Шивээс хийлгэснээр хүссэн даашинзаа өмсөж чаддаг болсон

2024-08-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хүмүүсийн бие дээр орших шивээс бүр өөр өөр дурсамж, түүхтэй байдаг. Тодруулбал, өөрийн баяр жаргалтай мөчөө мөнхлөх, үгүй болсон нэгнийг дурсах эсвэл хэн нэгний сул талыг нууж, өөртөө итгэх итгэл нэмсэн нь элбэг. Нэг үгээр шивээс нь хүний хүслийг биелүүлдэг гэлтэй. Гэвч урлаг болтлоо хөгжсөн шивээсийг ойлгохгүй, шивээстэй хүнийг муу хүн мэтээр төсөөлдөг хэвээр байгаа юм. Тиймээс бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа түлэгдэлтээс үүдсэн сорвио дарахаар шивээс хийлгэсэн ч үүнээсээ болж доромжлуулах болсон Г.Тунгалагийг онцолж байна. 

 

Хүүхэд байхдаа гурван удаа түлэгдэж мөрөөдлөө орхижээ

 

Г.Тунгалаг 1988 онд Архангай аймгийн Их тамир суманд н.Ганзоригийн ууган охин болон мэндэлжээ. Түүнийг нэг хоногтой байхад нь н.Ганзоригийнх Дархан хот руу нүүжээ. Туулах амьдрал нь тунгалаг ус шиг гэгээн байгаасай хэмээн хүсэж аав нь охиноо Тунгалаг гэж нэрлэжээ. Гэвч туулах зам нь нэр шигээ тунгалаг байсангүй. Тухайлбал, Г.Тунгалаг хүүхэд байхдаа гурван удаа түлэгджээ. Энэ тухайгаа “Би гурван сартай байхдаа хатгаа авч Дарханы эмнэлэгт хэвтсэн байгаа юм. Энэ үед Дарханы эмнэлэгт ОХУ-аас шарлагын аппарат ирээд удаагүй байсан гэдэг. Тус аппаратаар шарвал хатгаа нь хурдан эдгэдэг. Тиймээс хүүхдэд чинь шарлага хийнэ гэж эмч ээжид минь хэлжээ. Эмчийн зөвлөгөөгөөр өлгийний гадна талаас шарлагын аппаратаар шарсан бөгөөд шарлагын явцад би нуруугаараа хотойгоод уйлаад байж. Ээж маань эмчид “Хүүхэд маань уйлаад байна. Шарлагаа болих уу” гэхэд эмч “Зүгээр ээ. Хүүхдүүд ингэж уйлдаг юм” гэсэн гэдэг. Удалгүй шарлагын аппаратын залгуур буудаж, ээж маань өлгийг маань задлаад үзтэл өлгийтэй хамт нуруу минь түлэгдсэн байсан гэсэн. Хэрэв дахиад жаахан удсан бол түлэгдэлт уушгинд хүрч амь эрдэх нөхцөл үүссэн байсан гэж ээж минь ярьдаг. Эмчийн буруутай үйлдлээс болж нуруун дээрээ атиралдсан зузаан сорвитой болсон минь энэ” гэсэн юм.

Г.Тунгалаг загвар өмсөгч болох мөрөөдөлтэй охин байжээ. Долоодугаар ангид орох зунаа байрныхаа найзынд тоглохлоор очихдоо өөрийн мөрөөдлөө орхих юм гэж даанч төсөөлөөгүй байх. Энэ талаар тэрээр “Долоодугаар ангид орох зун байрныхаа найзынд тоглохоор очсон. Өдөр найзын маань эгч будаатай цай чанах гэж байхдаа будаагаа асгачихсан. Найз бид хоёр будааг нь түүгээд сууж байтал халуун сав руугаа буцалсан хар цай тогоогоор нь хөнтрөх гэж байгаад бариулаа алдаад миний дээр асгачихсан. Сандарсандаа би биед наалдсан цамцаа тайлахдаа арьсаа хуулчихсан. Үүнээс үүдэж баруун тал болон энгэр, цээж хөл маань тэр чигтээ сорвитой болсон” гэсэн юм.  Харин үүний дараа аравдугаар ангид байхдаа халуун тогоотой ус өөр лүүгээ асгаж гуяа түлжээ. Дараа жил нь Г.Тунгалаг оюутан болох ёстой байсан бөгөөд түлэнхийн сорвиосоо болж загвар өмсөгч биш ШУТИС-д элсжээ. Учир нь загвар өмсөгч болоход хэд хэдэн чухал шалгуур бий.Үүний нэг нь бие дээрээ шивээс болон сорвигүй байх. Г.Тунгалагт өндөр бие, тэгшхэн хөл, хөөрхөн зүс, царай заяасан ч түүнийг галын бурхан тойрсонгүй. Тиймээс тэрээр загвар өмсөгч болох мөрөөдлөө орхиж 2006 онд ШУТИС-ийн Хүний нөөцийн удирдлага мэргэжлээр суралцжээ. Харин түүний мөрөөдөл нь бусад охид шиг даашинз, майк, шорт өмсөх нь болжээ.

 

Сорвийг нь харсан хүмүүс түүнээс жийрхдэг байсан учир шивээс хийлгэхээр болжээ

 

Тэрээр дандаа гүн түлэгдэлтэд өртөж байсан учир ягаан сорвитой болж үлджээ. Харин түүний сорвийг харсан хүмүүс жийрхэж, гайхаж, зарим нь бүр айдаг байсан гэдэг. Тиймээс тэрээр оюутан байхаасаа шивээс хийлгэж эхэлжээ. Энэ талаар Г.Тунгалаг “Би шивээсэнд дургүй. Гэвч зөвхөн гараа гаргасан хувцас өмсөхөд эсвэл санаандгүй харсан хүүхдүүд миний сорвиноос жийрхэж, эвгүй хардаг байсан. Арьсаа солиулж чадахгүйгээс хойш сорвио шивээсээр дарахаас өөр арга байгаагүй. Анхны шивээсээ далан дээрээ үзгэн балны тосоор шивээс хийлгэж байсан” гэсэн юм. Харин сургуулиа төгсөөд үйлдвэрт ажилладаг байсан учир битүү хувцас өмсдөг байжээ. Тиймээс шивээсээ бага багаар хийлгэж байсан аж. Ингэж явсаар зөвхөн сорвио дарахын тулд найман шивээс хийлгэсэн байна. 

 

Нэг шивээс хийлгэхийн тулд 24 цаг унтаагүй

 

Шивээс хийлгэх нь маш их тэсвэр, тэвчээр шаарддаг. Орчин үед өвчин намдаах тос зэргийг ашигладаг болсон ч том шивээс хийлгэхэд эдгээр нь үйлчилдэггүй байна. Г.Тунгалаг нурууны шивээсээ янзлуулахдаа 24 цагийг зарцуулж байжээ.

Энэ тухайгаа “Шивээсний загвар болон өнгө төрх цаг минутаар өөрчлөгдөж, сайжирч байна. Оюутан байхдаа чанаргүй, муу шивээс хийлгэсэн учир шивээс хувьсаж өөрчлөгдөх болгонд нь засаж, янзлуулдаг. Биеийнхээ бүх сорвийг дарахын тулд найман жилийг зарцуулсан. Хамгийн удаан хийлгэсэн нь нурууны шивээс. Бүтэн 24 цаг суусан. Сүүлдээ шивээсчин маань ядраад, арьс маань будаг авахаа болиод зогсоож байсан. Мөн би шивээс хийлгэхдээ өвчин намдаагч ашигладаггүй” гэсэн юм.

 

10 жил мөрөөдсөн задгай хувцсаа өмссөн ч хүмүүс түүнийг муухай үгээр хэлэх болжээ

 

Г.Тунгалаг цамц, өмднөөс өөрийг өмсөлгүй 20 гаруй жил болжээ. Харин өөрийн дуртай хувцас болох даашинз, майк зэргийг өмсөөд гурван жил болж байгаа аж. Гэвч энэ хугацаанд түүнийг хүмүүс шоронд сууж байгаад гарч ирсэн юм уу, ямар балиар эмэгтэй вэ, хулгиан, явдалтай хүүхэн, биеэ үнэлэгч шиг гэх зэргээр хараах болжээ. Үүнээс үүдэж яах гэж шивээс хийлгэв дээ. Сорвитойгоо байж байх минь яав даа гэж харамсаж байсан гэсэн юм. Энэ талаар тэрээр “Оюутан байхад ангийн хүүхдүүд шивээсийг маань сонирхож, шохоорхож хардаг байсан. Харин сүүлийн гурван жил яах гэж шивээс хийлгэв дээ гэж харамсах болсон. Учир нь би гурван жилийн өмнөөс фм-88.3-т ажилд орсон. Манай фм нь дүрстэйгээр гардаг. Тиймээс үзэгчдээ хүндлээд даашинз зэрэг эмэгтэйлэг хувцас өмсөх болсон. Гэтэл хүмүүс энэ хөтлөгч эмэгтэй чинь шоронд сууж байгаад гарч ирсэн юм уу, Ямар сэжгийн юм бэ. Хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна,  Өмнө нь биеэ үнэлдэг байсан юм уу, Явдалтай байсан учраас ийм их шивээстэй байгаа гэх зэргээр сэтгэгдэл үлдээх болсон. Гэвч эдгээр хүмүүсийн хэн нь ч намайг ямар учраас шивээс хийлгэснийг мэдэхгүй шүү дээ. Зөвхөн шивээс хийлгэснийхээ төлөө үхмээр санагдталаа доромжлуулж байна. Гэхдээ ихэвчлэн эрэгтэй хүмүүс ингэж хэлдэг” гэсэн юм.

Сүүлийн үед шивээс нь урлаг болсон. Тэр ч бүү хэл шивээсгүй залуучууд ховор болж байгаа. Тэгвэл хүн бүрийн шивээс ямар нэгэн утга учиртай. Түүний дундаас анзаараад үзвэл бидний болон таны хүрээлэл дунд сорвио даруулж шивээс хийлгэсэн хүмүүс их байдаг шүү дээ. Тиймээс шивээстэй хүнийг шоронд орсон эсвэл явдалтай гэж боддог хэвшмэл ойлголтоо өөрчилцгөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

1 цаг 36 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

14 цаг 32 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

14 цаг 32 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

14 цаг 32 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин