Хүүхдүүдэд хүндлэгдсэн гурван үеийн багш

2024-09-02
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

 

Үзэг барьсан турьхан гарт минь 

Үг холбох аргыг заасан

Бага ангийн багшдаа баярлалаа

Балчирхан би чинь бичиж сурлаа... Хүүхэд гэдэг чинь цэвэр тунгалаг,  эрдэнэ юм шүү дээ. Энэ эрдэнийг гялалзуулах уу, гундуулах уу гэдэг нь багш хүнээс ихээхэн шалтгаалдаг хэмээн ярих сумын сургуулийн бага ангийн багшаар 40 жил ажиллаж найман ангид А үсэг зааж олон шавь нартаа эрдмийн жолоо атгуулсан ачит багш Д.Цогзол болон түүний охин Хэнтий аймгийн Биндэр сумын Биеийн тамирын багш Б.Ариунаа, зээ охин Нийслэлийн 48 дугаар сургуулийн Биеийн тамирын багш Б.Энхзул нарыг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа урьж ярилцлаа.

 

“Бага ангийн багшаасаа амьдралынхаа туршид суралцсаар ирсэн”

1965 оны идэр есийн хүйтэнд сумын сургуулийн хөлдүүс болсон шавар байшинд, хөдсөн дээлтэй улаан хацартай, сайртай бор гараар багшийн заасныг хичээнгүйлэн бичих бяцхан шавь нараа эрдмийн их аянд замчилж буй залуухан багш бол Д.Цогзол. Балын харандаа, шоргоолжин үзэг, бэх соруулдаг үзэг, 12 хуудастай бор дэвтэр гээд тухайн үеийн жирийн нэг сурагчийн хичээлийн хэрэгслүүд. Бэх нь байлаа гэхэд бэхийн сав олдохгүй. Дархчууд төмрөөр бэхийн сав урлана. Хорын харандааны голыг зорж найруулаад ягаан бэх “үйлдвэрлэнэ”. Өтгөн найруулбал “алтан” бэх болно. Анх сургуульд хумбан цагаан буюу “86” хэмээх дүрдэг үзэг очиход зөвхөн шагналд олгодог байлаа. Үзгийн иш олдохгүй. Үзгээ харандааны нэг үзүүрт утсаар боож байгаад бичнэ. Машин, мотоциклын бараа суманд ховор тул багш сурагчгүй сургуульдаа мориор ирдэг байжээ. Одоогийн юм юм хөгжсөн энэ үед эргэн харахад дурсгалтай ч шиг.

Д.Цогзол гуай өдгөө 80 насыг элээсэн ч ухаан саруул, бие эрүүл, эрч хүчтэй гялалзаж явна. Тэрээр Хэнтий аймгийн Биндэр сумынхаа бага ангийн багшаар 40 жил ажиллаж найман ангид А үсэг заажээ. Багшийн сургуульд 1965 онд нэг жилийн курсээр багш бэлтгэсэн анхны жил суралцаж төгссөн аж. Түүнд А үсэг заасан бага ангийн багш нь төрөлх нутагтаа сургуулиа төгсөөд очиход багш хүн байх арга ухаанаасаа тасалж өгчээ. А заалгаснаасаа эхлэн амьдралынхаа туршид суралцсаар ирсэн байна.

Тэрээр “Багш хүн хүүхдэд боловсрол олгоод зогсохгүй бүхий л зүйлд үлгэрлэж байдаг. Ёс суртахуун сургаал үгийг иш татаж шавь нартаа захих дуртай. Үг бол хамгийн үнэтэй. Үгээр хүнийг хүмүүжүүлнэ үгүй бол доош нь хийж ч болно. Тиймээс хүнтэй зөв харьцах, үг даах талаар ойлгуулах нь чухал. Хүнд тусалж явбал өөрийн ажил бүтнэ гэсэн зарчим баримталдаг. Бидний үеийн багш нар хүүхдэд нэг ч гэсэн юмыг танин мэдүүлчих юмсан гээд өдөр, шөнөгүй хичээдэг байлаа. Тэр хэрээр шавь нар маань багшийгаа хүндэлдэг. Одоо шавь нартайгаа таарахаар та яг янзаараа байна гэдэг. Янзаараа гэдэг нь юу гэж байгаа юм, би нарт хичээл зааж байх даа ийм хөгшин байсан уу гээд цаашлуулдаг. Хүнийг үгээр өөд нь татна гэдэг сайхан шүү дээ. Би хүнийг ерөөсөө чи гэж дуудаж үзээгүй. Зарим хүмүүс та гээд дуудахаар эвгүй юм аа гэдэг. Хүнийг хүн чанар,  мэргэжлээр хүндэлж буй хэлбэр учир ямар ч хүнийг та гэж дууддаг юм. Хүүхдийн сэтгэлд аливаа үгийн үнэ цэнийг сайн ойлгуулж, хүнийг хүндэлдэг хүн болгох хэрэгтэй. Тухайн үед цэцэрлэг, яслид явдаг хүүхэд ховор байсан тул бүх юмны эхлэлийг бага ангийн багш тавьж өгдөг байсан. Одоогийнх шиг хүүхдэд олон төрлийн хувцас, эд хэрэглэл авч өгдөггүй тоотой хэд л байна. Юм авч өгөх чадалгүйдээ биш шүү дээ. Аливааг ариг гамтай хэрэглэж сурах ухаанд сургаж байсанд утга нь оршино. Сургуулийн хүүхдүүд гал түлэх түлээгээ бэлдэх зэргээр хүүхдийг ахуйн хөдөлмөрт давхар сургах хүмүүжлийн арга байлаа. Том хүүхдүүд нь түлээгээ хөрөөднө, багачууд нь бэлтгэсэн модоо зөөнө” хэмээн хуучилж байлаа.

Тухайн үед багын багшийн орон тоо дутагдалтай учир анхны анги 48 хүүхэдтэй байжээ. Сумын сургуулийн нэг анги 48 хүүхэдтэй байна гэдэг чамлахааргүй тоо. Багшийн журналын дэвтэр 42 шугамтай учир үлдсэн зургаан  сурагчийн нэрсийг бал, шугамаар хүснэгт татаад бичдэг байжээ. Түүний анхны шавь нар одоо 60 нас гарсан хүмүүс өвөө, эмээ нар болжээ. Таарахаараа манай бага ангийн багш биднээс залуу байгаа биз гээд л урам хайрладаг гэнэ. Түүний хувьд таван хүү, таван охинтой өнөр бүлийн эзэн. Түүний хань тээврийн жолооч учир өглөө үүрээр гараад шөнийн бор хоногтоо ирнэ.

 

Байшингаар бол бага ангийн багш суурь нь

Байшингаар бол бага ангийн багшийг суурь нь гэж үздэг. Монголчууд “Багш дор мөргөмү” хэмээн сүсэлдэг билээ. Балчир оюуныг тэтгэж сургасан бага ангийн багшийн олгосон хүмүүжлээр цаашдын амжилтын суурь ухаан болдог гэж хэлэх олон хүн бий.

Д.Цогзол гуай сул сурлагатай хүүхдүүдийг улираахгүй, жигд сайн сургахын төлөө ажилласан. Хүүхдэд зааж буй хичээлээ 40 минутын хугацаанд яаж ойлгуулах, багш нарыг сургалтын өөрийн гэсэн арга барилтай болгох, зааж буй хичээлдээ олон жишээ баримттай байх, бусад хичээл, амьдралтай хэрхэн холбох чиглэлээр тухайн үеийн багш нарыг их шахаж байсан. Багш бүрийг шинжлэх ухааны өргөн хүрээтэй, оюунлаг, ур чадвартай болгож хөгжүүлэх шаардлагатай. Багш өөрөө маш сайн мэдлэгтэй ч хүүхдүүддээ ойлгуулж чадахгүй тохиолдол их гардаг. Тиймээс ур чадварыг нь хөгжүүлэх хамгийн чухал.

Анхны шавь нараа төгсгөчхөөд дараагийн ангиа авах болоход нэгдүгээр багийнхан надад хүүхдээ өгье гээд байх юм. Хөдөөгийн эцэг эхчүүд их чөлөө авдаг үе. Би ч гайгүй ажиллаж байгаа юм байна гэж дотроо бодож байтал ээж маань “Ямар сайндаа чамд өгөх вэ дээ, чамайг зөөлчилж хэд хоногийн чөлөө авч байхад амар гэж байхгүй юу гэсэн”. Дараа нь эцэг эхчүүддээ энэ талаар ярьтал аль алиных нь зөв байна. Таны түрүүчийн анги сайн сурсан болохоор тэгээд ч таньдаг хүндээ хүүхдээ өгчихвөл нээрээ ч хэд хоногийн чөлөө гуйвал хэрэг юм болов уу гээд инээж байсан. Анхны бага ангиа төгсгөчхөөд дунд ангид ороход нь явуулмааргүй санагддаг байлаа. Дассан байдаг учир их хэцүү. Дараагийн ангиа авах жил шөнө нойр хүрэхгүй, өмнөх төгсгөсөн ангийн хүүхдүүд шиг сайн байх болов уу гээд их сэтгэл хөдөлдөг байлаа.

Хүн хийе гээд зүтгэвэл юм бүхэн бэлэн болж. Харин шууд төгсөж ирээд сайн багш болохгүй. 2-3 жилийн дараагаас ямар багш вэ гэдэг нь танигдаж эхэлдэг. Одоо үеийн хүүхдүүдийн ерөнхий мэдлэг маш өргөн болж. Телевиз, компьютер, интернэт гээд үзэж харах зүйл нь их байгаа учраас арга ч үгүй юм” гэв.

 

Аймгийн шилдэг тамирчин гэр бүл

 

Б.Ариунаа айлын зургаа дахь охин. Ээжийнхээ багш мэргэжил, аавынхаа спортын авьяасыг тээж төрсөн учир биеийн тамирын багшийн мэргэжлийг сонгосон аж. Тэрээр хүүхэд байхаасаа бүх л спортоор хичээллэж иржээ.

Тэрээр ярихдаа “2001 онд УБИС-ийн БТДС-ийг төгсөөд төрөлх сургуульдаа номын санч, насан туршийн боловсролын багш, биеийн тамирын багшаар одоог хүртэл ажиллаж байна. Ээж маань насаараа багшилсан болохоор би ээж шигээ олон шавь нартай болж багшийн мэргэжил эзэмшсэн маань бахархалтай. Хүн бүхэн багшаа гэж хүндлэх нь сайхан. Энэхүү хүндэтгэлийг дааж явах бүр сайхан.

Боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшил гэдэг зүйл саланги тусдаа зүйл бол огт биш. “Эрдэмтэй хүн даруу”  гэдэг шиг хүн их зүйл сурч, уншиж судалж, боловсорсныхоо хэрээр мэдлэгийн хүрээ нь тэлж, хүмүүжил төлөвшил сууж байдаг. Спортоор хичээллэснээр хувь хүний хөгжил, бие даах чадвар, хүний үг сонсох, сууж сурах  бүх чадварууд шингэчихсэн байдаг. Хүүхэд багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ, найз нөхдөдөө тусална, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, цаг барьж сурна гэдэг чинь хүмүүжлийн нэг хэлбэр.  Монгол хүүхдүүд сэтгэхүйн хурд сайтай, аливаа спортын төрлийг амархан сурдаг, тэсвэр тэвчээртэй байдаг.  Тиймээс хот, хөдөөдөө хүүхдүүдээ жигд хөгжүүлээд явбал монгол хүүхдүүдэд давуу тал олон бий гэж боддог” гэв.

Н.Буджавын гэр бүлийнхэн аймгийн шилдэг тамирчин гэр бүлээр хоёр удаа шагнагдаж байжээ. Б.Ариунаа “Аав ээж, ах эгч, дүү нар, ах эгчийн хүүхдүүд бүгд спортоор хичээллэдэг. Миний аав Н.Буджав 10 төрөлтийн улсын гурван удаагийн аварга, гар бөмбөгийн мастер, аймгийн начин цолтой хүн бий. Ээж маань сурагч байхдаа анхны сагсан бөмбөгийн баг гаргаж аймгийн 40 жилийн ойгоор аварга болсон гэж ярьдаг. Мөн гүйлт, таван км, 10 км зайнд цанаар багш болсон жилээ зүүн дөрвөн аймгийн бүсийн тэмцээнд нэгдүгээр байр, улсын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байсан” хэмээн онцоллоо.

Бид өвөг дээдэс, өвөө эмээ, аав ээжийнхээ үе удам дамжсан алтан сургаал ариун цагаан хөдөлмөрөөр нь хүмүүжиж, бүгд зон олныхоо хайр хүндэтгэлийг хүртэж ажиллаж, амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд оролцож буй үе үеийн төгсөгчид, одоо ажиллаж буй багш ажилчдадаа

Өглөөний наран адил гэрэлтэж

Өндөр хангайн цэцэг шиг дэлгэрч

Өдөр бүр инээд баясгалантай

Өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг

Өөд өөд нь өргөн дэвшүүлье” гэв.

 

"Ээжийнхээ ачийг мартдаггүйн адил багшийнхаа ачийг мартдаг шавь гэж үгүй"

-Та гурав дахь үеийн багш мэргэжилтэн шүү дээ. Анх хэрхэн багшийн мэргэжлийн сонгосон бэ?

-Миний бие гурав дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. Волейболын спортоор багаасаа хичээллэсэн учир өөрийн сонирхлоо мэргэжлээ болгож сурагчдадаа зааж сургаж, өөрөө хөгжиж байна. Хүнд шинийг зааж сургах, хүндлэгдэж явдаг сайхан мэргэжил тул үргэлж бахархаж, багш мэргэжлийн эзэн болсондоо баяртай байдаг. Эмээ, эгч нар маань багш мэргэжилтэй мөн өвөө маань спортын олон төрлийн авьяастай, олон амжилт гаргаж байсан нь нөлөөлсөн байх. Эгчтэйгээ нэг мэргэжилтэй учир асууж, зөвлөлдөх үе олон. Ээжийнхээ ачийг мартдаггүйн адил багшийнхаа ачийг мартдаг шавь гэж үгүй.

-Спортоор хичээллэх авьяас удамшсан байх?

-Биеийн тамирын боловсрол гэдэг хамгийн чухал боловсрол гэж боддог. Манай ах, дүү төрөл төрөгсөд удмын спортын авьяастай хүмүүс байдаг. Миний хувьд волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй. Үндэсний дээд лигийн “Хобби эйс” багт чөлөөт хамгаалагчаар тоглодог. Миний хувьд волейбол багшаар заалгаж байсан бол бусад спортыг хараад л техник, дүрмийг нь ойлгочихдог тул амархан сурдаг. Волейболын спорт гэдэг багийн тоглолт. Тухайн спортынхоо мөн чанарыг алдагдуулахгүй заачих юм сан гэсэн бодолтой. Багт хамгаалагч, довтлогч холбогч гээд тал бүрийн авьяастай хүмүүс хэрэгтэй. Миний хувьд волейбол багшаар заалгаж байсан бол бусад спортыг хараад техник дүрмийг нь ойлгочихдог тул. Хүмүүст хандаж хэлэхэд спортоор хичээллээрэй. 

-Сурагчид түлхүү биеийн тамирын хичээлдээ сонирхолтой байдаг шүү дээ?

-Биеийн тамирын хичээлийн цаг болоход хүүхдүүдийн нүд нь сэргэдэг. Зарим хүүхдүүд бие тамирын хувцсаа мартаад ирсэн ч цагаан цамтайгаа гүйгээд ороод ирэх нь хөөрхөн.

-Багш болоод шантрах үе гарч байв уу?

-Багшийн дээд сургуульд орсноос хойш багш болох мэргэжилдээ дуртай байсан. Анхны хичээл, анхны жилүүдэд сурах зүйл их байлаа. Дэмий багш болов уу гэж бодох үе харьцангуй бага гарч байсан. Анхны хичээлүүд хэцүү байсан. Шинэ, залуу багш хичээл зааж эхлэхээр шантрах гардаг ч амьдралынхаа туршид суралцдаг мэргэжил бол багш. Орчин үеийн хүүхдүүд техник хэрэгсэл, дэвшилтэт технологи, хүрээлэн буй орчноосоо шалтгаалан огт өөр сэтгэхүйтэй болсон. Ийм үед багш хүүхдийн сонирхлыг татаж, хичээлээ заана гэдэг хүндхэн асуудал болоод байх шиг. Биеийн тамирын хичээл харьцангуй аль ч насны хүүхдүүдийн сонирхдог хичээл. Хүүхдүүдэд багаас нь спортын олон төрлийн хичээлийг таниулж. Насан туршид нь биеийн тамирын соёлын үр суулгаж нэгэн хүмүүжлийг бий болгох нь зорилготой тул шантрах үе төдийлөн бага байдаг.

-Сайн багш гэж хэн бэ?

-Юуны өмнө сайн хүн байх ёстой. Тэгээд мэргэжилдээ хайртай, хүн судлаач, сэтгэл зүйч, шавь нарын хамгийн нууц ертөнц рүү шурган орж, нээж чаддаг хүнийг хэлнэ. Хүүхэд хөдөлж байгаа цагт байнга хөгжиж байдаг гэж боддог. Тиймээс хүүхдийн хөгжиж, хөдөлж байгаа хандлага нь зөв байвал хүүхэд бусдаас хоцрохгүй сурч болдог. Өөрийн мэргэшлээр дамжуулан тухайн хүүхдийн амьдралд эергээр нөлөөлөх дадал хэвшүүлж чадвал энэхүү мэргэжлийг эзэмшсэний үр дүн гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин