"Морь цоллоход монгол омогшил төрж, хийморь сэргэдэг"

2024-09-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа морь цоллооч Т.Тэмүүлэнг урьж ярилцсан юм. Долоодугаар ангийн хүү өв соёл, түүх уламжлалаа хэрхэн түгээн дэлгэрүүлж, өвлөн тээж явааг сонирхоорой.

 

Үзэгчдийн уухай дуунд сэтгэл уужирч, тайвшрах шиг болсон

 

Цээл хоолой, цовоо сэргэлэн зангаараа түмэн олны хайрыг татаж, сэтгэлийг цэнгүүлж яваа хүүг Т.Тэмүүлэн гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул залуу өв тээгч юм. Монгол түмний цэнгэлийн манлай,  үндэсний их баяр наадмын хурдан дааганы цолыг яруу тансаг дуудаж, үзэгч олныг огшоосон бяцхан хүү тэр билээ. Үндэсний өв соёл, язгуур урлагаа өвлөн тээж залуу хойч үеийнхээ төлөөлөл, найз нөхдийнхөө үлгэр дуурайлал болж яваа түүгээр гэр бүл, найз нөхөд, цаашлаад Монголын ард түмэнд бахархах сэтгэл төрсөн юм. Тэрээр “Цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа орж, тэр тусам улсын наадмын дааганы цол дуудна гэж зарлахад айж, сандарсан. Харин үзэгчид сайхнаар хүлээж аваад уухайлан дэмжихэд сэтгэл уужраад тайвшрах шиг болсон” хэмээв.

Тэрээр Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин, Улсын ахлах засуул Э.Хүрэлбаатарыг анх морь цоллож байхыг харахад өвөрмөц санагдсан гэнэ. Ийнхүү  сонирхож шавь орж, 2023 оноос суралцаж эхэлжээ. Одоо амьдралынхаа нэг хэсэг болгон өөрийгөө хөгжүүлж явна. Тэрээр “Анх сурахад үгээ цээжлэхэд хэцүү байсан. Харин одоо дасчихсан. Морь цоллох үг багадаа 1000, цаашлаад 4000 байдаг. Даага бага нас учраас хамгийн цөөн үгтэй. Цоллох үгийг шинээр зохиож, нутгийн онцлог аялгаа шингээж дуудах боломжтой. Би одоо багшийнхаа зохиосон үг, халх аялгуугаар цоллодог” гэсэн юм.

Өөртөө хэт ачаалал өгөхгүй, системтэйгээр үгээ цээжилж, хоолойныхоо дасгалыг хийгээд хэдийнээ урлагийн хүний шинж суужээ. Харин шилжилтийн нас нь эхэлж байгаа тул хоолойгоо гамнаж, дэглэм барих шаардлага тулгарсан гэнэ. Тэрээр “Багш маань надад их зөвлөдөг. Шилжилтийн нас эхэлж байгаа тул хоолой сөөнгөдөх аюултай. Тиймээс хүйтэн агаар, уух юмнаас зайлсхийж байвал зүйтэй гэдэг. Хүүхэд учраас заримдаа тэсгэл алдаад хүйтэн юм уучихдаг. Гэхдээ цангинасан хоолойгоо хайрлаж, хамгаалахын тулд хичээдэг” хэмээн ярив.

Т.Тэмүүлэн Гавьяат жүжигчин, бөхийн засуул Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан, бөхийн засуул, морь цоллооч Б.Цэрэндагва ахаасаа үлгэр дуурайлал авч, суралцдаг гэнэ. Тэрээр “Монголчууд бидний дархлаа болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваарай. Сонирхоод, судлаад үзэх юм бол үнэхээр гайхамшигтай зүйл байдаг шүү. Дэлхийд үүгээрээ л бахархах болно” хэмээсэн юм.

 

Хүн хичээвэл ард нь заавал бэлэг байдгийг ойлгосон

 

Морь цоллож сураад удаагүй байхдаа “Гийнгоо” улсын уралдаанд орж тэргүүн байр эзэлсэн юм. Тэрээр “Би энэ тэмцээнд бүх сэтгэл зүрхээ зориулж бэлдсэн. Уралдаандаа ч амжилттай оролцож чадсан. Тэр үед хүн хичээвэл ард нь заавал бэлэг байдгийг ойлгосон” хэмээн дурсан ярив. Энэхүү уралдаан нь хоёр жилд нэг удаа зохиогддог ба морины цол дуудах, гийнгоо марзай, морин хуур гэсэн гурван төрөлд явагддаг. 2023 онд 10 гаран аймгийн 100 гаруй хүүхэд авьяас чадвараараа өрсөлдсөн байна. Улсын наадмаас өмнө тэрээр “Монгол магнай”, “Хангарди” зэрэг наадамд даага цоллож байв. Харин улсын наадмын дараа “Хүрээ цам даншиг наадам”, “Ламын гэгээн”, “Өлзийт” сумын 100 жилийн ойн баяр наадам, “Нүүдэлчин” фестивальд очиж цол дуудсан гэнэ.

Тэрээр “Морь цоллоход монгол омогшил төрж, хийморь сэргэдэг” хэмээн ярьсан юм. Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа түүнийг урамшуулах хүн цөөнгүй. “Баяр хүргэж хурдан удмын адуу бэлэглэсэн хүмүүс бий. Багаасаа моринд дуртай байсан болохоор аавтайгаа хамт морьдоо уяна гэж бодож байгаа. Уяачдыг харахад мориндоо бүх зүрх сэтгэлээ зориулж, хөдөлмөрлөдөг санагдсан . Дааганы цолонд:

Хурдлан хурдлан хурдалсан хүлгийн

Унасан эзэн нь улсын баатар

Уясан эзэн нь хөдөлмөрийн баатар” гэж гардаг. Энэ үгний утгыг бодох тусам  тэр хүмүүсээр бахархдаг”  гэв.

Би Ламын гэгээний ариун голомт, хонгор нутгийн алтан босго Өлзийт сумаараа бахардаг.

Т.Тэмүүлэн нь морь цоллооч мөн ерөөлч юм. Гэрийн ерөөл, уяачдын ерөөл, сэвлэгийн ерөөлийг айл гэрийн хойморт уншаад хэдийнээ эхэлжээ. Харин одоо байрны, хуримын, унага тамгалах ёсны ерөөл сурч байгаа гэнэ. Ирээдүйд уртын дуучин мэргэжлээр суралцаж, морин хуурч, бөхийн цоллооч болж ардын язгуур урлагаа өв тэгш тээж явахыг хүсдэг гэнэ. Мөн эрүүл чийрэг, дасгал хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэж гар бөмбөгийн дугуйланд явдаг. Сагс болон хөл бөмбөгөөр сонирхлоороо бас хичээллэдэг гэнэ. Долоодугаар ангийн сурагч түүний  хичээл зүтгэл, хөдөлмөрч зангаар багш, анги хамт олон нь бахархаж үргэлж баяр хүргэдэг.

Түүний авга, нагац талын хоёр өвөө нь урлагийн хүмүүс байсан бөгөөд түүний цангинасан хоолой удам дамжин өвлөгджээ. Нутагтаа алдартай дуурийн дуучин Р.Намжигдорж нь түүний өвөө юм. Харин Соёлын тэргүүний ажилтан, Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгч Н.Туулбаатар түүний аав юм. “Мэддэг чаддаг зүйлээрээ бардамнаж, биеэ тоож болохгүй шүү. Шантарч мохолгүй хичээж, улам сайхан амжилт гаргаарай” гэсэн үгийг гэр бүлийнхэн нь захиж, үргэлж дэмждэг гэнэ. Тэмүүлэн ч урам зоригтойгоор, тэр бүх итгэл, сэтгэлийг даахыг хичээдэг. Тэрээр нэгдүгээр ангиасаа тайзан дээр гарч урлагтай холбогджээ. Ая дуугаа өргөсөн тэмцээн, тайз бүрээсээ бага ч болов зүйлийг сурч, туршлага хуримтлуулж явахыг хичээдэг хэмээв. Мөн  товшуур хөгжим тоглодог. Тэрээр Өлзийт суманд төрж, өссөн билээ.  “Би Ламын гэгээний ариун голомт, хонгор нутгийн алтан босго Өлзийт сумаараа бахардаг. Ерөөлд хүртэл Хонгор нутгийн алтан босго, өргөн тотго, өндөр босго гэж гардаг” хэмээн төрөлх нутгаараа бахдан ярьсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

 

huurhun huud amjilt husye zuv sain hun bolooroi
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 39 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 30 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 43 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 49 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 54 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 41 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 41 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин