Япон улс манайхтай технологийн салбарт хамтрахыг хүсэж байна

2024-08-20
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.Жавхлан, А.Амирлан 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Японы бизнес форум” өчигдөр боллоо. Манай улс Япон улстай 2015 онд анх түншлэлийн хэлэлцээр хийж, 2016 оны сүүлээр мөрдөж эхэлсэн байдаг. Гэвч энэ хэлэлцээрийг байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй бөгөөд аж ахуйн нэгжүүд түншлэлийн гэрээний давуу талуудыг бүрэн ашиглахгүй байгаа юм. Харин Япон улсаас манай улсад нийлүүлэх барааны нийлүүлэлт өссөн байна. Тиймээс энэ жилийн форумыг “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр хэлэлцлээ. Мөн тус форумд Монгол болон Япон улсаас нийт 400 орчим төлөөлөгч, худалдаа эрхлэгчид оролцсон юм.

Форумын эхэнд ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи төсөл хөтөлбөрүүдээ товч танилцуулав. Тэрээр “Худалдааны өнөөгийн нөхцөл байдлыг зайлшгүй өөрчлөх, Монголоос хийх экспортыг нэмэх шаардлагатайг бид сайн ойлгодог. Үүнд хувь нэмрээ оруулахын тулд Засгийн газрын аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг дэмждэг. Бидний хэрэгжүүлдэг, эдийн засагтай холбоотой төслүүд нь хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах, хүрээлэн буй орчинд дасан зохицсон эдийн засагтай болоход дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг юм. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр болно” гэв.

Харин хоёр улсын худалдаа эрхлэгчдийн хувьд тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй байдаг аж. Энэ талаар Конжицү Монголиа компанийн захирал Кэйко Кога “Манайх 2015 оноос эхлэн Монгол Улс руу авто машин болон бусад төрлийн бараа тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Үйл ажиллагаа маань өргөжиж хүнс тээвэр хүртэл хийж байгаа. Гэвч хоёр улсын тээвэр, логистикийн асуудал тулгамдсан хэвээр байна. Тодруулбал, Монгол Улс далайд гарцгүй учир заавал Хятад улсаар экспорт, импорт хийх болдог. Гэвч гуравдагч улсаас зарим төрлийн бараа материалыг хил дээрээс буцаах зэрэг асуудал үүсдэг. Энэ нь магадгүй хоёр улсын бизнесийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байх. Тиймээс цаашид тээвэрлэлт болон логистикийн асуудалд анхаарах нь зүйтэй” гэсэн юм. Хоёр улсын харилцааг сайжруулахад элчин сайдын яамдууд чухал үүрэгтэй. Тэгвэл хоёр улсын бизнест анхаарч алдагдалгүй ажиллуулах тал дээр дэмжиж ажиллана гэсэн юм. Энэ тухай Монгол Улсаас Японд суугаа элчин сайд Б.Баярсайхан “Өнгөрсөн хугацаанд хоёр орны улс төр, соёлын харилцаа ихээхэн хөгжсөн. Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар-Токио хотууд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Би хувийн хэвшлээ дэмжин ажиллахад анхаарна. Хоёр орны худалдаа ихээхэн алдагдалтай байгааг бууруулах нь чухал байна. Ингэхдээ тус улсын жижиг дунд үйлдвэрлэгчидтэй түлхүү хамтран ажиллаж, тэдний технологийг нэвтрүүлэх боломжтой ” гэв.

 

Япон улсаас манай мэдээлэл технологийн салбарыг илүү сонирхож байна

Япон улсаас манай мэдээлэл технологийн салбарыг илүү сонирхож байгаа гэдгээ энэ үеэр илэрхийлж байлаа. Харин манай улсын гарааны бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувь нь технологид суурилсан бизнесүүд байгаа ажээ. Энэ талаар Нийслэлийн Бизнес инновацын газрын Гарааны бизнесийн хэлтсийн дарга Д.Жаргалан “Монгол-Японы хамтарсан бизнес инновацын форум гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил Монгол Улсын төрийн байгууллага төсөв мөнгөө гаргаж зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Нийслэл болон манай байгууллагын хувьд гарааны бизнес эрхэлж байгаа компаниудаа дэмжиж гадаад зах зээлд гаргаж, unicorn компани болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар инновацын төв дээр 22 гарааны бизнес бойжиж байна.  Манай улсад гарааны бизнес бусад улсыг бодвол муу байгаа ч маш хурдтай хөгжиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод гарааны бизнес эрхэлж буй хүмүүсийн дунд судалгаа явуулсан. Тэдний 60 гаруй хувь нь IT буюу технологит суурилсан бизнесүүд байна” гэж байлаа.

Мөн энэхүү форумын оройн арга хэмжээний үеэр дараах хоёр үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нийслэлийн Бизнес инновацын газар нь ЖАЙКА-тай хамтран Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хөтөлбөр болох MICS хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөр нь хоёр орны Засгийн газар, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөрөнгө санхүүгийн зэрэг өргөн хүрээний салбарын оролцогчид технологийн шийдэл, хөрөнгө санхүүгээр хамтарч, нийгмийн асуудлыг шинэлэг аргаар шийдвэрлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 1-р шатанд Монгол, Япон улсын нийт 63 баг шалгарч төслийн танилцуулгуудаа 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод танилцуулсан. Түүнээс шалгарсан 15 төсөлтэй танилцах үйл ажиллагаа энэ сарын 5-ны өдөр Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах ЖАЙКА олон улсын байгууллагын төв байранд болж өндөрлөжээ. Харин өчигдөр Монгол Японы хамтарсан Олон улсын бизнес инновацын форумын оройн арга хэмжээний үеэр 10 төсөл шалгарах юм.  Манай улсаас оролцож буй төслүүдийн хувьд гэрийн тэжээвэр амьтдын кластер бүтээгдэхүүн, эрүүл мэндийн чиглэл болон RPID зэрэг бизнесүүд байгаа юм.

CHIPMO компанийн гүйцэтгэх захирал Э.Төгөлдөр “Манай компани нь бараа материалын удирдлагын системийг хөгжүүлдэг. Чип болон түүнийг уншдаг төхөөрөмжийг үйлдвэрлэж, бүтээдэг гэсэн үг. Тодруулбал, Uniqlo-оос бараа авахаар нэг сав руу хийгээд л бүх барааны үнэ нь бодогддог шүү дээ. Яг түүн шиг систем  гэсэн үг. Монголд Эрдэнэт болон Тоонот кашимери дэлгүүрт хэрэгжиж байна. Нэг үгээр бараа материалын тооллогын ажлыг хөнгөвчилдөг. Бид энэ бүтээгдэхүүнээрээ MICS хөтөлбөрт оролцож байгаа. Японоос манай бүтээгдэхүүнийг ихээр сонирхож байгаа” гэсэн юм.

Илтгэлийн үеэр Монголын бизнес эрхлэгчид ганцаарчилсан тоглолт ихээр хийж байна. Түүний оронд хамтарсан бизнес хийх нь зөв гэжээ. Тэгвэл кластераараа гэрийн тэжээвэр амьтдын бүтээгдэхүүн боловсруулан Япон улс руу экспортлоод эхэлжээ. Энэ тухай "Cluster of pet" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбадрах “Монгол компаниудыг дангаараа олон улсын зах зээлд гарах гээд чадахгүй байгааг судалгаагаар тогтоож, илтгэлийн үеэр дурдаж байна. Тэгвэл Ургана, Марис, Сарлаг шар тосны үйлдвэр, муур нохойн хоол үйлдвэрлэдэг компаниуд нэгдэж Японы гэрийн тэжээвэр амьтдын хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Энэ нь гадны зах зээлд гарахад илүү давуу тал болдог юм байна” гэв.

 

Япон руу экспорт хийхэд тээвэр, өндөр стандарт хамгийн их бэрхшээл учруулдаг

МҮХАҮТ-аас Японд бүтээгдэхүүнээ гаргах ямар боломжууд байгааг танилцуулав. Манай хоёр улсын гадаад худалдаа ихээхэн алдагдалтай байдгийг дурдсан. Манай нийт импортын найман хувийг, экспортын нэг хувийг Японтой хийсэн худалдаа эзэлжээ. Мөн тус улсаас манай улсад хийсэн хөрөнгө оруулалт 2018 оноос хойш буурч, дэвшилтэт технологи нэвтрүүлээгүй байна.      

МҮХАҮТ 2023 онд МУИС-тай хамтран бизнес эрхлэгчдээс судалгаа авч, Япон руу бизнесээ өргөжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг тодруулжээ. Ингэхэд

• Газар зүйн хувьд алслагдмал байрлалтай тул тээвэр логистикийн хүндрэл 

• Японы өндөр стандартыг хангахад бэрх

• Бичиг баримтын бүрдүүлэлт

• Түүхий эдийн хомсдол

• Хөрөнгө оруулалт

• Техник, тоног төхөөрөмж      

• Хүний нөөц

• Гаалийн татвар гэж нэрлэсэн байна.

Гэвч уул уурхайн бус экспортыг дэмжих бодлог явуулж буй манай улсаас ноолуур, мах, самар, арьсан гутлын экспорт хамгийн өндөр боломжтой бүтээгдэхүүн гэв.

Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулаад есөн жил өнгөрсөн ч бидний Японтой хийж буй худалдааны бүтцэд дорвитой өөрчлөлт гарсангүй. ААН-үүд энэ гэрээг  сайн судалдаггүй тухай онцлов. Өглөө 09.00 цагт эхэлсэн форумын үеэр Монгол-Японы хамтарсан, мэдээллийн технологийн консерцумыг байгуулав. Ингэснээр манай мэдээллийн технологийн компаниуд тус улсын компаниудтай хамтран ажиллаж, аутсорсингийн үйлчилгээг эх орондоо үзүүлэх боломжтой боллоо.

Монгол дахь Японы худалдааны танхимын Ерөнхийлөгч А.Мөнхтуг “Энэ танхимыг гурван жилийн өмнө байгуулсан. Сүүлийн нэг жилд хийж гүйцэтгэсэн төслүүдийн үр дүнг өнөөдөр танилцуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүрэн ашиглахын тулд бид эхлээд үйлдвэрлэгч болох ёстой. Японы зах зээлд нэвтрэхийн тулд урт хугацаанд тууштай ажиллахгүй байна. Эхний бэрхшээлүүд гарч ирэнгүүт ажлаа зогсоочихдог. Шууд өнөөдөр эхлүүлнэ гэхээс илүүтэй, гурван жилийн дараа энэ барааг Японд экспортолно гэж төлөвлөөд ажиллавал үр дүнтэй.

Энэ гэрээний талаар төр засгаас сайн ярьж танилцуулахгүй бол манай ААН-үүд японы том зах зээлд сэлүүргүй явж байна. Ноолуур, нэхмэлийн компаниуд энэ гэрээг сайн ашиглаж байна. Япон руу бүтээгдэхүүнээ татваргүй эсвэл татварын хөнгөлөлттэй худалдахын тулд тухайн барааны нийт орцын 70 хувийг Монголд үйлдвэрлэсэн байх ёстой. Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй, Энэтхэг гэх мэт улсаас зарим түүхий эдээ авч, энд боловсруулсан байж  болно. Цамц худалдана гэвэл тэр цамцны цахилгаан, товч, утас гэх мэт түүхий эдүүд 30 хувиас хэтрэх ёсгүй. Энэ нь манай ААН-үүдэд бэрхшээл болдог.            

Мөн татварын тарифын хөнгөлөлт гэлгүй, Японд бизнесээ өргөжүүлэх боломж бий. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт багтсан бүтээгдэхүүнийг л Японд нэвтрүүлнэ гэсэн хязгаарлалт байхгүй. Иймд санаагаа Монголд хөгжүүлээд, үйлдвэрлэлээ Хятадад явуулж, борлуулалтаа Японд хийдэг компаниуд бий" гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 160 (7404)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин