Дэлхийн эмэгтэйчүүд ногоон ирээдүйн төлөө чуулж байна

2024-08-23
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.  Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна. Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон   Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.

Чуулга уулзалтаар байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,тогтвортой ирээдүй хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн тэгш эдийн засаг, эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө, спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. Тэрээр“Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний хатан ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.Монгол Улс одоогоос 100 жилийн өмнө баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.Мөн Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах анхны төрийн бус байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглэхэд таатай байна. Монгол Улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, тэдний парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг сайжруулснаар УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт боллоо. Монгол Улс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын гэрээ, конвенц, санаачилгад нэгдэн орж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр сонгогдон, “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1997 оноос хойш хоёр жил тутам батлуулж ирлээ. Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, 20 гаруй мянган цэнхэр дуулгатан, цэрэг дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд дэлхийн халуун цэгүүдэд илгээн, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо цэрэг хандивлагч 120 гаруй улсын эхний 18-д эрэмбэлэгдэж байна.Цаашид бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн  2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2018 онд дэвшүүлсэн “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг бүх талаар дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно” гэлээ.

 

Словени улсын ерөнхийлөгч Махатма Гандигийн эшлэлийг онцлов

Өчигдөр болсон салбар хуралдаанд Монгол Улсад айлчилж буй Словени Улсын ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар илтгэл танилцууллаа. Тэрээр "Жендэрийн тэгш байдал гэдэг нь шударга ёс. Харин жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь хүн болгоны хөлийн хэмжээнд тохируулж гутал өгөх жишээтэй адилаар улс төр, бодлогодоо эрх тэгш байдал, шударга, тэгш байдлыг хөхиүлэн дэмжих учиртайг цохон тэмдэглэе. Түүхэнд би Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон юм. Манай улс эдийн засаг, нийгмийн томоохон шилжилтийг даван туулсан бөгөөд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс хавьгүй өндөр. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэх эрхийг хамгаалах нь суурь эрхийг баталгаажуулах том механизм. Уур амьсгалын өөрчлөлтийн энэхүү орчинд эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийг манлайлалд оролцуулахыг улам бүр шаардаж байна. Махатма Ганди "Дэлхий ертөнц хүн бүрийн хэрэгцээнд хангалттай боловч хүн бүрийн шуналыг гүйцэлдүүлэхэд хангалтгүй юм" гэж хэлсэн байдаг. Уур амьсгал өөрчлөгдөөд байдаг, гэтэл бидний шунал, эрмэлзэл биднийг аюулын ирмэгт авчраад байна. Бид Монгол Улстай хамтарч энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд сөргөлдөөний дараах бүс нутгуудад энх тайвныг цогцлоох чиглэлээр мөн хамтарч ажиллаж байгаа. Хүний суурь эрхийг хамгаалах чиглэлээр ч хамтарч ажиллаж байна. Мөн энэ удаагийн чуулганаар Улаанбаатарын тунхаглалыг баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдал, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд оролцох үүргийг цохон тэмдэглэнэ гэж бодож байна" хэмээн илтгэлдээ дурдав.

 

Талуудын байр, суурь

 

Гадаад харилцааны сайд С.Батцэцэг:

-Бээжин хотноо одоогоос 30-иад жилийн өмнө дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурал болсон. Энэ хурлаар “Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” хэмээн тунхаглаж хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан. Өнгөрсөн хугацаанд багагүй дэвшил гарсан. Гэсэн ч дэлхийн олон орны эмэгтэйчүүдиййн хувьд хүйсийн тэгш эрх өнөөдөр ч алсын мөрөөдөл хэвээр байна. Хүйсийн тэгш эрхийг жинхэнэ утгаар нь хангасан улс алга.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

-Байгаль орчны тухай сэдэв бол зөвхөн нэг салбарын асуудал байхаа больж, дэлхийн хөгжлийн асуудал болсон. Манай яамыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэмээн нэрлэсэн нь ч зөв, чухал зүйл. Дэлхийн улс орон бүр уур амьсгалын өөрчлөлт гэж ярьж байна. Нэгдүгээрт, бид уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицсон үндэстэн болох вэ гэдэг чухал асуудал. Нөгөө талаар хүний хүчин зүйлээс хамааралтай асуудлуудад яаралтай ямар ямар арга хэмжээ авах гэдэг. Гуравдугаарт, дэлхий ногоон эдийн засаг руу маш хурдацтай шилжиж байна. Энэ эдийн засаг руу монгол мөн хэрхэн шилжих вэ гэдгийг чуулганаар хэлэлцэж байна. Бид өмнө нь зөвхөн нэг зүйлийн үр дагавартай нь тэмцээд байсан. Шалтгаантай нь тэмцдэггүй. Дэлхийн бусад улс орнууд хэлж байгаа. Шууд л ногоон эдийн засаг руу шилжих хэрэгтэй гэж. Ингэснээр алсыг харсан зөв хөрөнгө оруулалт болно. Бид ирэх аравдугаар сард ногоон эдийн засагтай холбоотой үзэсгэлэн гаргахаар ажиллаж байна. Мөн байнгын нээлттэй “Showroom” гаргахаар төлөвлөж байна. Үүнд банкны үйлчилгээ, эрчим хүчний нар, салхины панелууд гэхчлэн ногоон эдийн засагтай холбоотой мэдээллийг нэгдсэн нэг цэгээс хүргэхээр ажиллаж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бодлого л хэрэгжүүлнэ. Бусад ажилд холбогдох байгууллагуудыг дэмжиж ажиллана.

 

НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед:

 

-Эмэгтэйчүүдийн нөхцөл байдал хаана ч төгс төгөлдөрт хүрээгүй байна. Энэ бол бидний хамтын хариуцлага мөн. 2030 он гэхэд бид зорилтдоо хүрэхийн тулд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа.Эмэгтэйчүүдийг илүү шударга нийгэмд амьдруулах санаачилга бидний гарт байна. Бид эмэгтэйчүүд, охидын эрхийн чиглэлээр багагүй ажил хийх ёстой. Төрөөгүй байгаа, ирээдүйд мэндлэх хүүхдүүдийн амьдрах орчныг улам бүр сайжруулах хэрэгтэй.  Биологийн төрөл зүйлийн алдагдал, агаар усны бохирдлын чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2050 он гэхэд 150 сая эмэгтэй ядуурлын түвшинд хүрэх эрсдэл үүсэхээр байна. Ази Номхон далайн бүс нутагт бүр нэн ядуурлын түвшинд хүрэхээр байна. Тиймээс хүйсийн тэгш байдлын асуудал бол аливаа байгалийн хүчин зүйлийг даван туулахтай нягт холбоотой юм.

 

Лаос улсын Дэд Ерөнхийлөгч Пани Ятодү:

 

-Дэлхий ертөнц өнөөдөр маш их өөрчлөлттэй нүүр тулж байна. Энэ сорилтууд хүн төрөлхтний аж амьдрал, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн амьдралд гүн нөлөө үзүүлж байгаа. Тиймээс охид, бүсгүйчүүдийг хүчирхэгжүүлэхэд бид анхаарлаа хандуулах цаг болсон. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэхэд дорвитой арга хэмжээ хэрэгтэй. Эрчүүдтэй нэгэн адил боловсрох эрхийг эдлэх, хууль тогтоомжийг сайтар ойлгох мэдлэгтэй байх ёстой. Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрх тэгш байдлыг хангах таван жилийн хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байна. Эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр цогц стратеги боловсруулсан. Алслагдсан газруудад охидын боловсрол эзэмших эрхийг хангах чиглэлд анхаарч бодлогоор зохицуулалт хийж хүчин чармайлт гаргаж байгаа. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 163 (7407)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин