Арина Соболенко: Би эрсдэл хийхээс өөрөөр тоглож чаддаггүй

2024-09-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТҮШИГ

 

Теннисний энэ жилийн Их дуулгын сүүлчийн тэмцээн болох US Open буюу АНУ-ын нээлттэй Аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Эмэгтэйчүүдийн аваргын төлөөх финалын шигшээ тоглолтод Беларусийн Арина Соболенко талбайн эзэн Жессика Пегулаг 7:5, 7:5 харьцаагаар хожиж аваргалсан билээ. Ингэснээр Беларусийн теннисчин Их дуулгын гурав дахь түрүүгээ авсан юм. ОХУ-ын “Чемпионат” сонинд өгсөн түүний ярилцлагыг дор толилуулъя.  

 

-Өнгөрсөн оны US Open-ы финалд харамсалтайгаар хожигдсоныхоо дараа та энэ корт дээр уйлж байсан бол энэ удаа баярын нулимс унагалаа. Танд даагаа нэхэн ийнхүү аваргалахад хэцүү байсан биз?

-Хэдий амаргүй ч мөрөөдлөөсөө хэзээ ч бүү татгалз гэж л хүмүүст хэлж урам зориг өгмөөр байна даа. Ерөөсөө л үргэлжлүүлэн мөрөөдөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд үнэхээр мөрөөдлийнхөө төлөө бүхнийг золиослон маш шаргуу хөдөлмөрлөж чадвал зорьсондоо хүрдэг ажээ. Ингэж чадсан өөрөөрөө би бахархаж байна. Энэ улиралд ямар ч хүнд байдалд орж, ямар ч таагүй зүйл тохиолдсон бүгдийг нь надтай хамт даван туулсан багийнхнаараа ч мөн бахархалгүй яах вэ. Миний хувьд тэдний дэмжлэг бүхнээс чухал. Миний багийн гишүүд бол миний гэр бүл л гэсэн үг. Тэдэнгүйгээр би теннисний ч, хувийн ч амьдралаа төсөөлөх аргагүй. Багийнхандаа маш их баярлалаа.

Би үнэхээр жаргалтай байна. US Open дахь урьдын бүх хожигдлоо сайн санадаг. Хожигдлын шалтгаанаа хожим ухаардаг гэдэг дээ. Үнэхээр тэгдэг юм байна. Урьдын бүх хүнд хэцүү сургамжийн ачаар л би өнөөдөр энэ сайхан цомыг өргөлөө. Даагаа нэхэн зорьсондоо хүрээд өөрийн эрхгүй баярын нулимс унагалаа. 

-Гурван жилийн өмнө гойд сайн бэлтгэл хангасан таныг цахиур хагалж ямар ч амжилтад хүрч чадна гэж мэргэжилтнүүд, хөгжөөн дэмжигчид үзэж байлаа. Та ч өөртөө жигтэйхэн итгэлтэй байсан. Гэвч та гол тэмцээнүүдийн шөвгийн наймаас дээш ахиж ер чадаагүй. Тэр цагаас хойш юу өөрчлөгдөв?

-Би сэтгэл зүйн хувьд илүү хүчтэй болсон болов уу. Тэр цагаас хойш би теннисний корт дээр ч, түүний гадна ч ихийг туулж, нэлээд хат суусан гэлтэй. Юутай ч би корт дээр сэтгэл хөдлөлөө хянан толгойгоо алдалгүй аливаад тайван хандах шаардлагатайг юу юунаас илүү ойлгосон. Тоглолт миний бодсоноор болж өгөхгүй байвал би дотроо, “Алив, Арина. Чи ихийг туулж давсан. Энэ чинь зүгээр л теннисийн тоглолт. Чи сэтгэл хөдлөлөө барьж, ялахын тулд юу хийх ёстой дээр л төвлөрөх хэрэгтэй. Тэгж чадвал бүх юм аажмаар сайжирна” гэж хэлдэг юм. Тэгэхээр, сэтгэл хөдлөлөө яаж хянахаа ойлгосон минь надад гарсан гол өөрчлөлт биз ээ.    

-Хоёр дахь үеийн талаар эргэн дурсаач. Та тэр сетэд 3:0-ээр тэргүүлж явсан ч дараалан таван гейм алдаж тооны харьцаа 3:5 болсон шүү дээ. Үзэгчид ч нутгийнхаа теннисчин бүсгүйг маш их хөгжөөн дэмжиж байсан. Тэр мөчид та юуны тухай бодож, сэтгэл зүйн хувьд яаж хүчтэй хэвээр үлдэж чадсан бэ?

-Хоёр дахь сетийн төгсгөлд би үнэхээр хүнд байдалд орж бүр залбирсан гээч. Жессика Пегула айхтар давшингуй тоглож, үнэхээр дээд түвшний теннис үзүүлж байв. Тэгэхэд би өөрийн даавуулалтаа л авах тухай бодсон. Сэтгэл зүйн хувьд гурав дахь сет болж болзошгүйд өөрийгөө бэлтгэж байсан гэх үү дээ. Тэгээд маш тайван ухаалаг тоглон өрсөлдөгчдөө байнга шахалт үзүүлсээр тооны харьцааг тэнцүүлж, улмаар ялалтыг өөрийн болгож чадсан даа.

-Та энэ жил Их дуулгын хоёр тэмцээнд аваргалсан ч дэлхийн чансаанд хоёрт бичигдсэн хэвээр үлдэх нь. Та эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж чадаагүйдээ харамсаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд би чансаанд анхаарлаа тэгтлээ хандуулахгүйг хичээдэг. Үүний оронд өөр дээрээ төвлөрөхийг эрмэлздэг юм. Тэгээд ч тэмцээн бүрд шилдэг тоглолтоо, гейм бүрд дайчин чанараа харуулж, теннисчин төдийгүй хүний хувьд улам бүр сайжраад байвал хэзээ нэгэн цагт чансааны оргилд хүрч чадна гэдгээ би мэднэ.

-Та карьертаа Их дуулгад гурав дахь удаагаа аваргаллаа. Та спортын түүхэнд эзлэх өөрийнхөө байр суурийн талаар боддог уу?

-Аавыгаа алдсаныхаа дараа би гэр бүлийнхээ овгийг теннисний түүхэнд заавал ч үгүй шигтгэх зорилт тавьсан юм. Тэгээд ямар нэг цом дээр өөрийнхөө овгийг харах бүрийдээ баярладаг даа. Миний мөрөөдлөөс татгалзалгүй теннисээр үргэлжлүүлэн хичээллэхэд минь боломжтой бүхнийг хийж байсан гэр бүлдээ мөн талархдаг. Заримдаа туулсан замналаа эргэн хараад бишгүй олон зүйлд нэгэнт хүрсэндээ итгэж чаддаггүй юм.

-Хөндлөнгөөс ажиглахад та хамгийн чухал үед илүү их эрсдэл хийдэг юм шиг харагддаг. Та зориудаар тэгдэг үү?

-Би эрсдэл хийхээс өөрөөр тоглож чаддаггүй л дээ. Илүү найдвартай тоглох гэнгүүт гар маань хөшиж, бөмбөг бодсоноос тэс өөр чиглэлд оддог юм. Иймд би аль дээр л шийдвэрлэх мөчид ч эрсдэл хийх нь зүйтэй гэж шийдсэн хүн.

-Элит тамирчдад л ялалтын баяр баяслыг амтлах боломж гардаг. Та финалд хожоод корт дээр тэрийн унаж хэвтэхдээ юуны тухай бодож байв?

-Тэр бол миний амталж үзсэн хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Толгой дотор элдэв бодол зэрэг эргэлдээд л. Юуны түрүүнд бүхнийг даван туулж шилдэг теннис үзүүлэн эргэж ирсэн өөрөөрөө, багаараа маш их бахархсан. Нэгэн зэрэг уйлж, инээж, бүхий л сэтгэл хөдлөлийг нэгэн зэрэг мэдрэх шиг болсон. Хамгийн сайхан мэдрэмж. Хүн бүр тийм мөчийг мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин