Ц.Энхманлай: “Харанга” бол таван өөр ертөнцийн нэгдэл

2024-08-16
Нийтэлсэн: Админ
 25 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайг урьж, ярилцлаа. Тус хамтлаг энэ жил 35 нас хүрч байгаа бөгөөд төрсөн өдрөө энэ сарын 24-нд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд, сонсогч фэнүүдтэйгээ тэмдэглэхээр тоглолтын тов зарлаад байгаа юм.

 

“ХАРАНГА” ХАМТЛАГ АНХ УДАА ЦЭНГЭЛДЭХЭД ТОГЛОНО

-Хөндлөнгөөс бэлтгэлийн явцыг харж суухад сэтгэл догдлоод гоё юм. 15 цагаас бэлтгэл эхэлнэ гэхэд яг л цагаа барьж байна шүү?

-Тоглолт болох дөхчихсөн учир шахуу бэлтгэл эхэлчихсэн явж байна. Ерөнхийдөө 24-нийг хүртэл өдөр 15 цагаас студи дээр бичлэг, бэлтгэлийн ажлаа хийж байна. Уран бүтээлч хүнд цаг гэдэг алт шүү дээ. Мөн уран бүтээлээ сайн хүргэхийн тулд бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. 

-Хуучны хит дуунуудыг яг дэргэд нь суугаад сонсох өөр мэдрэмж байдаг юм байна?

-Амьд хөгжим гэдэг өөрөө яг л бодит мэдрэмжийг төрүүлдэг, гайхалтай төрөл юм. “Харанга” хамтлаг1989 оны аравдугаар сарын 26-нд Улсын Драмын Эрдмийн театрт "Амьдрал" нэртэй анхны амьд хөгжмийн тоглолтоо хийж байлаа. Түүнээс хойш зургаан удаа том хэмжээний тоглолт зохион байгуулж, Монгол Улсаа хоёр удаа бүтэн тойрсон байдаг. Харин энэ удаагийн тоглолт бол зөвхөн "Харанга" хамтлагийн ойг тэмдэглэж буй төдий зүйл биш. Бид амьд хөгжмийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байна.

-“Харанга” хамтлаг 35 нас хүрлээ. Та анх 1989 онд эдгээр хүмүүсийг цуглуулахдаа энэ хүртэл оршин тогтноно гэж төсөөлж байв уу?

-Биднийг нэг л зүйл атгасан гар шиг болгож зангидсан нь хөгжим юм шүү дээ.

Тиймээс энэ хүрэх нь дамжиггүй байсан болов уу гэж бодож байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд байнга уулзаж, уран бүтээл, бэлтгэл хийх бага болж байгаа ч хоёр жил өнжөөд ч юм уу, нэг тоглолт хийх зарчмын дагуу ажиллаж амьдарч байна. Тоглолтын бэлтгэлд орох бүрдээ бид эргэн цэнэглэгдэж, эрч хүч, урам зориг авч байгаа нь сайхан.

-Таны хариултаас дараагийн 40 жилийн тоглолт тун ойрхон сонсогдож байна. Дэлхийн хөгжмийн түүхэнд ч ийм удаан хамт байгаа хамтлаг тун цөөхөн шүү дээ?

-Түүнийг хэлж таашгүй. Гэхдээ бид уран бүтээл хийж байгаа л бол тоглолтоо хийсээр байх болно. “Харанга” хамтлагийн хувьд энэ жил хэд хэдэн шинэ дуу гаргахаар бэлтгэл ажил эхлээд явж байна. Тиймээс шинэ уран бүтээлээ цомог болгох гээд төлөвлөсөн ажил олон бий. Мөн энэ удаагийн тоглолтоо ихээхэн ач холбогдол өгч байна.

-35 гэдэг хүнээр тооцвол ид хийж бүтээх залуу нас. Тиймээс тайзан дээр гал асах нь гарцаагүй. Мөн Монголдоо л хамгийн их хүн цуглах боломжтой Төв цэнгэлдэхэд тоглоно шүү дээ?

-“Харанга” хамтлагийн хувьд энэ 35 жилийн хугацаанд Төв цэнгэлдэхэд бүрэн хэмжээний тоглолт хийж байсан удаагүй. Яахав 1992 онд Японы соёлын өдрүүдээр “Соёл-Эрдэнэ” болон япон хамтлагтай хамтарсан тоглолтоо хийж байлаа. Үүнээс хойш ганц нэг шоу тоглолт болоод томоохон компаниудын зохион байгуулсан тоглолтод бол оролцож байсан. Тиймээс 35 жилийн дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байна гэдэг нь өөрөө энэхүү тоглолтын нэг онцлог юм. Мөн энэ 35 жилд хийсэн бүх уран бүтээлээ толилуулна гэвэл худал ярьсан хэрэг болно. Тиймээс үе үеийн хит дуунууд эгшиглэх юм шүү.

-Тоглолтын бэлтгэлийг харахад ганцхан “Харанга” гэхээс илүү Монголын хөгжмийн ертөнцийн залгамж халаа болсон залуу уран бүтээлчид нэлээд харагдаж байна?

-Тоглолт маань 14 цагаас нээгдэнэ. Хөгжмийн фестиваль, наадам гэдэг утгаараа тоглолтын эхлэл хэсэгт залуу хамтлаг, дуучид тоглоно. Харин "Харанга"-ын хувьд  тоглолтын оргил цагт буюу 21 цагаас үзэгчидтэйгээ уулзах болов уу. Бидний хувьд тоглолтын зохион байгуулалтад оролцохгүй. Зөвхөн тайзан дээр хэрхэн дуулах вэ л гэдгээ бодолцож байна.

-Энэ 35 жилийн хугацаанд танай хамтлагийн уран бүтээлдээ хандах хандлага, дууны агуулга хэрхэн өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-Хүн амьдарч, ажиллах тусмаа туршлага сууж, алдаа оноогоо засаад явдаг. Тэр утгаараа сайжирсан гэж боддог. Нөгөө талаараа ертөнцийг үзэх үзэл, бодол, амьдралыг харж байгаа өнцөг улам өргөжиж байна. Тиймээс бид энэ цаг үед юу дутагдаад байна вэ гэдгийг харна. Түүнийгээ л уран бүтээлдээ түлхүү тусгасаар ирлээ.

-“Харанга”-ын анхны тоглолт “Амьдрал” нэртэй. 35 жилийн тоглолт ч “Амьдрал”. Зүгээр л санаандгүй тохиол биш болов уу?

-Ардчилал мандахын урд жил шүү дээ. Бүх зүйл социализмаараа байсан. Рок хөгжим гэдгийг ч удирдлагаараа зөвшөөрдөггүй, хүнд  байлаа. Манай хамтлаг анх УДЭТ-т байгуулагдсан түүхтэй. Тухайн үед Урансайхны зөвлөлийн даргаар нь Төрийн соёрхолт Н.Сувд эгч ажиллаж байсан юм. Гэтэл Н.Сувдаа эгчийг Хотын намын хороон дээр дуудаад “Танай хажууд нэг хамтлаг гарсан байна. Тэд чинь яг юу дуулаад байгаа юм бэ” гэж захиргаадсан байдаг. Тухайн үед бид ажил хийдэггүй мөртлөө алдар цол аваад байдаг нийгэм, дарга нараа шүүмжилсэн “Томоотой хүн” дуугаа гаргаад байсан юм. Ингээд Н.Сувдаа эгч ирж, бидний тоглолтыг үзчихээд “Болохгүй юм ерөөсөө алга. Цаашдаа уран бүтээлээ тасралтгүй хийгээрэй” гэж урам өгч байлаа. Бид нэг тоглолт хийхийн тулд Соёлын яамны уран сайхны зөвлөл гэдгээр оруулж, хянуулна. Хэрэв ямар нэг зүйл нь болохгүй гэвэл заавал засаж, янзалж байж, тоглолт хийх эрхээ авдаг байсан.

-Та бүхэн уран бүтээлийн хяналтад орохдоо ямар бэрхшээлтэй нүүр тулж байв. Хэрхэн анхны тоглолт хийх эрхээ олж авч байсан бол?

-Бид тоглолт хийх 26-ны өдрийнхөө 12 цагт Соёлын яамны 15 хүний өмнө хяналтад орсон. Тэр хүмүүсийн өмнө эхлээд концертоо бүтнээр нь тоглосон гэсэн үг. Тэд бидний тоглолтыг үзчихээд хуралдах ёстой. Ингээд орж ирээд ихэнх нь эсэргүүцсэн. Үс гэзэг нь ургасан, төмөр хадаж, савхи өмссөн, барууны үзэл сурталтай хүмүүсийг үзэгчдийн өмнө гаргаж болохгүй л гэнэ. Тэр үед тухайн уран сайхны зөвлөлийг алдарт зохиолч Э.Оюун гуай ахалж байсан юм. Гэтэл “Энэ хүүхдүүдийг тоглуулна” гээд “Амьдрал” дууны шүлгийг уншаад

“Ай даа, хүний амьдрал

Эгэл жирийн боловч

Энэхэн биедээ багтахааргүй

Их хүслийн далай юм аа”

Үнэхээр сайн бичсэн байна. Яг Градский шиг” гэж хэлсэн. Э.Оюун гуайг ингэж хэлэнгүүт эсэргүүцэж байсан зөвлөлийнхөн зөөлрөөд эхэлсэн.

-“Амьдрал” дууны хоёр автор нь та шүү дээ. 30 гаруйхан настай залуугийн зүрх сэтгэлээс тэр аялгуу, үг хэрхэн гарсан юм бол?

-Би тэр үед 33 настай байсан. “Амьдрал”дууны шүлгийг бичихийн тулд их бодсон. Ойр тойронд минь салж нийлсэн, алдаж оносон амьдралтай, бүр сайхан жаргалтай яваа ч гэр бүлүүд олон байлаа. Тиймээс тэднийг харж, бичсэн гэж хэлж болно. Бид анхны “Амьдрал” тоглолтоо бэлдэж байхдаа их оройтож тардаг байсан юм. Ингээд нэг орой 01 цагийн үед гэртээ очсон. Хоолоо идээд сууж байтал “Баяр хөөр, гомдол гуниг” гэдэг үг орж ирсэн. Шууд үзэг цаас аваад, шөнийн 04 цаг гэхэд шүлгийг нь бичиж дуусгасан. Мэдээж онож гишгэсэн нь баяр хөөрөөр дүүрэн, алдаж гэнэдсэн нь гомдол гунигийг тээж явах нь амьдралын жам юм даа. Манай нэг найз энэ шүлгийг анх уншчихаад намайг их шоолдог байсан. “Үнэхээр гоё болж. Харин яг л 60 настай хүн бичсэн юм шиг санагдаж байна” гээд хошигнож байсан удаатай.

-Гэтэл та өнөөдөр 60 насны босгыг алхжээ. Энэ наснаас өөрийнхөө энэхүү дууг сонсоход ямар уярал, ухаарал төрдөг вэ?

-Одоо бол би “Яаж надаас энэ үг, аялгуу гарсан юм бол доо” гэж баярладаг шүү. Хүн ер нь нэг л хит дуу хийчихсэн бол дахиад түүнийгээ давж гарах хэцүү. Миний хувьд хамтлагийн уран бүтээлийн хажуугаар хоёр жүжиг, 10 гаруй киноны дуу хийсэн байдаг. “Чимээгүй шөнө” жүжгийн дууг манай Т.Ариунаа дуулсан.     

-Анхны бүхэн сайхан мөртлөө жаахан түшгүүртэй байх нь бий. Та бүхний хувьд хэр догдолж, сандарч байсан бол?

-Монголчууд дөнгөж л барууны рок дуунуудыг сонсож эхэлж байсан үе. Манайд рок хамтлаг ч байсангүй. Тиймээс жаахан айдас байсан. Гэтэл манай тасалбар борлуулагдаж эхэлснийхээ өдрийн гурван цагт дуусчихсан гэсэн мэдээ ирсэн. Тэр үед ёстой дотор уужрах шиг болж билээ. Нэгэнт л билет зарагдаад дууссан юм чинь тэдгээр хүмүүсийн урд бид тоглох л ёстой гээд орой нь тайз руу  гарч байлаа. 

-Анхны тоглолтоо амжилттай хийгээд, хөшиг хаагдах мөчид танд юу мэдрэгдэж байсан бэ. Тайзны ард та нарын дунд ямар яриа өрнөж байсан бол?

-Анхны тоглолт зрител дүүрэн үзэгчтэй байсан учир бүгд сэтгэл дүүрэн байсан. Үзэгчид эхний дуунаас эхлүүлээд л босоод бүжиглэчихсэн. Тоглолт дууссаны дараа орж ирээд “Түрүүлж үхсэн нь амиа хичээсэнд тооцогдоно шүү” гэсэн тангараг тэнд тавигдсан юм. 

-Тэрхүү тангаргаасаа буцаагүй гэж бодохоор “Харанга” яахын аргагүй домог юм?

-Бид бүгдээрээ урлагт хайртай. Мөн цэрэг армиар хүмүүжсэн учир хэлсэндээ хүрэх дуртай. Бүгд цэргийн алба хаасан, диктатураа мэднэ. Тийм болохоор л амьдралынхаа 35 жилийг хамтдаа хуваалцаж, өнөөдрийг хүртэл аялгуу эгшиг тасрахгүй явж байгаа болов уу гэж боддог юм.

-Анхны “Амьдрал” тоглолт “Харанга” гэдэг хамтлагийг нийтэд хүлээн зөвшөөрүүлж, түүнээс хойших энэ хүртлэх хугацааны уран бүтээлийн замыг засаж өгсөн юм болов уу гэж бодлоо?

-Хоёр дахь тоглолтоо 1991 онд “Дэлхий ертөнц” нэртэйгээр хийж байсан. Тэр үед ардчилал гарч театр биеэ даах болоод биднийг хамтлагаар нь цалинжуулахаа больсон. Тиймээс 1990 онд “Харанга рок төв” гэж төрийн бус байгууллага байгуулан тусдаа гарсан түүхтэй. Залуучуудын холбооны нэг өрөөнд байрлаж, Монголбанкнаас хэдэн төгрөгийн зээл авч, хөгжим хэрэгсэл авч байлаа. Бидний яг хажууд “Хурд” хамтлагийнхан байрладаг. Тэдэн ч байр хөгжим байхгүй учир үдээс хойш манай хөгжим дээр бэлтгэлээ хийдэг байсан юм. Харин дараагийн тоглолт 1993 онд “My Rock”. Энэхүү тоглолтын Буянгийн Жагаатай гэрээ байгуулсны үндсэн дээр  хийж байсан юм. Энэ мэт дурсаад яривал тоглолт бүхэн өөрийн гэсэн түүхтэй.

-Магадгүй тухайн үед Э.Оюун гуай та бүхнийг дэмжээгүй бол. Үзэгчид халуун дотноор хүлээж аваагүй бол өнөөдрийн “Харанга” байх байсан болов уу?

-Байхын хувьд байна шүү. Бид угаасаа л зогсохгүй уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байсан. Харин эхний тоглолт амжилттай болсноор бидний сэтгэлийн гал илүү ассан. Яг л сансарт нисэж байгаа мэт мэдрэмж төрж байсныг хэзээ ч мартдаггүй. 

 

15 ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ ДЭЭР БОССОН “ХАРАНГА”

 -“Харанга” гэж ямар утгатай нэр юм бэ. Хэн өгч байв?

-Ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчин Сүхбаатар гэж залуу өгсөн юм. Бид хамтлагийнхаа нэрийг их удаан бодож явсан. Ингээд уран бүтээлчдийн дунд нэр өгөх уралдаан зарласан юм. Бараг 200 гаруй нэрийн санал ирсэн байх шүү. Үүнээс манай Сүхээгийн “Харанга” гэдэг нэрийг сонгосон. Тэрээр нэрээ тайлбарлахдаа “Эзэн Чингис хаан харангаа дэлдэж, их үйлсийг эхлүүлдэг байсан. Тийм болохоор рок хамтлаг байгуулагдаж байгаа учраас бүхнийг байлдан дагуулна гэсэн утгатай. Тэгээд ч харанга бол хөгжмийн зэмсэг. Дуугаралт, агуулгаараа ч зохино” гэж хэлсэн нь бидэнд хамгийн их таалагдаж байсан.

-Та тэр чигээрээ “Харанга” хамтлагийн түүх юм. Энэ хамтлагийн өчигдрийн сайн сайхан, маргаашийн гэрэлт ирээдүй тантай шууд холбоотой. Хамтлаг байгуулах санаа ч анх танд л төрсөн гэдэг шүү дээ?

-Би Я.Одсүрэнтэйгээ хамт “Харанга”-ыг байгуулах гэж 15 жил мөрөөдсөн. Бид хамтдаа Төмөр замын “Ногоон гэрэл” хамтлагт тоглодог байсан юм. Энэ үеэс хоёулаа рок хамтлаг байгуулна гэж ярьдаг байлаа. Гэвч тохироо нь бүрдэхгүй 1989 онтой золгосон. Энэ хугацаанд цэрэгт явлаа. Гэтэл намайг албан хүчээр “Соёмбо”-д өгчихсөн. Тэнд Чука, Пүүжээ хоёр байж таарсан. Тэнд зургаан жил тоглохдоо энэ хоёрынхоо ямархан авьяастайг мэдчихэлгүй яахав. Ингээд “Соёмбо”-оос би цирк рүү шилжээд тэндээ нэг хамтлаг байгуулах болоод эхлээд Я.Одсүрэнгээ дуудсан. Дараа нь Х.Булган найзыгаа авлаа. Пүүжээг авах гэсэн нэг л болдоггүй. Тэгэхээр нь хамтлагаасаа гарчихлаа. Ингээд УДЭТ-т ирээд энэ хэдийгээ цуглуулсан түүхтэй.

-Пүүжээ ах ирэхгүй гээд байсан юм уу. Хэрхэн санааг нь эргүүлж байв?

-Пүүжээ тэр үед Үлээвэр найрал хөгжимд нэлээд өндөр цалинтай, шаггүй сайн бөмбөрчин нь явсан үе. Тиймээс шууд ажлаа өгөөд хамтлагт орно гэхэд амаргүй санагдаж байсан байх. Гэхдээ манай Я.Одсүрэн ятгаад аваад ирсэн л юм даа. Тэр цагаас хойш “Харанга”-ын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.

-Ер нь яагаад заавал рок хамтлаг байгуулъя гэж та бодсон юм бэ. 1970-аад оны хүүхдүүд гаднын ямар хамтлаг, дуучдын дууг сонсож, үлгэр дуурайл авдаг байсан юм бол?

-Миний хувьд “Deep Purle”-ийг их сонсдог байсан. Тиймээс яг үүн шиг хамтлагтай болно гэж зорилт тавьсан юм. Ер нь рок хөгжим гэдэг пентатоник хэмнэлтэй. “Deep Purle”-ийн дуунуудыг сонсохоор монгол ч юм шиг, тэгсэн мөртлөө рок тоглоод байдаг онцлогтой байлаа. Оогий бид хоёрын хувьд залуугаасаа л энэ хамтлагаар “өвчилсөн”. Тиймээс  “Deep Purle”-ээс үлгэр дуурайлал авч “Харанга”-ыг “бүтээсэн” гэж ойлгож болно.

-Ид уран бүтээл буцалж байсан 1990-ээд оны үед залуу хүмүүсийн хувьд үзэл бодол зөрчилдөх үе бишгүй л гардаг байсан байх гэж бодож байна. Тухайн үед хэрхэн шийдвэрлэдэг байсан бэ?

-Анхны дуунууд дээр харьцангуй гайгүй байсан шүү. Харин хоёр дахь уран бүтээлээсээ өөрсдөдөө босго тавьж эхэлсэн. Хэн нэгэн нь дуу хийгээд ирэхээр шууд авахгүй. Тухайн уран бүтээл хамтлагийнханд бүгдэд нь таалагдах ёстой. Түүнээс ганцхан надад таалагдаад бусдад нь таалагдахгүй бол урын сандаа авдаггүй байлаа. Нөгөө 1989 оны уран сайхны зөвлөл шиг. “Харанга”-ын уран бүтээлийн зөвлөл батлахгүй бол гонжийн жоо. Энэ бол нэг ёсондоо бид чанарыг эрхэмлэж эхэлсэн гэсэн үг.

-Тухайн үеийн “Харанга”-ын дуунуудын автор та нараас гадна хэн байсан юм бол. Та нар зохиолчдоо дуу захиалдаг байв уу. Эсвэл зохиолчид танай хамтлагт дуугаа өгөх хүсэлтэй байсан уу?

-Эхний хоёр удаагийн тоглолт дээр бараг гаднын уран бүтээлчийн дуу байгаагүй. Бүгдээрээ л бидний өөрсдийн автор байсан. Харин “My rock” дээр С.Оюун гуайн шүлгээр бүтсэн “Үгүйлэн санана даа” орж ирсэн. Хөгжмийг нь манай Чука бичсэн. Анх өөрсдөө өрөөндөө бичлэгээ хийж байлаа. Тухайн үед CD  гэж байх биш. Нэг мэдэхэд энэ дуу кассетинд орчихсон, хүмүүсийн сонсох дуртай дуу болчихсон. Одоо ч хит хэвээрээ, залуучууд дуулж байхыг нь сонсох сайхан байдаг шүү.

-Анх CD гарч эхлэх үед танай хамтлаг анхлан Германд CD-гээ хэвлүүлж байсан гэдэг. Германд очиход гаднын уран бүтээлчид Монголын рок хамтлагийг хэрхэн үнэлж байсан бол?

-Тэр чинь 1997 он л доо. Германд Монголын соёлын өдрүүд гэсэн арга хэмжээ болсон. Үүний хүрээнд манай хамтлаг хоёр удаа бие даасан тоглолт хийсэн юм. Эхний тоглолт дээрээ бид  манай элчин сайдын яамны соёлын атташе Пүрэвсүрэнг ирэхэд нь “Манай хамтлаг энд бичлэгт ороод, CD-гээ гаргачихмаар байна. туслаад өгөөч” гэж гуйсан юм. Тухайн үед С.Удвал гуай сайд байлаа. Ингээд манай элчингийнхэн дэмжсэн. Хоёр дахь тоглолт дээр нэлээд олон Германчууд ирж үзсэн юм. Тэр нь хөгжмийн студийн хүмүүс байсан юм билээ. Гадаад компаниар спонсорлуулаад, бичлэгээ хийлгэж, хэвлүүлсэн гэдэг утгаараа Монголдоо анхдагч байж магадгүй.

-Чанарыг эрхэмлэдэг “Харанга”-ын хувьд CD-нд хэр ач холбогдол өгч байв?

-Ер нь бол амьд хөгжимтэй дуунуудаар CD хийнэ гэдэг амаргүй ажил. Бүх дуугаа студиэд бичүүлэхээс эхлээд олон үе шатыг давдаг. Үүнийгээ дагаад зардал нь өндөр гардаг. Одоо эргээд бодоход хоёр сарын хугацааг зарцуулсан санагдаж байна. Ингээд 500 ширхгийг Германд үлдээгээд, шинэхэн цомогтойгоо эх орондоо бууж байсан. Сониноос одоо бидний анхны цомгуудаас өөрсдөд маань ерөөсөө үлдээгүй, байдаггүй юм билээ.

 

НЭГДҮГЭЭР АНГИДАА ГИТАР ТОГЛОЖ СУРСАН

 

-Та багадаа ямар хүүхэд байсан бэ. Аав ээж тань таныг урлагаар явна гэхэд хэрхэн хүлээж авч байв?

-Аав минь өөрөө урлагийн хүн л дээ. Зураач мэргэжилтэй. Харин ээж сувилагч хийдэг байсан. Гэхдээ дуулж, бүжиглэнэ. Мандалин гэдэг хөгжмийг солгой, зөвгүй тоглочихдог тэр үеийнхээр бол сайн дурын урансайханч явсан. Харин ах минь балетын бүжигчин. Ленинградад сурч байлаа. Зуныхаа амралтаар ирэхдээ пянз их авчирна. Түүнийг нь би сонссоор урлаг руу уруу татагдсан гэх үү дээ. Тэр үед дэлгүүрт 35-ийн гитар гэж зардаг байсан. Гэхдээ их амархан дуусчихдаг болохоор олж авч чадахгүй. Гэтэл нэг зун ах ирэхдээ надад бага гарын гэж ярьдаг юм даа. Долоон утастай хүүхдэд зориулсан гитар авчирч өгөөд, “Кавказад тохиолдсон явдал” киноны дууг хэрхэн тоглохыг зааж өгсөн юм. Тэр үед би нэгдүгээр ангид байсан. Ер нь энэ үеэс хойш гитар хөгжмөөс салаагүй дээ.

-Та аль сургуульд сурдаг байв. Урлагийн үзлэг, болон ямар нэгэн баяр ёслолд орж гитар тоглодог байв уу?

-Би гуравдугаар сургуульд сурдаг байсан. Манай ангид надаас гадна 5-6 гитар тоглодог хүүхэд байлаа. Учир нь тухайн үеийн нийгэм өөрөө хүүхдийг урлаг, уран сайхнаар хүмүүжүүлэх бодлоготой байсан. Түүний ач тусыг олоод харчихсан. Ялангуяа миний үеийн 1970-аад оны хүүхдүүдийн дунд гитар хөгжим дэлгэрч, моод болдог үе байлаа шүү дээ.

-Та хөгжимчин болохоос өөр бодол, сонголттой тулж байсан уу?

-Уг нь дунд сургуулиа төгсөөд Төмөр замын техниккумд орсон. Гэхдээ нэгдүгээр дамжаагаа төгсөөд сургуулиа хаячихсан. Ерөөсөө л бодол санаанд гитар, дуу хөгжим байгаад болдоггүй. Энэ үеэс өөрийгөө өөр мэргэжлээр ажиллаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 1975 оноос “Ногоон гэрэл” хамтлагтай хувь заяагаа холбосон. Өмнө нь “Замнал” нэртэй байсан. Миний дараа Я.Одсүрэн ороод бид нэрээ “Ногоон гэрэл” болгож өөрчилсөн. Учир нь галт тэрэг ногоон гэрлээр хөдөлсөн бол зогсолтгүй явдаг гэдгийг бэлгэдэж, ийнхүү нэрээ өөрчилж байсан юм. Энэ хамтлагийн тухайд тухайн үеийн ардын болон зохиолын дууг л ихэвчлэн дуулдаг байлаа. Өөрсдийнхөө дууг дуулах эрхгүй. Би “Ногоон гэрэл” хамтлагт байхдаа “Шивнээ” дуугаа зохиосон байдаг.

-Уран бүтээлчид анх олонд танигдаж эхлэхдээ дууны тоонд илүү ач холбогдол өгөөд байх шиг ажиглагддаг. Харин туршлагажих тусам чанарт илүү анхаардаг болох уу?

-Бидний хувьд эхнээсээ л чанарыг эрхэмлэсээр ирсэн. Дууны утга агуулгын хувьд мөнхийн сэдэв хайраас гадна  нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудлыг хөндсөөр ирсэн. Гаргасан дуу бүхнээрээ хэн нэгэнд хэрэгтэй ухаарал, сэтгэлийн таашаал өгөх нь “Харанга” хамтлагийн гол зорилго байсаар ирлээ. Цаашдаа ч хийх уран бүтээл бүхнээ энэ зарчмынхаа дагуу туурвисаар байх болно.

-Та бүхний хувьд бүгдээрээ л армиас амьдрал, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Харин цэргийн ногоон хувцсаа савхин хүрмээр солиход ямар мэдрэмж төрсөн бол?

-Мэдээж эрх чөлөө “амтагдсан”. Учир нь бид армид байхдаа бүхий л зүйлийг командын дагуу хийж, гүйцэтгэдэг. Мөн цэрэг хувцастай тайзан дээр рок дуу дуулна гэж байхгүй. Их муухай харагддаг юм. Тиймээс армиас гарснаар жинхэнэ  “Харанга”-ын үе эхэлсэн юм болов уу. Гэхдээ бидний өнөөдрийн төлөвшил, зорьсондоо хүрэхийн тулд хөдөлмөрлөдөг дайчин чанар цэргийн амьдралаас эхтэй учир баярлаж явдаг шүү. Арми бидэнд их зүйлийг өгч, сургасан. Магадгүй бид цэргийн байгууллагад анх бие биеэ олоогүй бол тааралдахгүй зөрөөд өнгөрөх байсан ч юм билүү. Хэрэв тэгсэн бол өнөөдрийн “Харанга” бүрэлдэхгүй байлаа.

-“Харанга”-ын тоглолтуудыг харахад ихэвчлэн дууны нэрээрээ нэрлэсэн байдаг юм билээ?

-“Харанга” уран бүтээл хийхдээ эхлээд концертынхоо нэрийг өгчихдөг. Дуу нь төрөхөөс өмнө гэсэн үг. Анхны тоглолт “Амьдрал” тэгээд “Дэлхий ертөнц”, “My rock” дөрөв дэх нь “Дэлхий ертөнц”, тав нь “Эрин зууны хөг” гэдэг ч юм уу. Ингээд эдгээр өгсөн нэрийнхээ агуулгад багтааж, тоглолтын төлөвлөгөө, дуулах дуугаа сонгодог. Түүнээс зүгээр л ярьж сууж байгаад нэг тоглолт хийе гээд хамаагүй дуу дуулчихдаггүй. Үүгээрээ ч бусад хамтлагаас ялгардаг байх гэж боддог юм.

-“Харанга”-ын бас нэгэн том хана, түшиг тулгуур, авьяасын охь ундарга нь Х.Булган агсан байсан шүү дээ. 35 жилийн дараа ч түүний орон зай тангай хамтлагт үгүйлэгддэг байх?

-Үнэхээр авьяастай, мэдрэмжтэй хүн л дээ. Х.Булганыг олон гоё үгээр магтаад байх хэрэг байхгүй. Би чамд ганцхан жишээ л хэлье. Х.Булган орж ирснээр “Харанга” хамтлагийн уран бүтээлийн гармон шинэ түвшинд хүрсэн. Үүнийг юугаар батлах вэ гэхээр эхний хоёр цомгийг Германд бичүүлэхэд биднийгбичлэг хийлгүүлж байхад Германы том хамтлагууд болон хөгжим судлаачид байнга сонсдог байсан. Нэг удаа нэг хөгжим судлаач нь биднээс “Та нар ямар стилиэр тоглодог хамтлаг вэ” гэс асуусан. Бид хард рок гэж хариулсан юм. Гэтэл тэр хүн “Минийхээр бол та нар классик рок” байна гэж хэлсэн. Дэлхийн тийм мундаг судлаачаар ингэж хэлүүлэх суурийг манай Х.Булган тавьж өгсөн юм. Эндээс л Х.Булган гэж ямар хүн байсныг уншигчид ойлгочих байх.

-Мэдээж хамтлагийн хамгийн тод өнгө нь гоцлол дуучин Х.Лхагвасүрэн шүү дээ. Хамтлагийн хамгийн отгон гишүүн. Насны хувьд та нараас нэлээд дүү юу?

-Надаас бол 10 дүү шүү дээ. Лхагвааг авах болсон минь ч учиртай. Анх “Амьдрал” тоглолтоо хийж байхдаа бид дөрвүүлээ л байсан. Гоцлол дуучингүй. Тиймээс Чука бид хоёр дуугаа хувааж дуулдаг байлаа. Тэгсэн нэг өдөр Чука надад “Би рок дуу дуулахад хэцүү байна. Ер нь барууны рокууд чинь гоцлол дуучинтай байдаг биз дээ. Дуучин авъя л даа” гэхээр нь би “Тийм хүүхэд хаана байна. Рок дуулах хүн олдохгүй байна” гэсэн чинь “Надад нэг таньдаг бацаан байгаа. Би аваад ирье” гэсэн юм.

-Та нар дуулуулж шалгасан байх. Яагаад энэ дуучин “Харанга”-д байх ёстой гэж үнэлсэн юм бол?

-Хоолойны өнгө, цар хүрээ, өнгө бүгдийг нь сонсож үзэхэд яг л бидний хайж байсан дуучин мөн байсан. Аав нь Хатанбаатар гэж нэртэй ая зохиогч хүн. Тухайн үед Лхагваа маань Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимд байсан юм. Нэг л өдөр Чукаг “Манайх гоцлол дуучин хайж байна. Чи очиж шалгуулах уу” гэхэд нь дагаж ирээд, буцаж явалгүй үнэнчээр үлдсэн хүн.

-Хамтлагийн уран бүтээлийн хамгийн оргил үе нь хэдээс хэдэн оны хооронд байв?

-1989-2000 он юм уу даа. Үүнээс хойш дөрвөн жил завсарлаж байгаад “Ертөнцийн өнгө” тоглолтоо хийсэн. Гэхдээ энэ хугацаанд зүгээр бол суугаагүй. Хааяа Дархан, Эрдэнэт рүү ч юмуу тоглолт гарвал явчихдаг байлаа. Зарим нь ганц нэг шинэ уран бүтээл хийсэн байх шүү.

-35 жил тасралтгүй хөгжим тоглож байгаа хүний хувьд жаахан бэлтгэлгүй удахад ямар байдаг вэ?

-Зэвэрч байна уу даа л гэж боддог. Хурдхан л бэлтгэлдээ очоод гитараа барьж авахаар санаа уужирдаг юм.

-Тоглолтын хөтөлбөрийг харж байхад “Хурд” хамтлаг ирж тоглох юм билээ.  Та хоёрын хувьд нэгэн үеийн хамтлагууд. Залуу байхад цагаахан өрсөлдөөн байсан уу?

-Манай хоёр хамтлаг анх 1992 онд хамтарсан тоглолт хүртэл хийж явлаа. Бидний хувьд адилхан рок дуулдаг болов ч нэг нь хард, нөгөөх нь металл тал руугаа. Тэгэхээр өрсөлдөөд байх юу байхав. Харин нэг нь нэг сайхан дуу гаргачихсан байвал зөрүүлээд манай бас хийх ёстой юм байна гэж бие биедээ урам, дэм өгсөөр ирсэн.

 

“ГИБСОН” ГИТАРТАЙГАА 30 ЖИЛ НАЙЗАЛЖ ЯВНА

-Танд ер нь гитарын багш гэж байгаа юу?

-Намайг тавдугаар ангид байхад ах маань надад Оросын гитарын сурах бичиг авчирч өгсөн юм. Тэрхүү н омонд цохиураа хэрхэн барихаас эхлээд бүх зүйл нь бичээстэй байлаа. Зүүн гараа хэрхэн байрлуулах, бүх дасгал, ноот нь байсан. Тэр ном л миний гитарын багш юм даа. Мөн сургуулийнхаа хөгжмийн дугуйланд явж ноот сурч байсан. Ноотоо сурсныхаа дараа гитараа нүдээд суучихна шүү дээ.

-34 жилийн хугацаанд та хэдэн гитар элээсэн бол?

-Нээх олон биш шүү. Анхны тоглолт дээр нэг, хоёр дахь тоглолт дээр нэгийг. Харин гурав дахиас нь буюу 1994 оноос хойш “Гибсон” гэсэн нэг л гитар барьж байна. Энэ гитарыг манай Чука надад Сингапураас авчирч өгч байлаа.Түүнээс хойш энэ гитартайгаа 30 жил найзалж явна.

-Гайхалтай юмаа. Үнэхээр таны итгэлт найз юм байна. Гитар хөгөө алдана гэж байдаггүй юм уу?

-Төмөр нь жаахан элэгддэг л юм. Түүнийг нь сольж болдог ч минийх бол солиогүй, хонхойсон хэвээрээ л байгаа. Нэг гитарыг бариад удчихаар бас хэцүү. Өөр гитар барих гэхээр нэг л биш санагдаад байдаг талтай.

-2019 онд танай хамтлаг Төрийн соёрхол хүртсэн. Тэр тогтоолыг сонсоход омогшиж, хамтлагийнхаа замналаар бахархаж байв уу?

-Их сайхан мэдрэмж байдаг юм билээ. Мөн дээрээс нь их хариуцлага, нэлээд том ачаа үүрлээ дээ гэж хүлээж авсан. Ийм том хайр хүндлэл, итгэл авчхаад цаашаа уран бүтээл зогсвол яах вэ. Илүү сайн бүтээл хийх хэрэгтэй юм байна гэж ухамсарласан. Тиймээс хамтлагийнхандаа “Та нар одоо өвдөх ч эрхгүй шүү” гэдэг юм. Манай хамтлагийн хувьд энэхүү үүргээ ч сайн биелүүлж яваа гэж боддог.

-Олон тоглолт хийж, сонсогчдоо баярлуулдаг хамтлагийн хувьд өөрсдөө хэр их тоглолт үздэг вэ. Таны хувьд ойрын хугацаанд шимтэж, үзсэн тоглолт байгаа юу?

-Ер нь цөөхөн шүү. Сүүлийн үед гэхээр үнэндээ санахгүй байна.

-Танай хамтлагийн оршин тогтнох нэг том хүчин зүйл нь нөхөрлөл байх. Ялангуяа эрчүүдийн нөхөрлөл ямар урт настайг “Харанга” хамтлаг харуулж явна даа?

-Нөхөрлөл юун дээр тогтдог вэ гэвэл үзэл бодол, зорьсон зорилго нэгтэй байж л энэ олон жил хамт байдаг юм байна. Хэрэв бидний зорилго, хүсэл мөрөөдөл өөр байсан бол аль хэдийнэ хамтлаг тарчихсан байх ч байсан юм бил үү. Тиймээс бил анх өгсөн тангарагтаа үнэнч байж, хамтдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө л зүтгэсэн.

-Амьдрал хэзээ ч дардан байдаггүй. Хэн нэгэнд нь жаргал, зовлон тохиолдоход хамгийн эхэнд найзуудаа л түших үү?

-Шаардлагатай зүйлдээ хандалгүй яахав. Алддаггүй хүн гэж байхгүй. Тэр бүх цаг үед миний найзууд надад алдаа оноог минь хэлсээр ирсэн. Энэ л хамгийн том тус, хамгийн сайхан сэтгэл байхгүй юу.

-Та нэг удаа хамтлагийн ахлагчийнхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан гэж сонссон. Ер нь 35 жил ахлагч хийх бол тэвчээр, шандас шалгана биз?

-Мэдээж амаргүй. Гэхдээ би ахлагч гээд хамтлагийнхныгаа шахаж, шаардаад, даргалаад байсан зүйл байхгүй. Ялангуяа уран бүтээл бол надаас шалтгаалахгүйгээр хөврөөд л гарчихдаг. Уран бүтээлээс өөр аар саархан алдааг засаж залруулаад л болгочихдог байсан. Харин нэг удаа өөрсдөд нь мэдрүүлье гэж бодоод Н.Пүрэвдашид шилжүүлж үзсэн. Эцэст нь нэг жилийн дараа Пүүжээ барахгүй ажил байна гээд би эргээд байрандаа очсон гэх үү дээ.

-Хувь хүн Ц.Энхманлайгийн амьдралд “Харанга” ямар байр суурийг эзэлдэг вэ. Энэ хамтлаг танд юуг өгсөн бол?

-“Харанга” намайг хамгийн ихээр тэвчээртэй болгосон. Хэдийгээр бид эвтэй найртай явж байгаа ч таван өөр ертөнцийн нэгдэл. Хааяа хаширмаар, шантармаар үе байсан ч бидний зорилго нэг, хаа хүрэхээ мэдэж байсан учраас холдож салалгүй энэ хүрсэн юм.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 158 (7402)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин