"Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хүнд үйлдвэрийн салбар хөгжинө"

2024-09-19
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ  хамтран  “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нар үзэглэв.

“Эрдэнэт шинэ илгээлт” төслийн зорилго нь Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийг хурдасгах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх 12 төслийг хэрэгжүүлэх аж.  Эдгээр 12 төслийн зургаа нь буюу Төлөвлөлттэй хот, Цэвэр агаартай хот, Ухаалаг хот, Чанартай авто замтай хот, Ногоон хот, Эрүүл, оюунлаг хот төслийг Орхон аймаг хэрэгжүүлнэ.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор, Үйлдвэрлэл, технологийн парк, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-Эрдэнэт машин” цогцолбор, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор хотхон байгуулах, Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах,  Хаягдлын шинэ сан байгуулах төслийг хэрэгжүүлэх аж.

Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хоорондоо салшгүй холбоотой, хамтран ажиллаж ирсэн олон жилийн баялаг түүхтэй. Эрдэнэт үйлдвэр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх 1973 онд Эрдэнэт үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын гэрээ байгуулах үед Эрдэнэтийн-Овоо ордын нөөц 500 гаруй сая тонн, 34 жилийн хугацаанд ашиглана гэсэн ТЭЗҮ хийгдэж, үүнтэй зэрэгцээд 15 мянган хүнтэй Эрдэнэт хотыг сүндэрлүүлэн босгоно гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. Эрдэнэт үйлдвэр анх батлагдсан 520 сая тонн нөөцөө ашиглаж дуусгаад, өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум тонн нөөц батлуулсан, үйл ажиллагаа 60-70 жил үргэлжлэх нь тодорхой болжээ. Нөгөө талаас 1978 онд анхны баяжмал гаргах үедээ жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан бол, өргөтгөл, шинэчлэл хийсээр 2025 онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилттой ажиллаж байгаа аж. Мөн 15 мянган хүнтэй болно гэж төлөвлөсөн хот өнөөдөр 100 гаруй мянган хүнтэй, орчин үеийн дэд бүтэцтэй, соёлтой хот болон өргөжжээ.

 

Дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч, жишиг хот болно

Орхон аймгийн засаг дарга М.Түмэнжаргал “Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хөгжил Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой. Энэ жил бид Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан илгээлтийн эздийнхээ 50 жилийг ойг тэмдэглэж, өнөөгийн Эрдэнэт хотыг байгуулсан анхдагч илгээлтийн эздээрээ бахархлаа. “Эрдэнэт шинэ илгээлт” төслийн зорилго нь дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч, жишиг хот болох юм. Төслийн хүрээнд Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, батлах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах, тендер сонгон шалгаруулах, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг бүтээн байгуулалтын нөхцөлийг бүрдүүлээд 45-100 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 

Засгийн газрын 2022 оны 171 дүгээр тогтоолоор 1217 га газрыг үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүнээс 400 орчим га талбайд паркийн суурь үйлдвэрүүд баригдаж, үлдсэн талбайд дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55 хувьтай байна” гэдгийг онцоллоо.

 

Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд баригдах хамгийн том төсөл бол Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад орон нутаг төдийгүй, улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг анх удаа хамтран хэрэгжүүлж буйгаараа онцлог.

Эрдэнэт үйлдвэрийн маань уурхай жилээс жилд гүнзгийрч, зэсийн агуулга буурч, өртөг зардал өндөрсөж байна. Нөгөө талаасаа бид зэсийн баяжмалаасаа 15-20 хувийн баялгийг хүртэж, 70-80 хувийг нь хил давуулан явуулж байна. Засгийн газрын хуралдаанаар батлагдсан, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил маань санамж бичигт багтсан. Бид хамтдаа хэрэгжүүлэх ажил байгаа. Үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймаг дэмжиж, 1200 га газрыг Эрдэнэт үйлдвэрт шийдвэрлэж өгсөн. Үүн дээрээ бид өртөг шингэсэн, өндөр үнэлэмжтэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажил хийнэ. Одоогоор дэд бүтэц, авто зам, төмөр зам, усан хангамж, цахилгаан хангамжийн ажлыг амжилттай хийж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд баригдах хамгийн том төсөл бол Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” гэв.

 

Баяжуулах үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулна

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд томоохон зургаан төсөл тусгагдсаны нэг нь Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил юм. Баяжуулах үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах,  цагаан тоосны дэгдэлтийг бууруулах, үйл ажиллагаанаас гарч буй хаягдлыг аюулгүй хадгалах хүрээнд Хаягдлын шинэ сан байгуулах, хаягдлыг өтгөрүүлэх технологийг төслийн хүрээнд нэвтрүүлэх аж. Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон “Хаягдлын шинэ санг байгуулах газрын байршлыг тогтоосон. Эхний ээлжийн байгууламж 2028 онд ашиглалтад орох бөгөөд  60 жил ашиглах боломжтой гэж үзэж байна. Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Өнөөдрийн хаягдлын аж ахуйг 47 дахь жилдээ ашиглаж байна. Хаягдлын аж ахуй 105 метр өндөртэй болсон. Хаягдлын сан байгуулах ажлыг 2018 оноос эхлэн туршилт судалгааны ажлыг хийсэн. Өнөөдөр 26-28 хувийн хатуулагтай материалыг тээвэрлэж хаягдлын аж ахуйдаа хуримтлуулдаг бол шинэ хаягдлын аж ахуй өтгөрүүлэх технологи нэвтрүүлснээр 60-аас дээш хувийн хатуулагтай материалыг хураана. Үр дүнд нь цагаан тоосыг бууруулах давуу талтай.

Тасралтгүй 42 жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт бага хүчин чадалтай олон тоног төхөөрөмж ажиллаж байгаа нь ашиглалтын болон засварын зардал өсгөөд зогсохгүй хүдэр боловсруулалтын өртөг зардал нэмэгдэх, үр ашиг буурах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах болон баяжмалд нэг тонн металл зэс гаргах өөрийн өртөг орчин үеийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр байгаа. Тиймээс үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны  хүчин чадалтай шинэ шугам барина. Үйлдвэрийн хүчин чадлыг 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэнэ. Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр секц жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан. Тэгвэл хоёрдугаар шатны нунтаглалтад тээрэм суурилуулснаар дөрөвдүгээр секцийн хүдэр боловсруулах хүчин чадал хоёр сая тонноор нэмэгдсэн бөгөөд жилд найман сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн хүдэр боловсруулах нөхцөл бүрдсэн” гэв.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ойролцоогоор 182 сая тонн исэлдлийн  зэрэг өндөртэй хүдрийн 12 овоолго үүссэн. Эдгээрээс 480 мянган тонн зэс, 16500 тонн молибден үйлдвэрлэх боломжтой. Монгол Улсын экспортолсон зэсийн 80 хувийг ашиглагдахгүй үйлдсэн овоолгоос гаргаж авсан катодын зэс эзэлдэг гэх судалгаа бий. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагатай хамтран үр ашигтай төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

 

Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг барина

Үйлдвэрлэл, технологийн парк Төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл “Одоогийн байдлаар авто зам нийтдээ 12.6 км, гүйцэтгэл нь 45 хувьтай байна. Төмөр зам 4.4 км, 85 хувийн гүйцэтгэлтэй. Ариутгал татвар, усан хангамжийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эдгээр ажил энэ ондоо дуусна. Цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулан батлуулсан. Одоогийн байгаа дэд станцад өргөтгөл хийх, үйлдвэр технологийн паркийг цахилгаан хангамжаар хангах, цахилгаан дамжуулах агаарын шугам, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн 63 дэд станц гэсэн хоёр эрчим хүчний хангамжийг шийдвэрлэхээр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг шалгаруулах ажил эхлүүлсэн.

Манай улс олон жил зэсийн баяжмалаа худалдан борлуулж ирсэн буюу 70 орчим хувийн шороо агуулсан бүтээгдэхүүн экспортолдог. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүнд үйлдвэрийн салбар хөгжих, орчин үеийн боловсруулах технологийг нутагшуулах, ашигт малтмалыг илүү үр ашигтай ашиглах боломж бүрдэх төдийгүй ажлын байрыг шинээр бий болгох, тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг боловсруулах өндөр технологийн үйлдвэрүүд дагаж хөгжих гэх мэт олон талын ач холбогдолтой. Одоогоор үндсэн төслүүдийн батлагдсан ТЭЗҮ-д 1300 орчим ажлын байр шинээр бий болохоор тусгагдсан ч цаашид паркийн хүрээнд баригдах үйлдвэрүүдийн ажилтнуудыг оролцуулбал 2200 орчим ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан байгаа. Эдгээр ажлын байрны 65 хувь нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний ажиллах хүч, хүний нөөц бэлтгэгдэж, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт ажиллана гэсэн үг юм. Тус үйлдвэр байгуулагдсанаар 60-80 тонн зэсийг бүрэн боловсруулж, нийтдээ 853 ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрийн туршилтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна.  Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-“Эрдэнэт машин” цогцолбор төсөл- Үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэн Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг барина” гэв.

 

Орхон аймаг тэрбум модны дөрвөн саяыг тарьжээ

 

Мөн Орхон аймаг  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая ширхэг мод тарьж, ургуулах зорилт тавьсан. 2024 оны байдлаар иргэд, ААН, төрийн байгууллагын оролцоотойгоор дөрвөн  сая ширхэг мод тарьжээ.  Ургалт 87 хувьтай байгаа аж. 

“Эрдэнэт шинэ илгээлт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй эдгээр 12 төсөл өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг бүтээн байгуулалтын урьтаж нөхцөлийг бүрдүүлэх ажлууд  нь 45-100 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 182 (7426)

 

Найдан.Ц
Амжилт хүсье. Тодруулахад 60-80 тн зэсийг бүрэн боловсруулж гэхийг гэж ойлгох вэ? Хэллэгийн алдаа юу, хэвлэлийн алдаа юу, бодлогын алдаа юу, 60- 80 тн гэдэг чинь юу вэ, их бага санагдаж байна, тэгээд зэс боловсруулна гэж яг яахаа хэлээд байна аа
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

21 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 2 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин