Манайд байгаагаа хуваагаад хүртэж чаддаггүй нэг том зовлон бий. Хүн амдаа ихэдсэн баялагтай ч эрх мэдэлд хүрсэн нь түнтийтлээ түрийвчилж, цүдийтлээ иднэ. Саалийн үнээ болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн зовлон энэ. Ядаж байхад энэ үйлдвэр яалт ч үгүй Монголын саалийн үнээ л дээ. Анх нээхдээ уурхай хаагдах үеийн нөхөн сэргээлтийн нөөцийг “…“Эрдэнэт үйлдвэр” 2056 он хүртэл ажиллана” гэж төсөөлж байв. Харин 2021 онд нөөцийг шинэчлэн баталснаар “Цаашид 60 жил буюу 2080 оныг хүртэл ажиллана. Уурхайн талбайг эрс тэлэх, шинэ бүтээн байгуулалтууд, хаягдлын далангийн өргөтгөл хийнэ” гэсэн. Энэ үйлдвэрийг дөч гаруй жилийн өмнө Оростой 51:49-өөр байгуулж, гуч гаруй жил ажилласан. Арваад жилийн өмнө хувийн нэгэн компани оросуудтай ярьж байгаад 49 хувийг нь олоод ирсэн. Ингээд тэр чигтээ Монголын өмч болсон.
Ингэж авч ирсний дараа бас бөөн хэрүүл уруул, шүүх цагдаа болсон. Авчирсан компани, авчруулсан Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс авлига, эрүүгийн хэрэгт холбогдож, хууль шүүхийн байгууллагаас салахаа больсон. Зарим нь Монголоосоо зугтаж яваад тав, зургаан жил болж байна. Тэр хэрээр шүүх дээр хэрэг түвэг нь дарагдаастай хэдэн жил болж байна.
Энэ бүхний учир шалтгаан нь “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр, хууль бусаар авсан” гэдэгт байв.
Тэгээд 2019 оны хавар УИХ-аас “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, түүнийгээ намар нь сунгаж байв. Тус бүрдээ зургаан сараар тогтоосон онцгой дэглэм “Эрдэнэт үйлдвэр”-т бүтэн жил үйлчилсэн. Онцгой дэглэм дууссан ч цар тахал гарч, тус үйлдвэр хөл хорион орсон Монголын тог цахилгаан, ус дулааныг жил гаруй даасан. Тэр үед Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байв. Мань эр муу нэртэй. Хөдлөх бүртээ буруутна. Тэгэхээс ч аргагүй тендер явуулж, тушаал шийдвэр гаргадаг байв.
Ингэхээр 2019 онд УИХ-аас гаргасан “…“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг ханган, ТӨҮГ-ийн хэлбэрээр өөрчлөн байгуулах, санхүүгийн шалгалт хийж, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх үндэслэлээр онцгой дэглэм тогтоосугай” гэсэн нь биелсэн эсэх эргэлзээтэй юм.
Онцгой дэглэмийн дараа, цар тахал залгаж, түүний дараа цаг үе тогтоход Х.Бадамсүрэнг дэвшүүлэн явуулж, оронд нь УУХҮ-ийн сайд байсан Г.Ёндонг ерөнхий захирлаар томилсон. Өмнөхөн нь “Монголросцветмет”-ээс хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх ёс зүйн асуудалд холбогдоод байсан тэр чухам л ногоон гэрлээр 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болсон.
Г.Ёндон энэ албан тушаалд ажиллаад хоёр жил болж байна. Оны сүүлч болоход хоёр удаа “Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” түүхэнд байгаагүй их орлого оллоо” гэж сүртэй сурталчилсан. Зэсийн үнэ дэлхийд өндөр байхад тэгэлгүй яах вэ дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид Ёндонтой Ёндонгүй хийх л ажил, хүрэх л амжилт шүү дээ. Зэсийн үнэ ирэх жил ч өндөр байхаар байна. Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн 2024 оны эхний хагас жилийн дундаж үнэ 9094 м.доллар байв. Өмнөх оны эцсээс найман хувиар өссөн. Энэ нь дэлхийн зэсийн томоохон ил уурхайнуудын нэг болох “Кобре Панам” хаагдсан, “Англо Американ” компани зардлаа танаж, зэсийн үйлдвэрлээл бууруулахаар мэдэгдсэн нь богино хугацаанд нийлүүлэлтийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, үнэ өсөхөд нөлөөлсөн. Олон улсын шинжээчид энэ оны сүүлч гэхэд 9500 ам.доллар, 2025 онд 10 000 ам долларт хүрэх таамгийг хэлж байгаа юм.
Тэгэхээр Г.Ёндонгийн хэр зэрэг ажиллаж байгаа нь өөр зүйлээр хэмжигдэнэ. Түүнийг УУХҮ-ийн сайд байхад нь “Эрдэнэт үйлдвэр”-т эхэлсэн хэдэн том төсөл бий. Заримынх нь талаар тэрбээр сайд байхдаа тушаал шийдвэр гаргаж байсан удаатай.
Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өмчлөлтэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг.
Энэ хүрээнд Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Уул уурхай металлург-химийн үйлдвэрийн цогцолбор” байгуулах зориулалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх лиценз олгожээ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Засвар, заводын өргөтгөлийн төслүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.
Энэ дагуу Үйлдвэрлэл технологийн паркад эхний ээлжид энэ таван үйлдвэр байгуулагдаж, жилд 182 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байдаг юм.
Уг нь 2022 он гэхэд эдгээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник, технологийн төвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлууд бүрэн хийгдэж дуусаад байв. Энэ төслүүдийн хоёр нь маш чухал. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэж байгуулах жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124.1 мянаган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг Хятадын China ENFI Endineering тэргүүтэй консорциум аль эрт 2015 онд боловсруулчихсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус консорциумтай 2019 оны есдүгээр сард өөрийн зэсийн баяжмалыг тасралтгүй ажиллагаатай хос SKS технологиор хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ байгуулсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус компанитай цаашхи Хамтын ажиллагааны гэрээг 2021 оны тавдугаар сард байгуулаад байв. Энэ үйлдвэр анх 2023 он байгуулагдах төлөвлөгөөтэй явсан. Өдгөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн сайд дээр “2024 онд ашиглалтад орно” гээд биччихсэн. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Г.Ёндон “2027 онд ашиглалтад оруулна” гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдийг “Эрдэнэт үйлдвэр”-т очиход нь хэлсэн байдаг.
Дараагийн нэг төсөл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх лиценз олгох Засгийн газрын 2021 оны 129 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт “Исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах SX/EW технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасугай” гэсэн байдаг. Энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Бас байдаггүй. Учир нь энэ үйлдвэрийн төсөл хэл ам дагуулаад байдаг овоолгуудтай холбоотой. Тэдгээрийг “Эрдэнэт үйлдвэр” өөрөө ашиглах шийдэл юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “SX/EW технологиор катодын зэс боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажил” гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2021 онд зохион байгуулж “Майнинг шорт лонг терм” ХХК-тай гэрээ байгуулсан. Улмаар 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд авто зам, төмөр зам, усан хангамж, ариутгал татуургын системийн зураг төслийн ажлууд 100 хувь, цахилгаан хангамжийн ТЭЗҮ 100 хувь хийгдэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь батлагдсан зураг төсөл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн. Ажил ингээд урагшилж байсан ч сүүлийн үед хөдлөхгүй болжээ. Тухайлбал, УУХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн 2023 оны аудитаар “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах ТЭЗҮ-ийг боловсруулан, исэлдсэн хүдрийн үүсмэл ордын нөөцийг тогтоож, улсын нөөцөд бүртгүүлсэн боловч ирээдүйд үр өгөөжөө өгөх нь тогтоогдсон нөөц буюу овоолгын өртгийг бүртгэж тайлагнаагүй” гэсэн дүгнэлт гарсан. Мөн ТӨБЗГ-ын 2023 оны үйл ажиллагааны тайланд “Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар шийдвэр гарснаас хойш дээрх байгууллагатай холбоотой гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтэд тодорхой ахиц гараагүй тул явцын хэрэгжилтээр тайлагнасан. “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮТП байгуулах ажлын хүрээнд Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр байгуулна гэсэн арга хэмжээ (2020-2022 он) 2023 оны жилийн эцсийн байдлаар нэмэгдэж системд орсон” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, ТӨБЗГ энэ төслийн хэрэгжилтээс нэрээ цэвэрлээд авчихаж байгаа юм. Овоолго дээр суурилж исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах SX/EW технологиор жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ажил гацаанд орсон нь анхаарал татахаар л юм байна лээ.
Нөгөөтэйгүүр, муу нэртэй Х.Бадамсүрэнг хөөж явуулаад ёс зүйгээс өөр алдаагүй Г.Ёндонг ерөнхий захирал болгоод “Эрдэнэт үйлдвэр” нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдөж чадсан уу. Хамгийн том жишээ тайлбарыг дээр хүргэсэн.
Дээрээс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаал хашдаг хүмүүс голдуу холбогддог нөгөө л авлига, албан тушаалын хэргүүд тасрахгүй байна. Бүр арвижиж олшроод байна.
Г.Ёндонг ерөнхий захирлаар очсоноос хойш АТГ-аас 2023 оны наймдугаар сард “Т нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус үйлдвэрийн албан тушаалтан “А”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, бусдаас хахууль авсан”, 2023 оны есдүгээр сард “Г нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа тус үйлдвэрт хохирол учруулсан”, 2024 оны гуравдугаар сард “Э нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх хэргийг прокурорт шилжүүлсэн талаараа мэдээлж эдгээр нь улс даяар түгсэн байдаг. Хамгийн сүүлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Б-тэй холбоотой ноцтой асуудал нийтэд ил болж, хууль хяналтынхан мөрдөж шалгаад эхэллээ. Эндээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерүүд шударга шийдэгддэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Ер нь энэ бүхэн юуг хэлж байна вэ.
Уг нь Монголын төрийн 100 хувийн өмчтэй “Эрдэнэт үйлдвэр” монголчуудын төлөө л үйлчлэх, хөрөнгө мөнгөө зарах үүрэгтэй. Төр нь эзэмшиж байгаа бол иргэд нь хяналтаа тавих учиртай. Дахиад 56 жил саалиа өгөх үнээ шүү дээ. Гэхдээ Г.Ёндон ердөө л төлөөний хүн.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ
Эх сурвалж:
“Зууны мэдээ” сонин - 2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)
"Өдрийн сонин" - 2024.09.13 БААСАН № 172 (7538)
"Өнөөдөр" сонин - 2024.09.13 БААСАН № 175 (7990)