Олз ба гарз буюу “аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” шинэ номын тухай

2024-09-17
Нийтэлсэн: Админ
 20 мин унших

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, доктор профессор Тугалхүүгийн Баасансүрэн

Монголын утга зохиол, сэтгүүл зүйн түүхэнд авьяас  билэг нь халгиж цалгиж, од мичид адил оргилж бадарч онгод хийморь нь цоролзож байсан ч дарагдаж гишгэгдэж мартагдаж алга болсон нь нэг биш бий. Р.Чойномоос эхлээд л нэрлэх хэрэгтэй болох байх. Тийм сонин бөгөөд содон хувь заяатай хүний нэг нь Булган аймгийн уугуул зохиолч, нийтлэлч Дондогдоржийн Дашдондог ажээ.

Түүний “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” нэртэй ном 2024 онд уншигчдын гарт хүрэв. Энэхүү өгөөмөр ариун үйлсийг санаачлан хөөцөлдөж  зохиогчийн бүтээл туурвилыг уйгагүй эрж хайсаар өчнөөн төчнөөн шүлэг, өгүүллэг, нийтлэл, орчуулгын зохиолыг нь олж тодотгож эмхлэн ботилсон нь сэтгүүлч Бямбажавын Өвгөнхүү юм. Номын ерөнхий редактораар зохиогчийн төрсөн хүү Дашдондогийн Отгонтөгс ажиллаж, Цэндийн Намсрайн нэрэмжит МСНЭ-ийн шилдэг редакторын шагналт Ядамжавын Сумьяа нар ариутган шүүжээ. Урьд өмнө нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, доктор профессор Ц.Балхаажав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт нийтлэлч Х.Цэвлээ нарын бүтээл туурвилыг өргөн олон түмэнд хүргэж байсан гэгээрлийг дэмжигч “БиМэхс” ХХК “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номыг ивээн тэтгэж хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон байна.

Манайд Дашдондог нэртэй зохиолч, сэтгүүлч нэг биш байжээ. Одоо ч бий гэнэ. Тийм учраас урьд өмнө нь Дашдондог нарын зарим бүтээл эндүүрэгдэж нэр нэгтийн чих нэг гэдэг болж явсан баримт ч  байдаг юм байна. Жишээ нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Ж.Дашдондог гэж хүүхдийн зохиолч байсан, бас Булган аймгийнх. Тэр хүнээс “Өдрийн сонин”-ны сэтгүүлч “Олны дунд ихэд тарсан “Аяны шувууд”-ыг та зохиосон юм уу гэж асуухад нь “Наад асуултыг чинь манай нэг хүүхдийн зохиолч нэг удаа надад тавьсан юм. Биш гэдгийг мэдсээр байж сонжиж асуухаар нь би дургүй хүрээд дуугараагүй юм, тэгтэл “Дашдондог дуугүй байсан, тэгэхээр “Аяны шувууд”-ыг зохиосон гэж үздэг юм байна” гэсэн яриаг тараажээ. Би ер нь дургүй хүрсэн юмандаа дуугардаггүй. “Аяны шувуу” дууг би зохиогоогүй гэдгээ ард түмэндээ сонины хуудсаар дамжуулж хэлье. Үүгээр энэ тухай яриа эцэслэх биз” гэж хариулж байжээ. /”Өдрийн сонин”. 2000 оны 4-р сарын 19. № 91. Ж.Дашдондог “Аяны шувуу” дууг би зохиогоогүй гэдгээ ард түмэндээ сонины хуудсаар дамжуулж хэлье./

Эл дууны үгийг зохиогч нь Жамбын Дашдондог биш харин Дондогдоржийн Дашдондог хэмээгч эрхэм байжээ. Тэр дуу нь монголын ард түмэнд их эртээс  хүрч, бараг хүн бүр мэддэг, дуулдаг дуу болжээ. Аяыг Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал хийсэн юм байна. Тэр дууг бүрэн эхээр нь уншигч танд ахин нэгэнтээ сонирхуулан сануулж толилуулъя. Уг дуунд:

Аялан дуулдаг чиний минь хоолой

Адилтгам өнгөөр уянгалан ганганаад

Алаг нүдний сормуус шиг дэвээд

Аглаг тал дээгүүр шувууд буцна

Амраг минь чи дуугаа дуулаач

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач

Хөмсгөн сарыг дамжин өртөөлөх

Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд

Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу

Хөврөн ниссээр шувууд буцна

          Амраг минь чи дуугаа дуулаач

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач

Зэллэн ниссэн шувуудын цуваа

Зэрэглээ татан алсад шингэнэ

Зүрхэнд хоногшсон элгэн дуу нь

Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно

Амраг минь чи дуугаа дуулаач

Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач хэмээн өгүүлдэг бөлгөө.

Дондогдоржийн Дашдондог гэдэг хүн энэ дуугаараа Монгол түмнийхээ дунд илүүтэйгээр алдаршжээ. Энэ тухай олон хүн дурсан бичсэнийг  “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номд түүвэрлэн оруулсан байна. Өөр ч олон шүлэг зохиол, нийтлэл бичиж төв, орон нутгийн хэвлэлд нийтлүүлж байсныг Б.Өвгөнхүү уйгагүй эрэн сурвалжилж эрхлэн нийтлүүлсэн эмхэтгэлдээ бүгдийг багтаажээ. Архивын лавлагааны материалууд, түүнийг мэддэг, уулзаж учирч явсан хүмүүсийн дуртгал дурсамжаар номоо баяжуулж баталгаажуулсан байна.

Ардын цэргийн алба хаасан тухай анкетдаа Д.Дашдондог өөрийн гараар дэслэгч цолтой, ардын цэрэгт 1957 оны наймдугаар сарын 1-ний өдөр татагдсан. Нам, эвлэлийн гишүүнд элсэж яваагүй. Миний эцэг Дондогдорж, эх Норжин нар хувьсгалаас өмнө ба хойно мал маллаж байсан, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд суудаг. Ам бүл гурван, эхнэр Женя 23 настай, ажилгүй. Охин Гэрлээ долоон сартай. Бид баталгаатай. Бод малгүй. Эхнэрийн эх Агрежена нь Егорьевск хотод суудаг, тэтгэвэр авдаг.

1956 оны нэгдүгээр сарын 1-нд Улсын радио хороонд Тоймчоор ажилд орсон. Цагаан ба эсэргүү цэрэгт явж байгаагүй гэх зэргээр түүх намтраа бичиж үлдээснийг номд зургаар нь татаж оруулжээ.

Агаарын Харилцааны газрын улс төрийн орлогч хошууч Данзанбалжир, Боловсон хүчний эрхлэгч ахмад Дамдин нарын гарын үсэг, тамга тэмдэгтэйгээр Намын Төв хорооны Боловсон хүчний хэлтсийн дарга танаа гэж хаягласан Дондогдорж овогтой  Дашдондогийн ажил байдлын тодорхойлолтод 1. “н.Дашдондог 1932 онд ард малчны гэрт төрсөн, одоо 29 настай, Зөвлөлт Холбоот Улсад нисэх техникийн дунд сургуулийг 1957-1960 онд суралцаж төгссөн... 1960 онд ирснээс хойш нисэх сургуульд багшийн ажил хийж байсан. Орос хэл сайн мэднэ. Үүний урьд Улсын Их Сургуульд суралцаж байгаад хөөгдсөн. Гишүүн биш, нам эвлэлд элсэж байгаагүй.

Д.Дашдондог нь сурлага боловсролын талаар сайн, өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар оролдлоготой, орос хэвлэлийг бүрэн ашиглаж чаддаг, одоо эдийн засгийн мэдлэгтэй болох талаар шургуу оролдож байгаа юм. Гэвч Д.Дашдондог нь өөрийн өчүүхэн мэргэжилд эрдэж, сүүлийн үед хэт биеэ тоож дарга нарын тушаал зааврыг эсэргүүцэж үл биелүүлэх, ажил хөдөлмөрөө хийдүүлэн таслах, “онгоцны техникийн “тостой” тийм хар ажил хийхгүй” гэж... онгоц дээр ер ажил хийгээгүй, би ер нь сонирхолгүй гэх зэрэг үг өгүүлэл гаргаж онгоцны техникээс илүү сайхан мэргэжил над бий гэж эрдэж байдаг болжээ...

1961 оны хавар хэд хэдэн удаа хэтэрхий ууж согтууран эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд халдаж бие махбодыг гэмтээж тэднийг түр боловч ажиллах хүчийг нь алдагдуулж байснаар барахгүй хэл амаар доромжилж басамжилж байжээ...

Мөн нөхөр Дашдондогийн тухай өөрийн эхнэр Женягийн магадалж байсан захидлаас үзэхэд өөрийн гэр бүлийг хүргэх замдаа Эрхүүд 13 мянга орчим төгрөгийн худалдаа хийж өөрийн гэр бүлд өгөөгүй ирсэн байна. Хэрэв энэ нь үнэн бол хуульд заасан гэмт хэрэг гэж үзэх үндэстэй юм.

Иймд н.Дашдондогийн эдийн засгийн дээд сургуулийг төгссөн диплом олгохгүй саналтай байгааг тодорхойлъё” гэжээ.

Өнөөдрийн хүмүүс үзэхэд инээд хүрч гайхаш төрмөөр, өөлж баалж буруушаан тэмдэглэж буй үндэслэлд нь өөдтэй итгэл үнэмшил яагаад ч төрүүлмээргүй бичиг байгаа юм. Хүний сурч боловсрох эрх чөлөөнд ингэж халдаж болдог юм уу гэж бодогдмоор. Эдийн засгийн дээд сургуульд суралцаад төгсгөж буй хүнд, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж буй Д.Дашдондогт диплом олгохгүй саналтай байна гэжээ. Харамсалтай нь манай өнгөрсөн түүхэнд буюу өчигдрийн туулж өнгөрүүлсэн амьдрал практикт үнэхээр бодитойгоор оршин тогтнож  байсан “хар толбо”-ын нэг том баримт мөн юм. Энэ тодорхойлолтоос өөрийн аж төрж амьдарч буй цаг үетэйгээ зөрчилдөж, удирдлагатайгаа таарч тохирохгүйн улмаас удирдах дээд газарт “матуулж” буй Д.Дашдондог гэдэг сэхээтний талаарх мэдээлэл улам тодрон ойлгогдож байгаа юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргал “Зургаа билүү долоодугаар ангид байх үед л санагдана, намрын нэгэн өдөр хичээл тараад харьж явахдаа өглөө ээжийн өгсөн нэг төгрөгөөр “янгир ирис” авахаар төв дэлгүүрт ортол нөгөө зүс харсан ах маань аанай л халамцуу зогсож байлаа. Худалдагчтай муудалцсан бололтой.

-Та нар шиг нь намайг мэдэхгүй ээ. Би бол яруу найрагч хүн... Намайг мэдэх хүн нь мэдэхээс та нар шиг нь... огт мэдэхгүй гээд л...

Дэлгүүрээс гараад хойд яслийн байшин чиглээд гуйвсхийн алхаж явахад нь би гүйцэж очоод хажуугаас нь харан хэсэг зэрэгцэж алхлаа. Ганцаараа яриад л алхаад явах...

- Та нар шиг нь намайг мэдэхгүй ээ... Мэдэхгүй юм чинь арга байж үү дээ. Зайлуул даа зайлуул, эд яаж таних вэ дээ намайг... Цагтаа би...!!!”  гэж амандаа үглэнэ хэмээн бичжээ. /”Н.Батжаргал. “Жинхэнэ яруу найрагч шиг” харагдаагүй... яруу найрагч. Номын 120 дахь тал”/

Өөрөө өөртэйгөө ярилцсан гудамжны нэг согтуу яруу найрагчийн л дүр төрх харагдаж байна гэж зарим хүнд бодогдож байж магадгүй. Тэгж битгий андуураарай. Тэр “согтуу” найрагч:

Элин улирах цаг

Салхин адил хулживч

Элст хорвоогийн хөрсөнд

Хэв нь тодхон гардаг

Ээтэн гутлын мөр

Нүдэнд содхон тусаж

Эгэл багын явдал

Санаанд ургах ёс бий...

Мойног хуруутай эмээ минь

Хонон өнжин улласан

Монгол ээтэн гутал минь

Тоног сарьс нь гоёхонсон /”Ээтэн гутал”, 80 дахь тал/ гэх буюу эсвэл

Тэсийн голын унага

Шандсаараа гайхуулна

Тэрх нутгийн хүүхэн

Гэзгээрээ гайхуулна

Могод, Жагайтын нуруу

Бугаараа гайхуулна

Могой, Гандийн модод

Цэхээрээ гайхуулна

Алив нэгэн болгон

Гойдоороо гайхуулна

Арын уулын модчин би

Гуалангаараа гайхуулна гэж /”Модчин”, номын 81 дэх тал/ бичиж

байжээ.

Энэ мэт нүдэнд өөрийн эрхгүй торж, сэтгэлд хүрсэн мөр бадгууд Дондогдоржийн Дашдондогт цөөнгүй буй аж. Тэдгээрээс миний бие түүний “Шөнийн уянга” шүлгийг онцолж нэрлэмээр санагдсан. Уг шүлэгтээ яруу найрагч:

Намрын шөнийн бүрийгээр

Уулсын орой сэрвэлзэнэ

Найруу хөгжмийн шогшоогоор

Туулын урсгал жирэлзэнэ

Бургасны навчис бутраасаар

Тэнэмэл салхин сэвэлзэнэ

Бум түмээрээ анивчсаар

Тэнгэрийн одод жирвэлзэнэ

Дурлал хайраа илчилсээр

Үеийн хоёр үнсэлцэнэ

Дугараг саран шоолсоор

Үүлэн сиймхийд булталзана

Шүлэгч “үгсээ сийчсээр”

Шөнө дүлэн мэлтэлзэнэ

Үүр манхайтал цайсаар

Үнэгэн гэгээ нь цэлэлзэнэ хэмээжээ. /номын 153 дахь тал/

Намрын шөнийн яруу сайхан зураглал найрагчийн үгээр ингэж цааснаа буусан байна. Үүнийг лавтайяа хэн ч муухай шүлэг гэхгүй. Дондогдоржийн Дашдондог найрагчид:

Зүймэл ногоон хивс мэт

Цэцэгт хөндий тунарна

Зүйдэлд нь суулгасан шигтгээ мэт

Цэнхэр майхан тодорно /”Хөдөлмөрийн хотхон”, номын 168 дахь тал”/

Ургах нарны

Улаан туяа

Уулын оройд гялс гялс

Урьхан салхины

Урсгалыг нь дагаад

Өвсний толгой намс намс /”Есөн сарын нэгэн”, номын 262 дахь тал/”

Булган голын долгио

Шижрийн өнгөөр гялалзана

Булцагт жимсэн толгой

Шүр сувд шиг бөнжгөнөнө  /”Домбор  барьсан  бүсгүй”,  номын  216 дахь тал”/ гэх зэрэг ончтой тодхон зүйрлэл, оновчтой гоёмсог дүрслэл бүхий мөрүүд цөөнгүй ажгуу.

Одоогоор Дондогдоржийн Дашдондог найрагчийн 100 гаруй бүтээл олдоод байна гэж Б.Өвгөнхүү “Зууны мэдээ” сонины сурвалжлагч, МУСГЗ, сэтгүүлч Д.Цэрэннадмидтай хийсэн ярилцлагадаа тодотгожээ. Үүнээс үзвэл Дондогдоржийн Дашдондог гэдэг хүний бүтээл туурвил энд тэндээс олдсоор байгаа юм байна. Тэр бас орос хэлнээс нэг биш зохиолыг монгол хэл рүү, тухайлбал 1960 онд “Шерлок Холмосын тухай тэмдэглэл” хэмээх алдарт бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлжээ. С.Маршакын “Өнгө бүрийн хуудастай ном” шүлгийн орчуулгыг бас хийжээ. “Гамат”, “Уран оёдолчин”, “Маргаашийн цаана маргааш”, “Жигтэй байшин” зэрэг бүтээлийг орос хэлнээс эх хэл рүүгээ хөрвүүлсэн аж. Тун муугүй дуун хөрвүүлэгч байсан нь орчуулгаас өөрийн эрхгүй  мэдрэгдэж байна. 

Төв, орон нутгийн сонин хэвлэлүүдэд нийтлэгдсэн Д.Дашдондогийн шүлэг зохиол, нийтлэл, орчуулгын бүтээлийн жагсаалтыг Б.Өвгөнхүү үйлдэж номондоо хавсаргаад тэдгээрийг бүрэн эхээр нь “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номондоо оруулжээ. Д.Дашдондогийн шүлэг, найраглал, өгүүллэг, сэтгүүл зүйн хийгээд орчуулгын бүтээлүүд нь “Цог” сэтгүүл, МЗЭ-ийн “Яруу найргийн цоморлог”, “Уран зохиолын цоморлог”, “Гүн ногоон ой” эмхэтгэл зэрэгт хэвлэгдэж байж.

Б.Өвгөнхүүгийн түүвэр судалгаанаас харахад “Залуучуудын үнэн” сонинд 11, “Хөдөлмөр” сонинд 10, “Үнэн” сонинд хоёр, “Соёл, утга зохиол” сонинд тав, “Утга зохиол, урлаг” сонинд долоон, “Социалист хөдөө аж ахуй” сонинд нэг бүтээл нь тус тус хэвлэгджээ.

Булган аймгийн “Сталинч”, “Дэвшилт” сонинд найм, Дорноговь аймгийн “Ялалт” сонинд 17, Ховд аймгийн “Хөдөлмөр” сонинд 12 бүтээл нь тус тус хэвлэгдсэн байна. Мөн “Эрдэнэт” сонинд дөрөв, Ховд хотын 200 жилийн ойг тохиолдуулж хэвлүүлсэн “Алтайн од” товхимолд таван бүтээл нь багтсан байна.

“Залгамжлагч” сэтгүүлд хоёр, “Пионер” сэтгүүлд гурав, “Пионерын үнэн” сонинд тав, “Оюун түлхүүр” сэтгүүлд нэг бүтээл нь мөн хэвлэгдсэн аж. “Бяцхан дүү нар” хэмээх нэртэй бие даасан номд Д.Дашдондогийн 14 шүлэг орсныг Б.Өвгөнхүү нэр зааж тэмдэглэжээ.

Эдгээрийн ихэнх нь өнгөрсөн зууны тавь, жар, далаад оны бүтээл байна. Бүр  1948 онд Дондогдоржийн Дашдондог “Пионерын үнэн” сонинд өөрийн үлгэр өгүүллэгийг хэвлүүлж байжээ.

Олон Дашдондогийн нэг болох Дондогдоржийн Дашдондог гэдэг найрагчийн уран бүтээлийн он жилүүд өнгөрсөн зуунд хамаарагдах нь эндээс харагдаж буй юм. Шүлэг, найраглал, өгүүллэг, үлгэр, нийтлэл бичиж, орос хэлнээс сонгодгуудын зохиол бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж байжээ. Яах аргагүй монголын утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын уран бүтээлд өөрийгөө, авьяас билгээ бүтэн зориулсан энэ салбарын үнэнч цэргийн нэг байсан нь үнэн байна. Түүний бүтээж туурвисан он жилүүд бол Монгол Улсын хөгжил дэвшил социализмын замаар замнаж байсан он жилүүд болохоор социалист реализмын зарчим урлаг, утга зохиолд ноёрхож байсан нь ойлгомжтой юм. Д.Дашдондог өөрийн цаг үетэйгээ зөрчилдөж, хавчигдаж хяхагдаж байсныг олон хүн дурсамж дуртгалдаа онцолжээ. Түүнд нь гутарч гуньхраад архи дарсанд орсон нь түүний сул тал болж. Тэр цаг үед өнөөдрийнх шиг олон ургалч үзэл, ил тод байдал байсангүй. Ангич, намч хандлага нийгэмд ноёрхож, захиргаадалтын арга барил юм бүхэн дээр давамгайлж байсан нь зарим сод авьяастанд хүндээр тусаж, уран бүтээлийнх нь цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж байсныг өнгөрсөн түүх гэрчилнэ. Энэ бол монголын оюун санааны амьдрал дахь том гарз байлаа.

Жишээ нь манай яруу найрагт Цэгмэдийн Гайтав гэдэг галтай яруу найрагч, галзуутай нэгэн авьяастан байсныг би мэднэ. Монголын Маяковский байж билээ. Оргилж буцалсан тэрхүү авьяас билгээ нам, ард түмнээ магтан дуулахад бүрэн зориулсан хүн. Социализмд юм бүгд нь муу муухай байгаагүй л дээ, сайн зүйл бишгүй байсан. Хүний төлөө нийгэм байсан гэж нэг биш хүн хэлдэгт үнэний хувь бас бий. Хүн төрөлхтөн, түүний утопи социализмын чиг зүгийг баримтлагчид хөгжлийн сайн сайхан замыг эрж хайж, тэр нь  мухардалд орсон л болохоос биш өнөөгийн зарим хүний ойлгодгоор социализм гэгч нь үзэж харшгүй “хадны мангаа” ч бас хараахан байгаагүй юмаа. Хятад, Вьетнам зэрэг Дорнын гүн ухааныг бишрэн дагагч зарим улс оронд социализмын сайн сайхан зүйл, давуу талыг капитализмын эерэг ололт амжилттай нийлүүлж хослуулаад илүүтэй ихээр хөгжиж чадаж байгааг бид бодож үзэхэд ер илүүдэхгүй л байгаа юм уг нь. Бүх нийтийн боловсрол, бүх нийтийн эмнэлэг зэргийг түүхэнд анх удаа үнэ төлбөргүй болгож, ажилгүйдэл, ядуурал гэх зэрэг нийгмийн гажиг үзэгдлийг арилгаж чадсан бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Капитализмаар замнасан өнгөрсөн гуч гаруй жилд Монгол Улс уг ололт амжилтаа улам бататгаад урагшилж хөгжсөн үү, эсвэл ухарч нэг байран дээрээ тонгочсон хэвээрээ үлдсэн үү гэвэл ярих зүйл, мэтгэлцэх сэдэв гарч ирэхийг үгүйсгэхгүй л байна. Хэрэв Ц.Гайтав гэдэг галтай цогтой яруу найрагч өнөөдрийн цаг үед төрсөн сөн бол өөрийн хур их авьяас билгийг ямар сэдэвт илүүтэй зориулах байсан бол, дан ганц нам засаг гэж магтан дуулж туйлшрахгүй л байсан даа гэж бас бодогдож л байна.

Энэ утгаар ойлгох юм бол Р.Чойням, Д.Дашдондог гэх зэрэг авьяастнуудад өнгөрсөн нийгэм яриа байхгүй халтай байсан, харамсалтай гарз гэж хэлэх бүрэн үндэслэл бий. Тийм ч учраас утга зохиол, сэтгүүл зүйн судлаачид тэднийг мартдаггүй, үе үе дурсаж бүтээл туурвилыг нь эрж хайж олны хүртээл болгож ирсэн байдаг буй заа. Эл үйлсэд нийтлэлч Б.Өвгөнхүү өөрийн хувь нэмрийг оруулсныг миний бие онцгойлон тэмдэглэж бас талархаж байна. Яагаад гэвэл тэр хэрэгтэй ажлыг хийж бүтээжээ.

“Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номын редактор, Цэндийн Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч Я.Сумьяа эл бүтээлийг эмхэтгэж хэвлүүлснээр Дашдондог гэгч гэгээн найрагчийг монголын ард түмэн таньж мэддэг боллоо. Юутай их олз хэмээн дуун алджээ.

Редакторын энэхүү дүгнэлттэй би санал нийлж байна. Энэ бол үнэхээр олз юм. Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд Б.Өвгөнхүүгийн оруулж буй  нэг чухал хувь нэмэр мөн гэж нэмж тодотгомоор байна. Бямбажавын Өвгөнхүү энэ номыг бүтээхийн тулд үнэхээр уйгагүй зүтгэж, залхууралгүй ажиллажээ. Сэтгүүлч Б.Өвгөнхүүд эрэн сурвалжлагч сэтгүүлчдэд төрмөлөөр заяагддаг хэд хэдэн нандин чанар шингээсэй байгаа мэт санагдсан. Тухайлбал:

-Сонин үйл явдал, содон тохиолдлыг мартдаггүй, үе үе эргэж эргэцүүлж боддог, учир шалтгааны уг үндсийг олж тунгаах гэж тэмүүлэгч чанар. Тэр 1970 оны зун арав гаруйхан настай байхдаа Дашдондог гэдэг эрхэмтэй ганц удаа таарсан гэнэ. Тэр хүн “Манай Гайтав үлэмжийн авьяастай хүн” гэж хэлсэн нь түүний ой ухаанд хадагдаж үлджээ. Хэн нэг нь тэгэхэд “Энэ Дашдондог мөн ч авьяастай хүн юм даа, их юм сонсож авлаа” гэсэн нь огт мартагдсангүй. Эрэл сэдлийн эхлэл нь энэ аж.

-2023 онд Булган аймгийн Хишиг-Өндөр /Авзага/ сумын 100 жилийн ой тохиоход Д.Дашдондогийг дурсчих санаатай зохиол бүтээлийг нь эрж сураглаж эхэлжээ. Хагас жил эрж хайгаад мухардсан ч сэтгэл шантарсангүй эрлээ үргэлжлүүлжээ. Эхлээд нутаг орныхоо мэдэх таних хүмүүсээс сураглажээ. МУИС-д 1950-1960-аад онд суралцагчдаас, ахиулаад 60, 70-аад оны томоохон зохиолч сэхээтнүүдээс, 80-аад оны эхэн үеийн яруу найрагчдаас асууж тодруулсан байна.

-92 настай өндөр настан Т.Гарам, 90 дөхсөн Д.Ишдорж, 80 настай С.Цэндээс эхлээд яруу найрагч Ш.Сүрэнхор, Ардын уран зохиолч Д.Цоодол, академич Д.Төмөртогоо, зохиолч З.Ядмаа, Ардын уран зураач Ц.Байды зэрэг нэр бүхий тавиад хүнтэй уулзаж учирч ярьж хэлснийг нь тэмдэглэн авч номондоо оруулжээ. Бүтэн жилийн ажил болсон бололтой юм.

-Архивын материалд тулгуурлаж олон зүйлийг тодотгожээ. Монгол Улсын Үндэсний Архивын газрын магадалгаанууд, Батлан хамгаалах Яамны төв архивын лавлагаа зэргийг “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номондоо хавсаргасан нь өгүүлэмжийн үнэмшлийг эрс дээшлүүлж чадсан байна. Зохиогчийн өөрийн гараар бичсэн анкет, албан тодорхойлолтуудыг бас хавсаргажээ.

-Дондогдоржийн Дашдондогийн бүтээл туурвилыг эрж хайж энд тэндээс олж цуглуулж бүгдийг үлдээлгүй түүвэрлэж эмхэтгэхийг зорьсон  нь онцгой ач холбогдолтой болно. Бүтээлийн товьёг, жагсаалтыг сонин сэтгүүлд нийтлэгдсэн он, сар, өдрөөр нь үйлдэж хавсаргасан байна.

-Эдгээр нөр их ажлыг ихэд хичээнгүйлж чин сэтгэлийн угаас хийж гүйцэтгэсэн нь /ямар нэг ашиг хайж мөнгө төгрөг, алдар нэр горилолгүйгээр/ үнэнхүү талархууштай санагдсан болно.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн энэ чиг хандлага  хориннэгдүгээр зууны Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, зохиолч сэтгүүлчдийн үйл ажиллагааны нэг нэн чухал салшгүй бүрэлдэхүүн хэсэг болж амжилттай хөгжиж байгаа билээ.

“Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” зэрэг төвийн сонинуудын эрэн сурвалжлах албад өөрсдийн хүчээ нэгтгэж хамтарсан эрэн сурвалжилгыг тогтмол нийтлүүлж, арилжааны зарим телевиз энэ чиглэлээр тууштай урагшилж, “Эргэлт. MN” зэрэг цөөнгүй сайт байгаль, нийгмийн тулгамдсан хөндүүр асуудлуудыг зоригтойгоор нээн үзүүлж нийгэмд санаа авхуулж уг асуудлыг анхаарлын төвд оруулж чадаж байгаа нь үүний нэг нотолгоо болно.

Ийм цаг үед Б.Өвгөнхүүгийн эрэн сурвалжилж эрхлэн эмхэтгэсэн “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” түүвэр хэвлэгдэн гарсанд ихэд олзуурхаж байна. Өөрөөр хэлбэл уг бүтээл цаг үеэ олж  олон түмэнд хүрлээ. Ялангуяа залуу уран бүтээлчдэд арга зүйн хийгээд туршлага, сургамж болох ач холбогдолтой гэдэгт үл эргэлзнэм.

Дондогдоржийн Дашдондог яруу найрагч юм юманд авьяастай, ялангуяа хэл бичиг, утга зохиолд илүү дур сонирхолтой сэргэлэн цовоо эр байсан бололтой. Түүнтэй ойролцоо нэг цаг үед МУИС-д сурч байсан МЗЭ-ийн шагналт зохиолч, хэл уран зохиолын багш Н.Дагвадорж өөрийн дуртгалдаа Ш.Гаадамба багшийн удирддаг МУИС-ийн утга зохиолын дугуйланд Дуг.Дорж, Д.Дашдондог, С.Сандагдорж, Жан.Шагдар, С.Надмид нарын хамт явж байснаа дурсаад Д.Дашдондог “Голио зээрд” хэмээх хурдан морины тухай сайхан шүлэг бичсэн нь сэтгэлд үлдсэн байна.

Их сургуулийн алдарт Дугуй танхимд онц суралцсан оюутны нэрсийг бичиж тавьдаг байсан. Тэрэнд Д.Дашдондогийн нэр байдаг сан. Манай нутгийн Булганы нэрийг гаргаж яваад бид бахархдаг байлаа. Мөн ч сэргэлэн, олон зүйлд авьяастай аргагүй сайхан залуу байсан даа” гэжээ /”Гооёо” Дашдондог, номын 65 дахь тал/.

Нэг удаа Санхүү эдийн засгийн техникумын оюутнууд зохиолч Л.Түдэвтэй уулзалт хийжээ. “Л.Түдэв маш сайхан зүйл, бүтээлүүдээсээ ярьж, Д.Дашдондог багшид уран бүтээлийн их амжилт хүсэж, танай багш яруу найрагч хүн шүү гэж хэлсэн билээ” гэж Санхүү эдийн засгийн техникумд суралцаж байсан Дандарын Данаа өөрийн багш Д.Дашдондогийн тухай нэхэн дурссан байна /номын 27 дахь тал/.

Сүүлд тэрбээр өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр чармайж эдийн засагчийн мэргэжил эзэмшихээр  суралцаж байхад хамт ажиллаж байсан Агаарын харилцааны газрын удирдлагууд нь Намын Төв Хорооны Боловсон хүчний хэлтсийн даргад диплом олгохгүй санал хүргүүлж байсныг өмнө дурдсан. Учир нь Д.Дашдондог Монгол Улсын академич Д.Төмөртогоогийн тодорхойлсноор “Их авьяастай, өөрөөр сэтгэдэг хүн байжээ” /номын 25 дахь тал/.

Монгол Улсын Ардын уран зохиолч Балжирын Догмид Санхүүгийн техникумд байхдаа мөн тэр хүнээр хичээл заалгаж байжээ. “Нөгөө алдарт “Аяны шувууд”-ыг зохиосон хүн чинь энэ шүү дээ гэж бодохоор Дашдондог багш маань Явуухулан гуайгаас дутуугүй “том” хүн харагддагсан” гэж тэрбээр бичиж үлдээсэн байхад  /“Аяны шувуу” дурсамж номын 97 дахь тал/ Монгол Улсын Ардын зураач Ц.Байды “Хэлмэгдсэн хүнийг мартаж болохгүй. Мартвал хэлмэгдэл тасрахгүй. Мартахгүй байхын тулд ядаж зураг нь байх хэрэгтэй” гээд түүний хөргийг бүтээжээ /”Ц.Байды: Хэлмэгдсэн хүний ядаж зураг нь байх хэрэгтэй”, номын 90-91 дэх тал/. Тэр хэлсэндээ хүрч Д.Дашдондогийн хөргийг бүтээгээд “Аяны шувууд”-аа аялан дуулж яваарай...” номын нээлт дээр төрсөн хүү Д.Отгонтөгсөд нь гардуулж өгч байна лээ. Номыг эмхэтгэгч Б.Өвгөнхүү уг хөргийг номынхоо хүндтэй байрлалд залж байршуулсан байна. Монголчууд, монголын утга зохиол Д.Дашдондог энэ хүнийг мартахгүй үе үе дурсаж байх буй заа.

 

Улаанбаатар, 2024 оны 8-р сар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 180 (7424)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

22 цаг 13 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

23 цаг 52 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин