Төмөрбаатарын БАТСАЙХАН
Монголчууд бидний “Хөх сувд” хэмээн хүндэтгэн нэрлэж, дээдлэн шүтэж ирсэн Хөвсгөл далай бол манай улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг. 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг экосистемийн онцгой тогтоцтой нуур билээ. Монгол орны нийт гол мөрний арван жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг Хөвсгөл нуур ай савдаа агуулж, ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
Тийм учраас Монголчууд бидний нүдний цөцгийн мэт хайрлан хамгаалж байх ёстой эрдэнэ бол Хөвсгөл далай ээж юм. Хөвсгөл далайг цэвэрлэх ажил маш олон жилийн өмнөөс яригдаж байлаа. Гэвч энэ ажлыг үе үеийн төр засгийн удирдлагууд зориглон барьж авч чадалгүй саяхныг хүрэв. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу дөрвөн жилийн өмнө Хөх сувд хэмээгддэг Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах ажлыг зориглон эхлүүлсэн. Анхандаа амжилттай дуусгаж чадах эсэх нь эргэлзээтэй сонсогдож байсан ч Хөх сувд болсон Хөвсгөл далайгаа цэцэрлэж, экосистемийг нь хамгаалах ажил амжилттай дуусч хаалтын ажиллагаагаа өчигдөр Хөвсгөл далайн хөвөөнөө зохион байгууллаа.
“Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргажээ
Хоёр сая гаруй жилийн настай далай ээжийгээ мөхөөх хэмжээний хортой хог хаягдал буюу 70 орчим тонн шатах, тослох материал Хөвсгөл далайд 100 хүрэхгүй жилийн хугацаанд хаягдаж, живжээ. Хэрэв энэ их хэмжээний аюултай хог хаягдал Хөвсгөл нуурт асгарсан тохиолдолд нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг хүртэл бохирдуулах эрсдэл байсныг эрдэмтэд тогтоосон байдаг. Түүнчлэн нуурын загас, жараахай болон усны бичил организмын 50 хувийг үхэлд хүргэж, улмаар Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэй байв.
Тэгвэл энэ том том эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадлаа. Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан ЗХЖШ, ОБЕГ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, “Геомастер” компанийн хайгуул, судалгааны баг хамтран Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргажээ. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна. Алба хаагчид техник, хэрэгслүүдийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулжээ.
Далайн гүнийг цэвэрлэх хайгуулын ажлыг Геомастер компанийн хайгуул, судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 онд илрүүлсэн цэгийн дагуу Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажил 2023 онд үргэлжилж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7-55 жил болсон нийт долоон объектыг нуурын 33.4-128 метр хүртэлх гүнээс татан гаргасан. Эдгээр автомашинуудаас 47.7 тн бохирдлыг аюулгүй болгосноор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээний буюу буюу 2949 га талбай бохирдуулах эрсдэлээс хамгаалж чаджээ. Харин 2024 онд 35-44 жилийн өмнө нуурт живсэн гурван объектыг 50-171 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж дууссан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана
-Монгол түмний бахархал болсон Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн, татан гаргах ажиллагаа дөрвөн жилийн турш амжилттай явагдаж, өмнөө тавьсан зорилгоо бүрэн дүүрэн биелүүлэн өндөрлөж байгаад Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж байснаа тодхон санаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод нэн тэргүүнд санаачлан хэрэгжүүлсэн ажлын нэг бол Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагаа байсан юм. Бидэнд усны гүнээс хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл татан гаргах туршлага, хүч хэрэгсэл дутмаг байсан хэдий ч тэртээ 1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” анхны хөлөг онгоцыг 2021 онд амжилттай татан гаргасан нь монголчууд бидэнд өөрсдийн хүч, арга техникээр далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах их урам зориг өгсөн билээ. Энэхүү ажиллагааг эхлүүлснээс хойш буюу 2021-2024 онд 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатах тослох материал, аюултай хог хаягдлын хамт татан гаргасныг бахархан тэмдэглэж байна. Өнөөдөр аймаг, орон нутагт хүлээлгэн өгч буй эдгээр далайн ёроолоос татан гаргасан тээврийн хэрэгслүүд нь энэ ажиллагаанд оролцсон бүх хүний хүч хөдөлмөр, гавьяа зүтгэлийг илэрхийлэхийн зэрэгцээ байгаль дэлхий, далай ээжээ хамгаалахын утга учрыг хүн ардад маань үргэлж сануулж байх болтугай. Цаашид эх байгаль, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагад даалгаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Аюулгүй байдал нэгдүгээрт байж ямар нэгэн эндэгдэл, осол гаргалгүй ажиллаж чадлаа
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 332 дугаар тогтоолоор байгалийн үзэсгэлэн цогцолсон Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын бүс нутгийг "Эко аялал, жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэж, энэхүү асуудлыг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгуулан 2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын 117 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг анх байгуулж, 2021 оноос “Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагаа”-г эхлүүлж байсан билээ. Хэдийгээр энэ цаг үед “Ковид-19” халдварт цар тахлын хүнд үе тохиосон ч Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны найм дугаар сард зохион байгуулагдсан анхны төлөвлөлтийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Хөвсгөл нуурт живсэн хамгийн том тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг татан гаргах ажиллагааны талаар хэлэлцэж байсныг тод санаж байна. Энэхүү ажиллагааг гүйцэтгэхэд алба хаагчдын аюулгүй байдал нэгдүгээрт байх аврах ажиллагааны зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд баримталж ажилласнаар ямар нэгэн эндэгдэл, осол гаргалгүй ажиллалаа. Та бүхний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүнд монгол түмний ариун шүтээн болсон Хөвсгөл нуур маань бохирдох эрсдэлээс ангижирч чадлаа.
“Далай ээж”-ээ цэвэрлэх, үүсэж болох эрсдэлээс хамгаалах их үйлсэд нэг баг болж хамтарч ажилласан эрдэмтэн судлаачид, инженерүүд, эрхэм генерал, офицер, ахлагч, албан хаагчид, усчин дайчид, усчин аврагчид нартаа баярлалаа.
Сүхбаатар онгоцыг гарган авах ажиллагаа 36 хоног үргэлжилжээ
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар хөлөг онгоц”-ыг татан гаргахад Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын боломжид тулгуурлан монгол эрдэмтэн, инженерүүдийн арга ухааныг шингээсэн ажиллагааг гүйцэтгэх технологийн картыг боловсруулж, татан гаргах байгууламжийг угсарч энэхүү ажиллагааг гүйцэтгэсэн нь Монгол Улсын хэмжээнд анхны тохиолдол болжээ. Тухайн үед “Сүхбаатар” хөлөг онгоцыг 14 хоногт татан гаргах тооцоог гаргаж байсан боловч бодит байдал дээр байгаль цаг агаарын болон техник тоног төхөөрөмжийн хүндрэлүүд тулгарч, энэ ажиллагаа нийтдээ 36 хоногийн турш үргэлжилсэн хэдий ч Хөвсгөл нуурт живсэн хамгийн том тээврийн хэрэгслийг гаргаж чадсан нь бахархалтай. Шумбагчид усны гүнд олон дахин шумбаж ган татлага троссыг холбох, тайрах, тасрах үед дахин холбох, хөлөг онгоцыг битүүмжлэх, Зэвсэгт хүчний усчин дайчид маань нуурын мандал дээр татлагын байгууламж угсарч, хөвөгч гүүрээр далай дээр оновчтой байрлалыг эзлэх, хүчтэй давалгаатай үед тогтоон барих зэрэг амаргүй үүрэг даалгаврыг эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвар гарган гүйцэтгэжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нуурт живсэн нийт 11 тээврийн хэрэгсэл, түүнд агуулагдаж байсан шатахуун, тос, тосолгооны материал болон бусад аюултай хог хаягдлыг татан гаргаснаар Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулж, экосистемийг хамгаалахаас гадна олон ололт амжилт, туршлага хуримтлуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 168 (7412)