Б.Уянга: Хүүхэд онц сурахад хэт анхаарч өөрийгөө нээх боломжийг хааж болохгүй

2024-09-04
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор  хүүхдийн сэтгэл зүйч докторант Б.Уянгыг урилаа. 

 

-Зургаан настай хүүхдийн сэтгэл зүй сургуульд ороход бэлэн болсон байдаг уу?

-Сургуулийн орчин бол нийгэмшил. Хүүхдийн нийгэмшил бол гурваас дөрвөн насанд тавигдаж эхэлдэг. Тиймээс зургаан настай хүүхдийн хувьд сургуульд ороход хангалттай бэлэн болсон гэсэн үг. 4-5 насны үед сурах хүсэл тэмүүлэл нь нээгддэг. Харин энэ үед нь сайн дэмжих хэрэгтэй. Цэцэрлэг бол сургуульд орохын өмнөх бэлтгэл.

Цэцэрлэгийнхээ үүрэг даалгаврыг биелүүлээд, зураг зураад, багшдаа сайн туслах юм бол сургуульд ороод олон сайн зүйлийг сурах болно гэдгийг ойлгуулж, тэмүүлэлд хөтлөх ёстой. Үүнийг хийгээгүй байж бид “Сургууль болоогүй байна, сургуульд заавал ор, ном үз, онц сур” гэх шаардлагыг тавьдаг. Хүүхэд бүр онц сурах шаардлагагүй. Харин өөрийнхөө хэмжээнд, өөрийнхөө онцлогийг нээгээд, зөв байх нь чухал. Хамгийн гол нь сургуулийн орчинд зөв нийгэмшилтэй хүүхэд байх нь чухал юм. Хүмүүс онц сурах л сайн гэж боддог. Гэвч онц гэдэг үгний ард олон зүйл байдаг. Онц сурах нь аав, ээжид таалагддаг. Тэдэнд таалагдахын тулд л онц сурдаг. Хүүхэд өөртөө таалагдахгүй байна. Сургуулийн орчинд өөрийнхөөрөө задарч, олон найз нөхөдтэй болж, ертөнцөө зөвөөр нээх ёстой байдаг. Тэр өөрийгөө нээж, олох замыг онц сурах гэсэн зүйлээр хааж байдаг. Тиймээс сургуулийн орчин гоё, чи өөрийнхөөрөө байгаараа. Онц сурч болно. Гэхдээ боловсролын суурь чухал байдаг учраас “Миний охин, хүү энэ хэдэн жил л хичээчих. Үсгээ сайн тогтоочих. Юмаа сайн хийчих” өдийхөн энэ хугацаанд суугаад хийчих. Тэгээд дараа нь тоглож болно” энэ зүйлийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн анхаарал төвлөрөл 15 минут байдаг. Үүнээс удаан суулгаад “Чи энийг л хийх ёстой” гэсэн байдлаар хандаад ирэхээр хүүхдэд маш залхуутай санагдаж, анхаарал нь бүрэн төвлөрч чадахаа больдог. Эцэг эх та өөрийгөө шинэ ажилд орж байна гэж төсөөлөөд хүүхдэдээ түүнтэй адилаар эвээр сургах хэрэгтэй. Өдөрт 15 минут хийлгээд орхи гэсэн үг биш. Хичээл хийлгэлээ, тоглууллаа ч тодорхой цагийн системтэй явна. Аажимдаа тэрхүү хичээл хийх хугацааг нь минутаар сунгаж дасгана. Учиргүй нэг дор шахаад байж болохгүй. Дөнгөж шинээр ажилд ороход тань хавтас дүүрэн юм авчирч өгөөд “Өнөөдөр бүгдийг нь хийгээрэй” гэвэл чадахгүй шүү дээ. Түүнтэй л адил.

-Хөдөө орон нутгийн хүүхэд эсвэл тодорхой нэг шалтгааны улмаас цэцэрлэгийг алгасаж сургуульд орох тохиолдол байдаг. Тэр хүүхдүүдэд нийгэмшлийн ямар асуудал тулгардаг вэ?

-Хөдөөгийн хүүхэд цэцэрлэгт яваагүй байсан ч өссөн орчиндоо олон хүнтэй харьцаад сурчихсан байдаг. Хотын вакум хүүхдүүдийг бодвол харьцангуй нээлттэй.  Хүн бүртэй чөлөөтэй харьцаад, өөрийгөө илэрхийлчихнэ. Энэ бол хамгийн сайн нийгэмшил. Харин дүрэмд бариулах, дэвтэр цаастай нийлүүлэх гэсэн учир дутагдалтай нэг асуудал тулгардаг. Цэцэрлэгт явах боломжгүй байсан ч сурч боловсрох идэвхжилтийн насан дээр нь эцэг, эхчүүд орчин нөхцөлдөө тааруулаад ганц дэвтэр, харандаа авч өгөөд үсэг үзэх суурийг нь тавих хэрэгтэй. Үүнийг эцэг, эхчүүд хэвшүүлэх нь чухал.

Бусадтай харилцаад, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд сурчихсан, “би” төв өндөртэй, өөртөө итгэлтэй байдал нь  хөдөөгийн хүүхдийн давуу тал. Гэвч нөгөө талаар “би” гэсэн өнцөг давамгайлаад ирэхээр хотын хүүхдүүдтэй ойлголцох харилцаанд асуудал тулгардаг. Өссөн орчин нөхцөлийн хооронд ялгаа үүснэ. Хөдөөгийн  хүүхэд хотод орж ирээд “Би үнэхээр бүдүүлэг, бохир заваан юм уу” гэсэн асуудал үүсэж эхэлдэг. Харин хотын хүүхэд “Би энэ шиг нээлттэй, өөртөө итгэлтэй биш юм байна” гэж харьцуулдаг. Таны хүүхэд ямар ч байж болно. Гэхдээ таны хүүхдийн онцлог онцгой гэсэн үг. Харагдах байдлаар нь биш түүнд байгаа ур чадвараар үнэлэх хамгийн зөв.

-Тоглож байсан хүүхэд гэнэт ширээний ард суугаад хичээл хийхээр олон асуудал тулгардаг. Үүнийг хэрхэн анхаарах вэ?

-Өөрийнхөө мэдэхгүй энэтхэг хэл сурч байна гэж бодоод үзье. Эхлээд үсгээ үзнэ. Зааж буй багшийн захиргаанд байна. Дээрээс нь энэ зүйлийг чадахгүй юм байна, хэцүү юм байна гэсэн бодол төрнө. Тусламж, дэмжлэг хэрэгтэй санагдана. Гэтэл багш нь “Чи яагаад иймхэн зүйл мэдэхгүй байгаа юм” гэж загнавал “Би үнэхээр муу юм байна” хэмээн ойлгож эхэлнэ. Хүн шинэ орчинд очсон ч бай, шинэ зүйл сурч эхэлсэн ч бай “шок” гэсэн зүйлийг хүлээж авдаг. Ингээд тухайн хүүхдийн танин мэдэхүй, тархины хөгжил зэрэг олон асуудал яригддаг. Тэгэхээр энэ бүхний суурь нь  тухайн хүүхдийн онцлог. Анхааралтай сууж, ярилцаж эсвэл тоглож байхдаа ч сурдаг хүүхэд байж болно. Хүүхэд бүрийн сурах арга барил харилцан адилгүй. Хамгийн гол нь тэр хүүхдийг зөв тодорхойлох. Хүнийг муулж, өөлөх маш амархан. Харин онцлог, давуу талыг нь олж ингэж харилцах нь чухал юм байна гэдгийг олж харах нь хэцүү. Гурваас дөрвөн настайд нь хүүхдээ анзаарч, сурах арга барил, нийгэмшил нь ямар байна гэдгийг мэргэжлийн сэтгэл зүйчээр тодорхойлуулах хэрэгтэй. Ингээгүйн улмаас хүүхэдтэйгээ ажиллаж чадахгүй байдаг. Өөрийн хүүхдийн онцлогийг мэдэхгүй нийтийн жишгийг дагаж, энэ дугуйлан, сургалт сайн гэж явуулдаг. Цаана нь эцэг эхийн үнэлэмж л өсдөг. Бусдаас дутахааргүй, бүх зүйлийг сургасан болох гэж оролдоод байгаа юм. Гэвч онцлогт тохирсон ур чадвар эзэмшүүлэхгүй байгаа нь асуудал.

-Өөрийнхөө бага настай, найз нөхдийнхөө хүүхэдтэй харьцуулах үзэгдэл байдаг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Ерөөсөө л эхнэр эсвэл нөхөр чинь таныг бусдын эхнэр, нөхөртэй харьцуулж байгаатай адил. “Би ийм байхад чи яагаад ийм байгаа юм” энэ бол маш онцгүй. Юу вэ, бид хоёр өөр хүн шүү дээ. Хэн нэгний үнэлэмжид тааруулаад, зөвхөн хүртэхүйгээрээ явж байна гэсэн үг. Тэр аав, ээж “Миний хүүхэд ийм гэж” үнэлээд, магтаж ярьж байна. Тэрний хэмжээгээр л сайн. Харин та хүүхдээсээ сайныг нь биш дутагдлын олж харж байна гэдэг асуудал. Тэр ээж таны хүүхдэд атаархжээ гэдгийг яагаад олж харахгүй байгаа юм. Яагаад бусдын хүүхэдтэй өөрийн хүүхдийг жишээд байгаа юм. Энэ бол өөрийгөө доромжилж байгаатай утга нэг гэсэн үг.

-Суурийг нь сайн тавьчихвал учиртай гэж бодоод нэг, хоёрдугаар ангид нь анхаарч байснаа анги дэвших тусам анхаарал буурдаг хандлагатай. Энэ нь хэрхэн нөлөөлдөг вэ?

-Мэдээж энэ байнга тохиолддог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ суурийг сайн тавьчихвал болно гэдэг. Гэвч хүүхдийнхээ онцлогт тохироогүй суурийг эцэг эхчүүд өөртөө тохируулаад тавьчихдаг. Тэр хүүхэд өсвөр, шилжилтийн насан дээрээ очиход зөрчилдөөн гэх зүйл үүсэж эхэлдэг. “Би ийм баймаар байна. Гэхдээ ингээд сурчихсан. Миний сурсан нь буруу харин энэ зөв юм байна” гэж ойлгодог. Энэ үед нь эцэг эхчүүд “Би хүүхэдтэйгээ ойлголцохгүй байна. Бага ангидаа ийм байгаагүй хүүхэд сонин болчихлоо” гэж ярьдаг. Миний хүүхдийн онцлог ийм юм байна гэж хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэлтэй. Ийм л байвал сайн гэдэг нийтийн жишгийг дагаад байдаг нь асуудал. Гуравдугаар ангиас нь том болчихсон юм чинь бие даа. Дүүгээ хар, гэрээ цэвэрлэх зэрэг хичээлийн хажуугаар олон үүрэг даалгавар өгдөг. Яагаад энийг хийхгүй байгаа юм гэх зэргээр хүүхдийг өртэй юм шиг шаарддаг. Гэвч ганц хүүхэд ч биш та, би ялгаагүй хэн нэгэнд өртэй юм шиг, энийг хийхгүй л болохгүй гэдэг үзлээр хандаад эхлэхээр ямар хүсэл сонирхол, сэдэл буурдаг. “Энэ надад хэрэгтэй, хэрвээ хийгээд сурчихвал миний өргөн хүрээний мэдлэг тэлнэ.Хичээлээ хийснээр миний ур чадвар нэмэгдэнэ. Найзуудтайгаа эв зүйгээ олсноор миний нийгэмшил  тогтож эхэлнэ” гэж ярьж, бодож эхэлбэл энэ нь хүүхэд зөв байна гэсэн үг. Гэтэл ийм биш зөвхөн нэг талын мэдлэгийг хөгжүүлдэг. Энэ нь буруу. Мэдлэгийг тэнцвэртэй байдлаар дэмжих хэрэгтэй.

-Өсвөр насанд гэлтгүй бүлгийн харилцаанд орж эхэлсэн цагаас байр суурийн тэмцэл, гадуурхалт гэх зүйл эхэлдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч, багаас нь ойлгуулах вэ?

-Хүүхэд болон бид хэнээс ч илүү, хэнээс ч дутуу биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үе тэнгийн дээрэлхэл “Би чамаас илүү. Би мундаг, баян айлын хүүхэд, онц сурдаг” гэх бодол хэн нэгний доор орохгүй гэх үзлээс эхэлдэг. Би илүү гэсэн байдлаар хандахад нөгөө талд байнга чичлүүлдэг нэгэн бас байдаг. Өөрийгөө дутуу гэж боддог тэр хүүхдийг онилдог. Ээж аав нь “Миний хүү дутуу биш” гэж мянга хэлсэн ч ээж аав нь өөрсдийгөө дутуу гэж үнэлж эхлэхэд хүүхдэд тэр бодол суудаг. Хүн ямар ч амьдралтай хэн ч байж болно. Гэхдээ адилхан хөгжиж байгаа гэдгийн сануул. Эд материалын хувьд хэн нэгэн илүүг эсвэл дутууг өмсөж болно. Гэвч үнэд биш тархинд хөгжил оршдог. 300 мянган төгрөгийн үнэтэй цамц өмссөн хүүхдийн тархи  10 мянгын хувцастай хүүхдийн тархитай ижилхэн байвал энэ хэрэггүй шүү дээ. Харин 10 мянгаар цамц авч өмсөөд 300 мянгынхтай дүйцэх тархитай байвал болж байна гэсэн үг. Би юмыг яаж харж байна. Бусдын давуу тал нь юу вэ гэдгийг олж харах нь чухал. Хүн болохын үндэс хүүхэд. 18 нас хүртэл нь эцэг эхчүүд хүүхдэдээ юуг зааж өгөх ёстой вэ. Сайхан зүйлийг олж харж, аав ээж нь илүү биш, алдаа дутагдал туршлага гэсэн зүйлээ зааж, аюулгүй амьдруулах ёстой. “Хүнд найз нөхөд байдаггүй. Хүн болгон новшийн гэж” зааж өгвөл хүүхэд сургууль дээрээ бусдыг тэгж л харна. Энэ захын зүйл. Үүний бурууг мэдсээр байж үр хүүхэдтэй хэлж өгсөн тэдний буруу. Хүүхдээ зөв хүмүүжүүлмээр байвал найз нөхдийнх нь өгөгдөл дээр ажил. Танай найз ингэж харагдаж байгаа ч угтаа ийм сайн зан чанартай юм байна гэж. Бид хүн бүтээж байгаа. Чи хог юм аа гээд байвал тэр хүүхэд хог шиг л болж өснө. Үр хүүхдээ загнаж зэмлэх явдал гарна. Загнахдаа хүртэл үгээ зөв сонгох нь чухал. Өнөөдөр би чамайг ингэж загнахгүй, ярилцахгүй бол чиний ээж, аав байгаад яах юм. Хожмын өдөр харамсахгүйн тулд хийж байна. Дараа нь чи ухаан суусан үедээ энэ шийтгэлд талархах болно гэж ойлгуулах хэрэгтэй. Шийтгэл хүртэл үнэ цэнтэй байх ёстой.

-Дунд ангид ороход олон хичээл ороод эхлэхээр багш нарын арга барилыг ойлгохоос эхлээд асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн анхаарвал зохистой вэ?

-Олон багшийн янз бүрийн аягт тааруулах гэж их хичээнэ. Энэ нь нэг талын зөв. Нийгэм дээр гарахад түүнээс ч олон хүнтэй таарна. Хүүхдийн хувьд нийгэмшил гэдэг зүйл хол хөндий учраас дунд ангид ороод ирэхээр сургуулиас дөлөх гэдэг асуудал их гардаг. Хичээлдээ биш харилцаанд асуудал байна. Өөрийгөө хамгаалах аргаас урьтаад  нийгэм аюултай гэсэн ойлголтыг суулгачихдаг. Эцэг, эх нь л насан туршид нь хамгаалах юм шиг ойлголт өгчихдөг. Үүнээсээ болоод олон хүний аягт олон аягт таарч чаддаггүй. Тэр багш ч өөрийн онцлогтойг ойлгож түүнд нь дасаж биш нийцэж сурах хэрэгтэй. Мэдрэмжээ зөв хуваалцаж сурах нь чухал. Сургууль дээрээ нийцгүй байдаг хүүхдийн гэрт  хаан мэт дахиад бүх зүйлийн өмнүүр нь хийдэг эсвэл хүүхдээ хүлээн зөвшөөрдөггүй эцэг эх байдаг. Энэ үед хүүхэд зугтах аргыг хамгийн зөв гэж боддог. Тиймээс өөрийгөө нийгмээс тусгаарлаж эхэлдэг. Харилцаа гэдэг зүйл түгжээтэй учир бүгд нийгмээс дөлөөд байна. Ойлгож, ойлголцож чадахгүй байгаа нь асуудал.

-Ахлах ангийн хүүхдэд мэргэжил сонголтоос эхлээд стресс, бухимдал ихтэй байдаг. Үүнийг  хэрхэн анхаарвал зүйтэй вэ?

-Өмнө хэлсэнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ суурийг өөртөө тохируулаад тавьчихдаг. Тэр үед мэргэжил сонголт гэх зүйлийг мартчихдаг. Ирээдүйд хэн болох вэ гэдэг хэтийн төлөвлөгөөг гаргадаггүй. Зүгээр сургуульд орох ёстой. Эхний шатаа давж байж дараагийн алхмыг хийнэ гэж боддог байх. Зорилгогүй алхах нь ямар ч үр дүнгүй. Хүүхэд дөрвөөс таван настайдаа ямар мэргэжилтэй болох талаараа маш сайн боддог. Тэр үеийн мэргэжил хамгийн оновчтой байдаг. Үүнийг өлгөж аваад түүнд тохирсон зорилго тавих хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд зургаадугаар ангиас нь мэргэжил сонголтод нь анхаарч эхэлдэг. Гэхдээ олон хүний ааш авирыг зохицуулах гэж хичээж буй хүүхдэд мэргэжил сонголт залхуутай санагдаж эхэлнэ. Тиймээс бүүр багаас нэг, хоёрдугаар ангиас нь мэргэжил сонголтыг хийх нь зүйтэй. Таны хүүхдийн хэн болох вэ гэдэг сууриа яаж тавьснаас шалтгаалдаг. Сууриа зөв тавина гэдэг тухайн хүүхдийн онцлог, өгөгдөлд чиглэхэд оршино.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7415)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин