Шим тэжээлийн дутагдалд орсон мал сүргээ анхаарах цаг болжээ

2024-09-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Малын аливаа өвчлөл, ургийн гажиг гарах бүрд уул уурхай руу бурууг тохож ирсэн олон жилийн хардлагын бодит учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлээр тогтоож гаргаж ирсэн судалгаанаас үнэхээр өрөвдмөөр дүр зураг ажиглагдав. Дорноговь аймаг дахь уул уурхай хөгжсөн Айраг, огт уул уурхайгүй Хөвсгөл, ураны төсөл хэрэгжиж байгаа Улаанбадрах гэсэн гурван сумын 57 малчин өрхийн 32,571 толгой хонь, ямаанд эмнэл зүйн үзлэг, 367 малын цусны болон биохими, зургаан малаас авсан эд, эсийн шинжилгээ хийсэн томоохон судалгаагаар эдгээр мал тэжээл боловсруулах замын эмгэг, тэжээлийн дутагдал болон бодис солилцооны хямралын өвчинд бараг бүгд нэрвэгдсэн нь илэрчээ. Энэ талаар Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, зөвлөх малын эмч, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн захирал, академич, профессор Я.Ганболд "Хоорондоо 150-200 км зайтай эдгээр гурван сумын малд хийсэн судалгааг харвал аль нэг сумд нь ялгаатай, онцлох илүү байдал алга. Ерөөсөө бүх үр дүнд нийтлэг шинж чанар харагдаж байна. Нэгдүгээрт, бэлчээрийн талхагдлын улмаас тэжээлийн дутагдалд орсон, дээрээс нь усны дутагдалд орсон. Ийм олон дутагдалд ороод ирэхээр бодисын солилцооны өөрчлөлт гарч, түүнээсээ улбаалан тэсвэр чанар нь муудах, дархлаа нь унах, янз бүрийн өвчин эмгэгт өртөх эрсдэлтэй хүчин зүйлс юм" хэмээн тайлбарлалаа.

"Мон-Атом" болон "Бадрах Энержи" компанийн захиалгаар Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо болон Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн хамтран “Ашигт малтмалын хайгуулын бүс нутагт байгаа малд үзүүлэх нөлөөг тандан судалж, үнэлгээ өгөх” нэртэй томоохон судалгааг өнгөрсөн 2023 оны хавар гурван сарын хугацаанд хийгээд гарсан үр дүн нь энэ. Энэхүү судалгааны гол зорилго нь сүүлийн жилүүдэд байнга яригдах болсон малын өвчлөл, тэр дундаа гажиг төл зэрэг нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой эсэхийг тогтоох. Тэгвэл дээр дурдсанчлан, уул уурхайтай, уул уурхайгүй, ураны төсөл хэрэгжиж  байгаагаас үл хамааран бүх мал нь шим тэжээл, усны дутагдалд орсноос үүдэж өвдөж байгааг лабораторийн шинжилгээнүүд нотолжээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл болон Айраг сумдын 57 малчин айлын 32 мянга гаруй толгой  хонь, ямаанд эмнэл зүйн үзлэг хийж, Улаанбадрах сумаас 136 малын, Хөвсгөл сумаас 113 малын, Айраг сумаас 118 малын нийт 367 малын цусны 367, ийлдэсний 367 бүгд 734 нэгж дээжийг ашиглан цусны болон биохимийн шинжилгээг  “Анд” клиникийн лабораторид хийлгэж, үр дүнг малчин, мал болон тус бүр дээр 14 үзүүлэлтээр гаргаж, нийт 10686 нэгж анализын дүнд малчин, мал тус бүрээр хэвийн, ихэссэн болон багассан үзүүлэлтээр нь дүн шинжилгээ хийн, дүгнэлт гаргасныг Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршоо онцлов.

Зарим үр дүнгээс дурдъя. Шимэгчээр өвчлөөгүй мал бараг гараагүй байна. Тус гурван сумын малд, ялангуяа хонинд Эймериоз хэмээх эгэл биетнээр үүсгэгддэг төл малын өвчин ихээхэн тархжээ. Энэ өвчний үед ажиглагддаг гэдэсний эмгэг, чацга алдах, цус багадах, турах шинж тэмдгүүд малд илэрсэн байна. "Гурван сумын бүх мал, ялангуяа ямаа борлонд 100 хувь илэрсэн нэг өвчин бол Эймериоз гэж мал чацга алддаг, турж эцдэг өвчлөлийн үүсгэгч илэрсэн. Газар байршил хамаарахгүйгээр илэрсэн энэ үүсгэгч ямар нэгэн байдлаар онош нь тодорхойгүй үхэл, хорогдлын шалтгаан байж болно. Бас нэг онцлох үр дүн бол, хүнд металлын үлдэгдэл ч юм уу, хордлого үүсгэж байгаа бодис аль ч сумаас илрээгүй. Кальц, фосфор гэх мэт зарим нэг микро элементийн илүүдэл, дутагдал байсан. Тэрийг бэлчээр ашиглалтаар тэнцвэржүүлэх, эсвэл малд нэмэгдэл тэжээл, долооц өгөх замаар сэргийлж, хамгаалах боломжтой юм. Түүнээс биш малд өвчин үүсгэж байгаа янз бүрийн хортой, хүнд металлын үлдэгдэл судалгаагаар огт гараагүй" гэдгийг Я.Ганболд профессор тайлбарласан.

Лабораторийн шинжилгээгээр малын кальц багассан үзүүлэлт Улаанбадрах суманд Хөвсгөл, Айраг сумдынхаас хоёр дахин бага илэрсэн байна. Харин Улаанбадрах сумын малын дээжин дэх фосфорын хэмжээ нь нөгөө хоёр сумынхаас хоёр дахин илүү багассан буюу Айраг, Хөвсгөл сумын малд фосфорын хэмжээ 2-3 дахин илүү байжээ. Цайрын хувьд Хөвсгөл болон Айраг суманд илүү их дутагдалтай байсан ба эдгээр үзүүлэлт нь зарим өвчин, эмгэгийн шалтгаан болж байгаа нь нотлогдсон байна.

Дорноговь аймгийн хувьд 2014 онд мөн малын эрүүл мэндийн талаар судалгаа хийхэд бас л өнөөгийнхтэй ойролцоо үр дүн гарсан талаар Монголын Мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар хэлсэн юм. Өнгөрсөн 2022 оны ес, аравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан гэсэн хоёр суманд хийсэн малын эрүүл мэндийн талаарх судалгаагаар мөн л ийм дүр зураг гарсан гэдгийг Я.Ганболд доктор мөн нэмж хэлсэн. Эдгээр хоёр сумын мал мөн тэжээл, усны дутагдалд орж, бодисын солилцоо нь муудсан нь өвчлөх шалтгаан болжээ.

Энэ бүхэн юуг харуулж байна гэвэл уур уурхайн үйл ажиллагаанаас үл хамаараад байгаль, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтолтой холбоотойгоор малын авч байгаа шим тэжээл муудаж, ус нь хүртэл дутагдсанаас эрүүл байх нөхцөл алдагдсаны илрэл бөгөөд зөвхөн Дорноговь гэлтгүй бусад аймагт нь байж болох нөхцөл ажээ. Яагаад гэвэл малд тохиолдож байгаа өвчин эмгэг гэдэг бол гаднаас нь хараад малын эмч ч мэдэхгүй, малчин ч мэдэхгүй, зөвхөн лабораторийн шинжилгээгээр малын биед ямар процесс явагдаж, ямар өвчин үүсэж байгааг илрүүлэх боломжтойг судалгаанд оролцож ажилласан мал эмнэлгийн 18 мэргэжилтэн хэлж байгаа юм.

 

Цаашид яах вэ?

 

Энэ бол зөвхөн Дорноговь аймгийн асуудал биш болохыг дурдсан. Монгол Улс малын тоо толгойг харж, малчдаа дэмжих биш чанарыг эрхэмлэж, цаад утгаараа бэлчээрийн доройтлыг бууруулах шаардлагатайн илрэл юм. Яагаад гэвэл Монгол орны бэлчээр тэр чигтээ тодорхой хэмжээнд доройтсоныг олон улсын судалгаанууд харуулсаар байгаа. Үүнд анхан шатанд орон нутгийн засаг захиргаа санаачилгатай ажиллах учиртай. Малын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, малд зохистой тэжээлийг бэлтгэн хүргэж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд яах аргагүй хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

Нөгөө талд мэдээж малчдын мэдлэг мэдээллийг сайжруулах шаардлага судалгааны үеэр харагджээ. Тухайлбал, Улаанбадрах сумын малчин “Ямар өвчний үед ямар шинж тэмдэг илэрдгийг хэлж өгөх, яаж өвчнийг дардаг, ямар эм тариа хэргэлдэг болохыг хэлж өгвөл сайн байна. Бид уламжлалт аргаараа л мэр сэр эмчилж байгаагаас биш нарийн мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Энэ нь малчдын дунд нийтлэг дүр төрх юм. Өөрөөр хэлбэл, малчид өөрсдөө малынхаа эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээнд хөрөнгө оруулж, суралцах шаардлага үүсээд байгаагийн илрэл билээ.

Уул уурхай хэдийгээр нөлөөлж байгаа нь тогтоогдоогүй ч үйл ажиллагаа явуулж байгаа аймаг орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гаргаж, малын эрүүл мэндийн чиглэлээр малчид, төрийн байгууллагатай хамтран ажиллах нь маш том дэмжлэг болох юм. Тухайлбал, “Бадрах Энержи” компани Улаанбадрах суман дахь уран олборлох Зөөвч-Овоо төслийн үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө ч малын эрүүл мэндийн нөхцөл байдлыг судалгааг 2014 онд анх санаачлан хэрэгжүүлж байсан бол 2017, 2019, 2023 онд гээд төслийн явцтайгаа уялдуулан судалгааг үргэлжлүүлэн хийж, малчдад чиглэсэн мэдээлэл сургалтын үйл ажиллагаа явуулж иржээ. Үүнтэй адил бусад уул уурхайн компаниудын оролцоо маш чухал байна.

Лабораторийн шинжилгээгээр малын кальц багассан үзүүлэлт Улаанбадрах суманд Хөвсгөл, Айраг сумдынхаас хоёр дахин бага илэрсэн байна. Харин Улаанбадрах сумын малын дээжин дэх фосфорын хэмжээ нь нөгөө хоёр сумынхаас хоёр дахин илүү багассан буюу Айраг, Хөвсгөл сумын малд фосфорын хэмжээ 2-3 дахин илүү байжээ. Цайрын хувьд Хөвсгөл болон Айраг суманд илүү их дутагдалтай байсан ба эдгээр үзүүлэлт нь зарим өвчин, эмгэгийн шалтгаан болж байгаа нь нотлогдсон байна.

Дорноговь аймгийн хувьд 2014 онд мөн малын эрүүл мэндийн талаар судалгаа хийхэд бас л өнөөгийнхтэй ойролцоо үр дүн гарсан талаар Монголын Мал эмнэлгүүдийн дундын хоршооны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар хэлсэн юм. Өнгөрсөн 2022 оны ес, аравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан гэсэн хоёр суманд хийсэн малын эрүүл мэндийн талаарх судалгаагаар мөн л ийм дүр зураг гарсан гэдгийг Я.Ганболд доктор мөн нэмж хэлсэн. Эдгээр хоёр сумын мал мөн тэжээл, усны дутагдалд орж, бодисын солилцоо нь муудсан нь өвчлөх шалтгаан болжээ.

 

Ц.Тамир

Медиа аналист, нийтлэлч

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин