Хотон сэвгэр эхнэр болохдоо атан тэмээний үнэтэй чачмаг зүүдэг

2024-08-22
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин энэ удаа өв соёл буландаа Монгол Улсын маань баруун зах Увс аймгаар голлон суурьшдаг “хотон” ястны үндэсний дээл хувцасны онцлог, үүх түүх, утга учрын тухай бэлтгэн хүргэж байна.

 

Бүсгүй дээлийн энгэр нь хүүхдээ хөхүүлэхэд зориулагдсан шулуун байдаг

 

Өнө эртний түүхтэй, өргөн уудам нутагтай монголчуудын дунд  олон ястан, угсаатан   оршин суудаг билээ. Тэдний нэг нь XVII зуун, Зүүнгарын Галдан бошигт хааны үеэс түүхийн хуудаснаа тэмдэглэгдэх болсон “хотон” ястан юм. Хотон ястан нь өдгөө Увс аймгийн Тариалан суманд голлон цаашлаад Наранбулаг, Улаангом сумаар, мөн Орхон зэрэг аймгаар тархан суурьшиж байна. Үндэстэн ястан бүр өөрсдийн онцлог дээл хувцас, ахуй соёл, ёс уламжлалтай байдгийн адил хотон хүмүүс мөн түүнийгээ хадгалсаар иржээ. Увс аймгийн Тариалан сумын  Т.Сэтэн, Н.Оролзод болон Орхон аймагт нүүн суурьшсан Ж.Зина нартай хотон ястны дээл, онцлогийнх  нь тухай ярилцлаа.

Айлын эхнэр болсон бүсгүй хүн, сэвгэр буюу охин хүүхдийн өмсдөг дээл нь өөр байна. Хүнтэй суугаагүй балчир охин үсээ 12 салаа сүлжээд, ёвуун зүүгээд, тоорцог малгай өмсөнө. Нас бие гүйцсэн охин хүүхэд бэр болоход бэлэн болсноо илэрхийлж шанхны хоёр талаар бага хэмжээний  үс унжуулж, үлдсэн үсийг мөн 12 салаа сүлждэг. Түүнийг хүүтэй айл хараад тэдний охин “сэвгэр тавьжээ” хэмээн хадаг тавихаар цэхдэг байсан уламжлалтай гэнэ. Ингээд охиноо айлын эхнэр болон мордоход нь заавал бүсгүй дээл хийж өмсүүлдэг. Бүсгүй хүний хувцас тэрлэг, цэгдэг, чачмаг, юүдэн гэх хэсгээс бүрдэнэ. Дээл нь хоёр хэсэгтэй ба дотор талаар нь тэрлэг, гадна талаар цэгдэг хэмээх  хантааз шиг хувцас цээж хэсгээр давхарлан өмсөнө. Бүсгүй дээлийн энгэр хүүхдээ хөхүүлж, эх хүний үүргээ хялбар гүйцэлдүүлэхэд зориулагдсан бөгөөд захнаас доош шулуун байна. Түүнийгээ хоргой, торгоор тэр дундаа улаан, ногоон өнгөөр эмжиж урлана. Хар өнгөөр бүсгүй дээлийг урлах нь цаанаа мөн учиртай. Хотон ястны хүчирхэг дайчин зан чанарыг илэрхийлэх бөгөөд энэ нь тэдний туулсан түүхэн цаг хугацаатай холбоотой гэв. Цаг хугацааны явцад зарим зүйл үүрэггүй болж, хэрэгцээ шаардлагаа алдаж эхлэхийн хэрээр аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг. Хотон дээлийн ханцуй суга мөн энэ ёсоор өөрчлөгдөж халх дээл мэт нарийн болжээ. Нийгэм цаг үе өнөөгийнх шиг тайван амгалан, тогтвор суурьшилтай байсангүй. Ороо бусгаа, дайн дажинтай байсан эрт үед дээлийнхээ суга, ханцуйг уужуу тавиу хийж гэнэтийн зүйл тохиолдоход түүндээ нялх хүүхдээ хийж зугтаадаг байжээ. Хотон бүсгүй мөн гэрт байхдаа бүс бүслэхгүй, нөмгөн байдаг. Харин гэрээс гарч, хөдөө хээр явахдаа бүс бүсэлдэг бас нэгэн онцлогтой. 

 

Улаан алчуураар галын догшин бурхныг зөөллөж биеэ хамгаалуулдаг

 

Эхнэр болохдоо сэвгэр насандаа өмсдөг  тоорцог малгайгаа юүдэн малгайгаар солино. Энэ бүгдээс хамгийн чухал, нандин зүйл нь атан тэмээний үнэтэй чачмаг гэх 11 салаа, шүрийг хэлхэж хийсэн гоёл юм. Түүнийгээ гөрөөлж сүлжсэн үсэн дээгүүрээ ар нуруугаа дагуулан хормой хүртэл унжуулан зүүнэ. 11 салаа байхын учир нь жаргалаар эхэлж жаргалаар дуусна гэх тооны бэлгэдлийг мөн шингээдэг. Чачмагийн дээд талд мөнгөн товруу оруулж, гурван давхар мөнгөн оосроор холбож уядаг байсан гэнэ. Өв тээгч Ж.Зина энэхүү гоёлынхоо тухай дууг мөн аялж өгөв.

Ар арын бэлээр нутагтай л хайнам

Атны үнэтэй чачмагтай л хайнам

Тээлийн голоор нутагтай л хайнам

Тэмээний үнэтэй л чачмагтай хайнам ...

Мөн тэрээр “Манайхан үндэснийхээ хувцсыг их дутуу хийж өмсөж байна. Жишээлбэл, цэвдгийн дотор талд “хальт” гэх хувцасны халаас шиг зүйл оёдог. Үүнд хэрэгцээтэй, үнэтэй зүйлээ хийдэг ёстой. Энэ дээлийг манай өвөг дээдэс 1800-аад оны үед өдөр тутамдаа өмсөж, хэрэглэдэг байсан. Одоо бол баяр ёслолын үеэр хааяа нэг өмсөх хэдий ч бүрэн гүйцэд хэрэглэж, өв уламжлалаа тээвэл зохистой” хэмээв. Дээлийн гангараа үүгээр дуусахгүй. Хоёр талын ташаанаас гурван өнгийн алчуур унжина. Тэр ч мөн өнгө бүр нь утга агуулга, бэлгэдэлтэй. Ихэвчлэн цэнхэр (цагаан), ногоон, улаан (шар) өнгөтэй байна. Т.Зина “Сүүлийн үед үүгээр нүүр гараа,  аягаа, тогоогоо арчдаг хэмээн ташаа мэдээлэл яваад байна. Үнэндээ энэ бүгд бэлгэдлийн чанартай” хэмээн тайлбарлав. Цэнхэр өнгөөр хөх мөнх тэнгэрээ эрхэмлэн дээдэлж, ногоон өнгөөр газар дэлхий, шим ертөнцийн үр өгөөж баялаг бүхнийг илэрхийлж, улаан өнгөөр галын бурхныг дээдэлж буй хэрэг юм. Эмэгтэй хүн бол галаа сахин, манаж суудаг учраас галын догшин бурхныг зөөллөж, улаан алчуураа биедээ байлгаж түүгээр хамгаалуулахыг илтгэж байгаа юм. Мөн газар шороог бэлгэдсэн шар өнгийн алчуур байж болно. Үүнээс гадна тухайн нийгэм цаг үеэ дагаад монгол болон дөрвөд гутал өмсдөг байжээ. Одоо ч чухал үедээ монгол гутлаа гаргаж өмсдөг гэнэ.

 

Хотон хөвүүний дээлийн эмжээр  гэрлэсэн үгүйг нь илтгэнэ

 

Хотон бүсгүй хар өнгийн хувцас өмсдөг бол харин эрэгтэйчүүд нь цагаан өнгийн дээл өмсөнө. Өвлийн цагт нэхий дээлээ өнгөлөхгүйгээр тэр хэвээр нь  хар өнгөөр өргөн цаламлаж гараар оёно. Харин зуны улиралд  цагаан чисчүүг хараар эмжиж хийдэг нь мөн хүчирхэг байдлын бэлгэдэл болдог байна. Хотон хүмүүс ажил хөдөлмөр хийхдээ эр, эмгүй хүчирхэг, дайчин байхыг илэрхийлж хар өнгийг бүхий л хувцсандаа шингээдэг гэнэ. Эрэгтэй хүний дээлийн эмжээр гэрлэсэн үгүйг нь мөн илтгэнэ. Эхнэр авсан эр хүн нэг өргөн, нэг нарийн эмждэг. Харин эхнэргүй хөвүүн нэг өргөн эмжиж, хоёр нарийн хаж тавьсан байдаг. Хотон ястны дээлийн ханцуй хүйс харгалзахгүй бүгд нударгагүй байдаг.  

 

Монголчуудын дархлаа бол үндэсний өв уламжлал болон өв тээгч нар юм

 

Хотон ястан өв соёлоо дан хувцас хэрэглэлээрээ биш мөн бий биелгээ, хархираа уртын дуугаараа өвлүүлэн тээдэг. Өв тээгч Н.Оролзод “Дэлхий ертөнц даяарчлагдаж буй өнөө үед монголчуудын дархлаа бол энэ соёлын өв уламжлал болон өв тээгч ард түмэн юм. Манай хотон ястны биет бус өвийн төлөөлөл болсон бий биелгээч 13 дахь үеийн өвлөн уламжлагч Д.Балган гэж хүн бий. Д.Балган ах маань 70 нас хүрч яваач үр хүүхдүүддээ төдийгүй, олон аав ээжийн хүүхдүүдэд хотон биелгээ зааж, угсаатны соёлыг хадгалахыг хичээдэг. Манай хотон биелгээний онцлог бол ахуй амьдрал, ан гөрөө хийх, тариа тарих үйл явц, шашин шүтлэгтэй мөн холбоотой бөгөөд тэр бүх үйл хөдлөлийг  шингээж өгсөн байдаг. Бусад угсаатан, ястны бүжиг биелгээтэй харьцуулах юм бол үсэрч харайгаад байлгүй суурин дээрээ сууж босох хөдөлгөөнийг хийж биелэдэг” хэмээн Хотон ястныхаа тухай хүүрнэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 162 (7406)

 

хүн ам хамгийн их байдаг халх эхнэрийнх ямар бдаг вэ
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин