Ой тайгын онцгой хилчид

2024-08-29
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

ХХЕГ-аас жил бүр “Сэтгүүлчид торгон хилд” аяныг зохион байгуулдаг. Энэ удаагийн аяны багийнхан Булган хангайн хоймор нутагт орших Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангийг зорьсон юм. Тус анги мэргэшсэн ахлагч, офицерын бүрэлдэхүүнтэйгээр ой тайгын бүсийг хамгаална. Зундаа намаг шавар ихтэй, өвөлдөө цас их ордог онцлог газар ажээ. Тэд хилээ хамгаалахаас гадна дотоод нөөц бололцоогоо ашиглан хүүхнүүд нь жимс, ногоогоо тарьж бүтэн жил идэх хүнсээ бэлдэнэ. Мөн холоос ирсэн зочдыг өөрсдийн хийсэн нарийн боов, талх, жимсний шүүс, чанамал, амттай хоолоор дайлах нь тэдний ямар их ажилсагийг харуулна. Харин эрчүүд нь шинээр байшин барих, урсгал засвар хийх, хадлан тэжээлээ хадах гээд цаг, нартай уралдаж ажиллана. Хилийн аль ч анги, салбараар орсон биднийг ийм мундаг хүмүүс хамгаалж байгаа гэж бодохоор хилчдээрээ бахархах сэтгэл төрдөг.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд ахлагч нарын эрх зүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагчийн албыг сурталчлах юм. Тиймээс Монгол Улсын баатар, ахмад Самданжамцын Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангид алба хааж буй ахлагч Б.Батпүрэв, Шифрийн албаны дарга, ахмад Х.Булгансүрэн, түүний гэргий тус ангийн Албаны нягтлан бодогч, дэд ахлагч Л.Отгонцэцэг, Хилийн 0240 дүгээр салбарын захирагч Г.Хүслэн, гэргий М.Минжинсор нартай ярилцсан юм.

 

Завгүй ахлагч нар

Б.Батпүрэв

Б.Батпүрэв 2010 онд Б.Цог генералын  нэрэмжит Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн албаа тавдугаар сард хаагаад Булган аймгийн Тэшиг суманд амьдардаг аав дээрээ ирэхэд нь гэрээт хилчин сонгон шалгаруулж байна гэсэн зарын дагуу өргөдөл өгч, шалгалтад тэнцэж гэрээт цэргийн албыг 2011-2013 онд хаасан байна. Ингээд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангид 2011 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэрээт цэргийн алба хаших хугацаандаа тасгийн захирагчийг түрүүч цолтой хаасан ч өөрийн сонирхлын дагуу цааш үргэлжлүүлэн ажиллах санал тавьснаар ахлагчийн үндсэн бүрэлдэхүүнд орж ажиллаад харуулчин, харуулын дарга, жагсаалын даргын албыг хашсан. Хилийн салбарт 12 жил, ангид хоёр жил ажиллаж байна. 2010 оноос хойш марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн, морин үзүүлэх тоглолт, анги байгууллагаа сурталчлах тэмцээн уралдаанд амжилттай оролцохоос гадна хоёр удаа хилийн зөрчил илрүүлсэн. Мөн хил орчмын дэглэмийн зөрчлийг 12 удаа илрүүлсэн. Хилийн цэрэг гэдэг их айлд сэтгэл шулуудаад, зорилго тавиад орсон учраас шантардаггүй гэж байлаа.

Түүний эхнэр Г.Насанжаргал мөн энэ ангид дэд ахлагч цолтой, ахлах холбоочин. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул. Тэд 2013 онд гэр бүл болж, хоёр хүүгийн аав ээж болжээ. Марш тактикийн тэмцээнд олон удаа оролцож байсан. Хил хамгаалах байгууллагын аварга шалгаруулах тэмцээнээс алт, өнгөрсөн хавар зохион байгуулсан бүсийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бүсгүй ажээ. Г.Насанжаргал ээлжийн ажилтай тулдаа гэрийнхээ ажлыг зохицуулдаг гэж байв.

Хадам ээж минь намайг хил дээр авчирч байлаа

Ахмад Х.Булгансүрэн:

-2010 онд хугацаат цэргийн албаа Дотоодын цэргийн 805 дугаар ангид хаагаад Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангид материалаа бүрдүүлж өгснөөр Хилийн 0294 дүгээр салбарт дэд ахлагч цолтой ажил, амьдралын гараагаа эхэлж байлаа. 2011 онд харуулчнаар томилогдоод 2014 онд харуулын даргаар томилогдож Хилийн 0294 дүгээр салбартаа ажилласан. 2009 онд гэр бүлээ батлуулаад хүү, охинтой болсон. 13 жил энэ ангидаа ажиллаж байна. Бид хоёр Монгол эдийн засгийн дээд сургуулийг Гаалийн байцаагч, санхүүч гэсэн хос мэргэжлээр төгссөн. Оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон.

Хилийн цэрэг хүний тэвчээрийг их шалгадаг. Хэр баргийн аавын хүү орж ажилладаг алба биш. Энэ бүгдийн ард миний хоёр сайхан хүүхдийг төрүүлж өсгөсөн миний гэргий байна. Ханьдаа их баярладаг, хайртай шүү гэж хэлье. 2015 онд дэслэгч цолоо аваад ангидаа Шифрийн ахлах офицероор томилогдож албаны дарга хүртлээ ажиллах хугацаанд манай ангийн удирдлага, хамт олон, хань, үр хүүхэд маань тусалж өдий зэрэгтэй, сайн сайхан яваа нь энэ бүгдийн буян юм.

Бид хоёр оюутан цагаасаа үерхсэн. Нэг нэгэндээ хайртай. Хэрвээ хайргүй байсан бол миний хань уулын мухарт намайг дагаж ирэхгүй. 13 жилийн дараа ахлагч болсон байна. Бид хоёр зав чөлөө гарвал ярилцдаг. Бид хоёрын ажлын онцлог өөр. Хань минь албаны нягтлан хийгээд Улаанбаатараас бараа материал татах жишээтэй. Би хил рүү шалгалтаар явахаас эхлээд нэг нэгнийгээ орлодог. Хэн түрүүлж ирсэн нь хоол, цайгаа хийдэг. Нэгнийгээ ойлгож явахгүй бол болохгүй. 

Анх бид хоёрыг ирж байхад салбарын хамт олон сайхан хүлээн авч байсан. Хүний анхны сэтгэгдэл сайхан байдаг. Сургуулиа төгсөөд ирж байхад анхны авч байгаа албан газартаа хоёргүй сэтгэлээр ажиллах хамгийн сайхан. Айл гэрээр ярьвал нөхрийнх нь нэрээр ороод эхнэрийнх нь нэрээр гардаг гэдэг шиг энэ том айл маань тэгж хүлээж авдаг. Тиймээс залуучуудыгаа аль болох дэмжиж, тусалъя гэж ажилладаг. Залуучууд маань хилийн анги, салбарт том дарга болсон ч байнга холбоотой байдаг.

Гэргий, дэд ахлагч Л.Отгонцэцэг:  

-Анх сонсоод их цочирдсон. Хадам ээж минь намайг анх Хилийн 0294 дүгээр салбарт авчирч байлаа. Ирээд уул хад хараад “Яаж амьдарна аа, яах бол, би чадах болов уу” гэж боддог байсан. Тэгээд нөхрөө, хилчдийг хараад хайрлаж, бахархаж байлаа. Нөхрийгөө 10 хоног хил рүү яваад ирэхийг нь хоног тоолон хүлээдэг байсан. Олон сайхан зүйлийг зааж, зөвлөж байсан эгч нараараа бахархаж явдаг. Би 2016 онд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангид анх хүнсний няраваад ажилд орж байсан. Дараа нь суманд цэцэрлэгийн багшаар гурван жил ажиллаж байгаад 2020 онд буцаж хилийн цэрэгтээ ажилласан.

Бид хоёр хүүхдүүдийнхээ дэргэд муудалцдаггүй. Хэрэв муудалцах үе гарвал нэг нь дуугүй болох эсвэл гараад явдаг. Үр хүүхдийнхээ хажууд муудалцах хамгийн буруу. Болж өгвөл хүлээцтэй, тэвчээртэй, хэнийх нь буруу байгааг нухацтай боддог. Асуудал гарвал хоорондоо сайн ярилцдаг.

Охин, хүү хоёр маань Тэшиг сумынхаа сургуульд найм, зургадугаар ангид сурдаг. Манай хоёр хүүхэд багаасаа хилийн цэргээр явсан учраас аав ээж шигээ хилийн цэргийн хүн болно гэдэг. Хүүхдүүд маань бид хоёрыг их дэмждэг. Сургуулийн арга хэмжээнүүд дээр нь очдог. Охин маань цуглуулсан мөнгөөрөө “Шидэт цүнх” аянг жил бүр зохион байгуулдаг. Есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид орж байгаа нэг хүүхдийг сонгоод хичээлийн хэрэгсэл, хувцсыг гэр бүлийнхээ зүгээс өгдөг. Энэ мэтээр бид хүүхдүүдээ дэмжиж ажилладаг. Хүү маань энэ жил зургадугаар ангид орно. Бас нэг арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Хүүхдүүдтэйгээ юу нь болж байгаа, юу нь болохгүй байгааг ярилцана. Миний охин бид хоёрын ар талыг сайн авч явдаг болохоор сэтгэл тайван ажлаа хийдэг гэж байсан юм.

Хайрын хүчээр бүгдийг давж гарсан

“Сэтгүүлчид торгон хилд” багийнхан цааш аяллаа үргэлжлүүлэн тус ангийн Хилийн 0240, 0294 дүгээр салбарын үйл ажиллагаатай танилцсан юм.

Хилийн 0240 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Г.Хүслэн:

-Би 2015 онд Хууль сахиулах их сургуулийг хилийн албаны чиглэлээр орж  2019 онд Хилийн алба, эрхзүйч, ар талын ажилтан мэргэжлээр төгсөөд Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Хилийн 0105 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл, сурталчилгаа хариуцсан орлогчоор томилогдож анх ажлынхаа гарааг эхэлсэн. 2019 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 дугаар ангийн Хилийн 0294, 0300 дугаар салбар, ангийн төвд цэргийн албаны ахлах хийж байгаад 2023 оноос Хилийн 0240 дүгээр салбарт салбарын захирагчааар ажиллаж байна.

Аав маань байлдагчаас дэд хурандаа цолтой болтлоо хилийн цэрэгт ажилласан. Ээж минь бас цэргийн хүн. Аав ээжийгээ дагаад багаасаа хилийн салбарт цэргүүдтэй өсөж, хоолонд хамт ордог байсан. Хилчин хүн гэдэг эх орны торгон шугам дээр зогсоод үүрэг гүйцэтгэх нь бахархууштай зүйл байдаг. Дөрөвдүгээр курст байхдаа эхнэртэйгээ танилцаж байсан. Төгсөөд Дорнод аймгийн Халх гол руу явсан. Манай хүн Дорнодынх. Төвөөр дайраад явахдаа эхнэрийгээ үлдээгээд “За би хилийн салбар руу явлаа. Сүлжээ ч барихгүй, шувуу ч нисэхгүй газар руу явна. Чи намайг дагаад явж чадах уу” гэхэд “Чадна аа” гэсэн. Би ангийн захирагчийн машинд суугаад явсан манай хүн “Зил-131” машинд суугаад ирж байсан. Намайг дагаж яваад баярладаг.  

Гэргий М.Минжинсор:

-2019 оноос хойш нөхөртэйгөө хилийн цэргээр явж байна. Анх ирээд нэлээд гайхдаг байлаа. Оюутан байсан болохоор ирэн очин байсан. Хайрын хүчээр энэ бүгдийг давж гарсан. Хил дээр амьдрахад амар амгалан, цэвэр агаарт, гэр бүлтэйгээ амьдрах сайхан байна. Нөхрийгөө хилийн манаанд яваад ирэхэд нь хүүхэдтэйгээ хоёулаа хоол, цайгаа хийгээд хүлээдэг. Би 2023 онд Сити их сургуулийг хөгжмийн багшаар төгссөн. Хилийн 0240 дүгээр салбарын “Бялзуухай” цэцэрлэгт ахлагч, офицерынхоо хүүхдүүдийг авдаг. 25 хүүхдийн багтаамжтай, 1-5 насны холимог бүлэг. Есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгийн багшаар ажиллах гэж байна. Манай цэцэрлэг мэргэжлийн багш, туслах багш, тогоочтой болохоор хилчид маань санаа амар албаа хаших боломжтой гэж байв.    

Ийнхүү ой тайгын бүсээс хийсэн аялал маань өндөрлөж хил, хилчид, тэдний ар талыг найдвартай хамгаалдаг гэргий, үр хүүхдүүдийн талаар бага ч гэсэн мэдээллийг эрхэм уншигчиддаа хүргэхийг хичээлээ.

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 дүгээр салбарт дөрвөн айлын орон сууцанд урсгал засвар хийж ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Хилийн 0240 дүгээр салбарын “Бялзуухай” цэцэрлэгт ахлагч, офицерынхоо хүүхдүүдийг авдаг. 25 хүүхдийн багтаамжтай, 1-5 насны холимог бүлэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин