүхэн ч бусдыгаа манлайлж, эрэн сурвалжлах сэтгүүл зүй сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, уриалсан сайн ажил боллоо.

 

ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал Б.Баяртулга: Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хамгаалах хууль эрх зүйн орчин сул

-Сэтгүүл зүйн салбарт Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хамгийн хүнд төрөлдөө орно. Нэлээдгүй судалгаа, шинжилгээ хийхийн зэрэгцээ боловсруулалт хийж уншигчдад хүргэнэ гэдэг сэтгүүлчийн ур чадвар шаардсан ажил. Эрэн сурвалжлах нийтлэлийн гол үнэ цэн нь далд нууц их мөнгө, хөрөнгө төсвийн асуудлыг ил гаргах, нийгэмд бугшиж буй ямар нэгэн аюулт үзэгдэл асуудалд олон нийтийн анхаарлыг татахад оршдог. Нөгөө талдаа эрэн сурвалжлах бүтээл хийж байгаа сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, хамгаалах хууль эрх зүйн орчин сул. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ үед Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хөндсөн эрэн сурвалжлах бүтээлийг 14 хоног тутамд уншигчдад хүргэж байгаа нь сайшаалтай. Бас тодорхой үр дүн гаргаж байгаад нь “Браво” гэж хэлье. Энэ бол эр зориг шаардсан ажил хэдий ч “Зууны мэдээ” сонины хамт олон тасралтгүй эрэн сурвалжлах бүтээл нийтэлж ирсэн нь олзуурхууштай. Харин энэ бүтээлийг уншигчдаас гадна үзэгчдэд хүргэх талд хамтарч ажиллах нь зүйтэй юм байна. Үүний тулд ТВ9 телевиз, Зууны мэдээ сонин эрэн сурвалжлах нийтлэл, нэвтрүүлгийн төсөл дээр хамтарч ажиллах зарчмаа тодорхойлж ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

 

“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Б.Баярмагнай: Амжилтыг ахиулж байгаа нь давуу тал болж байна

-Өнөөдөр “Зууны мэдээ” сониноос сэтгүүлчид дундаа эрэн сурвалжлах бүтээл хийх, түүнийгээ олон нийтэд хүргэх арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Үүнд маш их талархаж байна. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа арга хэмжээнд алдаа оноо байгаа байх. Мөн эрэн сурвалжлах бүтээл, сэтгүүлзүйн хэвшсэн ойлголтыг эвдэж, олон нийтэд эрэн сурвалжлах бүтээлийн талаарх ойлголтыг шинээр төрүүлж, уралдаанд оролцож буй сэтгүүлчдээ урамшуулж, амжилтыг ахиулж байгаа нь давуу тал болж байна гэж харж байна.

 

"Зууны мэдээ" сонины хагас жилийн хугацаанд эрэн сурвалжилсан 12 бүтээл

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 183 (7427)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 38 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 17 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин