Баатарын НЯМСҮРЭН
Бөхийн ээж цайлган сэтгэлтэй, гэгээн үйлстэй. Учир нь аз хийморийн дээд болсон бөхийг цагаан сүүгээрээ ундаалж, цайлган сэтгэлээрээ хүмүүжүүлсэн. Мөн хүүгээ барилдахад нь дэмжиж, сүслэн залбирдаг нь ээжүүд. Тэднийг Алтай нутгийн авьяаслаг яруу найрагч М.Билэгсайхан
“Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай
Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай
Бөх хүний ээжийн үг нь хүртэл учиртай
Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй” хэмээн бичсэн байдаг.
“Зууны мэдээ” сонин энэ цаг үед хүчтэний торгон дэвжээнд урамтай сайхан барилдаж түмэн олноо цэнгүүлж буй Дархан аварга Н.Батсуурь, Улсын начин Б.Түвшинтөгс, Аймгийн арслан Х.Наранбаяр, Аймгийн арслан Г.Цоггэрэл нарын ээжтэй ярилцлаа.
Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга Н.Батсуурийн ээж Д.Баянхүү: Том цолонд хүрсэн нь түмэн олны минь буян
-Наадмын өглөө хүүгээ сайн барилдаасай гэж залбираад цайны дээжээ өргөдөг. Ихэвчлэн барилдааныг нь зурагтаар үзэж дэмждэг дээ. Хүү минь бөхдөө хайртай Монгол түмнээ төдийгүй, биднийгээ дайчин барилдаанаараа баярлуулдаг. Энэ жил урамтай сайхан барилдаж дархан аварга цолны эзэн болсон. Манай гэр бүл болон хамаатнууд, түмэн олноо баярлуулж чадлаа. Том цолонд хүрсэн нь түмэн олны минь буян. Амжилтаар нь бахархахгүй байхын аргагүй. Барилдаан бүр нь үнэ цэнтэй. Миний хамгийн их баярласан үе гэвэл 2014 он. Тухайн үед бид гадаадад байж таарсан. Хүү минь төрийн наадамдаа түрүүлж улсын арслан цолоор амжилтаа ахиулахад нь их баярласан. Олон жилийн турш тууштай бэлтгэл хийж түмэн олноо уран барилдаанаараа цэнгүүлэх нь бахархалтай. Үнэн шударгаар хүч үзэж байгааг нь харах сайхан. Удмын амжилтаа үргэлжлүүлэхдээ төрийн наадамдаа дөрвөн удаа түрүүллээ. Аварга хүү минь багаасаа л ааваасаа үлгэр дуурайлал авч спортод дурласан. Тиймээс цэцэрлэгт байхдаа зодог шуудагтай болоод барилдаж эхэлсэн. Хүү маань хоёр эгчтэй. Тэд дүүгээ "Том цолтой бөх болно" гэж ихэд бэлгэшээж, ярьдаг байсан нь биеллээ олсон. Бид хүүгээ үргэлж дэмждэг, бэлтгэлдээ анхаараасай гэж боддог. Чадах зүйлээрээ үргэлж туслахыг хичээдэг. Цаашид өөрөө амжилттай барилдахаас гадна шавь нарынхаа бэлтгэлд анхаарна гэдэгт итгэлтэй байна.
Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн арслан Г.Цоггэрэлийн ээж Ө.Урнаа: Хүүгийнхээ барилдааныг үзэх дуртай
-Манайх хөдөөний айл учраас хүүгийнхээ барилдаж байгаа наадмыг үзэх нь ховор. Бөхийн өргөөнд барилдахад нь телевизээр үзнэ. Хүүгийнхээ барилдаанаас эрч хүч авдаг. Бөхийн ээж байхын сайхан нь хүүгийнхээ туг тойрохыг харах.
Г.Цоггэрэл маань аавынхаа талаас бөхийн удамтай. Авга ах нь аймгийн начин н.Ням-Очир гэж залуу бий. Хүү маань ахаасаа үлгэр дуурайлал авдаг. Начин дүү Г.Цоггэрэлийг бөх болох эхлэлийг тавьж өгсөн. Уралдаанд тэмцээнд явахад зааж, зөвлөнө. Зарим үед урам өгч, хааяа шүүмжилж хурцалдаг.
Хүү минь гэр бүлээ гэсэн сэтгэлтэй. Завтай үедээ нутагтаа аав ээж дээрээ ирж тусалдаг. Багаасаа бөх болох сонирхолтой байсан. Үеийнхээ хүүхдүүдтэй ноцолдож өссөн. Дунд сургуульд байхдаа аймаг руу тэмцээнд явна. Нэг хэсэг аймагт суралцахдаа н.Батбаяр багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж байсан. Манай гэр бүлийн хувьд үе үеийн багш нарт нь талархаж явдаг. Тамирчны ард олон хүний тус дэм бий. Үүний ачаар амжилт гаргадаг. Тиймээс хүсэл сонирхлыг нэгт тавьж, дэмждэг. Хүү минь сахилга баттай байж, багагүй хугацаанд хөдөлмөрлөж аймгийн арслан цол хүртлээ. Арслан болоход нь нөхөр бид хоёр утсаар баярын сэтгэгдлийг нь хуваалцсан. Шинэ цолтой нутагтаа ирэхэд бид бүхэн хөл хөөр дүүрэн угтсан. Энэ жил улсын наадамд зодоглож гурав давсан. Хоёрын даваанд Р.Пүрэвдагва арслантай таарахад нь сандарсан. Хүү минь хүчтэй арслангаар даваагаа ахиулж чадсан. Харин дөрвийн даваанд Н.Батсуурь аваргатай таарч тахим буулгасан. Хүүгээ сайн барилдсан гэж бодож байгаа. Залуу насандаа сайтар хөдөлмөрлөж, түмний хүндлэлийг дааж яваасай гэж хүсдэг. Унасан ч давсан ч нэг зангаараа байх чухал. Мөн ахмад бөхчүүд болон дүү нараа хүндэлж олонтой явахыг зөвлөдөг.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгсийн ээж А.Хишигбаяр:Манай гэр бүл үндэсний бөхөө дээдэлдэг
-Манай гэр бүл бөхөө их дээдэлдэг. Аав маань аймгийн заан цолтой хүн байсан. Хүүгийн минь барилдааны онцлог, гараа дэвээ, бие галбир нь өвөөтэйгөө төстэй. Би оюутан байхдаа ээж болсон учраас Б.Түвшинтөгс маань эмээ өвөө дээрээ өссөн. Миний хувьд бөх үзэх дуртай болохоор аавын барилдааныг үздэг байсан. Мөн цагаан сарын барилдааныг аавтайгаа хамт зурагтаар үзнэ. Б.Бат-Эрдэнэ аваргын барилдаанд нь их дуртай. Бөхөд дуртай учраас хүүгээ бөх болоосой гэж битүүхэндээ боддог байсан. Манай дүү нар бөхийн спортоор хичээллэдэг. Хүүгээ нэгдүгээр ангид ороход нь дүү нартаа хандаж “Түвшинтөгсийг бөхийн бэлтгэлд явуулмаар байна” гэж хэлсэн. Тэд маань “Одоохондоо арай жаахан байна. Том болохоор нь барилдуулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Хүү минь долоодугаар ангид байхдаа бөхийн спортод дурлаж найзтайгаа бэлтгэлд явж эхэлсэн. Анхны цолоо одоогоос 10 жилийн өмнө Архангай аймгийн Батцэнгэл сумын 90 жилийн ойгоор хүртсэн. Дараа жил нь Булган аймгийнхаа Хишиг-Өндөр сум буюу төрсөн нутгийнхаа наадамд барилдаж заан цолоо баталсан. Заан цол хүртсэн, цолоо баталсан наадмыг нь дэргэдээс нь үзсэн. Өвөө эмээ нь хүүгээрээ ихэд бахархаж, урам өгсөн. Мөн 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд амжилттай барилдаж улсын цол авах үед магнайгаа тэнийтэл баярласан. Учир нь хүү маань арван жилийн сургуулиа төгсөхдөө АШУИС-д сурах, бөхийн замналаа үргэлжлүүлэх гэсэн хоёр сонголттой тулсан. Дунд сургуулиасаа химийн сонгонд сурсан учраас ЭЕШ өгөхдөө анагаахад тэнцсэн. Гэр бүлээрээ ярилцахад хүү маань “Би анагаахад сурвал хичээл ихтэй учраас бэлтгэлээ хийж амжихгүй” гэж хэлсэн. Хүүгээ өөрөө сонголтоо хийхийг зөвлөхөд бөхөө сонгож байлаа. Ингээд “Аварга” дээд сургуульд суралцсан. Сонгосон замынхаа үр дүнг гаргахгүй, улсын цол хүртэж чадахгүй байх вий гэсэн айдас надад байсан. Аймгийн заанаас улсын наадамдаа тав даваад туг тойроход нь бахархсан. Ээж хүний хувьд хүүгийн минь сонголт зөв байжээ гэсэн бодол төрж билээ. Олон аавын хүү барилдаж байгаа ч бүгд улсын цолонд хүрдэггүй. Тэднээс онцгойрч улсын цолонд хүрнэ гэдэг хувь заяа. Хүүгийн минь тууштай байсны шагнал улсын начин цол болж ирсэн гэж бэлгэшээдэг. Начин болоход нь гэртээ телевизээр наадмаа үзсэн. Барилдааныг нь үзэх амаргүй, өмнөөс нь сандарна. Тиймдээ ч давахад нь хамт давж, унахад нь сэтгэл зүйг нь засахыг хичээдэг. Хүүтэйгээ хамт суугаад тэр бөхтэй барилдахдаа тийм мэх хийсэн гээд ярилцдаг.
Хүү маань одоогоор гэр бүл зохиож амжаагүй байгаа. Тиймээс би бүх зүйлд нь санаа тавьдаг. Даруу, дөлгөөн зантай. Гэр бүлээ болон ах, дүүсийнхээ зөвлөгөөг сонсдог, зөв төлөвшилтэй. Бага байхдаа тэмцээнд ороод ялагдаад гэртээ ирээд бүтэн өдрийн турш өрөөнөөсөө гарахгүй барилдааны бичлэгээ ухрааж үздэг байсан. Одоо ч барилдааны бичлэгээ үзэж алдаа, оноогоо дүгнэдэг. Би хүүдээ хандаж “Хүн унаж байж суралцана. Өвдөг шороодох тоотой. Унавал тоо нь багасаж байгаа. Хүн алдаа гаргаад барилдаанаа өндөрлүүлдэг учраас туршлага хуримтлуулдаг” гэж захидаг. Хүүгээс минь бэртэл гэмтэл хол байгаасай гэж залбирч явдаг даа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаярын ээж Ц.Болдмаа: Бөхийн ээж байх нь их хувь заяа
-Бөхийн ээж байх нь их хувь заяа. Хүүгийнхээ барилдаан бүрийг алгасалгүй үздэг. Гэхдээ барилдааныг нь үзэхээр өмнөөс нь сандрах нь бий. Бид орон нутагт амьдардаг учраас тэр бүр хот орж заал танхимын барилдааныг нь үзэж амждаггүй. Харин аймагтаа болон орон нутагт ирж барилдахад нь барилдааныг үздэг. Нэг хэсэг наадмаар аймагтаа зодоглоход нь нөхөр бид хоёр хоол цайг нь бэлдээд дагаад явдаг байсан. Сүүлийн жилүүдэд наадмаа үзээд дэмжиж байна. Хадам аав барилддаг байсан. Гэр бүлийн хүн маань бөхөд дуртай. Тиймээс хүүгээ бөх болохыг нь дэмжсэн.
Манайх хоёр хүүтэй. Х.Наранбаяр бага хүү минь байгаа юм. Хүн чанартай, ёс зүйтэй байхыг сургасан. Бага байхдаа их бүтээлч, өрөвч зантай хүүхэд байсан. Одоо ч энэ зан нь хэвээрээ. Том хүү одоогоор Солонгост амьдардаг. Х.Наранбаяр маань үндэсний бөхөөр барилдахаасаа өмнө сүмогийн бэлтгэлд хамрагдсан. Япон руу хэд хэдэн удаа явж бэлтгэл хийж, тэмцээнд оролцсон. Одоог хүртэл сүмогийн спортоо орхиогүй. Манай гэр бүл арслан хүүгээ их дэмждэг. Энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлж цэргийн заан цолноос аймгийн арслан боллоо. Наадмын бэлтгэлээ базааж байхдаа багштайгаа ярилцаад Налайх руу барилдахаар явсан юм билээ. Амжилттай барилдаж түрүүлсэн гэсэн мэдээг сонсоод хүүгээрээ бахархаж, баярласан. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд улсын цолонд хүрнэ гэдэгт нь эргэлздэггүй. Төрж, өссөн нутаг, аавынхаа нэрийг өндөрт өргөнө гэж хардаг. Манай хоёр талын хамаатнууд, нутгийн зон олон маань Х.Наранбаяртаа итгэл хүлээлгэдэг. Тиймээс олны итгэлийг зүтгэлээр хариулаарай гэж хүүдээ захья.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)