Яаралтай горимоор батлах ёсгүй VS томоохон төслүүдийг хөдөлгөх ёстой

2024-08-26
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Доржийн ОЮУНЧИМЭГ

 

2024 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарсан тул УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлахаар зэхэж буй. Энэ бол албаны тайлбар. Харин эдийн засагчид, судлаачид өөрөөр харж буй юм. Тиймээс “Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб”-ээс ээлжит хэлэлцүүлэгээр төсвийн тодотгол тойрсон асуудлаар талуудын байр суурийг хүргэлээ. Хэлэлцүүлэгт Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, хараат бус эдийн засагчид, Эдийн засгийн клубын гишүүн сэтгүүлчид оролцсон юм.

Төсвийн тодотгол тойрсон нэлээд асуудал хөндөгдөж байна. Төсвийн зарлагыг гурван их наядаар тэлэх нь хэр оновчтой вэ. Орлогын эх үүсвэр нь хаанаас байх вэ. Өрийн тааз, Үндэсний аюулгүй байдал, хараат байдал гээд маш олон асуудлын талаар янз бүрийн байр суурь гарч байна. Ялангуяа энэ удаагийн тодотгол эдийн засагт ямар үр нөлөө авчрах вэ гэдэгт хариулт хэрэгтэй. Хэдийгээр бүтээн байгуулалт хийх нь зайлшгүй ч эдийн засгийн ачаалал, зээлжих зэрэглэл эцсийн дүндээ хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг чухал асуудал. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг тоймлон хүргэе.

 

-Зардлаа нэмээд оруулаад ирэхээр энэ гурван их наядыг хаанаас төвлөрүүлэх вэ. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ. Зээл тусламжаас санхүүжүүлэх бол Монгол Улсын өрийн тааз хаана явааг тодруулж өгөөч?

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонор:

-Өрийн тааз буюу төсвийн тусгай шаардлагад өрийг өнөөгийн үнэ цэнээр, 60 хувиар тооцож байгаа. Нэгдүгээрт, өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцох нь бага орлоготой орнуудын хэрэглэдэг арга. Дэлхийн банкны аргачлалаар манай улс хөгжиж буй орон гэж тооцогдож эхэлсэн учраас гадаад өрийг нэрлэсэн үнээр тооцдог болно. Ингэснээр Засгийн газрын авах өрийн хэмжээ буурна. Өрийн таазыг огт тэлээгүй. Гадаад зээлийн төлбөрт энэ жилдээ нэг их наядыг ирэх жил 1.5 их наядыг төлөх хуваарьтай байгаа. Мөн гаднаас бонд босгох ямар нэгэн төлөвлөгөө энэ жилийн төсөвт байхгүй.

Түүнээс гадна урсгал зардал гээд байгаа нэг их наядыг задалбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөв, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, “Солонго 1” хороолол, 10 аймгийн дулааны цахилгаан станц гэх мэт Энэтхэгийн Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкнаас эх үүсвэр нь суучихсан зээлүүд байгаа юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бусаар ажиллаарай” гээд УИХ дарга энэ оны нэгдүгээр сард бидэнд үүрэг өгч байлаа. Бид хараат бусаар ажиллаж, 2024 оны төсвийн тодотголд саналаа өгсөн. Хөгжлийн бодлогоо бид 2020 онд баталчихсан. Эрчим хүч, боомт гээд ... Гэтэл бид төсвөө ярихдаа хөгжлийн бодлогоо хамт оруулж ирээд байна. Угтаа бол таван жилийн үндсэн чиглэлдээ тусгаад, дэс дарааллаараа явах ёстой. Дунд хугацааны хөгжлийн бодлогоо тусгах ёстой. Учир нь эрчим хүчний станцыг нэг жилд барихгүй. Мөн тодотголыг ердийн горимоор хэлэлцэж, иргэд, олон нийт, судлаачдаараа хэлэлцүүлэх ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хүртэл төсвийн тодотголыг өргөн барьсны дараа олж авсан. Тэгэхээр парламентын шинэ гишүүд 14 хоногт хоёр том боть төсвийн төслийг уншиж, ойлгож амжихгүй.

Түүнээс гадна гадаад зээлийн ашиглалт, менежментийг нь сайн харах, хянах хэрэгтэй. Шинэ нисэх буудал гэхэд Японы тал терминалаа барьчихсан. Гэтэл түүнээс хойш гурван жилд нисэх явах зам, ангаар барих гэх мэт манай тал хариуцсан ажлаа хоцроосон. Энэ нь төслийг үр ашиггүй болгосон. Төсөл дуусаагүй байхад өрөө төлж эхэлнэ гэдэг оновчгүй.

Мөн зээл авчихаад, төсөл нь эхэлдэггүй. “Оюутолгой” яг ингэж байсан. “Сайншанд” бас адилхан. Анхны ярьсан хувилбараараа бол өнөөдөр бид дотоодын шатахуунаа хэрэглэж байх ёстой. Гэтэл зээл нь гарчихсан байтал төсөл нь дуусдаггүй. Энэ нь бидний зээлсэн мөнгийг илүү үнэтэй болгоод байгаа юм.

Эдийн засагч Б.Лакшми:

-Эдийн засгийн идэвх буурдаг үе буюу намар төсвөө тодотгон, зардлаа нэмэх гэж байна. Энэ нь хувийн хэвшилд дарамт болно. Гадаад эрсдэл, нөхцөл байдлаа бид тооцох ёстой. ОХУ, БНХАУ-аас бид шууд хамааралтай. Хойд хөрш шатахууны экспортоо хязгаарлаж, дотоод хэрэглээгээ 10 литр гэх мэтээр тогтоож эхэллээ. Тэгэхээр манайд үнэ өсөх нь өнөөдөр үү, маргааш уу гэдэг асуудал болов. Хятадын жижиг банкууд дампуурах эрсдэлтэй байна. Бизнесийн орчинд шинэчлэл хийхгүй атлаа зардлаа нэмлээ. Орлого өссөн тул бид заавал зарлагадах ёстой юу?   

Эдийн засагч Г.Бумчимэг:

-Төсвийн тодотголоор оруулж ирж байгаа хоёр их наяд төгрөгийн зардал нь  парламентаар хэлэлцүүлээгүй, хөгжлийн бодлогод тусгаагүй зардал гэж ойлголоо. Хамгийн чухал ажлаасаа эхлэн эрэмбэлэх хэрэгтэй болов уу.

Эхлээд юу хийх буюу ямар төслүүд хэрэгжүүлэхээ  шийдэх нь зөв. Хөнгөлөлттэй зээл олдлоо гээд л аваад байж болохгүй. 2023 онд уул уурхайгаас нийт 8.6 их наяд төгрөгийн орлого олсон. Энэ онд 50 орчим сая тонн нүүрс гаргажээ. Үүний 7 их наяд төгрөг нь нүүрсний орлого тул эрсдэлийн шинжилгээ их чухал. Төсвийг тодотгохдоо эрсдэлийн шинжилгээг хамт хийх нь зөв. Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж байгаа нь эдийн засгийн өсөлт сулрахын дохио юм. Иймд манай эдийн засгийн өсөлт өндөр гарахгүй болов уу.

-Гурван их наядаа хаанаас олж ирэхийг дахиад тодруулъя. Нүүрсний үнэ буурна гээд байхад бид зөрүүлээд, төсвийн зардлаа нэмж байна. Яаж орлогоо нөхөж олох юм бол. Гадаадын зээлээр нөхөх гээд байна уу?

Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо:

-Хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2.9 их наядаар нэмэгдэж орж ирж байгаа. Энэ нь уул уурхайн экспорттой холбоотой. Нүүрсний биет хэмжээ экспорт талдаа нэмэгдсэн. Одоогоор 59 сая тонныг гаргачихсан байна. Оны сүүлчээр 75 сая тонн нүүрс гаргачих болов уу гэсэн хүлээлт бий. Мөн зэсийн үнэ өндөр байгаа тул эрсдэл бага байгаа гэж харж байгаа. Бид бодитойгоор тооцсон гэж харж байгаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр:

-Төсвийн тодотголоо яаралтай горимоор хэлэлцэх нь буруу. Монголын эдийн засаг мөчлөгтэй. Өсөлт, уналт нь гаднаас хамаардаг. Уналтын мөчлөг маш ойрхон ирчхээд байна. Гэтэл бид одоо тогтвортой гээд сууж байна. Дахиад нэг нөлөөлөл. Импорт оны эхнээс 26 хувиар өссөн байна. Бүтээн байгуулалтаа одоо өсгөөд, төсөвтөө тавьчхаж байгаа бол 40 хувь руу орно. Гадаад худалдааны тэнцэл одоогоор алдагдалтай байгаа. Ирэх жил гадаад худалдааны тэнцэл хасах утгатай, алдагдалтай байж болзошгүй.

-14 том төслийг хөдөлгөхийн тулд Тендерийн хуульгүйгээр, яаралтай хэлбэрээр явуулах гэж байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Судлаач, доктор В.Данаасүрэн:

-Сонгон шалгаруулалтаар бүхий л ажлуудыг хийнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл энэ хууль дээр нарийн мэргэжлийн төслийн дизайн боловсруулж чадах хүн Монголд эсвэл гадаадад байна уу. Тунел, шинэ технологи шаардсан бүтээн байгуулалт дээр сонгон шалгаруулалтад оролцох, өрсөлдөх хүн, аж ахуйн нэгж, байгууллага орж ирэхгүй байж магадгүй. Гэхдээ ингэж яаравчлан явуулж байгаа нь эргэлзээтэй. Том бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нэн тэргүүнд гэж эрэмбэлэх юм бол эрчим хүч, арматур гэх мэт гадаадаас авдаг, импортоос хамаардаг гол орцуудаа өөрсдөө урьдчилаад бэлтгэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжих ёстой. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шүү дээ. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар том бүтээн байгуулалт хийвэл зээлээр босгосон дийлэнх мөнгө нь гадагшаа импорт болоод урсчихаар байна. 

Эдийн засагч Б.Лакшми:

-Тендерийн хуулиар бол саналаа хүргүүлж байгаа компаниуд үнээрээ өрсөлдөж байгаа. Төсвөө ил тавиад, чанар шаарддаг байвал илүү үр дүнтэй. Ямар ажил хийж чадах вэ гэсэн байдлаар явбал цаашдаа зөв болов уу гэж харж байна. Төсөвт тодорхой мөнгө суучихсан байгаа. Тэгэхээр тэр мөнгөнд хэн хамгийн сайн ажил хийж чадах вэ гэдэг санал авч, тендер зохион байгуулбал зөв юм. Төсвийн орлого бол одоо төсөөлж байгаа шиг эерэг байхгүй. ОХУ-ын талаас шатахуун, эрчим хүчний асуудал хүнд байхаар байна. Эрсдэлээ бодитоор тооцох хэрэгтэй гэж харж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 164 (7408)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин